Зуун жилийн “ганцаардал”
Дахин дахин түүх давтагдаад ч байгаа юм шиг. Үйлийн үрийн хүрднээс гарч чадахгүй… учраа мэдэхгүй, яах ёстойгоо ойлгохгүй төөрч будилж байгаа л нэг удмын угийн бичиг. Яг л зүүд зэрэглээ шиг, шидэт реализм.
Колумбын алдарт зохиолч Г.Г.Маркесын энэ зохиолыг нэлээн хэдэн жилийн өмнө уншсан. Айлд уншсан болоод ч тэр үү, үлдэж хоцорсон юм бүүр түүрхэн. Айлын ном, айлын жорлон гэдэг уншихад, хүндрэхэд угаасаа л таагүй. Уг нь жорлон, ном хоёр гэдэг хоносон цуйван, сүүтэй цай хоёр шиг л бие биедээ таарсан хослол. Гэвч өөрийнх биш болоод ирэхээр л АНа МАНа… за, тэр ч яахав.
Дээрх номоос миний худлаа үнэн санаж байгаа зүйл гэвэл, хурандаа Буэндиа гэх нэг нөхрийн удам судрын зуун жилийн түүх. Анх жижигхэн тосгонд хэрмэл цыгануудын цирк ирэхэд эцэг Буэндиа хүүхдүүдээ дагуулан явж, нэгэн шидэт хайрцаг үзүүлдэг ч билүү… Тэгээд түүнийг үзсэнээс хойш тухайн удамд хачин жигтэй үйл явдлууд хөвөрдөг шиг санагдана. Доншуул тэнүүлчин гарна. Элдэв янзын согогтой хүүхэд төрнө. Удам судрынхаа гайгүй гэрэл гэгээ болж мэднэ хэмээн итгэл хүлээлгэж байсан хүүхэд нь, гэнэт агаарт зэрэглээ адил замхран одно. Дайнаас эргэн ирсэн нэгэн нь харгис хэрцгий этгээд болж цусан төрөлтнөө алж устгана. Хоорондоо гэр бүл зохиож цус ойртоно. Сүүлдээ гахайн сүүлтэй хүүхэд төрж баларна гээд… Ер нь нэг үл бүтэх зуун жилийн түүх л уншсан санагдана.
Дахин дахин түүх давтагдаад ч байгаа юм шиг. Үйлийн үрийн хүрднээс гарч чадахгүй… учраа мэдэхгүй, яах ёстойгоо ойлгохгүй төөрч будилж байгаа л нэг удмын угийн бичиг. Яг л зүүд зэрэглээ шиг, шидэт реализм.
Ер нь зүүд гэдэг хоорондоо учир холбогдолгүй, утга агуулга муутай үйл явдлуудын л холимог. Нэг мэдэхэд Америкийн Ерөнхийлөгчтэй гар бариад зогсоно… төд удалгүй, яагаад ч юм Цагаан даваа хавьд “өвгөнт” болчихсон бөбөөрнө. Эсвэл зуун доллароор гал асааж зүүдлэнэ… тэгснээ гэнэт багшийн дээдийн буудал дээр “өглөгийн эзэнтээн… юм хайрлаач” гэж бусдыг царайчлах жишээтэй. Мань мэт ойлгохын аргагүй, зүүдээ манаад, бичиж тэмдэглээд ч ард нь гарахааргүй холион бантан. Аа, харин энэ зүүд маань З.Фройдын гарт орвол, Маркесынх шиг Нобелийн шагнал авахуйц сонгодог зохиолын санаа болж хувирдаг гэх. Бас л нэг шидэт реализм…
Ингээд бодохоор эрт дээр үеийн алхимичид хоосонгүй ч байсан юм шиг. Шээсийг алт, боржин чулууг алмаз болгох арга ухаан хайсан явдал нь. Нэг үгээр философийн чулуу. Юуг ч юу болгон хувиргах чадалтай “супер элемент”. Энэ нь яван явсаар Маркс, Энгельс, Ленин, Сталин… гэх хуурмаг “шинжлэх ухаанч” царайлсан алхимичдийг дэлхийн түүхэнд төрүүлж, хүн төрөлхтний талыг Коммунизм гэх нэртэй алхимийн цуст “лабораторийн” түүхий эд болгож хувиргасан юм. Бид ч тэр лабораторийн туршилтын туулай болж явсан, далан жилийн турш. Тэгээд гучин мянган шилмэл охид хөвгүүдээ “шинжлэх ухааны” золиос болгон тахижээ. Эцэст нь, манай улс хэдэн “тогооч”-той л үлдсэн. “Тогооч хүртэл төр барьж чадна” гэдэг биз… тамын гал тогоо. Бас л нэг хар дарсан зүүд.
Хоёр зуун жилийн турш манжийн хааны адуучин явсан монголчууд… хорьдугаар зуун гарснаар эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх боломж гарав. 1911 оны хувьсгал. Богд Жавзандамбаа сэнтийд залж, Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсаа тунхаглав. Гэвч байлдагч баярлах болоогүй… 1915 оны гурван (?) улсын гэрээгээр бидний тусгаар тогтнолыг бусад улсууд ханцуйн дотроо наймаацав. 1919 онд гамингууд. Тэгээд баронууд… улаантнууд. Дараа нь Ардын хувьсгал. Баруунтан зүүнтэн. 32 оны ардын бослого. Их цэвэрлэгээ. Бүхнийг фронтод. Ялт, Потсдамын уулзалтууд. Санал асуулга. НҮБ… Сүүлд нь одоо л нэг “тусгаар тогтнол”. Гэвч эрх чөлөө нет. Москвад найтаахад Монголд ханиасаар л… манай нийгмийн удирдан чиглүүлэгч цорын ганц хүч болсон МАХН нь ЗХУК(б)Н-ын Монгол дахь суурин “төлөөлөгчийн газар” төдий, дорой “амьтан”.
Хэдий тийм ч, зүүд гэдэг ихэнхдээ учир замбараагүй, парадокс байдагчлан… Бид иргэншиж соёлжив. Атаржив. Барилгажив. Үйлдвэржив… бас л голохооргүй ололт амжилт. Хамгийн чухал нь бага багаар, алхам алхмаар манай улсын тусгаар тогтнол, бие даасан байдал баталгаажив. Барьцаа ахиулав. Харин Ардчилсан хувьсгал гарснаар сая л нэг улс шиг улс болов. “Эрх чөлөө!!!” гэж дураараа цээж дүүрэн хашхирах тэнхээтэй… тэнд шуухитнахад энд шууд мэнгэртээд байхааргүй “уушгитай” болсон, яадаг ч бай. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох чинь… монголчууд бидний чин хүсэл. Тусгаар тогтнол, бие даасан байдлаа олж авахын төлөөх тэмцэл бол бидний "зүүдний тайлал". Далан жил үргэлжилсэн хар дарсан зүүдний…
Тэгвэл сүүлийн гучин жилийн тухайд? Ардчилал тогтсоноор юун түрүүнд, зүй ёсоор эхэлж явагдах ёстой үйл явц бол олон намын тогтолцоо. Ингэснээр МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч хүч байхаа больсон. Ганцаар эзэмшиж асан тэр хүчээ бусадтай хуваалцсан. Өөрөөр хэлбэл хуучин системийн үед дарангуйлагдаж байсан нийгмийн энерги, намын сөрөг хүчин өөрсдийн улс төрийн оролцоог хэрэгжүүлэх орон зай нээгдсэн. Болхидуу хэлбэл, ичээнээсээ гарсан. Нэг хэлбэрээс л нөгөөд шилжсэн төдий. Яг л энерги хадгалагдах хууль шиг. Юу ч шинээр бий болж, эсвэл устаж алга болохгүй гэж үздэгчлэн. Бодоо, Данзан, Амар, Гэндэн, Төмөр-Очир, Лоохууз, Сурмаажав, Нямбуу… нарын үл тасрах гинжин хэлхээ. Захиргаадалтын үед намын хайр ивээл хүртээгүй “намчид”. Өөрсдийн гэсэн албан ёсны улс төрийн институтгүй асан үе үеийн эх орончид. Нэг үгээр хэлбэл, хуучин МАХН-ын түүх бол Монголын улс төрийн намын түүх гэж л хэлэх гэсэн ухаантай.
Өнөөдөр МАН өөрсдийн "зуун" жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэв. “Тусгаар тогтнол-хөгжил дэвшлийн зуун” гэх уриатай. Бүүр өмчлөх маягтай. Ардчилсан нам АРДЧИЛАЛ-г өмчлөх ёсгүйтэй адил, Ардын нам ч ТУСГААР ТОГТНОЛыг зөвхөн өөртөө наах гэж улайрах нь зохисгүй л гэж хэлэх гэсэн санаатай. Монгол хүн бүр эх оронч… нам бүр тусгаар тогтнол, эрх чөлөөндөө хайртай гэдэгт би итгэдэг. Харин тэр хайраа яаж илэрхийлэх вэ? гэдэг аргаараа л ялгаатай төдий… Гэвч энэ бол тусдаа асуудал.
“Юу болох нь хамаагүй. Ямар байсан, манай гудамжинд баяр болно” гэх Н.Г.Чернышевксийн алдарт үг бий. МАНай гудамжинд ч биш, тАНайд ч биш. Ямар ч бай, МОНГОЛын гудамжинд минь нэг баяр болж байгаа бололтой, өнөөдөр. Найр наадамд нугасгүй монгол хүний араншнаар миний ч, таны ч баяр мөн шиг… Баярын мэнд хүргэе.
Зочин
Зочин
НОМУН
Зочин тэтгэвэр
Б.Батболд
Зочин
Зочин
Зочин
Onom
Зочин
ӨВӨӨ
Зочин
ХУУЛЬЧ
зочин
уншигч
Буяа
Tugs
Зочин
ГАШУУН
чулуун
Зочин
Зочин
Зочин
Зочин