“Бигэр-Шимт элс” бөөрний сувилал

 Говь-Алтай аймгийн Бигэр сум Улаанбаатар хотоос 960 гаран километр. Энэ сумыг Монголчууд Бигэр дарс, Бигэр виски зэргээр сүүлийн үед мэддэг болсон. Учир нь дотооддоо дарс үйлдвэрлэн гаргасан анхдагч сум төдийгүй одоогоор виски, шампэн дарс хүртэл үйлдвэрлэдэг болжээ.Тус суманд хөдөлмөрийн баатар Чулуун гэж хүний идэвх санаачилгаар анх чацаргана тариалж түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн нь өнөөг хүртэл уламжлагдан үлдсэн түүхтэй ажээ. Сумын төв нь Баруун талаараа Хар Азаргын Нуруу, Зүүн талаараа Хөх Сэрхийн Нуруугаар хүрээлэгдсэн өргөөшөө 30 гаран, уртаашаа 80 км үргэлжилсэн Бигэрийн хоолойд байрладаг. 

Үүний дараагаар сүүлийн жилүүдэд тус сумыг таньж мэдэх болсон бас нэг шалтгаан нь сумын зүүн өмнө Элсэн Манханд байрлах Бигэрийн бөөрний сувиллаар их мэдэх болжээ. 


Энэхүү сувилал нь анх 1979 онд ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаар бөөрний архаг өвчтэй хүмүүсийг намжилтын үед нь хүлээн авч эмчилгээ хийхээр зориулалтаар үйл ажиллагаагаа эхэлж тодорхой үр дүнтэй эмчилгээ сувилгаа хийж эхэлсэн. Анх 4 байртай үйл ажиллагаа эхэлсэн бол өдгөө 57 гэр, байр нийлсэн 300 гаран ортой, 30 гаран ажилтантай болж өргөжжээ.



Элсэнд ямар эмчилгээ хийдэг талаар уншигч та сонирхох байх.Бөөрний үрэвсэлтэй хүмүүс 30-45 градусын халуун элсэнд бүтэн биеэрээ элсээр хучуулж тодорхой үе шаттаа минутаар хэвтэж хөлөрдөг.Хөлрөх үе шат нь хүний биеийн онцлогоос шалтгаалжхарилцан адилгүй минут байхаас гадна дахин орох давтамж ч өөр байдаг.Гэхдээ өдөрт ихэнхдээ 2 удаа л ордог.Богино хугацаанд их хөлөрдөг учраас бие ядарч, сульдаж олон орох ч боломжгүй нөхцөл бүрддэг. Мөн хэт ядрах нь эмчилгээнд сөргөөр нөлөөлөх талтай. Эмчилгээ нь жилд нэг удаагийн курсээр 13-21 удаа элсэнд орох заалттай бөгөөд нэг удаа сувилуулах хугацаа нь цаг уурын нөхцөлөөс шалтгаалан 7-14 хоног үргэлжилдэг. Сувилуулах үеэр 7 хоног халуун өдөр тохиовол 14 түүнээс дээш удаа эмчилгээнд орох боломжтой гэсэн үг.


Элсний сувилал учраас дулааны улирал тэр дундаа халууны саруудаар явагдах шаардлагатай бөгөөд Монголын цаг уурын нөхцөлөөс шалтгаалан эмчилгээний сар нь маш хязгаарлагдмал байдаг. Эмчилгээ нь эртдээ 5 сарын сүүл 6 сарын эхээр эхэлж 8 сарын эхээр үндсэндээ зогсдог. Энэ хугацаанд хүчин чадалдаа тааруулж 4-5 ээлжээр сувилуулагч нараа авдаг юм байна. Нэг ээлждээ 300 гаран жилдээ 1500 гаран сувилуулагч иржүйлчлүүлдэг юм байна.

Миний бие уг сувилалд гэр бүлийн хамтаар 8 хоноод ирсэн. Үйл ажиллагааны чиглэл нь анх хэлсэнчлэн бөөрний чиглэлээр ихэнхдээ байдаг ч ойрын жилүүдэд бие эрүүл мэнддээ анхаарч урьдчилан сэргийлж сувилуулах иргэд өсжээ. Үүнээс гадна нуруу, үе мөч, даралт, түрүү булчирхай зэрэг бусад өвчний эмчилгээнд сайнаар нөлөөлдөг байна. Наанадаж нарнаас амин дэм авах зорилгоор гэр бүлээрээ очих зочид ч их болж.

Сувиллын үйлчилгээ

Сувилал 2019 онд 40 жилийн ойгоо тэмдэглэж. Байгуулагдаад 40 жил болж үйл ажиллагаа өргөжиж, үйлчлүүлэгч нь ачааллаа давтал ихэссэн ч сувиллын үйлчилгээний соёл, зохион байгуулалтын менежмент бас л тааруу санагдсан. 

1-рт дэд бүтцийн асуудал.

Сумын төвөөс 17 км-т байршдаг сувилал тог цахилгаан байхгүй. Сум нь өндөр хүчдэлд холбогдсон 24 цагийн цахилгаантай.Сувиллын удирдлагууд цахилгаан авчирснаар сувилуулагч иргэд сөрөг нөлөөтэй гэсэн утга тайлбарласан. Бүх хүний утасны хэрэглээ ихсэж цахилгаан соронзон долгион биед муу гэсэн ганц тайлбар хэлдэг. Гэтэл одоо цагт утас цэнэглэх байтугай орон сууцаа гэрэлтүүлэх хэрэгсэл зорьж очсон иргэдийнмашин бүрд л байна. Утасны сүлжээ мэдээж хэрэг сум ойрхон учир асуудал байхгүй. Тэгэхээр тог цахилгааны хувьд үндэслэлтэй тайлбар мөн эсэх нь эргэлзээтэй. Харин тог цахилгаан татах санхүүгийн хүндрэл байдаг эсэхийг үгүйсгэхгүй. 

Харин очих замын хувьд Баянхонгороос Говь-Алтай чиглэлийн замаар саадгүй сайхан давхиад 223 дахь км-ээр зүүн гар тийш буюу урагшаа Бигэр сум руу салж шороон замаар 96 км явж байна лээ. Шороон зам нь энгийн хувьд асуудал гайгүй санагдсан.Сум арай хүрэлгүй сувилал руу салдаг. Тэр зам нь 5-6 км орчим. Бороотой үед бол машин явахааргүй л зам байна лээ. Шавар шороо ихтэй зөөлөн хөрс учраас борооны үед их л шавартай байхаар харагдсан. Энэ замыг учиргүй шинэ болгохгүй ч бартаа саадыг жилдээ нэг засаад байвал боломжтой харагдсан.



2-рт Сувиллын орчин нөхцөл


Улирлын чанартай ажилдаг учраас үйлчлүүлэгчийн тоо жил ирэх тусам өсөжачаалал нь хэт ихэссэн. Улаанбаатараас эмчийн бичиг заавал хийлгэж бүртгэлд хамрагдаж очдог. Гэтэл захиалгаас давсан үйлчлүүлэгч очих нь элбэг харагдсан. Зарим нь хувийн унаагаар түрүүлж очсон, сунгаж сувилуулах иргэдийн шаардлагаас үүсэн байр сууцны багтаамжийн асуудал тулгардаг.Дараалал, байр сууцны багтаамжаас шалтгаалж зарим нь гадна майханд байрших хүртэл асуудал гарч байсан. Сувиллын байрлалын хувьд элсэн манханаас 700 метр, дунд голоор тусгаарлагдсан түүнийг холбосон явган гүүртэй. Зөөлөн хөрстэй учир шороо маш ихээр босдог. Халуунд эмчлүүлнэ дээр нь шуурвал бас л цаг агаарын хэцүү нөхцөл үүснэ шүү.

Үйлчлүүлэгчийн хамгийн хүнд асуудал тог цахилгаан, байр сууц, хоол унд гэхээс илүүтэй ариун цэврийн өрөө буюу бие засах жорлонгийн асуудал. Өнөөх л уламжлалт модон жорлонтой. Хоёр ч боловсон нойлтой боловч тодорхойгүй шалтгаанаар ажиллуулдаггүй, хаалттай байгаад байдаг.Миний таамгаар арчилж, цэвэрлэхээс зайлсхийж байгаа байдал байж магадгүй. Гүний худагтай учир орчин үеийн шийдлээр ажиллаж болох л санагдсан. 

3-рт Хоолны асуудал

Сувилал өдрийн 3 хоолтой.

Өглөөний цай, үдийн хоол, оройн хоол. Ихэнх хүмүүс хоолны чанарын асуудлаар гомдол хэл ам хийж харагдсан. Олон хүний хоол учраас ихэнхдээ 1-р хоол давамгайлсан. Бараг тогтмол 1-р хоол гэж болно. Надад бол амт чанарын хувьд боломжийн л санагдсан. Харин бас нэг ерөөсөө ойлгоогүй зүйл бол хоолны заалны гадна оочир дараалал үүсгэж оруулдаг. Харин энд хэн байх нь хамаагүй бүгд л оочирлон доо. Түүн дотор манай улс төрийн идэвхтэн, шүүгч хуульч, захирал зэрэг нийгмийн зүтгэлтнүүд олон л харагдана лээ. Тоолж бүртгэдэг үү гэвэл үгүй. Байранд байрлах үйлчлүүлэгчийн тоогоор байрны дугаар дээр хоолны талоны бүртгэл үүсгэж ороход нь ганц байрны дугаар буюу талоныг хурааж авдаг. Үүнийг ороод суухад нь хурааж аваад бүртгээд явах боломжтой. Яагаад гадна мал хужирлах гэж байгаа мэт дараалал үүсгэж хүндрэл учруулдгийг мэдэхгүй. 

Сувилуулалдаа ороод ядарч цуцсан эмчлүүлэгч нар хоолонд оочирлох нь зохисгүйгээс гадна бухимдал үүсгэх шалтгаан болдог. 

Үйлчлүүлэгчийн тооноос хамаарч 3 ээлжээр ордог учир сүүлийн ээлжүүдэд улам л хүндрэлтэй байдаг. Уг нь оруулж суулгаад хоолоо өгөхдөө өрөөгөөр нь бүртгэчихмээр. Мартсанаас хоолны хувьд харин мах маш ихтэй өгдөг шүү. 


Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьд дээрх асуудлыг зайлшгүй шийдэх л хэрэгтэй. Бага зэрэг зөв менежмент л шаардлагатай. 

Эмчилгээний хувьд бол маш үр дүнтэй, жил бүр үйлчлүүлдэг тогтмол үйлчлүүлэгч ч олон болсон.

Бусад зүйлийн хувьд оройн цагаар нар бууж цаг агаар тогтуун үед байгалийн үзэсгэлэн бас л гоё шүү дээ. Энэ үед үйлчлүүлэгч нарыг хөгжөөх, хоолны үйлчилгээ, худалдаа хийх зэрэг бизнес сэтгэлгээтэй хүн бол багагүй ашиг олох боломж байна лээ. Нэг ээлж 300-400 хүн. Бага тоо биш шүү. Хүн байгаа газар заавал үйлчилгээ байдаг гэдэг үг байдаг байхаа.



Эцэст нь энэ бүгдийг шүүмжлэлт сэтгэгдлээр бичсэн гэж битгий хандаарай. Сайжруулж засах бүрэн боломж байна. Мөн очих хүмүүс сэтгэлийн болон хувийн бэлтгэлд хэрэг болох үүднээс энэхүү тэмдэглэлийг бичлээ.


Танд эрүүл энхийг хүсье.



Г.Буянбаатар