Бурхан буддагийн номонд:хүн болж төрөхдөө л зүүн мөрөн дээр нь хар шувуу  нүгэл буюу шунал, баруун мөрөн дээр нь цагаан шувуу буюу буянтай төрдөг гэж номолдог.Зүүн мөрөн дээрхээ хөгжүүлвэл нүгэлтэн буюу шунал хэтэрч юу ч хийхээс буцахгүй болдог,харин баруун мөрөн дээрхээ хөгжүүлэх буюу энэ талаа их баривал шудрага буянтан болдог тухай номлодог.Ямар ч гэсэн хүн л болж төрсөн таны ч миний ч зүүн мөрөн дээр хар шувуу буюу шунал мөн баруун мөрөн дээрх цагаан шувуу  буян байдаг л юм байна.

         Төрийн эрх барьж байгаа хүмүүсээ бусдаас ялгаатай,шудрага эд хөрөнгө мөнгөгүй байх ёстой гэдэг гэнэн бодлоор л бид хэмжээд байгаа юм биш үү? Шудрага хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?Бусдад ихийг өгч өөртөө хоосон хүнийг үү?Алдарт зохиолч Маяковский нэгэн өрнөдийн зохиолчоос ингэж асуужээ.-Та хэдэн костюмтай бэ?гэхэд нь Найман костюмтай гэхэд нь-Тэгвэл Горький нэг л костюмтай гэжээ.

           Тийм л ганц костюмтай  хүн л шудрага олон костюмтай нь шуналтай юм уу гэж бодоход В.И Ленин ямар ч эд хөрөнгөгүй гээд байсан чинь Швецарийн банкинд өчнөөн л их мөнгөтэй нь хожим ил болж харин өөрөө эзэмшиж чадаагүй банкны хөрөнгө болсон шүү дээ.Хүний хэрэгцээ бол маш бага боловч Горькийд мөнгө илүүдэхгүй л байсан байх.

         Монголын төрийг барьж байсан хүмүүсээс тэгээд хэн нь  үгээгүй хоосон байсан юм бэ?

         Их эзэн Чингис хаанаас эхлээд бүгд л баян,хөрөнгөтэй л байсан биз дээ.

    Харин ч социолизмын үед л төрийн эрх барьж байсан коммунизмд итгэгчид л баяжих боломжгүй байсан  юм. 40 жил Монголын төрийг барьсан эцэгт нь чамгүй юм байх ёстой гээд ирсэн  Ю.Цэдэнбалын хүү Зориг юу ч байхгүйг нь гайхах нь зөв шүү дээ.

       Тэгээд Монголын төрийг их өрөөс нь салгасан  гавъяаг нь үнэлэхгүй,юу ч өгөхгүй байхаар нь эрх мэдлийнхээ хэмжээнд юм авчихаар нь Н.Энхбаярыг авилгач гээд  шоронд хийчихсэн.

       Тэгвэл одоо бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ.Улс төрд яах гэж орсон юм бэ? Эх орондоо хайртай хүмүүсийн уралдаанд түрүүлсэн нь үү? Үгүй.Тэд ч бүгдтэй л адилхан гэр бүл үр хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн боловсрол,өөрсдөө ч эрх мэдлээ шилжүүлэх үед хүнээс гуйхгүйгээр амьдрах гэж л яваа бидний нэг.

       Өнөөдөр Монголд ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн ард зөвхөн энэ тоглоомын дүрэм байхгүйгээс зогсчихоод байна.Төрийн эрхийг барьж байгаа аль ч намдаа биш хэн нэг нь ямар ч гадны хөрөнгө оруулалт,төсөл танилцуулахад хэн нэгэн улс төрчдийн бүлэглэлд багтахгүй бол бүтэхгүй,түүнийг нь нөгөө бүлэглэлийнхэн-бид л үүнд сонирхолоо оруулахгүй бол чи ч хийхгүй гээд нэг нь  нэгнийгээ дэгээдэж унагаад улсын хөгжлийг тушчихаад байна.Монголын ард түмэнд маш ашигтай нэгэн төсөл бариад ороход өөдөөс дуугүй  царайлаад байгаа нь-энд чинь миний сонирхол харагдахгүй л байна  гэж хэлж байгаа нь тэр.

        Ингээд л Монголд шийдвэр гаргах хүн ч байхгүй,бүгдээрээ авилгач,олигархи нэртэй,харин эх оронч царай гаргаад байгаа нь жинхэнэ авилга нэхэгч нар.  Ийм л эзэнгүй төр...

        Юуг ч шийдвэрлэдэггүй,зөвхөн өдөр тутмын ажлаа унагачихгүй л гэлдэрүүлсээр хугацаагаа дуусгавал шудрага,нэр хүндтэйгээ үлддэг,Харин хөгжлийн төлөө өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулж томоохон улс төрийн шийдвэр гаргаад Монголдоо ашигтай юм хийвэл тэр хүн шудрага бус болчихдог.

        Социолизмын маягаар бүгдэд  нь хүртээх зарчим одоо хаана ч байхгүй,зах зээлийн нийгмийг Монголын ард түмэн сонгосон нь үнэн бол тэр зарчмаар нь л амьдарцгаая.

        Ерөнхий сайд болж байгаа хүн төрийн тамгийг хүлээж авахдаа нэг,тамгийг буцааж өгөхдөө нэг,нийт хоёр мөнгөн аягатай гэртээ ирэхэд нь авгай нар нь загнадаг л байж таараа.Харин өөрсдөө-Монголын төр- төр баригсаддаа хатуу гэх юм шивнээд л...

        Бид нэг их л шудрага хүн хайж олоод төрийн эрхэнд гарчихвал авилга хулгай зогсоно гэж гэнэн бодоод байна.Гандангаас лам залаад ч  адилхан,мөн л хоёр шувуутай хүн шүү дээ

        Цаашид ч энэ үргэлжилсээр байх болно.Тэгээд яахав.Төр барьсныг нь л шоронд явуулаад байх уу?

        Монголын төрийн эрх баригчид-урд нь хулгай хийснээ ил тод болгоё, авилгач нарын урдах хэрэгт нь  ял өгөхөө больё,үүнээс цааш шудрага болцгооё нэг улаан зурвас гаргачихья л гэхээр  л бүгдээрээ хойшид шудрагчууд болох уу?Ойрын үед  Ил тод байдлын тухай хууль,Өршөөлийн тухай  хууль гарч ард түмэн хоёр хуваагдаж,улс төрчид  өөрсдөө ч яаж шийдвэрлэхээ мэдэхгүй гацчихаад сууж байна.

       Гол нь энэ удаа  авилгачид өршөөгдчихөөр дараа нь  авилга зогсоно гэдэг баталгаа хаана байна?Ардчилсан парламент байгуулагдсны 35 жилээр дахиж өршөөх гэж үү?

       Нуугдмал хөрөнгийг нь ил болгож эдийн засгийн эргэлтэнд оруулж  Монголын эдийн засагаа аврах гэж байгаа,авилга авсан нь мэдэгдээд байгаа ч илрүүлж чадахгүй байгаа тул өршөөчихвөл гадаадад нуусан хөрөнгөө Монголдоо оруулж ирэх байх гэсэн реформийн чанартай хууль өргөн барьж байгааг чинь хүндэтгэж  байна.

       Гадны хөрөнгө оруулалтаа тушиж шийдвэр гаргаж чадахгүй байхын оронд зөвхөн өнгөрсөн цагийнх биш одоо,ирээдүй цагт үйлчлэх арай өөр тоглоомын дүрэм санал болгож байна.

 

        Сингапурын ерөнхий сайд  асан Ли Гуа Яангийн бичсэн номийг хүн болгон л уншсан байх.Гэхдээ мань эр номондоо өөрт нь ямар ашигтай байснаа бичихээ мартчихсан л байна лээ.            Тавин жилийн дотор  яаж хөгжсөн Сингапурийн хөгжлийн онцлогийг Монголтойгоо олон зүйлээр харьцуулсан боловч ямар гол цөм  байсныг нь сая л ухаарснаа та бүхэнд тольлуулъя.

        Саяхан Мега сайд М.Энхсайханы “ТӨРИЙГ УРЛАХУЙ”сэдэвт эрдэм шинжилгээний хурал хэлэлэцүүлэгт суулаа. Гол илтгэгч  М.Энхсайханы илтгэлд: Сингапурт  төрийн эрх баригч нарт ард түмэндээ л ашигтай төсөл шийдвэрлэсэнийх нь төлөө тухайн төслийн тодорхой хувийг өгдөг хууль  батлагдаад одоо болтол хэрэгжээд явж байгаа юм байна.Хөгжлийн төлөө иймэрхүү хуулийг л тоглоомын дүрэм гээд байгаа юм шүү дээ.Иймэрхүү санаа олон жил миний толгойд явсан ч за ийм “ бичигдээгүй хууль” гэж байдаг  юм гэсэн тэр нь л биз гэж бодож явтал Сингапурт гарчихсан байдаг байна.

       Ямар улс  нь болохоороо заавал  бонус авсан нь нэгнийгээ мандуулж,ямар улс нь болохоороо шоронд хийж шонд дүүжлэх ёстой юм бол гэж бодогдлоо.

        Сингапурын ерөнхий сайд асан Ли Гуа Ян маш их хөрөнгөтэй,ард түмэндээ ашигтай төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасанд нь олгосон гэдгийг ч Сингапурчууд  ч хүлээн зөвшөөрдөг.Харин  тэр хүн ямар азаар Монголд төрж ерөнхий сайд болоогүй юм бэ?

        Тавин жилийн өмнө 1965 онд Монгол улс азид ямар хөгжилтэй,оюуны потенциолаараа ямар байсан,Сингапур ямар хөөрхийлөлтэй орон байлаа даа.Сингапур шиг хөгжилд хүргэсэн амжилтын нууц нь ерөөсөө л бонусыг нь хуульчилснаар улсаа ийм хөгжилд хүргэсэн байна.

       Америкийн ардчилал Сингапурын ардчилалын ялгааг би 1992 онд очихдоо анх харсан юм.Америкийн жуулчин нэг залуу Сингапурт ирээд ямархуу хөгжиж байгаа,цэвэр орчныг нь ард түмэн нь ямар хүлцэнгүй байгааг хараад-Ардчилал гэдэг ийм байдаг юм гээд төв талбай дээр дотоожгүй явахад нь Сингапурын цагдаа нар барьж, шүүх нь  30 хоногоор баривчлахаар захиргааны арга хэмжээ авч, тэр залууг талбай дээрээ нүцгэнээр нь хүлээд дээр нь-Сингапурчуудаа Сингапурыг ардчилалыг дэмжиж байгаа бол энэ хүнийг ташуурд гэж бичсэн байжээ.Олон ч хүн ташуурдаж аймшигтай болсон тул Америкийн засаг захиргаа иргэнээ авах гэж маш их хөөцөлдөж Сингапурыг ямар ч ардчилалгүй орон гэж олон улсад бөөн шуугиан тарьж байсан  ч ялыг нь дуусгасан юм.

        Үүнийг бичсэн учир нь Монголчууд бид энд Америк маягийн ардчилал манайд тохирч байна уу?Аль ч улс оронд  хэрэгжих төсөл бүр шийдлээ олохын тулд нэг удаагийн  2 хувийн комисс,тип байдаг  гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа.Хувийн битгий хэл улсынх нь компаниуд комисоо нууж  л өгдөг,барьж чадахгүйгээс хойш нууж авч байгааг нь ч л ил болгоё гэсэн санаа.

         Улс төрчид нь  2 хувийн комиссоо авсан ч ил тодоор авдаг хуультай болвол улс маань л Сингапур шиг хөгжинө.

         Адилхан гуравхан сая хүнтэй энэ орныг Сингапур шиг гадны хөрөнгө оруулалтаар хөгжүүлчихвал юу гэж та нарыг авилгач,олигархи гээд үзэн ядахав дээ?Алдартай баатар эр л гэж ард түмэн чинь өргөмжлөнө.

         Тэгээд ч та бүхнийг улс төрд орж мөнгөжих гэж орснийг чинь бүгд мэднэ.Харин ард түмний хуримтлуулсан  төсвийн мөнгөнөөс,төсөв нь багадчихаар гаднаас зээл авчираад хусаад байлгүй гадна дотны компаниудын хөрөнгө оруулалтаас авах комиссийг чинь зөвшөөрье.

        Бурханы бүтээсэн хар цагаан хоёр шувууг нэгийг нь үгүйсгэх,эсвэл хар цагаанаар будах, хэн нэгэндээ авилгач нэр зүүх,хэн нэгнийхээ хийж бүтээх гэснийг дэгээдэхийн оронд аль нам бүлгийнх нь бай хамаагүй дэмжээд бонус авч байгаа,авилага нэхэгч нарыгаа ялгаж салгах  ийм л тоглоомын дүрмээр  явбал яасан юм.

          Манай парламент чинь мүсламаны орнуудын хуулиудаас-монгол эр гурван эхнэртэй байж болох тухай хуулийг хуулбарлан  өргөн барьж, хэлэлцэж байсан  түүхтэй мундаг ардчилсан парламенттай орон шүү.

 

                    Хуульч Ж.ТҮВШИНБАТ