Эсрэгээрээ Жэк Уэтерфордод БАЯРЛАЛАА гэж хэлэх хэрэгтэй!
Хэдийгээр Жэк Уэтерфорд АНУ-ын иргэн ч энэ нь "Чингис хаан" одонг хүртээхгүй байх үндэслэл болохгүй.
"Монгол бол миний зүрх сэтгэлийн орон гэр"... Энэ бол АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфордын хэлсэн үг. Интернэт хайлтад бичилт хийж, хайж үзвэл эл нэрийн илэрц мэдээж олон. Ингэхдээ Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн Чингис хаанаар овоглогддог нь ч учиртай. Үүгээрээ тэр алдартай бас дэлхий нийтэд эчнээ танил болсон нэгэн. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны сүүлч үед Монголд анх ирэхдээ 800 жилийн тэртээх Их Монгол Улс, Эзэн Чингис хааны тухай ямар буруу ойлголттой явснаа анзаарч, өнгөрсөн түүхийн шаргалтсан хуудсыг илүү дэлгэрэнгүй, өргөн агуулгаар судалж эхэлжээ. Хожим буюу 2004 онд "Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч ЭЗЭН ЧИНГИС ХААН" номоо бичиж хэвлүүлсэн нь Нью-Йорк таймсын хамгийн их борлуулалттай номоор шалгарсан юм. Алдарт "Time" сэтгүүлээс Чингис хааныг “Мянганы /мянган жилийн/ суут хүн”-ээр тодруулснаас хоёр жилийн дараа гэсэн үг. Ингэж л эрдэмтэн Жак Уатерфордыг Чингис хаанаар, Чингис хааныг Монголоор төлөөлүүлж харах хэвшмэл ойлголтод нэн шинэхэн ухагдахуун, үзэл санаа сууж эхэлсэн түүхтэй. Их хааны намтрыг бичиж асан алдартай судлаач, эрдэмтэд дан ганц Жэк Уатерфордоор хязгаарлагдахгүй бишгүй олон ч хэн нь ч Монголыг зорьж ирээд бодит агуулга хөөж явсан нь үгүй. Ном нь, нэр нь богино хугацаанд дэлхий дахинд түгсэн шалтгаан ердөө л энэ.
Гагцхүү нэгэн цагт Монголыг, Их хаантай хамт олон улсад сурталчилж, таниулж явсан эрдэмтэн Жэк Уэтерфорд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг хүртэх хүндтэй эрхмээр тодорлоо. Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-өөр. 2005 оноос эхлэн улс төр, урлаг соёл, спорт, эрдэмтэн бүхий нийт 13 эрхэмд гардуулж ирсэн энэ одонг хамгийн сүүлд Зэвсэгт хүчний Жанжин штабд гардуулж байлаа. Харин энэ удаад АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфордод олгохоор болсон нь Монгол төдийгүй дэлхий нийтэд хэд хэдэн мессежийг өгч байна. Нэгдүгээрт, Монгол Төрийн тэргүүн зэргийн одонг анх удаагаа гадаад хүнд олгож байгаа нь өөрөө онцлог бөгөөд том агуулга. Чингис хаан судлалд Төрийн түвшинд ач холбогдол өгч эхэлсний дохио.
Хоёрдугаарт, Чингис хааны 860 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, сурталчлан таниулах ажил Жэк Уэтерфордын энгэрт гялалзах одонгоор дамжиж дэлхий нийтэд хамт түгнэ. Магадгүй Монголыг зорих, Их хааны амьдарч асан ахуй цагийн Их Монгол Улсын үүх түүхийг өгүүлэх, үнэ цэнийг илтгэх бодит, эд өлгийн ховор үзмэрийг багцалж, багтаасан "Чингис хаан" музейг зорих жим нь энэ байж мэднэ.
Чингис хааны тухай олон дүгнэлт, тодотгол, нэршил бий. Одоо ч явсаар буй. Гол нь өөрийн цаг үедээ цэргийн стратеги боловсруулахаас гадна нийгмээ зохицуулах хууль баталж, хүн бүрт шашин шүтэх эрх чөлөө олгож, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдахыг хориглож, өнөөгийн биднээс ч илүү байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалдаг байсныг Жэк Уэтерфорд хөндсөн бас шинээр нээсэн. Байгаль хамгаалагч, феминист, либерал, ардчилагч гэж нэрлэх нь туйлширсан хэрэг байж болох ч Чингис хаан байлдан дагуулагч, өнгөрснийг бус ирээдүйг хардаг ирээдүйн хүн байсан гэдгийг бичсэн ном, туурвисан бүтээлээрээ дамжуулж дархалсан юм.
"Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэн"-ийг шагнах нь "Чингис хаан" одонгийн үндсэн шалгуур. Хэдийгээр Жэк Уэтерфорд АНУ-ын иргэн ч энэ нь "Чингис хаан" одонг хүртээхгүй байх үндэслэл болохгүй. Эсрэгээрээ түүнд бид БАЯРЛАЛАА гэж хэлэх хэрэгтэй.
“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens), "Эрхэм дээд үнэний эрэлд-Чингис хаан" (Genghis Khan and the Quest for God) зэрэг нь энэ бүхнийг хүртэх үндэслэл, гавьяа нь юм.
UZEG.INFO