Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Суут Карл Маркс 200 жилийн өмнө мэндэлжээ
Энэ 2018 оны5-р сарын5-ны өдөр Германы агуу сэтгэгч,эдийн засагч, философич, эрх зүйч Карл МАРКСЫН төрсни 200 жилийн ой тохиож байна.
Карл Маркс 1818 оны 5-р сарын 5-нд Германы Трийр хотод өмгөөлөгч Хайнрихь Марксын гурав дахь хүүхэд нь болж төржээ. (Сонирхуулахад: Германы сонгодог яруу найрагч Хайнрихь Хайне бөгөөд дэлхийд алдартай Голландын цахилгаан хэрэгслийн концерн “Philips“ –ийн үүсгэн байгуулагч Фредерик Филипс нар Марксын үеэлүүд юм.)
Марк 1835 оноос эрх зүйн мэргэжлээр Боннын Их Сургууль, Берлинийн Фридрих Вильгелмийн Их сургуульд (өнөөгийн Гумбольдтын Их сургууль) суралцаж төгссөний зэрэгцээ 1841 онд Йенагийн Их сургуульд философийн докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр 1840-өд оноос тухайн үеийн Германы болон Өрнөд Европын орнуудын эдийн засгийн байдал, тогтолцоог шинжлэх ухааны үүднээс судлаж, дүн шинжилгээ хийж эхэлжээ.
Маркс “Улс төрийн эдийн засгийг шүүмжлэх нь", “Хөлсний хөдөлмөр ба капитал”, “Цалин, үнэ, ашиг”, “Готын программыг шүүмжилсэн нь”, “Хууль эрх зүйн философийн удиртгал” зэрэг гол бүтээлүүдээ туурвиж, Фридрихь Энгельстэй хамтарч "шинжлэх ухааны социализм" буюу "марксизмын" онолыг боловсруулсан билээ Маркс Гегелийн диалектик арга болон түүхийн тухай үзлийг тухайн үеийн дэлхийн хөгжлийн зөрчил, шалтгаануудыг судалсаны үндсэн дээр "Диалектикматериализм" ба "Түүхэн материализмын" онол болгон цааш нь хөгжүүлж улмаар нийгмийн дэвшил хөгжлийн гол хөдөлгүүр нь эдийн засгийн хүчнүүд болон харилцаанууд мөн гэдгийг толсон юм.
Капитализмын үүсэл хөгжил, мөн чанар болон үйл явцыг нь капиталист үйлдвэрлэл түрүүлж хөгжиж байсан Английн Манчестер хотод газар дээр нь олон жил судлаж эдийн засгийн шинжлэх ухааны гол бүтээл болох "Капитал" (Das Kapital) гурван боть зохиолдоо тодорхойлсон билээ. Маркс "Капитал"-ын 1-р ботио 186 онд Английн Лондон хотноо хэвлүүлжээ.
"Капитал"-ын 2–р ботийг 1885 онд, 3-р ботийг нь 1894 онд Марксын хамтран зүтгэгч, насан туршийн үнэнч нөхөр Ф. Энгельс нь хэвлүүлсэн юм.
Маркс "Капитал" зохиол дээрээа жиллаж байх үедээ Английн үйлдвэрийн ажилчдын хүнд хүчир ажил, ажилчдын тэмцэл, хөдөлгөөнүүдтэй газар дээр нь танилцах боломжтой байсан бөгөөд 1864онд Олон улсын ажилчдын холбоог (товчоор 1-р Интернациональ) байгуулахыг санаачлаж, тус Холбооны дүрэм, хөтөлбөрийг боловсруулж, тус тусдаа байсан Английн ажилчдын үйлдвэрчний эвлэлүүд, Германы социалистууд, Францын прудонистууд зэргийг тус Холбоонд нэгтгэж,1876 онд татан буугдах хүртэл нь удирдаж байжээ. Марксын 19-р зууны дунд үеэс эхлүүлсэн ажилчдын, үйлдвэрчний эвлэлүүдийн тэмцэл, үйл ажиллагааны үр дүнд өнөөгийн 21-р зуунд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын үйлдвэрийн ажилчид, хөлсний хөдөлмөр эрхэлдэг энгийн ард түмний тэгш эрх, хөдөлмөрийн үнэлгээ, нөхцөл, нийгмийн байдал маш дээшилж, өнөөгийн төвшинд хүрсэн билээ.
Маркс үзэл бодолдоо үнэнч, ажилчин анги, нийгмийн эмзэг, дарлагдсан давхрагын эрх ашгийг тууштай хамгаалж, тэмцэж байсны улмаас гэр бүлийнхээ хамт онцгой бэрхшээлтэй амьдрал туулжээ. Тэрээр 1943 онд Женни фон Вестфален-тай гэрлэж, 7 хүүхэд төрүүлснээс Женни, Лаура, Элеанор гэдэг 3 охин нь л насанд хүрсэн байдаг. Маркс Германы тэр үеийн Пруссийн Засгийн газрын улс төр ба үндэсний эдийн засгийн тогтолцоог хурцаар шүүмжилж, Германы болон Европын чөлөөт хэвлэлүүдэд нийтэлдэг байсан тул улс төрийн талаар мөрдөгдөж,1843 оны 10-р сард эхнэрийн хамт Францын Парис руу дүрвэсэн. Тэр үеэс эхлэн Ф. Энгельстэй захидлаар үзэл бодлоо солилцон байнгын холбоотой болжээ. 1845 оны 2-р сард Пруссийн Засгийн газар Марксыг Францаас явахыг шаардсан тул Бельгийн Брюссель руу шилжихэд Энгельс түүнийг дагалджээ. 1845 оны намар Пруссийн Засгийн газар түүнийг Бельги улсаас явахыг шаардаж, Германы иргэншлээс хасжээ. 1848 оны 2-р сард Францад, 3-р сард Германд ч хувьсгал гарсан үед Маркс Герман руу Кёльн хотод очиж чөлөөт хэвлэл "Шинэ Райнийн" сониныг эрхлэн гаргаж байсан Гэвч тэр сониныг хориглосны улмаас Маркс Германыг орхин явах ёстой болжээ. Тэрээр 1849 онд иргэншлээ сэргээхээр хөөцөлдсөн боловч Пруссийн Засгийн газар татгалзсан.
Ийм гарцаагүй байдлын улмаас 1849 онд Маркс гэр бүлийн хамт Лондонд очиход тэр үед харьцангүй либераль тогтолцоотой байсан Англи улс түүнд улс төрийн орогнол олгожээ. Лондонд очоод эхний үед гэр бүлээ тэжээхийн тулд олон улсын сэтгүүлчээр хүртэл ажилласан бөгөөд үнэнч нөхөр Энгельс нь бас л байнга холбоотой байж, санхүүгийн хувьд эмжиж байв. Тэрээр 1861 онд Германы иргэншлээ буцаан авахыг хууль, шүүхийн замаар хөөцөлдсөн ч Пруссийн Засгийн газар дахин татгалзжээ.
1862 оноос К. Марксын эрүүл мэнд муудаж, байнгын эмчилгээ, сувилгаатай байсан ч гол бүтээл "Капитал"-аа дуусгах болон бусад эдийн засаг, улс төр, философийн шинжлэх ухааны бүтээлүүд дээрээ үргэлжлэн ажилласаар байжээ. 1881 онд түүний эхнэр Женни фон Вестфален нас барж, 1883 оны 1-р сард түүний хамгийн хайртай охин Женни нас барснаар Марксын эрүүл мэнд эрс муудаж, 1883 оны 3–р сарын 14–ний өдөр насан өөд болжээ. Ямар ч улсын иргэншилгүй байсан Карл Марксад Лондон хотод хүндэтгэлийн хөшөө босгож түүхэн энэ агуу хүмүүний дурсгалыг мөнхөлжээ.
Байгалиас заяасан авьяас төгөлдөр, юм бүхнийг шүүмжлэлтэй авч үздэг, эрдэм мэдлэгийн "шуналтай" энэ хүмүүн дэлхийн соёл, иргэншлийн хамаг дээж, шимийг, тухайлбал Сократ, Аристотель, Платон, Демократаас эхлээд Бекон, Кант, Фихте, Гегель, Фейербах, Смит, Рикардо нарын сургаалыг сайтар судлаж “зохистой үр”, цөмийг нь хүртээд зогсоогүй түүгээр дамжин оюуны дээд оргилд хүрч чадсан билээ. Маркс шинжлэх ухааны олон салбарыг хамарсан өргөн дэлгэр мэдлэгтэй байсан нь нийгмийн амьдрал, үзэгдлийг иж бүрэн авч үзэхэд дөхөмтэй байлаа. Ямагт чин үнэн, шудрага ёсыг эрж хайдаг байсан тул тухайн үеийнхээ нийгмийн байдал, зөрчлүүд, дорд олны зовлонг мэдэрч түүнээс гарах арга замыг эрэлхийлсэн сэтгэгч, тэмцэгч болсон ажээ.
Үүний нотолгоо нь гэвэл хувийн амьдрал, эрүүл мэндээ золиослон 40 шахам жил уйгагүй их хөдөлмөр, зүтгэл гаргаж байж бүтээсэн “Капитал” нь юм. Нийгмийн хөдөлгөөний эдийн засгийн хуулийг нээх, нийгэм-эдийн засгийн хөгжлийг жам ёсны түүхэн процесс юм гэж нотлох нь энэ суут зохиолын үндсэн зорилго, гол санаа билээ. Тэр судалгаандаа диалектик, логик арга хэрэглэж, хийсвэрлэл, баримт, туршилт сэлтэд тууштай тулгуурлаж байсны нийтлэг жишээ нь нийгмийг амьд организм гэж үзээд түүний эд эс болох таваарыг шинжилж эхэлсэн явдал юм. Эндээс анхдагч, үндсэн харилцаа болох үйлдвэрлэлийн харилцааны уг чанар нь мэдэгдсэн бөгөөд эд хөрөнгийн харилцаанаас хүмүүсийн харилцааг олж харсан нь түүний гарамгай гавъяа билээ. Таваарын харилцаа бол хэрэглээний болон арилжааны зөрчилд үндэслэж байдагт хэргийн учир оршино гэжээ.
Марксын, ер нь марксизмын гол бүтээл “Капитал”1867 онд хэвлэгдснээс хойш 150жил улиран оджээ. Мэдээж энэ ертөнцөд мөнх юм, тэр тусмаа мөнх сургаал номлол гэж юу байх билээ. Нийгэм байтугай байгаль ч өөр болжээ. Амьдрал бол хөдөлгөөн гэсэн онч мэргэн үг байдаг нь тун учиртай. Тэгэхлээр Марксын сургаалыг энэ л үүднээс авч үзэх нь зүйд нийцнэ.
Орчин үеийн зах зээлийн эдийн засгийн зохиол, бүтээлүүдэд Марксын онол баримтлалыг үндэс болгон судлах хандлага улам нэмэгдэж байгаа билээ. Хөлсний хөдөлмөр, нэмүү өртөг, таваар, мөнгө, тогтмол ба хувьсах капитал, анхны хуримтлал гэх зэрэг ойлголт, категорийн ач холбогдол нь Марксын тодорхойлсноор одоо ч хэвээрээ байгаа гэж хэлэхэд алдаа болохгүй.
Тэрбээр Лукреций, Овидий, Шекспир, Хайне, Гёте, Бальзак гэх мэт уран үгийн дархцуулын тансаг зохиолыг нь шунан уншиж байсан, европын олон хэл мэддэг, төрөлхийн шогч хошин зан ааштай байсан болохоор "Капитал"-ын ялангуяа 1-р боть нь цэцэн цэлмэг үг хэллэгээр тун ч баялаг, сонирхолтой бичигджээ.
"Капитал" зохиол гадаадын олон хэл рүү орчуулагдсанаас 50 дахь нь монгол хэл болсон. Германд эдийн засгийн мэргэжлээр суралцаж, эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Б.Бирваа "Капитал"-ын гурван ботийг эх герман хэлнээс нь тэр үеийн төр, засгийнхаа үүрэг даалгавраар 30 гаруй жилийн хугацаанд монгол хэлнээ орчуулжээ.
Уг бүтээлийн 1-р ботийг 1963-1968 онд, 1974-1977 онд, 2-р ботийг 1978-1982 онд, 3-р ботийн 1-р хэсгийг 1983-1988 онд мөн К. Маркс болон Ф. Энгельсийн бусад сонгодог бүтээл зэргийг орчуулж дууссан ч Монгол орон ардчиллал, зах зээлд шилжиж эхлэснээр улсаас хэвлэлтийг нь санхүүжүүлж чадахгүй болж 1999-2001 онуудад АНУ-ын "Соросын сан" дэмжиж хэвлүүлсэнээр олон нийт, судлаачид, суралцагсдын хүртээл болсон юм.
Марксын шинжлэх ухаан дээр суурилсан эдийн засаг, философи, улс төр, нийгмийн бүтээлүүд, ялангуяа суут зохиол "Капитал"-ыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөн үнэлдэг тул хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын номын сангийн фондын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болдог байна.
Монгол орон хүн төрөлхтний хөгжлийн жамаар зах зээлийн буюу капиталист нийгмийн харилцаанд шилжиж буй өнөө үед энэ алдарт бүтээл нь эдийн засгийн онолын түүхэн хөгжил, капиталист зах зээлийн эдийн засгийн мөн чанар, үндсийг таньж мэдэх, нийгмийн шинжлэх ухааны онолын олон урсгалыг харьцуулан судлаж хөгжүүлэх, судалгааны диалектик, логик аргыг хэрэглэх зэрэг олон чиглэлээр манай эрдэмтэд, оюутан суралцагсдад томоохон тус нэмэр болох нь дамжиггүй. Мөн бусад сэхээтнүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд болон оюунлаг бизнес эрхлэгчдийн уншиж ойлгох ном зохиолуудын тоонд орж байна.
Карл Маркс шинжлэх ухааны бүтээл, үзэл, онол, дэвшилтэт, хүмүүнлэг үйл хэргээрээ хүн төрөлхтний хувь заяанд цаглашгүй их үр нөлөө үзүүлсэн нь одоо ч 200 жилийн дараа дэлхийн 100–н суу билигтний тэргүүн эгнээнд хэвээрээ байгаа билээ.Өнөөдөр энэ аугаа суутны төрсний 200 жилийн ойг дэлхий даяар өргөн тэмдэглэж байна.
Эдийн засагч Бирваагийн ОЮУНБИЛЭГ
Карл Марксын алдарт бүтээл “Капитал” 1867 онд хэвлэгдэв.
"Капитал” зохиолыг герман хэлнээс хөрвүүлэн монголчууддаа хүртээл болгосон аав Др.Б.Бирваагийн хамт.