"Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрөв. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад Засгийн газраас олгосон хугацаатай "томилолт"-ын зургааны нэг нь. 500 сая ам.долларыг энэ онд багтаан төвлөлүүлэх үүрэг хүлээсэн тэрбээр үүнийг бүрдүүлэх бүрэн боломжтойг мэдэгдсэн. Ингэхийн тулд өдөрт хамгийн багадаа 84 мянган тн нүүрс тээвэрлэж, сардаа 2.5 сая тн-ыг экспортод гаргах ёстой. Урд хөршийн хилийн "уур амьсгал"-д шуурга дэгдчихгүй, төлөвлөгөө ёсоороо цааш явбал Бүрэн эрхт төлөөлөгчийн хэлсэн тооцоолол биеллээ олох магадлал нь өндөр. Угаас 500 сая ам.доллар ам.долларын урсгалыг Монголд оруулж ирэх эсэх нь экспортод гаргах нүүрсний хэмжээ, худалдан авагч Хятадын талаас бүрэн хамаарна. Гагцхүү "Эрдэнэс Тавантолгой"-д тогтоосон онцгой дэглэмийн үндсэн зорилго болох нүүрсний хулгайг цэгцлэх энэ Засгийн газрын, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэл хаашаа хөтлөх вэ? Хамаарал бүхий этгээдүүдийг илчилж, хариуцлага тооцсоноор үргэлжлэх үү? эсвэл хана мөргөөд мухардах уу? гэдэг нь цаг хугацааны л асуудал болж байна.

Хуанлийн хуудаст үлдсэн үйл явдлын агуулгын дэс дарааллаар хөөж үзвэл "Эрдэнэс Тавантолгой"-д  сар гаруйн өмнө онцгой дэглэм тогтоосноос эхэлж нүүрсний хулгайтай тэмцэх асуудал бодитоор сөхөгдсөн үү? гэвэл үгүй. Энэ оны хоёрдугаар сараас, бүр тодруулбал Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалаас эхтэй нь ойлгогдоно. Экспортын шинэ гарц нээх, газрын зурагт албан ёсоор тэмдэглэх Монголын саналд Хятадын зүгээс дотоодын хулгайгаа эхлээд цэгцлэхийг илэрхийлсэн гэдэг л юм. Энэ хүрээнд Ерөнхий сайдын зүгээс Тавантолгойн амнаас гардаг үнэ хил дээр очоод зөрдөг, тн тутмаас 60-70 ам.долларыг зөрүүг завшдаг бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулснаа зарлаж байлаа, дөрөвдүгээр сард юм. Тавдугаар сард нь Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт боомтод ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтыг гацааснаас 80 их наяд төгрөгийн орлого олох байсныг тодотгож байв. Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоосноор бус өнгөрсөн хоёрдугаар сараас албан бусаар эхлүүлсэн нүүрсний хулгайг цэгцлэх ажил аравдугаар сарын сүүлчээр Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор албан ёсных болсныг харж болно.

Ганцхан төмөр зам тавьж чадахгүй 10 жил хашаандаа хий эргэн, хэн нэгнийгээ үгүйсгэж, хардсанаас үүдсэн алдагдсан боломжийн өртөг нь өнөөдөр Монгол Улсын нийт гадаадын өртэй дүйцэхүйц хэмжээнд хүрсэн нь халаглаж, хамарсаад өнгөрөх тоо мэдээж биш. Намын батлах харгалзахгүйгээр зөвхөн бизнесийн ашиг сонирхлоор нэгдсэн хэсэг бүлгийн хамаарал бүхэл бүтэн тусгаар улсын эдийн засгийг нэгэн аравнаар хойш чангааж, 80 их наядаар хэмжигдэх бодит алдагдлыг үүрүүлсэн нь өөрөө ноцтой асуудал. Ерөнхий сайд хэлсэн байдаг юм, "Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Баяннуурт байгаа хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ" гэдгийг. 

Ердөө долоон сарын өмнө хэлсэн энэхүү үгэндээ эзэн байх, эцсийг нь үзэх өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирдэг л юм байна. Замын дундаас хэн нэгэн нь санаатай, санамсаргүйгээр "Стоп кран" татдаггүй л юм бол зогсох ямар ч шалтаг, шаардлагагүйгээр галт тэрэг нэгэнт хөдөллөө. Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, бүх удирдлагыг төвлөрүүлсэн тэр үеэс. Түүгээр дамжуулж, Засгийн газар нь, Ерөнхий сайд нь, гишүүд нь танхимаараа олсны үзүүрээс атгасан гэсэн үг. Гол нь тэрхүү үзүүрээс татах тусам, нүүрсний хулгайн гүн рүү орохын хэрээр Монголын улс төрд мөрөө үлдээсэн хэн гэгч лидерүүд гарч ирэх нь сонирхолтой, хамгийн анхаарал хандуулах сэдэв нь.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн экс удирдлагыг ажилтай нь үлдээх гэж 30 гаруй УИХ-ын гишүүн Ерөнхий сайдыг албан өрөөгөөр хэсүүчилж явсан нь өөрөө факт. Тавантолгой түүнийг тойрсон нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар кабинетынхаа гишүүн бүрийн байр суурийг сонсож, бүрэн хэмжээний протоколыг тэмдэглэлд үлдээсэн нь бас нэгэн баримт.

Харин одоо сайд, дарга нарын Тавантолгой дахь хамаарал, тэнд байдаг гэх эзэмшлийн "ҮҮЦ"-ийг задалж үзвэл ямар вэ?, Ерөнхий сайд аа! Тавантолгойд нүүрсний тээвэртэйг нь тогтоовол хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулж, чөлөөлөөд холбогдох байгууллагаар нь шалгуул. Гэм буруугүй бол буцаад ажлаа хийг, нэр цэвэр, нийгэмд үүссэн хардлага ч үгүй болно. Учир нь, Таны тэргүүлсэн танхимд нүүрсний тээвэртэй холбоотой, хамааралтай сайд, дарга байгаа эсэхээс энэхүү тэмцлийн чиг баримжаа цааш явахыг үгүйсгэх аргагүй. Ядаж л Таны эхлүүлсэн тэмцэлд танхимын чинь 21 сайд хүч нэмнэ. УИХ-ын индэрт ч Засгийн газрынхаа эхлүүлсэн тэмцлийг нүүр бардам хамгаална! Хулгайн өмнө хүчин мөхөсдөхгүй!

UZEG.INFO