I. Гамшгийн менежмент
Ер нь сүржин эхлээд даржин дуусдаг нь “монголын ёс”. Ёс учраас хэн ч гайхширахгүй, эргэлзэхгүй… бүгд шууд хүлээж авна. “…байх ёстой зүйл… ингэх гээд л байсан юм… би бүүр аль эрт хэлээ биз” гэх зэргээр өнгөрсөн хойно нь бүгд л мэргэн цэцэн, ёс ёр мэддэг хүмүүс болж жүжицгээнэ.
Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Тэгээд Бурхан “гэрэл бий болог” гэсэнд гэрэл бий болов. Тэр нь анхны өдөр болой. Бурхан “огторгуй буй болж, усыг уснаас нь салгаг” гэж айлдав. Үдэш болоод өглөө болов. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө. Энэ мэтчилэнгээр… Бурхан хорвоо ертөнцийг зургаан өдөрт бүтээгээд долоо дахь өдөр нь амарчээ…. Тэрээр өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ.
Дээрх Библийн эхлэл хэсгийг уншсан ямар ч “монгол хүн” юу ч ойлгохгүй, шоолон инээх зуураа:
“Үхсэн хойно оо… бурхнаа ч хат даа. Нэг муу ертөнц бүтээх гэж өөрийгөө зургаан хоног зовоодог ямар бурхан байдаг юм бэ, тэгээд бүүр дараа нь нэгхэн хоног амарсан гэж байгаа. Хаха, ёстой хол очиж хуц. Ийм ядарсан тэнэг амьтан бүтээсэн болохоор л энэ хорвоо ийм элий балай, учир утгагүй байх нь ч аргагүй юм даа. Би лав оронд нь байсан бол, зургаан хоног гиюүрэн налайж байгаад л… долоо дахь өдөр нь сүнгэнүүлчих байлаа.
Аягүй бол долоо дахь өдрөө ч зүгээр хэвтэж магадгүй. Тэртэй тэргүй долоо хэмжиж нэг огтол гэдэг биз дээ. Огтолж ядах юухан байхав, заавал бүтэн өдөр зарлагадах шаардлагагүй. Тэглээ ч Македоны Александр “тастах, тайлах хоёр адилхан” гэж хэлсэн домогтой юм чинь… Тэгж хэлээд Гордын зангилааг тас цавчсан. Дэлхийг ч байлдан дагуулсан. Гэтэл би чинь хэн билээ? Хаан эцгийнхээ үлдээсэн буян дээр тарвалзсан нэг муу хагас зэрлэг “грек” биш. Аугаа Их Эзэн Чингисийн үр удам, Монгол хүн. Ийм байхад ертөнц бүтээх энэ тэр нэг их сонин биш.
Гэвч гол асуудал нь энэ нэг тэнэг бурхан чадахгүй, шалихгүй байж аль хэдийнэ бүтээцнннд л… Тиймээс энэ ертөнцийг, хорвоо дэлхийг байдгаараа дэвслэх ёстой, өшигчих хэрэгтэй. Юм болгоныг нь нураах, гацаах, харлуулах, гутаах нь зүйтэй. Монгол хүний гараар дахин бүтээгдэх тэр ертөнцийн шинэ цаг үеийг үтэр түргэн авчрахын тулд…” гэх зэргээр сэтгэн өөрөөрөө омогшжухуй.
Тэр бурхан ч гэж бас бурхан. Дүүрсэн амьтан. Заавал зургаан хоног энэ тэр гэж хүний хэл амны бай, элэг доог болж байхаар, цаг хугацаанаас бусад зүйлсээ эхэлж бүтээгээд… Дараа нь шууд л шинэ жилийн салют буудуулж байгаа юм шиг, “Гэрэл бий болог. Түүнтэй цуг цаг хугацаа ч гэсэн явж эхлэг.” хэмээн зарлигдаж яагаад болоогүй юм бол оо? Яагаад юун түрүүнд цаг хугацааг бүтээв? Өөрийг нь шүүмжлэх сэжмийг яагаад бидэнд гаргаж өгөв?... гэх мэт асуултууд хөвөрнө. Эдгээр асуултад хамгийн эхэлж хариулт хайсан хүн бол Амгалан Августин… эцэст нь Айнштайн. Хаббл, Хоукинг. Харьцангуйн онол болон Их тэсрэлт…
Гэвч би энэ тухай бичих гэсэнгүй. Тэгье гээд ч чадахгүй. Зүгээр л Бурханы үйлдэл, санаа зорилго ч болзолт шинжтэй гэдгийг л хэлэх гэсэн санаа. Өөрөөр хэлбэл бурхан өөрийнхөө өргөж даахгүй чулууг бүтээж чадахгүй гэсэн үг. Үүнтэй адил, ертөнцийг ч нэг хоногт босгож барахгүй, дор хаяж зургаан хоног шаардлагатай байж л гэсэн үг. Ийм байхад манайхан “30 жилийн дотор хөгжлөөрөө америкийг ч гүйцэж чадахгүй, муусайн хулгайч нараас болж монгол улс сүйрлээ. Хаана байна? Биднийг тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлнэ гээд байсан, нөгөө ардчилал чинь…” гэх зэргээр хараал тавьдаг. За энэ ч яахав, улиг болсон сэдэв. Ярих ч хэрэггүй.
Тэгвэл яах гэж энэ дэмий балай зүйлсийг сараачсан хэрэг вэ гэж асууж таарна. Зүгээр л доорх бичвэрээ хүнд хүргэхийн тулд л… хүлээж авахуйц дүрстэй болгох үүднээс. Учир нь тэнгэрийн тэнгэрийн юм ярьж, бүлт бүлт үсэрч байгаад… эцэс сүүлд шалдаа буусан яриаг, тартагтаа тулсан явдлыг монголчууд бид зүй ёсны мэт, алгаа тосон хүлээж авдаг билээ.
Дөрвөн зуун сая жуулчин гэж ярьж эхлээд л, байхгүй… хил хаагдаад жил гаран таг. Вакцинжуулалтаар бид тэргүүлнэ… геополитик уруу чихээд тас. Оффшороос мөнгө оруулж ирээд тараана… харамч сангийн сайд нь байхгүй гэж мэлзэнэ. Долоон хаустай гэж яллана… сүүлдээ нэг муу бензин шахсан болж дуусна. Террорист гэж ирээд л шүүнэ… эцэст нь нэг машин төрд хямдхан авсан болж таарна гэх зэрэг. Ер нь сүржин эхлээд даржин дуусдаг нь “монголын ёс”. Ёс учраас хэн ч гайхширахгүй, эргэлзэхгүй… бүгд шууд хүлээж авна. “…байх ёстой зүйл… ингэх гээд л байсан юм… би бүүр аль эрт хэлээ биз” гэх зэргээр өнгөрсөн хойно нь бүгд л мэргэн цэцэн, ёс ёр мэддэг хүмүүс болж жүжицгээнэ.
Харин анхнаас нь бодитоор яригдаж эхэлсэн, баримттай дэлгэгдсэн зүйлсэд нийтээрээ итгэхгүй. Жишээ нь, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг. “16-тай хүүхэд ч алаад байхдаа яахав, дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэй хүн хөнөөж чадахгүй, нэг муу гутлын үдээсээр хүн хүлээд л… нөгөөдөх нь тасалж чадахгүй тэлчлээд л… битгий донгос, ийм юм гэж юу байхав” гэх зэргээр эсэргүүцнэ, хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Одоо тэгээд хэрэг илрүүлсэн хүмүүс нь шоронд. Хохь чинь шүү дээ. Яавал энэ хэргийг нийгэмд шингэцтэй байдлаар хүргэх вэ гэдгээ бодоогүй бол. Би заяа нь энэ алдааг давтахгүй. Учир нь ёсоо мэднэ, тиймээс ч сүржин эхэлсэн. Бүүр бүхнийг бүтээгч бурхнаас…
Одоо харин сүржигнэж дууссан гэж үзээд… үндсэн сэдэв рүүгээ оръё. Даржин байж, даруухан загная. Уг нь энэ нийтлэлийн хүрээнд авч үзэхийг эрмэлзсэн гол асуудлууд нь ажил, амралт, цаг хугацаа гэх ойлголтууд. Тэдгээрийг монголчууд бид хэрхэн ойлгодог тухай. Гэвч бид асуудалд үргэлж тойруу замаар, элдэв үнэ өртөг ихтэй, ач холбогдол багатай нүсэр сүржин ёслол арга хэмжээ заавал үйлдэж үйлдэж… эцэст нь дур нь хүрвэл нэг үндсэн ажлаа хийх чинь аяддаг. Гээд тэр нь дуусах үгүй нь харин хэнд ч хамаагүй.
Нүүдэлчдийн аж ахуй байгаль, цаг уураас үлэмж хамааралтай. Гэвч тэр нь тун тодорхойгүй. Өглөө нь шуурсан бол өдөр нь нар шарна. Орой нь бороо орно… өглөө сэрэхэд нь цас дарсан байх жишээтэй. Тэгээд гэрийнхээ хаалгаар биш, тооноор дамжиж гарах хэрэгтэй болно. Цаг агаарыг урьдчилан таах гэж үеийн үед оролдсоор ирсэн боловч магадлалт байдал нь тийм ч их биш. Ирэх зун их гандуухан болох шинжтэй гээд… отор нүүдэл хийнэ. Зарим нь нутагтаа бууриа сахиад үлдэнэ. Үлдсэнийх нь хохь, явсных нь зол болно гэж батлах ямар ч аргагүй. Туувар хийж хийж, хүний нутаг гүний хошуунд хүн амьтанд хөөгдөн туугдан арай ядан иртэл нутагт нь үер бууж гэнэ гэсэн мэдээ араас нь шил даран ирэхийг байг гэх газаргүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй учраас аль нь ч хожиж магадгүй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж хэлэхийн эцэсгүй. Энэ өвөл хахир болох янзтай гэдгийг сонсоод… бөөн хадлан тэжээл бэлдэнэ. Гэвч тэр “тагнуулын мэдээ” нь дайсны өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагаа байж таарвал… бүх хичээл зүтгэл нь талаар болно. Хэнд ч хэрэггүй хий хоосон хөдөлмөр, илүү зардал. Нүүдэлчин айл арчаатай байх хэцүү… арчаагүй байх бүүр ч хэцүү. Тэгэхдээ л эцсийн дүндээ нэг их ялгаагүй.
Тиймээс ч монгол хүн бүх юманд хүлээцтэй тайван, уужуу дотортой хандана. Бүх юм тодорхойгүй байхад яарах хэрэггүй. Сүх далайгаагүй л бол ийш тийшээ мөөрч давхиад, хашаа хороо хүн мал мөргөж сөргөөд байх шаардлагагүй. Эс тэгвэл, хөхөө өвлөөр донгодсон хэрэг болно. Тэгж хошуугаа хөлдөөхгүйн тулд, харзнах хүлээх хэрэгтэй. Гэрийнхээ хатавчинд гаансаа нэрээд алсын барааг ширтэх ёстой, бүх зүйл тодорхой болтол. Энэ нь монгол хүний хувьд ажил ч мөн, амралт ч мөн. Харин бүхнийг тодорхой болгодог зүйл бол цаг хугацаа. Тэр л бүхнийг хүссэн ч, эс хүссэн ч зайлшгүй шинжид нь тулган шахдаг. Тэгээд нэгэнт зайлшгүй бол шийдвэр гаргах гэж толгойгоо гашилгах ямар ч шаардлагагүй. Энэ л бидний аливаа асуудлыг шийдэх гол “менежмент”. Гамшгийн менежмент.
Монголчууд бид юмыг цагийг нь тулгаж хийгээд сурсан улс. Оюутан бол шалгалтын урд шөнөө л хичээлээ алдаг оног гарчиглана. Татварын тайлангаа сүүлийн секунд дуусахтай зэрэгцэн илгээнэ. Улсын төсвөө хуулийн хугацааг нь тулгаж батална. Барахгүй бол хуульдаа өөрчлөлт оруулчихна. Бүх асуудлыг гамшгийн хэмжээнд хүртэл нь хойшлуулна. Тэгээд шийдсэн болно. Гарах үр дагавар нь дараагийн асуудал. Ирээдүй хойч үедээ өвлүүлнэ. Бүхий л зүйлээ тодорхойгүй байлгах дуртай. Тэгж гэмээ нь хаяандаа гаансаа нэрж, жаргалаа эдлэх боломж олдоно…
Би энэхүү нийтлэлийг бичих санааг аль хоёр сарын өмнө олсон боловч, төдийгөөс өдийг хүртэл нэг л явж өгсөнгүй. Завгүй байсан гэвэл худлаа. Тэнэг Иван шиг дулаан пийшин дээр дээшээ хараад “карантин чи… сайхаааннн” гэж ирээд л хэвтсэн юм чинь. Тэгвэл юу нь болоогүй хэрэг вэ? “Засгаас өгсөн 300 мянга нь дуусаж л дээ, янз нь” гэж та бодож мэднэ. Гэвч би нийтлэл бичлээ гээд мөнгө олохгүй шүү дээ. Тэгэхээр асуудал өөр зүйлд байж таарах нь. Би нийтлэл бичихгүй байлаа гээд хэнд ч гамшиг тохиолдохгүйд л учир нь байгаа юм. Цаг хугацаа гэх юмсыг зайлшгүй болгох хүчтэй механизм надад үйлчлэхгүй байсанд л… Хэчнээн л бол хэчнээн цагаар, би хаяандаа гаанс нэрээд гиюүрэн суух боломжтой нь асуудлын гол зангилаа.
Тиймээс энэ байдлаас гарахын тулд би гамшгийг өөрөө хүсэх ёстой. Өөрөөр хэлбэл, тогтмол хугацаанд тодорхой цагт нийтлэл оруулахыг өөртөө тулгах шаардлагатай. Энэ ч үүднээс, долоо хоногт дор хаяж нэг нийтлэл гэсэн зорилгыг өөртөө тавьж байгаагаа энэ бичвэрээрээ та бүхэнд зарлаж байгаа хэрэг. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг биз.
“Тэгээд бичнэ л биз дээ, бидэнд ямар хамаатай юм бэ, заавал зарлаж тунхаглаад дүвчигнээд байх хэрэг байхгүйшдээ” гэж хэн нэгэн хэлж таарна. Шуудхан хэлэхэд, би та бүхнийг ашиглаж байгаа юм, хариуцлагын механизм болгож. Өөрийгөө сэдэлжүүлэхийн тулд, хэлсэн амандаа хүрэхийн тулд, бусдын элэг доог болохгүйн тулд. Мэдээж би цаашдын нийтлэлүүдээ танд ч бас хэрэгтэй, ашигтай байх талаас нь хичээх ёстой гэдгээ ч мэднэ.
Ер нь би би-нээ шударгаар харилцан ашиглахыг эрмэлздэг тогтолцоог л капитализм гэж ойлгодог. Харин шударга гэдэг бол зарчмын асуудал. Үүнийг дараагийн нийтлэлээрээ авч үзэхийг оролдъё.
Хүндэтгэсэн Ө.Жамъян.
Уншигч ах
Цоко
Буяа
Болор
Зочин
Зочин
Зочин
зочин
Иргэн