Жавхлан, Баясгалан хоёрыгоо хайралцгаая
Жавхлан, Баясгалан хоёр гэр бүл болсныг тохиолдуулан хорь гаран жилийн өмнө бичсэн нийтлэлээ та бүхэнд дахин толилуулъю гэж бодлоо

...............Үг.................Ая.......................дууг Жавхлан, Баясгалан нар хоршин дуулна.
“Нүдгүй” ч гэсэн нүдээрээ инээх дуртай залуу, нөхөргүй ч гэсэн нөгөөхөө тоодоггүй бүсгүй хоёр гараад ирлээ. Ста да, ста да...Гурваа, и
....Төр хямарч
Түмэн ядуурсан өглөө байсаан...
Дөрвөн жилийн шургуу хөдөлмөрийнхөө үр дүнд төрийг хямруулсан цөөнх практик дээр дангаараа төр барихаар боллоо. Онолын хувьд тэдэнтэй хүчээ үзэхээр дөрвөн хүн дээлээ шуугаад бүсэлжээ. Яана даа, зайлуул. 72 : 4 = 18. Цэвэр математик харьцаа. Нэг хүнд нь арван найман ардын намын гишүүн ноогджээ. Гэнэн материалист төсөөлөл. Эд нар полидуулах нь тодорхой боллоо, будаа. Нүд халитармаар юм болно доо.
Төр яахаараа хямардгийг туршлагаараа мэддэг болсон хэсэг ялалтаа тэмдэглээд шараа тайлж, хүн бүрт ноогдох ёстой хулийг нь хувааж дуусмагцаа 2001 оны 06-р сард нэгэн хууль батлав. УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь:
УИХ-ын сонгуулиар наймаас дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй. УИХ-ын чуулганы нээлтэнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын бүлгийн ахлагч үг хэлэх эрхтэй. Санал хураалт. Зөвшөөрсөн 72, татгалзсан 4, олонхийн санлаар хуулийг баталлаа. Бандан тас. Ард түмэнд амалсан анхны амлалтаа дор нь гялалзтал биелүүлэв. Төрийг хямраагчид нь УИХ-ын цөөнх байдаг ажээ. Өлсөж, даарч, зовж яваагий нь хэлэхээс нааш анзаардаггүй монгол хүний уужуу тайван ухаанд таарсан догь арга. Одоо өөрсдөө хэт их идэж таргалаад байгаагаа мэдэгдчилгүйхэн Синдид яваад байвал боллоо. Төрийг хямралаас гаргахад төвөг удсангүй ээ. 4 X 2 = 8. Нэг биеэ хоёр хуваагаад нэг намд элсэж чадвал намын бүлэг болно. Онолын гаргалгаа. Хоёр хуваагдсан хүн хуралд битгий хэл сандал дээр сууж чадахгүй. Бодит байдал.
...Энэ хайр бидний
Өглөөний хайраа...
...Тавьтар алдагдаж
Тал цус харавмаар өдөр байсаан...
Төрийн машины дуу жигдхэн нуугиад тэнд ямар ч хямралгүй нь сонсоход л илт. Хадаг, цай, цемент, лам дөрвөөр хэвтээ тэнхлэгийн дагуу босох учиртай Мянганы замаа тавьж эхэлжээ. Сөрөг хүчний зарим нөхөд сүртэй их зардал гарна гээд байсан нь улс төрийн явуулаг байж. Ирж очих унааны шатахуун, идэх уух замын хүнс, дээр нь нэмээд зайлшгүй шаардлагатай дөрвөн зүйлээ авчихад л болно. Эх орныхоо баруун захаас зүүнийг нь хүртэл шовойтол замаа тавилаа. Хөдөөгийн энэ олон замын чинь аль нь мянганых юм бэ, таминь ээ? Тэнэгтээд байгаач, шаваа дагаад явахгүй юү. Монголын тал нутаг яасан уужим юм бэ? Юу юугүй 730-аад хоног жирийгээд өнгөрчээ.
2003 оны 04-р сарын 07. Даваа гариг. Төрийн ордон. 09.00 цаг. УИХ-ын ирц 98%. Үлдсэн хоёр хувь нь хувиараа өвчилсөн. Бусад нь бүрэн. МҮТВ-ийн явуулын АИОКИ станцын хуучин хэдэн камер хурлын танхимд байралжээ. УИХ-ын нээлтийг үзэж сонжихоор өчнөөн олон танихгүй хүмүүс ч ирчихэж. УИХ-ын дарга С. Төмөр-Очир хуралдааныг албан ёсоор нээв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди тааллаараа үгээ хэллээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд ард түмэн нь хэрхэн таргалж мариалаад тарвалзан буйг нүдэнд харагдтал ярьж гарлаа.
Гэтэл гэнэт шивэр авир болоод явчихав. УИХ-ын гишүүн Л. Гүндалай А4 цаасан дээр бичсэн зүйлийг олонд харуулан үймүүлж эхлэх нь тэр. БИ ҮГЭЭ ХЭЛЬЕ. ЦӨӨНХИЙН ҮГИЙГ СОНС. ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ. Гишүүд нэг хэсэг учрыг олж ядан өндөлзөж гарлаа. ҮНЭГҮЙ ЭМНЭЛЭГ ЮУ БОЛОВ... Битгий хуц. Гэнэт ам амандаа хараал урсгаж эхлэх нь тэр ээ. ҮНЭГҮЙ СУРГАЛТ ЮУ БОЛОВ... Солиотой шаар вэ. ТАТВАРЫГ 30% БУУРУУЛНА ГЭСЭН ЯАЛАА... Юу гэж балайраад байгаа юм бэ, чи. Н.ЭНХБАЯР АА ТАНЬД 500 САЯЫГ ХЭН АМЛАВ... Хажуугийн жорлонд чирж оруулаад нам шаана шүү. С. ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛНЭ ГЭСЭН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛ... Чамайг занаж байгаад хэрэгт хутгана даа.
Дандаа ерөнхий сайдыг дагаж явдаг нэгэн эр багаасаа барилдаж явсныхаа ид хавыг үзүүлэн Л.Гүндалайтай барьцалдаад авав. Бусад нь ч полинд орлоо. Гартаа барьсан бичгийг нь булааж аваад ураад хаячихлаа. Цүнхэндээ үлдээснийг нь хулгайлахаа яаж мартах вэ. Удсан ч үгүй Гүндалай согтуу байна гэлцэв. Хүний олон хүнээ барьдаггүй ч, гөрддөг ажээ.
...Энэ хайр бидний
Өдрийн хайраа...
...Амаа таглуулж
Чихээ бөглүүлсэн үдэш боллоо...
Урьд нь УИХ-ын чуулганы нээлтийг хэн ч ингэж үймүүлж байсангүй. Л.Гүндалай бол салбадай. Өөрийгөө рекламдах хэнээтэн. Танхай этгээд. Ардын баатар болох гэж мөн ядав аа. Ёстой солиотой юм. УИХ-ын арван жилийн түүх ёс жудагтай, дэг журамтай байсаан. 1992-1996 онд таван суудалтай ардчилсан хүчин чуулганы нээлт дээр танхайралгүй зүгээр л шүүмжилдэг байлаа. 1996-2000 онд хорин таван суудалтай МАХН төрийг хямарч, ард олныг ядууртал үгээ хэлдэг л байсан. Бүр галзуу ганц суудалтай МУНН 10 000 хүнийг толгой дараалан цаазлахгүй бол Монгол өөдлөхгүй нь гэдэг аймшгийн сэдэвтэй шог зохиолоо бүрэн эхээр нь уншиж болдог байсан. Тэдний хэн нь ч ингэж Л.Гүндалай шиг төрт ёсоо уландаа гишгэж байгаагүй юм. Төрийн минь сүлд өршөө. Юу болоод өнгөрвөө, солиорчихлоо гэж үү?
2002 оны 02-р сарын 20-нд Монголын ард түмний дөчин есөн хувийг төлөөлдөг цөөнхийн дөрвөн гишүүн УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр үг хэлэх эрх хүссэн албан бичгээ УИХ-ын даргад өргөн барьжээ. Хуулиа мөрдье, хуулиа дээдлэе, хуулиа унш. Хэлдгээ л хэлэв. Хуулиар шударга ёсыг тогтоодоггүй аж. Харин хуулийг шударга ёсонд нийцүүлэх л хэрэгтэй. С.Оюун хуулийн дээрх заалтыг хасуулах хуулийн төсөл өргөн барилаа. Хэлэлцэх шаардлагагүй.Хэнд хэрэггүй юм бэ? Олонхид.
... Энэ хайр бидний
Үдшийн хайраа...
Төр засаг хэчнээн аймшигтай мангас байлаа ч хүний оюун ухаан, ёс зүйн мэдрэмж, эрх чөлөөний дархлааг бүрэн устгаж чадахгүй. Харин бие махбодод мэдрүүлж дөнгөнө. Тэрээр оюун санаагаар зэвсэглээгүй ч, бяр чадлаараа надаас илүү. Гэхдээ би хүчирхийллээс таашаал авдаг донтон биш. Би өөрийнхөөрөө л амьсгалмаар байна. Хачин гоё амлалтаар чинь юу хийх вэ? Анх байсныг минь л буцаагаад өгчих, тэгээд л боллоо. Та нарын энэ нийгмийг бүтээсэн инженер чинь намайг лав бүтээгээгүй. Дотоод сэтгэлийнхээ гүнд оволзох эрх чөлөө, эрх ашиг, шударга журам, ёс жудгийнхаа үүдийг нээх минь. Эс тэгвэл Бат-Үүлийг дагаж жагсах нь бүү хэл Люминог дагаад цэнгэх ч эрх олдохгүй нь. Эрх чөлөө миний жавхлан, ардчилал миний баясгалан.
...Энэ бүх үг өгүүлбэр
Эрх чөлөөний минь нэхэл байсаан...
ЖИЧ: Баясгалан, Жавхлан хоёрын хэн нь эрэгтэй юм бэ?
2003 он.
Зочин
Зочин
Зочин