Түүх ингэж эхэлдэг юм. Хувийн хэвшлийнхэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 гаруй км төмөр зам барих төслөө боловсруулж, санхүүжилтээ гаргая гэхэд төр нь салаавч өгөөд өөрсдөө бүтээн байгуулахаа тунхаглаж байлаа. Уул шугамандаа уг төслийн ачааны хүндийг хувийн хэвшил нь үүрсэн бол 2013 оны нэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орж, Монголын нүүрсний нэн шинэхэн гарц нэгээр нэмэгдэж, тэр хэрээрээ экспортоос оруулдаг орлого нь улсын төсөвт жин дарах байв. Гэвч тэгээгүй. Тэгэхийг ч хүсээгүй. Үндсэндээ Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх тэргүүтэй таван Ерөнхий сайд, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн үеэс З.Энхболд, М.Энхболд, Г.Занданшатар хүртэлх гурван парламент дамнан таг гацсан, тэг зогссон юм. Гялгар уутанд элс хийж цоолсноос, баялаг чинь алга болно, дуусна гэж нийтээр нь түгшээснээс бусдаар төмөр зам дагасан төсөл лав урагшилж, амь ороогүй. 

Алдагдсан боломжийн урьдчилсан тооцоолол нь 80 их наяд төгрөг. Нэгэн аравнаар хэмжигдэх наян их наяд төгрөгийн боломж гэдэг өөрөө Монгол шиг жижигхэн улсад жирийн нэг тоо биш. Цаг хугацааны хувьд ч, төсөвт өртгийн тухайд ч халаглаж, харамсмаар асар том тоо. Эцэстээ үүний өртгийг буруутай этгээдүүдээс нэмэмжлэх ёстойг хууль тогтоогч Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдын, Засгийн газрын гишүүний хувиар илэрхийлж суух вэ?! Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг учраас түүний эл байр суурийг хувь улстөрчийн өнцгөөс дүгнэх нь өрөөсгөл. Ийнхүү ганцхан төмөр зам барих гэж таван Засгийн газар, гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд бараагүй Монгол Улс 80 их наядын алдагдсан боломжоос сургамж авсан уу? гэвэл тийм.

Засгийн газрын тогтоолоор үндэсний компаниудын нэгдэл бүхий "Монголиан Транс Лайн", "Монголиан Транс Ложистик" компанид 226.9 км төмөр зам барих эрх олгосноор зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулах амлалттай эхлүүлсэн эл төсөл удахгүй нээлтээ хийх нь. Агуулга, ач холбогдол, түүгээр дамжин өнгөрөх ачаа тээврийн хүчин чадлаараа Замын-Үүдийн дараа бичигдэх үнэлгээтэй. Өдгөө Монгол Улс Эрээнцав, Замын-Үүд, Бичигт гэсэн гурван боомтын төмөр замтай. Үүний Эрээнцав, Замын-Үүд нь Улаанбаатар төмөр замын сүлжээ. Харин Зүүнбаян-Ханги мандал үндэсний төмөр замын сүлжээ гэдгээрээ онцлог. Хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар. Замын-Үүдийн боомтоор өдөрт галт тэрэгний 14 цуваа хил нэвтэрдгийг хуваалцаж, экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмнэ.

Эдгээрээс хамгийн том ач холбогдол нь Өвөрмонголын Бугат хот руу авто болон төмөр замаар дамжин өнгөрүүлдэг уламжлалт байдлыг халж, шууд тээвэрлэлт боломжтой. Дархан-Сэлэнгийн нутагт олборлодог төмрийн хүдрийг Замын-Үүд-Хөт хотоор дамжуулан Бугатад хүргэдэг маршрутыг 240 км-ээр товчлох тооцоололтой. Бугат өөрөө урд хөршийн томд тооцогдох гангийн үйлдвэрийн нэг байрладаг, тэр хэрээрээ сайн чанарын коксжих нүүрсээс "цангаж" байдаг бүс нутаг. Ойрын хэдэн жилдээ БНХАУ-ын аж үйлдвэрийн томоохон төв, гангийн ханган нийлүүлэгч болж, өргөжих амбийц нь Тавантолгойн нүүрсний эскпортод дэм болно уу гэхээс дөнгө болохгүй. Ирэх онд ашиглалтад оруулах товтой бас амлалттай Оюу толгойн Гүний уурхайгаас гарах зэсийн баяжмалын тээвэрлэлтийн нэгээхэн хэсэг ч үүгээр дамжина. Өөрөөр хэлбэл, Ханги мандалын 226.9 км-ийн маршрут өнөөгийн Монгол Улсад стратегийн асар өндөр ач холбогдолтой, БНХАУ хэмээх аварга зах зээл рүү дөт замаар, шууд холбогдох төмөр замын хоёр дахь гарц болох нь.

Монголын хилээс найман км-ийн зайтай Мандалын боомт бүхий Бугат-Мандал төмөр замыг Хятадын талаас өнгөрсөн оны наймдугаар сард ашиглалтад оруулсан байдаг. Манай талаас хамаарах асуудал нь үлдсэн гэсэн үг. Нэг үгээр, Зүүнбаян-Ханги мандалын төмөр замыг ашиглалтад оруулж, албан ёсоор тээвэрлэлт явуулж эхэлсэн тохиолдолд хоёр талаас хилийн холболтоо хийх ганцхан асуудал үлдэнэ. Санаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, хэд хэдэн тохиролцоо хийсний нэг нь хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх. Энэ хүрээнд Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцож, 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргааныг эцэслэсэн түүхтэй. Харин энэ удаад зөвхөн манай талаас, дотоодоос бүрэн хамаарах асуудал буюу 200 гаруй км төмөр замыг ганцхан зун, намрын хугацаанд барьж, байгуулан, бүтээн босгосон нь олон улсад эерэг мессеж болов. Бодит үр дүн, бүрэн зураглалаараа хөрөнгө оруулагчдыг татах том агуулга болох нь тодорхой. Хангиас хангинах цуурай хилийн боомтуудын бодит "Шинэ сэргэлт" болохыг харах л үлдлээ!

UZEG.INFO