Үндэсний их баярцэнгэл “наадам” бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Байгууллага буюу ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн, Монголчууд бид бүхний өнө эртний язгуурын уламжлалт дээд үнэт зүйл билээ. Туурга тусгаар Монголчууд бид төдийгүй хувь заяаны эрхээр салж хагацсан Халимаг, Буриад, Өвөр Монгол, Барга, Алтайн Урианхай, Шинжааны Монголчууд бүгдийн Монгол хүн болж төрснөө мэдрэх, соёл уламжлалаараа бахархах эв нэгдлийн бэлэг тэмдэг, “Монгол үндэстний дархлаа” бол баяр наадам юм.

Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол судлаач эрдэмтэн Анна Борбала Монгол үндэстний баяр наадмыг түүх соёлын хувьд анхны “Азийн олимп” гэж зүйрлэсэн нь тун оновчтой санагдсаныг хэлмээр байна. Наадам бол Монгол Улсыг, Монголчууд бид бүхнийг дэлхийд сурталчлах глобал брэнд юм. Засгийн газраас Welcome to Mongolia бодлогыг зарлаж, хүч гарган хэрэгжүүлж байгаа өнөө цаг үед Монгол наадам маань бэлэн байна уу?

“Монгол наадам сайхан боллоо”. Монгол хүн амны билгээрээ гэдэг тул ерөнхий дүн нурууг нь харж сайныг хэлэлцээд, саар дутагдлыг нь өршөөгөөд эсхүл үл ойшоогоод өнгөрөөдөг дөө. Гэтэл бид алдаанаасаа суралцахгүй буюу алдаа давтагдаад байх тул наадмын цаашдын хөгжилд сөрөг хандлагатай байна. 

Иймд дэлхийд цор ганц Монгол наадмынхаа өнө эртний өв соёлыг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тогтсон уламжлалаа орчин үетэй “зөв” нийцүүлэх үндэслэл шаардлагын тулд энэ жилийн наадмаас үлдэх дурсамж, үнэтэй сургамжийг бичиж, дэвшүүлэх саналыг танилцуулъя. 

ҮЛДЭХ ДУРСАМЖ, ҮНЭТЭЙ СУРГАМЖ:

  • Наадам албан ёсоор эхэллээ. Төрийн есөн хөлт цагаан туг залах ёслол наадамчдын хамгийн хүсэн хүлээдэг мөч байдаг даа. Монгол төрийн тэргүүн наадмаа нээн үг хэлж, Төрийн дуулал эгшиглээд, тогтсон ёс жаяг, протоколын дагуу өрнөв. Наадмын нээлтийн урлагийн эхний хэсэг ч тун аятайхан боллоо. Монголын түүх, уламжлалт ёс, нүүдлийн соёлын үнэт зүйлсийг үзэгчиддээ харуулж чадсан гэж хэлж болно. Эхдээ тэмүүлэх унагыг хараад хүн бүрийн сэтгэл хөдлөх нь аргагүй. Морьтон баатруудын хийморь сэргээсэн давхилт, уртын дуу, ардын бүжиг гээд уламжлалт үзүүлбэрүүд гайхамшигтай даа. Шинэлэг зүйлс ч ихтэй байлаа. Реппер Жи ч үзүүлээд өглөө. Харин урлагийн хөтөлбөрийн орчин цаг руу шилжиж байгаа хэсэг үнэндээ болсонгүй ээ. Сунжирсан эрээвэр, хураавар бүжгийн цуглуулга, олон дууны “попури” бол наадмын нээлтийг шууд унтраав. Бүжгийн талбайд олуулаа цугларч дараагийн дууныхаа ээлжит аяыг хүлээх мэт. Энэ чинь төрийн наадмын нээлт үү, төрсөн өдрийн шоу юу гэж нэгэн сэтгүүлч дүү бичсэн дээ. Сэтгэлд хоногшсон домогт дуунууд эгшиглэж (дуучид нь байгаа ч урьж оролцуулсангүй), талбайд залуус үргэлжлүүлэн бүжиглэсээр. Төв цэнгэлдэхэд үзэж суугаа гадаадын жуулчдад ямар санагдсан бол гэхээс яс хавтайм. Бүжигчдийн буруу байхгүй ээ. Гагцхүү наадмын найруулга, хариуцагч нарын сэтгэмж, бодож олсон зохиомж, гүйцэтгэх чадвар ийм байна шүү дээ. Энэ чинь гадаадуудад зориулаагүй, Монголчууддаа хандсан Монгол наадам гэж мэдэмхийрэх нэгэнтэй ч таарав даа. Гэтэл энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг гадаадын 3 мянга гаруй жуулчид үзэж сонирхон, гадаадын хэвлэл мэдээллийн 10 орчим байгууллагын 40 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач, хэвлэлийн ажилтнууд сурвалжилсан албаны мэдээ байна. Наадмын нээлтэд Монголын язгуур урлаг, дэлхийд Монгол гэж ялгарч байгаа тэр л өвөрмөц онцлогуудаа бид илүү тодруулж харуулмаар. Дэлхийд нэртэй “Хү” хамтлаг, сонгодог урлагийн Ариунбаатар, Амартүвшингээ харуулсан бол гэж яагаад ч юм шууд бодогдов. Урьдчилж эртхэн мэдэгдээд урьсан бол тэд маань зохицуулаад ирэх байсан даа. 
  • Наадмын ТВ шууд дамжуулалтад мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан нь үнэхээр гоё болжээ. Монголын түүх соёл, эх орныхоо байгалийн гайхамшгийг Төв Цэнгэлдэхийн тайзны дээгүүр эвлүүлж оруулсан нь ТВ үзэгчдийн сэтгэлд хүрсэн байх аа. Хойшид ч технологийн дэвшил наадамд түлхүү хэрэглэгдэх болов уу.
  • Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний баяр наадам сайхан боллоо. Тогтож байсан уламжлалаас Ардчилсан хувьсгалын жилийн ой гэх нь хаягджээ. Хоёр хэт их гүрний дундах Ардчилсан засаглалтай Монгол Улс, Монголчууд бидний хувьд үргэлжид хамт авч явбал зохилтой түүхэн үйл явдал билээ. Харин Монгол Улсын Ерөнхий сайд хувийн мэндчилгээндээ үүнийг дурдсан нь ардчиллын үр шимийг илүүтэй хүртсэн залуу үеийн төлөөлөл учраас ач холбогдлыг нь илүүтэй ухамсарлан ойлгож байдаг юм болов уу гэж бодогдов. Ардчилсан нийгэмд тайван замаар шилжсэн нь аль нэг намын эсхүл даргын өмч биш харин нийт Монгол Улсын, бүх Монголчуудын түүх юм. 
  • “Монгол бөхийн барилдаан сайхан боллоо”. Шинээр начин, харцага, гарьд, арслан цолтон төрлөө. Чанартай, чансаатай цолтонгууд мэндэллээ. Ард олны хайртай “бор аварга” Мөнхбат маань өөрийн гарын шавь Тогтохжаргалаа тавын даваанд амалж, бөхийн жудаг харуулж начин болголоо. Төв аймгийн Баянчандманий Ууганбаяр арслан улсын заан Бат-Өлзийтэй үнэн хүчийг үзэн давж начин болсон нь хамгийн аатай, бахархалтай нь байлаа. Наадмын түрүү бөхөөр Бат-Өлзий зааныг олон хүн нэрлэж харж хүлээж байсан юм аа. Бат-Өлзий дөрвийн давааны нугалаанд Архангайн арслан Мөнхжаргалтай оноолт таарч давахдаа хүч нэлээд зарцуулсныг хэлэх хэрэгтэй. Их спорт жүдогийн Дэлхийн аваргын хүрэл медальт, Архангайн Батцэнгэлийн Отгонбаатар арслан улсын начин болж, спортын тайлбарлагч Шижирээ дүүгийн хэлж заншсанаар улсад нэрээ данслуулав. Отгонбаатар үндэсний бөхөөр илүү амжилт гаргах идэр насаа жүдод зориулж, жингээ жүдогийн -90, сүүлд -100 кг-д удаан хугацаанд барьж байсан юм . Үндэсний бөхийн барьц сонгуулдаг байсан дүрэм бага жинтэй бөхчүүдэд халгаатай байж ирсэн. 1993 онд төрсөн Отгонбаатар арслан хамгийн залуу начин байж Монголын залуучуудын холбооны нэрэмжит шагнал хурдан удмын даагаар шагнуулсан гэж бодохоор энэ жилийн 3 начин олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртжээ. Ховд нутгийн торгууд арслан Ганхуяг өнгөрсөн жилийн түүхт ойн наадмын үзүүр улсын арслан Орхонбаяраар, Архангайн Хашаатын Сүхбат арслан мөн өмнөх наадмын залуу заан Лхагвагэрэлээр давж улсын харцага цол хүртлээ. Дайчин гоё барилдаанууд болсон. Санжаа аваргын төрөлх нутгийн залуу харцагад улсын наадмын нэг биш түрүү байгаа байх аа. Өвөрхангайн Төгрөг сумын Бямба-Отгон тав, зургаа, долоогийн даваанд дараалан тунаж, наймд Батсуурь даян аваргыг баараггүй давж улсын гарьд цол хүртлээ. Тунах нь Монгол бөхийн гайхамшиг, бахархал, шалгарал юм. “Монгол наадмын тунаа” гэдэг баримтат нэвтрүүлэг, кино хийгээсэй гэж спортын сэтгүүлч найзууддаа захьдаг. Тунаа бол халгаж бэргэж айгаад хэн ч амлахгүй үлдээж байгаа хоёр ганган бөхийн гайхуулсан барилдаан юм. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарьд Бадарч энэ жилийн наадамд торолгүй түрүүлж улсын арслан боллоо. Шинэ арслан наадамд 9 барилдаж даван түрүүлэхдээ нийтдээ 1 цаг хүрэхгүй хугацаа зарцуулсан нь түүний ямар хурдан шуурхай барилдсаныг харуулна. Бөхийн чимгээр бол энэ наадмын хурдан шаламгай, хуурнин шуугигч нь байлаа. Архангай нутгийнхан энэ жил шинэ арслан, харцага, 2 начин төрүүлж одтой азтай наадсан шиг наадлаа. Цэцэрлэг Мандал уулын аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх Арын сайхан Хангай нутгийнханд баяр хүргэе. Монгол хүн унасан газар угаасаа усаараа бахархаж явдаг амин шүтэлцээтэй.Энэ талаар сүүлд бичнэ. 
  • Хаялцахгүй удсан хоёр бөхийн аль идэвхтэй барилдсаныг нь шууд давуулах дүрмийн өөрчлөлт маргаан дагууллаа. Улсын даян аварга Батсуурь долоогийн даваанд улсын аварга Содномдоржийг амалсан. Барилдаан удааширч дүрэмд заасан дээд хугацаа болсон тул хөлийн цэцүүд хамтаар хуралдаад идэвхтэй барилдсан хэмээн дүрмийн дагуу Батсуурийг шууд давуулсан нь наадамчдыг бухимдуулав. “Давсан нь урамгүй, унасан нь гомдолтой, наадамчид ууртай үлдэв”. Батсуурийг буруушаах наадамчид маш олон байх. Түүний буруу биш шүү дээ. Шууд даваа аваад туг тойрч яваа Батсуурьт сэтгэл хоосроод хэцүүхэн л байсан болов уу. Энэ дүрмийн өөрчлөлтөд Батсуурь эсрэг байр суурьтай байжээ. Тиймээс түүнийг чиглэсэн наадамчдын бухимдал түүнд хүнд туссан байх даа. Бөхчүүд, наадамчдыг талцуулсан дүрэм болжээ. Энэ дүрмийг батлахад мөн эсрэг байсан тухайгаа Баянмөнх аварга мэдэгдэв. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч үнэн хүчийг шавхан барилдах нь Монгол бөхийн философи юм. Спортын тайлбарлагч Шижирээ дүүгийн “Бөхийн зодгийг тавиу болгож, сэнжиг ухахад 2 хуруу чөлөөтэй ордог байхаар стандарт тогтоовол золгоонд хүрэлгүй олон барилдаан шийдэгдэнэ, уран барилдаан нэмэгдэнэ” гэсэн саналыг Үндэсний бөхийн холбоо ажил хэрэгчээр авч үзээсэй. Бөхчүүд дунд хэлэлцүүлэг өрнүүлээсэй. 
  • Бөхийн ёс жудгийн талаар Монголчууд бид өргөн хүрээнд ярих цаг иржээ. Засуул, хөлийн цэц тавиулаагүй бол барилдаан үргэлжилж байгаагаар тооцох дүрмийн хэрэгжилт маргаан, гомдол, талцлын үүдийг нээж байна. Бөхчүүд дүрэм дагаж жудгаа гээгээд байна уу эсхүл дүрэм нь жудаггүй бөхчүүдийн нүүрийг олонд таниулаад байна уу? Тавилцая гэж хэлээд тавихад нь өргөөд хаячих, барьц тавиад эргэхэд нь дайрчих нь бөхийн жудаг байтугай хүний ёсонд харш юм даа. Дүрмийн дагуу бол зөв барилдаан, жудаг яривал цээртэй биш гэж үү. Энэ жилийн наадамд хэд хэдэн барилдаан ингэж шийдэгдлээ. Бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ. Улсын начин болох горьдлоготой байсан цэргийн арслан уйлж, хүү нь дагаад уйлж байгаа бичлэгийг бөхчүүд тогтож үзэх хэрэгтэй. Жудаггүй том цолтонд гомдоод уйлан алхах аймгийн арслан залууг өрөвдмөөр. Гомдлын нулимс. Бөхчүүд нэгнээ ойлгохгүй, хайрлахгүй, хүндлэхгүй бол өөр хэн бэ? Нийгэмд баялаг бүтээдэггүй гэсэн шүүмжлэлд олон нийтээс өртөж, ялангуяа өсвөр залуу үе үндэсний бөхийг сонирхох нь илт багасаж байгаа өнөө цаг дор бөхийн өв соёлоо бөхчүүд өөрсдөө үгүй хийж сүйтгээд байна. Монголын үндэсний бөхийн холбоо дорвитой ажил хиймээр. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг даасан шиг даах хэрэгтэй дээ бөхчүүд ээ!
  • “Хурдан морины уралдаан сайхан боллоо”. Гэхдээ Монгол, эрлийзийн маргаан тасарсангүй. Адууг шүдлээд сэрвээний өндрөөр эрлийз биш мөнийг ялгах шалгуур өнөөгийн шаардлага хангахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Улсын наадамд Их насанд 227 морь бүртгэгдсэнээс 70 гаруй нь хасагдсан байна. Хачирхалтай нь өнгөрсөн жилийн наадмын Их насны түрүү Баянхонгор аймгийн “Дүүгүүр” хээр морь энэ жил сэрвээний өндөр 4 мм хэтэрсэн шалтгаанаар хасагджээ. Барианд орохын өмнө үелзтэл тарлаж байсан хурдан хээр хүлгийн давхил сэтгэлд тод үлджээ. Өнгөрсөн жилийн түрүү хүлгээ уралдуулахгүй хасаж байгаа нь өмнөх наадмаа үгүйсгэж байгаа ч юм шиг. Утга бэлгэдэл чанараа бодвоос даанч харамсалтай. Уяачийн бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ. Улсын наадамд уралдахаар соёлон насанд 205 үрээ бүртгэгдсэнээс тал нь, шүдлэн насанд 192 үрээ бүртгэгдсэнээс 117, хязаалан насанд 240 үрээ бүртгэгдсэнээс 102, 243 даага бүртгэгдсэнээс 129 нь тус тус хасагджээ. Шүдлэнгийн уралдаанд 75 шүдлэн гараанаас гарсан нь Морьтон Монголчуудын улсын наадмын хувьд тун бага тоо юм. Гэтэл улсын наадамд уралдаж цулбуур өргүүлсэн үрээний эзэн уяач нь үрээгээ англи азарганы төл гээд Төв цэнгэлдэхэд ярилцлага өгч байх юм. Хэрэв цаашид үнэхээр Монгол, эрлийзээр нь ялгана аа гэвэл, хурдан морины удам зүйн цахим бүртгэлийг нэн даруй нэвтрүүлэх, бүртгэлжүүлэх, шууд болон хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. 
  • Хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүлж барианд орох гэж явсан хар үрээг морь бариач тосч очихдоо замыг нь хааж, аман хүзүүнд явсан шарга үрээнд боломж олгосон нь моринд хайртай Монголчуудыг бухимдуулав. Санаатай санаандгүй нь үл мэдэгдэх энэ үйлдэл тун байж боломгүй. Хар үрээний эзэн нь эгэл жирийн малчин уяач, ганц үрээгээ улсын наадамд өөрөө уяа сойлгыг нь тааруулж, төрсөн хүүгээрээ унуулж, харин шарга үрээний эзэнтөрийн сайд асан хүн байж таарсан нь наадамчдын уур бухимдлыг улам дэвэргэв. Хар үрээний эзэн Дундговь аймгийн Луус сумын уяач Улаанхүү, түүний хүү Алтангадас унаачийг улс даяараа дэмжиж давалгаалав. Шарга үрээний эзэн аман хүзүүг хүлээн зөвшөөрч, Улаанхүү уяачид амжилт хүсэж, хурдан морины комиссын ажлыг хөнгөвчлөх шиг санагдсан. Хурдан морины комиссын эргэж буцсан шийдвэрүүд наадамчдыг бухимдуулж байсан нь харамсалтай. Төрийн наадмаа хэл амгүй хийж чадахгүй юм гэж үү. 
  • Хурдан азарганы уралдаанд барианд орох гэж явсан морины хүүхэд ойчих тун дөхөв. Гэтэл түүнтэй ид өрсөлдөж, уралдаж байсан морины хүүхэд түүнийг түшиж дэмнэн тогтоосон нь наадамчин олны хайр талархлыг хүлээв. Хүн чанар, хүнлэг нинжин сэтгэл хүүхдүүдэд маань байгаа нь хамгаас сайхан санагдав. 
  • Хурдан морины уралдаанд нас бүрт 10 гаруй автомашин дагаж байх юм. Урд хойноо орж сигналдан давхих бандгар жипнүүд дундаас торойх жижигхэн Монгол хүлгүүдээ хараад өрөвдөх ч шиг. Зарим машин хэт ойртож түүнээс жийрхсэн морь хадуурах гээд, хүүхэд морио ташуурдан буцааж харагдана. Нэг тайлбартай, тайлбарлагчтай, бусад ТВ-үүд дамжуулдаг тэр ижил стандарт, тогтсон дэг журам энэ жил алга болжээ. Харамсалтай. Хөгжил дэвшилд урагшаа тэмүүлэх ёстой болохоос ухарч боломгүй. Машинтай морь дагаж үзэх тухайн хувь хүнд сайхан л даа. Гэхдээ нийтийн эрх ашиг, олны жишгийг мартаж болохгүй. 
  • “Сур харваа сайхан боллоо”. Улсын баяр наадмын хэл амгүй сайхан болдог нь үндэсний сур харваа, шагай харваа юм. Манай улсад ирсэн гадаадын аялагчид, жуулчдын хамгийн ихээр сонирхдог нь сур харваа. Монголчууд морьт цэрэг, нум сумны зэвээр дэлхийн дайдыг эзэлж эзэнт гүрэн болсон түүх тэдэнд илүү ойр байдаг болов уу.Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хантайшир зурхайн холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер С.Сүрэнжав 40 сумнаас 37 онож (тэнцэж, товх харвасан) түрүүлж, Засагт ханы гал голомт Хантайшир уулын аймгийн удахгүй болох 100 жилийн ойд нутагтаа бэлэг барьжээ. Эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, “Мандалговь хүнс” компани, Цахиур багийн харваач, Монгол Улсын мэргэн, спортын мастер Ө.Хатанболор 40 сумнаас 38 онож түрүүлэн Улсын даян мэргэн цол хүртлээ. Сурын харваа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь энэ жилийн наадамд 540 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос харагдаж байна. Нэг ч болтугай харваад үзэх юмсан гэсэн бодолтой гадаадын жуулчид олон байдаг даа. Улсын шагайн харваанд 83 багийн 656 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос насанд хүрэгчдийн төрөлд Өмнөговь аймгийн баг түрүүлж, Дундговь, Архангай аймгийн багууд удаалжээ. Шагай харваа бол Монголчууд бидний бахархал, дэлхийд түгээн дэлгэрүүлэх туйлын боломжтой үндэсний спорт. Япончууд жүдогоо, Солонгосчууд Таеквондогоо дэлхийд хөгжүүлж, олимпийн төрөлд оруулсан байдаг даа. Монголчууд бидний хувьд олимпийн төрөлд ортол нь олон улс, тив дэлхийд хөгжүүлэх боломжтой үндэсний спорт бол шагайн харваа. Гадаадууд тун ч ихээр сонирхдог. Энэ талаар бичих зүйл их тул ингээд түр орхиё. 
  • “Наадам сайхан болж өндөрлөлөө”. Харин наадмын хаалтын үйл ажиллагаа тэр чигтээ гайхшруулж орхив. Түрүүлж үзүүрлэсэн бөхөөс ярилцлага авах нь зөв бөгөөд шинэлэг юм. Гэхдээ ярилцлага авсан хөтлөгч бүр арай ч дээ гэмээр байлаа. Түрүүлж арслан цол хүртсэн Бадарчийг аварга гэж зарлаад, сүүлд хуучнаар нь гарьд гээд, үзүүрлэсэн Өвөрхангайн Бямба-Отгоны төрөлх Төгрөг сумыг Нөмрөг гэж андуураад. Түрүүлж үзүүрлэсэн Монгол бөхөө харж сэтгэл огшсон Монголчуудын зүрх сэтгэл тэрхэн зуур түр зогсох шиг санагдав. Наадамчид инээхээсээ уурлаж бухимдсан нь олон болов уу даа. Хөтлөгч үргэлжлүүлээд наадмын нээлтийн үйл ажиллагаатай тайз руу анхаарлаа хандуулна уу гэв. Нээлт хаалтаа андуураад. Төрийн наадмын найруулга хийсэн баг хамт олонд “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгч болов. Хөтлөгч залууг бэлтгэлгүй гаргасан найруулагч, зохион байгуулагчийн буруу. Хаалтын урлагийн үзүүлбэр хэт сунжруу, нөгөө л нээлтэд дурдагдсаны адил попури давтагдав. Хөгжимчин, дуучин Чинбаа, Эмоушн хамтлаг + Номин талстын Хаянаа + бусад залуу уран бүтээлчид сэтгэлд хоногшсон хамаг сайхан дуунуудыг зүгээр л “бөөндчихөв”. Харангын, Хурдын дууг Харанга Хурд дуулбал хүндэтгэлтэй биш гэж үү. Попури дуучид маань үргэлжлүүлээд шууд л “Халуун элгэн нутаг” дууг дуулж дуусгав. Энэ дууны ач холбогдол, наадамчдад тогтож байсан олон жилийн сайхан уламжлал бүдгэрэх юм гэж үү. Наадмын нээлтээ Төрийн дууллаар эхлүүлж, хаалтаа “Халуун элгэн нутаг”-аараа өндөрлүүлдэг, Халуун элгэн нутгаа Цэнгэлдэхэд цугласан олон бүгдээрээ чангаар дуулж эх орноороо бахархах сэтгэлийн оргилд хүрдэг тэр хүчтэй мэдрэмж энэ жил байдаггүй ээ. Наадмын хаалтын үйл ажиллагааны гажууг дрон шоу цайрууллаа. Маш гоё үзүүлбэр болов. Тэнгэрт нисгэсэн дроны тоо нэмэгдсэн, мөн үзүүлбэр нь хөдөлгөөнтэй болж хөгжсөн нь технологийн залуус маань улам чадавхжиж байгааг тодоор илтгэнэ.
  • “Цэнгэлдэх доторх бөхийн барилдаан, наадмын ёслол сайхан болов”. Харин Цэнгэлдэхийн гадна олны хөл гишгэх газаргүй, зөрөх зайгүй шахам байлаа. Олон жилийн дунджаар ийм л байдаг даа. Цэнгэлдэхийн гадна үзэж харах зүйл ч тун багатай. Энэ нь ялангуяа Монгол Улсыг, Монгол наадмыг холоос зорьж ирсэн гадаадын жуулчдад илүүтэй мэдрэгддэг болов уу. ТВ камер хараад наадмыг шүүмжлэх гадаад хүн бараг гарахгүй. Наадмын зохион байгуулалтыг ил тод шүүмжлэх залуу үеийнхээ үгийг харин сонсох хэрэгтэй дээ. “Монголчуудыг баярлуулах амархан юм даа, хуушуурын асар, хэдэн тоглоом авчирч тавиад л болоо, ...хайж оочерлож оочерлож хуушуураа олж иднэ” гэж шүүмжилсэн залууг цахим орчинд дэмжсэн, буруушаасан Монголчууд бид талцаад үлдэж байна. 

ДЭВШҮҮЛЭХ САНАЛ:

“Наадам”-аа эдийн засагжуулъя. 

Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих цаг болоод өнгөрөөд уджээ. 7 сарын 10-ны өдөр буюу Наадам албан ёсоор нээгдээгүй байхад л цэнгэлдэх орчим олны хөлд дарагдаж байна. Социализмын үед, улсын хүн ам, Улаанбаатарын оршин суугчид цөөн байх үеийн төв цэнгэлдэх байгууламж маань наадмаа олон жил нэр төртэй авч явжээ. Одоо аргагүй жижигдэж байна. Гадна орчинд нь орон сууцны хорооллууд тулгаж барьснаас байгууламжийн багтаамж нь хүрэлцэхгүй ч болжээ. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж, наадмаа Монголчууд төдийгүй олон улсад хүртээмжтэй болгоё. Энэ жилийн наадмын нээлтийн үеэр тохиосон усархаг бороо шийдвэр гаргагчдад битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болох ёстой дохиог сайтар өгч ойлгуулсан болов уу.

Наадам дагасан эдийн засгийг ажиллуулъя. Наадмаа бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд бодитой оруулъя. Аялал жуулчлал, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дундын уялдааг хангая. Монголд ирэх гадаадын жуулчдад үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ түлхүү борлуулъя, үйлчилгээгээ хүргэе. Наадам гэсэн цогц бэлэг дурсгалын зүйлс бий болгоё. Бөх, морь, сур, шагай харвааны соёл, эд өлгийн зүйлс, үзэсгэлэн, яармаг, дуудлага худалдаа хөгжүүлье. Монгол наадмаа угтаж 7 дугаар сарын 10-“Төрийн далбааны өдөр”-өө ч учир утгатай тэмдэглэе. Наадмаараа Монгол Улс, Монголчууд төрийн далбаагаараа бүрэн чимдэг байя. Монгол наадмаа дэлхийн брэнд болгож олон улсад сурталчилъя. 2017 онд байгуулж, 2020 онд татан буулгасан “Үндэсний брэндийн зөвлөл”-ийг /нэрнээсээ эхлээд буруу зүгт явсан, ажлыг нь засаж эрс сайжруулах атал татан буулгасан/ Улсын брэндийн хороо болгон ажилд нь бодитой оруулъя. Наадам дагасан брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг олноор бий болгоё. Наадамчдыг, ялангуяа гадаадын жуулчдыг оролцуулсан наадмын үйлчилгээнүүд байж болно доо. Сур, шагай харвуулах, морь унуулах, бөхийн зодог, шуудаг өмсүүлэх, зургийг нь авч өгөх гэх мэтээр. Шүтдэг, дээдэлдэг бөхтэйгээ хамт зургаа авахуулах нөхцөл, боломжийг ч наадам олгодог байж болно. Том брэнд том брэндээ дагуулж үүсгэдэг ч гэдэг. Монгол наадмыг дагасан Монгол хуушуур гэсэн брэнд бий болсныг харж болно. Хуушуур хийх үйл явцыг гадаад хүмүүст таниулж, өөрсдөөр нь хийлгүүлнэ гэвэл бас л сонирхоно доо. Солонгосчууд “кимчи”-гээ танилцуулж, байцаа орцыг нь бэлтгээд гадаадуудаар өөрсдөөр нь базуулж даруулаад, хоолоор дайлаад, хоолны соёлоо айхтар сурталчилдаг даа. 

Монгол наадмын нээлтийг үзэх гэж, Монгол соёлыг мэдрэх гэж төрийн болон ажлын айлчлалаа тохируулдаг, тааруулдаг гадаадын өндөр дээд зочдын жимийг нээе. “Naadam diplomacy” бодлого хэрэгжүүлье. Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн нэг блокыг гадаадын өндөр дээд зочид төлөөлөгчдөд зориулж бэлтгэсэн ч болно. Өөр нэг блокыг зөвхөн сэтгүүлчдэд зориулъя. Энэ жил Монголын эдийн засгийн форумыг наадмыг угтаж хийсэн нь оновчтой болсон санагдсан. Цаашид ингээд уламжлал болговол зүйтэй байна. Наадмаар гадаадын бизнес түншүүдээ урьдаг, наадмаа үзүүлдэг, хэлцлээ хийдэг, гэрээгээ зурдаг байж ч болно. “Наадмын эдийн засаг” гэсэн нэр томьёог албан ёсоор эхлүүлж байна. Судалгааны эргэлтэд оруулъя. 

Концессын “зураг төсөл боловсруулах – барих – ашиглах” нөхцлөөр Шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ байгуулж, 2026 онд Их Монгол гүрний 820 жилийн ойн баяр наадмаар нээлтийг нь давхар хийе. 

Монгол наадам – Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монголчуудын оюун санааны дархлаа – Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл – Үндэстний нэгдмэл чанар – Язгуурын соёл, өв уламжлал ... сайхаан сайхан. 


Б.БАТБААТАР