2021 оны байдлаар Монгол Улсад сонгуулийн насны 2.041.985 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд түүний 46 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна.(1212.mn) Үүнээс харахад залуучуудын оролцоо, сонголт сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөө үзүүлэхээр харагдаж байгаа юм.. Гэтэл сонгуулиас сонгуулийн хооронд залуучуудын сонгуулийн идэвх оролцоо буурч байгаа бөгөөд 18-35 насны залуучуудын 2 хүн тутмын нэг нь саналаа өгөхгүй байна. Харин 50-иас дээш насны сонгогчид сонгууль бүрт 80-95 хувийн буюу тогтмол өндөр ирцтэйгээр оролцдог бөгөөд тэдний саналаар үндсэндээ бүх сонгуулийн үр дүн тодорхойлогдож ирлээ. 

Гэтэл нийт хүн амын 65 хувь нь 35 хүртэл насны хүүхэд, залуучууд. Түүн дотроо 18-35 насны залуучууд нийт хүн амын 30 гаруй хувь, хөдөлмөрийн насны хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг хэдий ч тэдний асуудал төрийн бодлогод төдийлөн тусаж чадахгүй, шийдэл хүлээсэн асуудлууд хуримтлагдсан хэвээр байгаа нь залуучуудын сонгохыг хүссэн төлөөлөл, тэдний дуу хоолой шийдвэр гаргах түвшинд байхгүйтэй холбож тайлбарлаж болох юм. 

Залуучууд яагаад саналаа өгдөггүй вэ? Ихэнхдээ залуу иргэдийн улс төрийн боловсрол, зан үйл, хандлага, үүрэг хариуцлагын мэдрэмж зэрэгтэй холбож үздэг. Гэтэл эдгээрээс гадна тухайн иргэн цаг хугацаа, орон зайн нөхцөл байдлаасаа болоод саналаа өгч чадахгүй байгаа тодорхой, бодит шалтгаан бол сонгуулийн санал авах өдөр өөрийн үндсэн хаягийн байршил дээрээ байгаагүй учраас саналаа өгөх боломжгүй нөхцөл байдал юм. 

35 настай иргэн Билгүүнийг сонгуулийн насанд хүрснээс нь хойш УИХ-ын 4 удаагийн, Ерөнхийлөгчийн 4 удаагийн, мөн 4 удаагийн орон нутгийн сонгууль нэмээд цөөнгүй нөхөн сонгуулиуд болоход нэг удаа ч саналаа өгч үзээгүй гэнэ. Түүний анхны сонгууль 18 настайд нь болсон бөгөөд хөдөө орон нутгаас ирсэн 1-р курсийн оюутан орон нутагтаа очиж саналаа өгч амжаагүй, 22 настайдаа сургуулиа төгсөөд ажилд орох гээд сонгууль манатай явсан учир мөн л орон нутаг руугаа явж амжаагүй учраас мөн саналаа өгөөгүй, 26 настайдаа хөдөө уурхайд ажиллаж байсан учраас 30 настайдаа Солонгост ажиллаж байсан тул саналаа өгөөгүй гэнэ, ингээд 30 гартлаа сонгуулийн сонгох эрхээ огт эдлээгүй байна. Энэ мэтчилэн түүнтэй ижил шалтгаанаар сонгох эрхээ эдэлж чаддаггүй олон мянган залуучууд байна.

Монгол улсад аливаа сонгууль хавар намрын ид бүтээн байгуулалтын ажлын үеэр болдог бөгөөд 100 мянга гаруй сонгуулийн насны иргэд уул уурхай, ХАА, газар тариалан, авто зам, барилгын салбарт ажиллаж байна. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж ажилладаг, амьдардаг орон нутгийн харьяалалтай мөн өөрийн үндсэн харьяаллаас өөр газарт ажиллаж амьдардаг, түр хугацаагаар зорчсон гэх мэт иргэдийн тоо нэлээн жин дарна. Мөн сонгуулийг зохион байгуулалт дээр ажилладаг 250 мянга орчим төрийн албан хаагч, 2500 орчим санал авах байранд ажиллаж буй намуудын ажиглагч нарын санал өгөх боломж нь тодорхой хэмжээгээр алдагддаг байна. Мөн даруй 2 аймгийн хэмжээний хүн амтай дүйцэхүйц Монгол улсын иргэд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд сонгуульд оролцож саналаа өгөх эрхээ эдэлж чаддаггүй байна. 

Энэхүү зөвхөн үндсэн хаяг дээрээ байгаа тохиолдолд л саналаа өгөх боломжтой нөхцөл байдал нь сонгогчдын тэр тусмаа залуу сонгогчдын ирц хангалтгүй байх маш тодорхой бөгөөд бодитой шалтгаан юм. Тиймээс хуульд заагдсан сонгууль бүх нийтийнх байна, олонхын саналаар сонгогдоно гэсэн ардчилсан сонгуулийн зарчмын хэрэгжилт хангагдахгүй байгаа мөн хүн амын олонх болсон залуучуудын сонгуульд саналаа өгөх оролцоо, эрхийг хязгаарласан дээрх нөхцөл байдлыг эргэн харах шаардлагатай. Сонгуулиудыг зохион байгуулдаг хугацаа яагаад заавал хавар намрын улиралд байх ёстой вэ? Хүн ам зүйн онолоороо залуучуудын шилжилт хөдөлгөөн их байх нь ойлгомжтой, мөн энэхүү шилжилт хөдөлгөөний идэвхжилт нь манай улсын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн онцлог, ажлын байрны нөхцөл байдалтай холбоотой юм.

Эндээс харахад ер нь залуучуудын сонгуулийн ирц хангалтгүй байх нь хэнд ашигтай вэ? ирцийг бага байлгах технологи олон жилийн туршид хэрэгжиж ирсэн юм биш үү? гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөж байна. 

Авторитар дэглэмтэй улсад хүн амынхаа мэдлэг мэдээлэлтэй, илүү шинэчлэлт, өөрчлөлт хүссэн хэсгийг сонгуульд оролцуулахгүй байх бодлого хэрэгжүүлдэг, ингэхдээ сонгуулийн ирцийг бага байлгаж өөрийн сүлжээгээр бага ирцээр ялах, олон нэр дэвшигчийг захиалан нэр дэвшүүлж санал хувааж “өөрийн сонгогчид”-ийн саналаар ялах зэрэг технологиуд хэрэгжүүлдэг. 

2020 оны УИХ-ын сонгуульд нэг тойрог дээр 30, 40 нэр дэвшигч өрсөлдөж санал хуваах технологийг хангалттай хэрэгжүүлсэн. Ялах боломжгүй гэдгээ мэдсээр байж яагаад нэр дэвшдэг вэ? гэсэн асуултад чинь өгч буй хариулт бол эдгээр технологийн үр дүн болсон сонгуулийн үр дүн юм. Тодруулбал одоо хэрэгжиж буй мажоритар системийн үр дагавар болж нэг жижиг тойрог дахь олон нэр дэвшигчдийн санал хуваалт дээр сонгогчдын бага ирц хавсраад сонгуулийн үр дүн бол нийтийн биш ямагт хэт цөөнхийн асуудал болдог. Ингэхдээ сонгогчдын ихэнхдээ25-35 хувийн саналыг авсан нэр дэвшигч сонгогдож тэр хэрээрээ санал гээгдэн олонх төлөөлөлгүй болж хоцордог. Нийт сонгогчдын 60 орчим хувь саналаа өглөө гэхэд тэр 60 орчим хувийн ердөө 20-30 хувийнх нь саналаар ялалт байгуулдаг жишиг манай улсад тогтчихсон. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн сонгогчдыгоо тойлж байгаад тэднийхээ саналаар гарч ирдэг энэ технологи нэгэнт хэвшсэн. “Миний сонгоогүй хүн дандаа сонгогддог” үүний шалтгаан ердөө энэ юм. Өөрөөр хэлбэл ихэнхдээ нийт сонгогчдын 60-70 орчим хувийнх нь саналаа өгөөгүй тэр нэр дэвшигч сонгогдож байна гэсэн үг. Энэ хэрээрээ нийт сонгогчдын саналын 60-70 хувийн санал гээгдэж, төлөөлөлгүй хоцордог. Ер нь бол таны өгөөгүй санал таны сонгохыг хүсээгүй хүндээ өгч буй нэг санал юм.

Энэ мэтчилэн сонгуулийн мажоритар систем, сонгуулийг зохион байгуулж буй өнөөдрийн нөхцөл байдал нь сонгогчдын сонгох эрхийг дордуулж иржээ. 

Сонгох эрх болон сонгогдох эрхийг хамтад нь сонгуулийн эрх гэж нэрлэдэг. Энэ эрх нь иргэдийн төр засгийн үйл хэрэгт биечлэн оролцох үндэс суурь нь болж өгдөг. Сонгох эрх гэдэг нь төрийн дээд болон орон нутгийн байгууллагад олон нийтийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах хүнийг сонгох үйл явцад иргэд шууд оролцож, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжоор илэрхийлэгддэг. Гэтэл Сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийн тэр дундаа залуучуудын оролцоо буурч ирсэн бөгөөд энэ дэлхий нийтээр гарч буй үзэгдэл ч манай улсын хувьд хүн амын олонх болсон залуучуудын улс төрийн оролцоо, сонгуулийн ирц буурч байгаа нь маш гүн гүнзгий сөрөг үр дагаварт хүргэж байгаа гэж судлаачид үзэж байна. Энэ сөрөг үр дагаврыг л улсаараа хангалттай хүртээд сууж байна. 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Сонгууль бол нэг талаасаа улстөрийн сонгуульд оролцох замаар төрөө байгуулах нөгөө талаасаачөлөөт, ардчилсан сонгуулийн аргаар төрийн эрх мэдлийг авахынтөлөөулс төрийн намуудын талбар дахь өрсөлдөөн явагдаж байдаг. Тэгэхээр аливаа сонгуулийг ямар байдлаар хэрхэн зохион байгуулах вэ? сонгуулийн системийн хувилбаруудын аль нь илүү оновчтой вэ? санал хураалт болон санал тоолох процессыг хэрхэн оновчтой, хүртээмжтэй, шударга, ил тод зохион байгуулах вэ? гэдэг нь улс төрийн намууд, иргэний нийгэм, төр, иргэний оролцоонд тулгуурласан үндэсний зөвшилцлийн асуудал юм. Иргэдийн сонгуульд оролцох, саналаа өгөх эрхийг төр өөрөө ямар нэгэн байдлаар “боомилж” байгаа цагт бид ардчилсан сонгууль түүний зарчмуудын хэрэгжилт, зөв, шударга сонгууль, сайн үр дүнг хүлээх боломжгүй юм. 

Олон улсын туршлагаас товч дурдахад ихэнх хөгжсөн улс орнууд сонгуулийн пропорциональ болон холимог системээр сонгуулиа зохион байгуулж байна, мөн сонгуулиа зохион байгуулах илүү ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж эхэлжээ. 

Олон улсад технологийн хөгжлөө дагаад электрон шуудан, тоон гарын үсэгт тулгуурлан нэлээн технологи ашиглан саналаа өгөх боломжуудыг судалж байна. Үүнд цар тахал ч нэлээн түлхэц үзүүлсэн. 

Судлаачдын үзэж байгаагаар цахим сонгуулийг зохион байгуулах хамгийн боломжит технологи нь блокчейн гэж үздэг. Энэ технологийг ашиглан сонгууль явуулахад сонгогч, хянагч, нэр дэвшигч гэсэн гурван үндсэн субъект байхад хангалттай юм. Блокчэйн технологийг сонгуулийн зохион байгуулалтдаа хэрэгжүүлж буй улсуудаас хамгийн амжилттайгаар нэвтрүүлж байгаа улс орныг дурдвал Эстони, Гүрж, Швед, Арабын нэгдсэн Эмират, Финлянд, ОХУ байна. 

Мөн олон улсад иргэдийн саналыг авах олон хувилбаруудыг хэрэгжүүлдэг нь, сонгогчид саналаа

- Шуудангаар илгээх

- Факсаар илгээх

- Зөөврийн хайрцгаар санал авах

- Урьдчилан санал хураах гэх мэтээр зохион байгуулж ирсэн бөгөөд манай улсад зөвхөн зөөврийн хайрцгаар санал хураахыг одоогийн байдлаар хэрэгжүүлж байна. Урьдчилан санал хураалтын хувилбарыг хэрэгжүүлж байсан боловч сүүлийн сонгуулиудад үүнээс татгалзсан байна. Улс орнуудад энэхүү блокчэйн технологийг урьдчилсан байдлаар санал авахад ашиглаж байгаа нь сонгуулийн луйвар, шударга бус байдлаас бүрэн сэргийлэхээс гадна сонгогч өөрийн байгаа газраас хаанаас ч саналаа өгөх боломжтой нь сонгогчдын оролцоог нэмэгдүүлж санал гээгдэхгүй байх боломжийг бүрдүүлж өгдөгт хамгийн гол ач холбогдол нь оршиж байгаа юм. 

Эцэст нь асуухад Залуучууд саналаа өгдөггүй юу? Эсвэл залуучуудыг саналыг нь өгүүлдэггүй юу? Үүнд хариулт хэрэгтэй.

2022

Судлаач Б.ЯНЖМАА