Tokyo University of Foreign Studies (Токиогийн Гадаад cудлалын их сургууль) их сургуулийн Institute of Global Studies сургуульд намайг найрсгаар хүлээн авч хоёр лекц зохион байгуулсан дэд проф. монголч эрдэмтэн Масахиро Аоки болон салбарын эрдэмтэн багш нар, магистрант, бакалаврын оюутнуудад гүн талархлаа дэвшүүлье! Энэхүү фото-нийтлэлийг босгоход үнэтэй хувь нэмэр оруулсан тус сургуулийн магистрант Х.Арвист баярлан талархсанаа илэрхийлье!

Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль буюу англиараа Tokyo University of Foreign Studies (товчлол нь TUFS) нь гадаад хэл, олон улсын судлалаар сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхэлж ирсэн Японы хамгийн эртний ууган сургууль билээ. 1857 онд Японы Засгийн газрын орчуулгын товчоо болох “Баншо Ширабэшо” [蕃書調所] буюу Гадаад бичиг баримт судлах хүрээлэн, англиар Institute for Research of Foreign Documents) хэмээн байгуулагдсан түүхтэй.

1899 онд Tokyo School of Foreign Languages (TSFL) гэсэн нэртэйгээр бие даасан улсын дээд сургууль болон өргөжжээ. Харин миний хувьд шууд олзуурхсан нь: Монгол хэлний 1 жилийн сонгон суралцах курс анх 1908 онд нээгдэж, 1911 оноос 3 жилийн сургалттай,1927 оноос 4 жилийн сургалттай монгол хэлний бие даасан салбар болон өргөжсөн түүх. Энэ бол үнэхээр бахдалтай санагдлаа. 

Дэлхийн II дайны үе – 1944 онд Токиогийн Гадаад хэргийн коллеж (Tokyo Foreign Affairs College) хэмээн нэрийг нь өөрчилж, монгол хэлний салбар нь дахин 3 жилийн сургалт эрхлэх болжээ.

1949 онд энэ их сургууль одоогийн TUFS нэрээ авч, шинэ хөтөлбөр бүхий 4 жилийн сургалт руу шилжин, төрийн их сургууль болон өргөжжээ. 1972 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож, улмаар 1974 оны намраас Соёлын солилцооны тохиролцоо хэрэгжих болсноор хоёр улсын хооронд оюутан, багш нарын солилцоо анх эхэлжээ. 

1975 оны намраас манай нэрт эрдэмтэн мэргэд–Домийн Төмөртогоо, Лувсангончигийн Балдан, Доржийн Жамбаажамц, Дагжидын Дүнгэр-Яйчил, Дүгэржавын Бадамдорж, Чой.Лувсанжав, Дожоогийн Цэдэв, Ринчинсамбуугийн Отгонбаатар, Дашлхүмбийн Галбаатар, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, Лувсанжавын Чулуунбаатар, Жанцангийн Бат-Ирээдүй, Тангаагийн Мөнхцэцэг, Эрдэнийн Пүрэвжав, Гомбосүрэнгийн Галбаяр, Энхбаярын Жигмэддорж нар зочин-багш профессороор TUFS-т ажиллаж иржээ. 

Тэд 2-3 жилийн хугацаатай зочин профессороор уригдан ажилласнаараа тус сургуулийн монгол судлалын сургалт, судалгааны түвшинг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол-Японы бодит хамтын ажиллагааны түүчээ болж ирсэн, болж яваа японы олон дипломатчид, мэргэжилтэн, хөрвүүлэгч, хэлмэрч, судлаач эрдэмтдийг Японд бэлтгэж өгснийг тус улс өндрөөр үнэлдэг юм билээ.

Миний хэргээр зочлон очиж лекц тавьсан салбарын тухай мэдээлэл байна. Монгол хэл ба судлалын хичээл нь TUFS-ийн Хэл, соёл судлалын сургуулийн Монгол хэлний ангид, мөн Олон улс, бүс нутаг судлалын сургуулийн Төв Азийн салбарын Монгол хэлний ангид тус тус ордог ба энэ хоёр салбарт эдүгээ 28+28=56 оюутан монгол хэлний мэргэжлээр суралцаж байна. Монгол хэлийг хоёр тусдаа нэн эрчимтэй зааж байна. 

Одоо мөрдөж байгаа төлөвлөгөөгөөр монгол хэлний I, II ангид хавар, намрын семейстр тус бүрт 7 хоногт 5 удаагийн монгол хэлний хичээл (хэлзүй, харилцан яриа, сонсох дадлага, уншлага, зохион бичлэг г.м.), III, IV ангид 4 удаагийн монгол хэлний хичээл орж байна. Хичээл тус бүр нэг семейстрт 15 удаа, хоёр семейстрт нийлээд 30 удаа орно. Хэлний хичээлийг семинар гэж үзэж 15 удааг 1 кредит, 30 удааг 2 кредит, мэргэжлийн хичээлийг лекц гэж үзэж 15 удааг 2 кредит, 30 удааг 4 кредит гэж тооцдог. Тийм учраас I, II, III, IV ангийн монгол хэлний хичээл бүгд 28 кредитээс бүрдэнэ. Үүнээс Хэл, соёл судлалын сургуулийн Монгол хэлний ангийн оюутан 28 кредит, Олон улс, бүс нутаг судлалын сургуулийн Монгол хэлний ангийн оюутан 20-иос илүү кредит цуглуулан сурах шаардлагатай ажээ.