Байсхийгээд л ямар нэгэн салбар, аль нэг аймаг, сумын тэдэн жилийн ой, тэмдэглэлт өдөр тохиож, одон медаль, ойн медаль, ямар нэгэн тэмдэг, жуух бичгээр бөөндөн шагнах ба шагнуулсан нэгний төрийн дээд одон медалиар шагнуулж, төр засагтаа үнсүүлэв гэсэн сэтгэгдлүүд нүүр номонд хөвөрнө. БНМАУ гэсэн бичиг, хуучин цагийн загвар хийц бүхий “ Алтангадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” энэ мэт хуучин засаг төрийн одон медалиуд өдгөө ч хэрэглэгдсээр, төрдөө үнсүүлэх сэтгэлгээ халагдаагүй хэвээр. БНМАУ-н төрийн дээд одон медиалиар шагнагдана гэдэг үнэндээ бол гучин жилийн өмнө халагдаж, байхгүй болсон улсаар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлээд буй хэрэг юм. Үнэхээр утгагүй явдал.Утгагүйн хажуугаар утга төгөлдөр явдал,дэлхий дахинд нэр алдраа цууриатуулж буй рок хамтлаг төрийн соёрхол хүртэж, шинэ ба хуучин нийгмийн гавъяа шагнал холилдсон хэвээр. Утгагүй ба утга төгөлдөр явдлууд холилдон оршсоор, аль нь утгагүй, аль нь утгатай эсэх нь эс ялгарна. Зүй нь бол хуучин төрийн одон медаль халагдаж, оронд нь шинэ цагийн, шинэ нийгмийн үнэлэмж тогтох учиртай баймаар. Захиргаадсан арга барил хийгээд үг хэлэх эрх чөлөө, социалист арга барил хийгээд ардчиллын үнэт зүйлс аль аль нь улс нийгмийн оршихуй амьдралд оршсоор, холилдсоор.Хэрэггүй зүйл нь амин чухаг хэрэгтэй зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг бүрхэгдүүлсээр.Хэлбэрийн хувьд ч, басагуулгын хувьд ч гэсэн хуучин тогтолцоо, социалист нийгэм оршсон хэвээр байна. Хуучин ба шинэ, ардчилал ба социализм хоорондоо холилдсон хэвээр өөх ч биш, булчирхай ч биш энэ нөхцөл байдал бол нийгмийн шилжтилт бүтэлгүйтэж, завсар үедээ гацжээ гэдгийн шинж тэмдэг юм. 

Нийгэм шилжих үйл явцыг бүтэлгүйтэл рүү хөтөлсөн хүчин зүйлс, нөхцөл, далд шалтгаан юу вэ? Өөрийн хувь үзэл бодлыг тулган янз бүрийн хэрэгтэй хэрэггүй шалтгаан дурдан улиглах гэдэг илүүц явдал. Итгэл үнэмшил төрүүлж, үнэнийг тодруулахуйц бодит шалтгаан хэрэгтэй. Далд нуугдмал тэр учир шалтгааныг янз бүрийн үзэгдлүүд, дотоод үйл явц, үйл явдлууд шинж тэмдгээрээ дамжуулангадагш тусган харуулж, мэдээлээд байна. Нийгэм шилжих үйл явцыг дотоод талаас нь харж, үе шат, уялдаа холбоогоор нь хөөлөө.

Хуучнаас шинэ рүү, социализмаас ардчилсан тогтолцоо руу шилжиж, хуучин зүйлс халагдаж, шинэ зүйлс төлөвшин тогтох үйл явц нь өөрийн дотоод зүй тогтол, зарчим, гүнзгий учирт суурилан явагдана. Халагдах үйл явцыг задрал дагалдана. Энэ бол халагдаж буй юмс, тогтолцоо, юмсын бүтэц, хэлбэр хийгээд агуулга, дотоод үйл ажиллагаа задарна гэсэн үг. Задрах үйл явц улс нийгмийн амьдралд дараах байдлаар хэлбэржиж, хэрэгжсэн юм билээ. 

Тэр цагт социалист тогтолцооны үндэс суурь улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо, оюун санааны ертөнц хийгээд уран сайхан, урлагийн байгууллагууд, утга зохиолын ертөнц, хэдэн зуун ажилчинтай үйлдвэрийн газрууд, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гэхчлэн хэдэн арван жилийн хугацаанд бүтэж бүрэлдэж, хэвшин тогтсон нэгдмэл, бүхэл, бүтэн тогтолцоо, салбарууд бүгд задарчээ. Тогтолцоо, салбар нь задарсан учир эдгээр салбарт ажиллаж хөдөлмөрлөдөг хэдэн зуун мянган хүн ажил төрөлгүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Задралыг дагалдан ажилгүйдэл гэх үзэгдэл шинээр төрж, бий болжээ. Ажилгүйдэл, ядуурал, биеэ үнэлэлт, хүний наймаа, архидалт гээд өмнө үзэгдэж харагдах бүү хэл сонсож байгаагүй муу муухай үзэгдлүүдборооны дараах мөөг шиг л хормын зуурт төрж, биежиж, үржжээ.

Зарим салбар хэлбэр бүтэц хийгээд агуулгын хувьд бүрмөсөн халагджээ. Хууль, боловсрол, эрүүл мэнд зарим салбаруудхэлбэр нь задраагүй боловч агуулга нь задарч, хуучин агуулга, хууль, арга барил, зарчим, зорилго, ном, гарын авлага, сурах бичгүүүд нь хэрэгцээгүй болжээ. 

Нийгмийн оюун санааны ертөнц задарч, монголчууд бид даган баримтлах үзэл санаа, итгэл үнэмшил, ёс суртахууны дутмагшилд орсон явдлыг оюун санааны хоосрол гэх үзэгдэл, үйл явц дагалдав. Цаашид хэрхэн яаж амьдрах, юуны төлөө зүтгэх, асуудал бэрхшээлээ хэрхэн шийдэх, хүнд хэцүү үеийг яажшуухан даван туулахад туслаж, хөтлөн дагуулж, зүг чиг заах учиртай үзэл санаа, ирээдүйд итгэх итгэл өгч, урам зоригоор тэтгэн, тэсэн үлдэх дотоод хүч чадал өгөх итгэл үнэмшил, юуг дээдлэх, юуг жигшихийг чиглүүлж, зөв ба буруу, сайхан ба муухай, болох ба болохгүйг зааглаж ялгаж өгдөг ёс суртахууны дутмагшилд оржээ. Хүмүн бид эдгээр үнэ цэнэт зүйлгүй бол амьдарч чаддаггүй билээ.

Ажил хөдөлмөр, цалин мөнгө, орлогогүйн дээр цаашид хэрхэн амьдрах, юу хийх, яаж амьдрах нь тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэн иргэд нийтээрээ архинд живж, амиа хорлож, өр ширэнд орж, амьдралын ёроол руу унацгаасан бол мөн зарим нь ганзагын наймаанд мордож, харийн оронд дээрэмдүүлж, дээрэлхүүлж, амь насаа алдаж, хиншүү хярвас ханхалтал шатах явдал ердийн үзэгдэл болжээ. Амьд явах хийгээд амьдрах баталгаа алдагджээ. Оюун санааны ертөнц хийгээд улс нийгмийн амьдрал, хуучин тогтолцоо задарсан нь энэ юмсанж.

Бүх салбарын задралаас үүдэн улс нийгмийн амьдрал хөл толгойгоо алдаж,учир начраа олохоо байж, эх адаггүй үймэн бужигнасан, дээд зэргийн эмх замбараагүй хаос нөхцөл байдалд унажээ. Гэвч алив зүйл, юм харагдах шигээ байдаггүй. Хэлбэр, гадна байдалдаа эмх замбараагүй харагдавч задрал агуулгын хувьд гүнзгий утга учир, зорилго бүхий жам ёсны үйл явц юмсанж. Дараах учир начиртай. Задран халагдах гэдэг хуучин зүйлс өөрийн орон зайг суллаж өгч, хоосон сул орон зайд нь шинэ зүйлс суурьшиж, төлөвшин тогтоход тусалж буй хэрэг юм. Хамгаас сайхан утга учир энэ биз ээ. 

Жам ёсны ертөнцөд цаг үедээ нийцэхгүй, хэрэгцээ шаардлага хангахгүй, хэрэглэж ашиглах аргагүй, хэрэггүй болсон зүйлс задарч, хэрэгцээгүй хог болдог зарчимтай юм. Энэ зарчим ёсоор харвал, социалист нийгэмд оршин байсан бүх зүйлийн цаг үе нь өнгөрч хуучирч, шинэ цагт гологдож, хэрэглэж ашиглах боломжгүй болжээ. Жам ёсны энэ гүн учир хийгээд зайлшгүй шалтгаанаар БНМАУ, нам, төрийн тогтолцоо гэхэд нэгд, өнгөрсөн цагт үлдэж, түүх болох, хоёрт, түүхийн хог болж хэрэггүй зүйлсийн жагсаалыг нэмэх бол коммунист үзэл суртал нь оюун санааны ертөнц дэх хог хаягдал руу шилжинэ гэсэн үг. 

Цааш хөөвөл, дараах учир хийгээд шалтгаан тодорно.Хаос, эмх замбараагүй байдал гэдэг бүтээн байгуул гэсэн дохио тэмдэг, мэдээлэл билээ. Дээрх нөхцөл байдлаас хар аяндаа л задарсан бүх зүйлс, тухайлбал, улс орон, нийгэм, улс төр, эдийн засаг, нийгмийн оюун санаа, урлаг соёл, уран зохиолын ертөнц, хууль шүүх, боловсролын байгууллагыг дахин нэг удаа, цоо шинээр бүтээх, эмхлэн цэгцлэх, шинэчлэх хэрэгцээ шаардлага аяндаа гарч иржээ. Задралын эсрэг бүтээхүй үйл явц явагдана гэсэн үг. Бүтээхүй арга хэлбэр нь шинэчлэхүй. 

Дотоод талаас нь харвал,тэр цагт нийгмийн шилжилт гэж хоорондоо хамааралт холбоо, уялдаа бүхий гүнзгий учир утга, шалтгаан нөхцөл, үе шат, зорилго, зүй тогтол, зарчим бүхийүйл явц оршихуй амьдралын гүнд явагдсан юм байжээ. Эндээс харж байхад хуучин зүйлс халагдаж бас задрах үйл явцхар аяндааявагджээ.Жам ёсны үйл явц учир жамтай юм жамаараа л болжээ. Харин задралын эсрэг шинээр бүтээхүй үйл явц бүрэн гуйцэд бус дутуу дулим явагджээ. Энэ шалтгаанаар улс нийгмийн задралаас эх үүтгэлтэй хаос, эмх замбараагүй байдал гучин жилийн дараа ч үргэлжилсэн хэвээр байгаа билээ.

Халагдан задрах гэдэг жам ёсны үйл явц бол шинэчлэн бүтээхүй нь өөрийн нөхцөл, хүчин зүйл бүрдсэн үед явагддаг үйл явц юмсанж. Тэр нөхцөл нь оюун санаа, үзэл санаа, сэтгэлгээ билээ. Хуучин социалист үзэл суртал, арга барил, сэтгэлгээгээ гээж, халж, монголчууд бид шинэ цаг, шинэ нийгэмд оршин амьдрахад хэрэгтэй тэр бүх зүйлс, сэтгэлгээ, зарчим, үзэл, мэдээлэл, мэдлэгийг оюун санааны ертөнцдөө дахин нэг удаа шинээр бүрэлдүүлж, бий болгож, хэвшин тогтоож, төлөвшүүлэх учиртай байсан юмсанжээ. Оюун санааны ертөнцөө шинэчлэх учиртай байжээ. 

Ямар мэдээлэл, үзлээр шинэчлэх вэ? гэдэг зүг чигийг задрал зааж өгч чиглүүлнэ. Хэлбэр, харагдах байдалдаа задрал гэдэг хүнд хэцүү нөхцөл боловч, юу юуг бүтээх вэ? гэдэг замыг зааж, чиглүүлж байдаг зүйл юм байна. Өнөөдрийн нөхцөл байдалдаа буулгавал,өвөр зуураа дайсагнаж, үндэстэн дотоод талаасаа задарсан байгаа нь үндэстэнг нэгтгэх учиртай нэгдмэл нэг үзэл санаа дутмагийнх. Оюун санааны ертөнцөд бүрэлдэх учиртай тэр зүйл бол нэгдмэл үзэл санаа. Гэвч амин чухал хэрэгтэй энэ үзэл өдийг хүртэл бүрэлдэж амжсангүй. Энэ мэтээр юуг бүтээх вэ? гэдгийн зүг чиг гарч ирнэ. Нөхцөл байдлаа харвал, хувь хүний өөрийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, үг хэлэх эрх чөлөө, тэгш эрхийн мэдрэмж, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, үндэсний үзэл, ардчилсан үзэл санаа, тулгуур зарчмууд, биесээ дэмжих дэмжлэг, буруу явдалд хяналт, нэгдмэл нэг үзэл, мэдрэмж, шинэ менемжент, шинэ технологиуд, төрд хяналт тавих чадамж энэ мэт үнэ цэнэт зүйлс монголчууд бидний оюун санааны ертөнцөд бүрэлдэх хэрэгтэй болсон байна. Бүрэлдсэн тэр цагт л бид улс нийгмийнхээ оршихуй амьдралыг эмхлэн цэгцэлж, зохион байгуулах болно.

Эндээс аяндаа л дараах дүгнэлт гарч ирж байгаа биз.Зөвхөн шинэ агуулга, шинэ үнэт зүйл, шинэ үзэл, шинэ технологи, шинэ мэдлэг л хөл толгойгүй болтлоо задарч, хаос эмх замбараагүйд унасан улс нийгмийн оршихуй амьдралыг эмх цэгцэнд нь оруулж, дотоод талаас нь цоо шинээр бүтээх болно. Зөвхөн дүгнэлт ч бус ертөнц оршихуйн суурь зарчмуудын нэг нь. 

Үргэлжлэл бий

Ч.ТУЯА