НЯЛХСЫН МАЙЛААН
Бүхий л зовлон тодорхойгүй байдлаас эхтэй билээ. Хэзээ дээрээс кран нурах бол, хаанаас согтуу жолооч ирээд мөргөх бол... зовлон мундахгүй. Дээр нь энэ асуулт, нөгөө асуулт болох Би хэн бэ? Хариулах гэхээр хэцүү, хариулахгүй байж болдоггүй. Хариулт нь бүхий л зүйлийг тодорхой болгоно, тэгээд хүнийг зовлонгоос чөлөөлнө. Энэ асуултад хариул гэж, Бурхан хүнд УХАМСАР заяажээ. Их, бага гэдгээрээ л ялгаатай болохоос, бүх хүн өөрийн гэсэн ухаантай тул заавал нэг ам таглах хариулт хэрэгтэй.
/Нялхсын майлаан номын хэсгээс.../
...Ворошиловын мэргэн бууч. Энэ киног үзсэн гэдэгт тань итгэлтэй байна. Ямар нэгэн онцгой тохиолдол байгаад та үзээгүй бол, үзэхийг зөвлөе. Учир нь энэ кино танд маш ойр дотно, танил, өмнө нь ийм үйл явдал болоод өнгөрсөн ч юм шиг санагддаг, de javu үзэгдэл мэт мэдрэмжийг танд төрүүлж мэдэх юм. Энэ бол шударга ёсны тухай, үнэт зүйлсийн тухай, түүнийгээ хайрлаж хамгаалах тухай, хоёр өөр нийгэм, өөр цаг үе, тэдгээрийн хоорондын зөрчлийн тухай өгүүлсэн юм шиг санагддаг. Тэр зөрчил нь эцэстээ ямар эмгэнэлт үр дагаварт хүргэж буй талаарх. Гэхдээ аль ч нийгмийн үед байдаг, хэзээ ч хувиршгүй үнэт зүйлс бол ХҮН ЧАНАР, ШУДАРГА ЁС гэдгээр кино төгсдөг.
Харин мөнхийн үнэт зүйлсийг онгон эмэгтэйгээр бэлгэдэж ирсэн байна, хүн төрөлхтөн. Оросын үнэт зүйлийг тэнд, Катя гэж нэрлэжээ. Тэгвэл Монголын үнэт зүйлсийг хэн гэж нэрлэх вэ? Ер нь бидэнд нэрлээд байхаар ҮНЭТ ЗҮЙЛ байна уу? Байгаа бол, тэр нь юу вэ? Би энэ асуултуудад хариулж чадахгүй, мэдэхгүй учраас.
Тэгэхдээ тодорхойлж хэлж чадахгүй ч, ямар нэгэн зүйл байх шиг. Учир нь, Монголд уг кинон дээрх зөрчил илэрхий байна шүү дээ. Хүмүүс хамгаалах юмтай болоод л тэмцээд байгаа биз. Ямар ч эрүүл хүн “за хө, зүгээр сууж байхаар Сүхбаатарын талбай дээр хүн буудъя, дүүжилье, хөрөнгийг нь хураая, муусайн хулгайч нарыг шоронд нь хатаая!!!” гээд байхгүй нь ойлгомжтой. Тэгвэл тэр хүмүүсийн үхэн хатан “хамгаалаад” байгаа зүйл нь юу вэ? Монголын “Катя” гэгч ямархуу зүс царайтай, бие хаатай, ааш аягтай юм бэ? Ер нь МОНГОЛ СОЁЛ, УЛАМЖЛАЛ гэж юу вэ? МОНГОЛ ХҮН гэж хэн бэ? Ер нь БИ ХЭН БЭ? ингээд энэ ном маань уймраа хүний бичвэр гэдэг нь илчлэгдлээ.
“Социализмын үед сайхан байжээ” гэж их ярих боллоо. Даан ч тэр сайхан үеийг харах аз завшаан надад тохиосонгүй. Нэгэнт хараагүй болохоор сонсохыг хичээлээ, хүмүүсийн амнаас. Гэхдээ тэр магтан дуулагчдаас нь биш шүү. Харин ч сав л хийвэл хараачих гээд байдаг хүмүүсээс нь. Эхний бүлэг хүмүүсийн “зөв” байж, нээрээ л “жаргалын сайхан үе” байжээ... үгүй ер.
Миний өөрийгөө зовоогоод буй асуултын бүх хариултыг тэр үед хүн болгонд, толгой дараалан өгч байж. Тэнд Би хэн бэ? гэдэг асуулт тавих мангар хүн байхгүй, бүх зүйл тов тодорхой. Учир нь хүн бүр СОЦИАЛИЗМ хэмээх бензин тос хэрэглэдэггүй, мөнхийн хөдөлгүүртэй, утаа униаргүй “төгс” машины эд анги, эрэг шургаас өөр юу ч биш. Би хэн бэ? гэх асуултад БИ биш, социализм хэмээх тэр машины хүрдний ард суух жолоодогч хариулдаг. Тэр намайг ажилчин гэвэл би ажилчин, сэхээтэн гэвэл сэхээтэн, малчин бол гэвэл малчин болдог байж. Хэрвээ би тун ч ховор тэнэг байгаад, тэр жолоочийн оноолт надад таалагдахгүй тохиолдолд, нэг мэдэхэд яагаад ч юм “японы тагнуул, хувьсгалын эсэргүү, ангийн дайсан хөрөнгөтөн, империализмын гар хөл” болох жишээтэй. Бүүр хэн гэдгийг маань тодруулахад хүнд байвал, нөгөө жолооч намайг “сэхээтний төөрөгдлийн сонгодог төлөөлөл” гээд л зарлачихна, их амархан. Бүхий л зүйл тов тодорхой, ямар ч алдаагүй, тэр алдана гэж үгүй. Яагаад гэвэл, улаан Москвад мэргэжлийн жолоочийн курс төгссөн, тэр жолооч. Ёстой л “диваажин” байж дээ...
Харамсалтай нь, тэр социализм гэх машинд суух хувь надад дутсан. Монголд зам харилцаа муутайг ч хэлэх үү, нөгөө “төгс” машин нь осолдчихсон. Тэгээд би гэх хүн АРДЧИЛАЛ гэдэг дуу шуу ихтэй, тохь тух муутай, утаа май гэж тамтаггүй... Ядаж байхад, усан тэнэг жолоочтой. Би хэн бэ? гэхээр дүлий дүмбэ оргидог, бэлэн хариулт өгдөггүй. Хүн бүр энэ асуултад өөрөө хариулт олох “ялд” унажээ.
Бүхий л зовлон тодорхойгүй байдлаас эхтэй билээ. Хэзээ дээрээс кран нурах бол, хаанаас согтуу жолооч ирээд мөргөх бол... зовлон мундахгүй. Дээр нь энэ асуулт, нөгөө асуулт болох Би хэн бэ? Хариулах гэхээр хэцүү, хариулахгүй байж болдоггүй. Хариулт нь бүхий л зүйлийг тодорхой болгоно, тэгээд хүнийг зовлонгоос чөлөөлнө. Энэ асуултад хариул гэж, Бурхан хүнд УХАМСАР заяажээ. Их, бага гэдгээрээ л ялгаатай болохоос, бүх хүн өөрийн гэсэн ухаантай тул заавал нэг ам таглах хариулт хэрэгтэй.
Тэр хариултаа олохгүй бол хоосон зайг нь юу хамаагүй эзэлж авчих гээд зовлонтой. Хэрэв тэгвэл, эцэс сүүлд нь хүн төөрөлдөнө. Төөрөгдөл нь хүнийг тэнэг мангар болгоно. Тэнэг мангар хүн хулгайчийг “эх оронч” гэж харна, авлигачийг “үндэсний удирдагч” гэж бодно, худалчийн үгийг “шударга журамтай” мэт сонсоно. Харин эсрэгээр, жинхэнэ шударга эх орончийг, удирдагчийг адгийн шаар, урвагч гэж “цоллоно”. Энэ бол өөрийгөө хол байлгах ёстой тэр зүйл. Ангижрах ёстой, жигших ёстой тэр зүйл. Ийм төөрөгдөлтэй учирсан хүн Би хэн бэ? гэх асуултад таарах жинхэнэ хариултыг олж чадахгүй, тийм хүн золгүйеэ. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Төөрөгдлөөс яаж ангид байх вэ? Ер нь ТӨӨРӨГДӨЛ гэж юу вэ? Ийнхүү энэ ном маань төөрөлдсөн хүний үсгэн мөр байж таарваа.
Бүхнийг болохгүй, бүтэхгүй гэж харлуулан гутаан доромжилж, ямар ч үг хүлээж авдаггүй өөрийнхөөрөө муйхарлан зүтгэдэг... яг л битүү сав шиг хүмүүс олон. Дотор нь юу байх нь сонин биш. Юу ч оруулахгүй, бас гаргахгүй.
Өчигдөрхөн ярьсан зүйлээ өнөөдөр нь үгүйсгэдэг, өнөөдөр ярьсан юмаа маргааш нь таягдан хаяхад хэзээд бэлхэн барьцгүй улсууд ч бий... яг л том амсартай, ёроолгүй сав шиг. Бүгдийг оруулна, бас гаргана.
Энэ хоёр төрлийн хүмүүсийн нийтлэг шинж нь бүхнийг үгүйсгэх. Өгсөх, уруудах хоёр ижилхэн гэдэг билээ.Юу ч хүлээж авахгүй байх, бүхнийг хүлээж авах гэдэг бол угтаа үгүйсгэл. Төөрөгдөл үгүйсгэлээр илэрдэг. Юуг үгүйсгэдэг вэ? Бодит байдлыг үгүйсгэж, бодит бус байдлыг дэврээдэг. Эрүүл ухаантай хүн бол бодит байдлыг хүлээн авч, бодит бусыг хазаарладаг. Тэгэхдээ бодит болон бодит бусыг хэрхэн ялгах вэ? Үүнд би хариулж чадахгүй гэдгээ шууд хэлье ээ. Хэрвээ чадна гэвэл, энэ ном маань Саваагүй нохой саранд хуцсан нь гэж нэрлэгдэх асан биз ээ.
Байгаль хүнийг АМЬДРАХ ЭРМЭЛЗЭЛтэй байхыг тулгадаг. Амьдрах хүсэл СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХыг шаарддаг. Сэтгэл хангалуун байхын тулд ӨӨРТӨӨ ИТГЭХ хэрэгтэй болдог. Харин тэр итгээд байгаа ӨӨРӨӨ нь бодитой эсэхэд, байгаль өөрийнхөө анхдагч зарчимд саадтай тул төдийлөн сайн анхаарал тавьдаггүй. Эндээс л хамаг асуудал урган гардаг.
ӨӨРӨӨ гэх ойлголтыг бодитой эсэхийг тогтоохын тулд байгаль НӨӨЦ БОЛОМЖ гэдэг зүйлийг, хүн төрөлхтөн ФИЛОСОФИ гээч зүйлийг бодож олсон. Аль аль тал нь өөрийн чадах хэмжээний зүйлийг бүтээсэн.
Байгалийн бүтээсэн нөөц боломжийн тухайд мэдэхгүй юм. Математикчид, физикчид, эдийн засагчид, эрдэмтэд нь судалдаг биз ээ. Харин философийн тал дээр хүн төрөлхтөн 2500 гаруй жилийн турш өөрсдийн тархийг уралдуулж, тэр хэрээрээ далай мэт энтэй оюуны өв санг хуримтлуулжээ. Эндээс л аливаа асуултын талаарх эрэл хайгуул хийгдэж, тэр аяллын үр шим нь тэндээ уусан шингэж, тэрхүү “далайгаа” улам баяжуулж иржээ.
Мэдээж энэ нь амаргүй аялал. Хариултаа олж чадахгүй мунгинасаар давалгаанд түрэгдэн “эрэг” дээр шидэгдэх нь олонтаа. Миний аялал ч гэсэн амжилттай болох нь тун чиг эргэлзээтэй гэдгийг, энэ хүртэл уншихдаа та гадарласан биз. Гэхдээ яая гэхэв, үзээд л алдах хэрэгтэй. Ядаж эхний ээлжид, асуултаа дөмөгхөн томьёолж чадах болов уу? Жаахан ахиулаад өгвөл, аливаа асуудалд хандах өөрийн гэсэн ХАНДЛАГА, ИТГЭЛ ҮНЭМШИЛтэй болчих болов уу? Бүүр давраад, Чи хэн бэ? гэж надаас асуувал ТЭР гээд нүүр бардам хэлчих итгэлийг олж авчих болов уу гэж найдна.
Гэхдээ л эхний бөгөөд үндсэн зорилго нь асуултаа цэгцлэх. Философид “юу гэж хариулсан нь чухал биш, юу гэж асуусан нь чухал” гэдэг билээ. Эцэс сүүлд нь, энэ ном маань Даахгүй нохой булуу хураахын үлгэр болж дуусваа. Явсан нохой яс зууна ч гэдэг... хэрэв зуувал тэр “яс” нь танд ч бас хүртээлтэй байх болтугай...
DR UROLOGIST
Зочин
баатар
uhaantan
Зочин
Буяа
ЗОЧИН
tse
tse
tse
Зочин
sotsializm
Нямбуу
Зочин
Зочин
zochin
Уншигч