Энэ 7 хоногт
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ШИНЭ УДИРДЛАГАД ХАНДАХ УРИАЛГА
Хөлбөмбөг бол дэлхийд хамгийн олон үзэгч, дэмжигчтэй “хаан спорт” гэдгийг тэмдэглэн, Монгол Улсад хөлбөмбөгийн спорт хөгжих бүрэн боломжтой гэдгийг анхаарч, хөлбөмбөгөөр дамжуулж Монгол үндэстний нэгдмэл чанар, бахархал, соёлыг өсвөр залуу үед төлөвшүүлэхийн чухлыг онцлон, өмнөх удирдлагын багийн ололт амжилтыг ахиулж, Монгол Улсын хөлбөмбөгийг үсрэнгүй хөгжүүлэх стратегийг зорилт болгон дараах 15 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголын хөлбөмбөгийн холбооны шинээр сонгогдсон удирдлагад уриалж байна. Үүнд:
1. ХҮҮХДИЙН ХӨЛБӨМБӨГ-т оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, шинээр хөрөнгө оруулалт татах, хүүхдийн тэмцээнийг чанаржуулах, цуврал тэмцээнийг олон болгох, шагналын санг өсгөх.
2. ҮЗЭГЧ ТАТАХ, хөлбөмбөгийн маркетингийг шинэ шатанд гаргах, олон талт, нийгмийн хариуцлагатай маркетингийн шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх.
3. ХӨЛБӨМБӨГИЙН ЛИГ-ийг аль нэг компани эсхүл брэндийн нэрээр хаягладаг явдлыг зогсоох, урт хугацаанд тууштай, тогтвортой байдлыг сахих, уламжлал бий болгох, Монголын супер лиг, прьемер лиг эсхүл А, В, С лиг гэх нэршилд шилжүүлэх, хөлбөмбөг сонирхогчдын цахим санал асуулгаар нэрийг тогтох, олон улсын жишгийн дагуу Лигийг Холбооноос бие даалгаж, хуулийн этгээд байгуулах, бодлогоор дэмжих, менежментийн шинэчлэл хийх.
4. МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГТ ТОГЛОЛТ НАЙМААЛЦАХ, МӨРИЙ ТАВИХ, ШУДАРГА БУС ШҮҮХ ЯВДАЛТАЙ ХАТУУ ТЭМЦЭХ, Холбооны бүтцэд бие даасан, хараат бус, олон нийтийн дэмжлэгтэй байнгын нэгж байгуулж ажиллуулах.
5. ОРОН НУТАГТ ХӨЛБӨМБӨГ хөгжүүлэх, орон нутгийн холбоо, клубүүдийг түлхүү дэмжих, нэмэлт хөрөнгө оруулалт хийх, материал техникийн хувьд бэхжүүлэх.
6. “ХӨЛБӨМБӨГТ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД”-ыг үр дүнтэй нэвтрүүлэх, клубүүдийг хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад нь бодитой туслах, ҮЗЭГЧ – ТОГЛОГЧ – КЛУБ – ҮЗЭГЧ гэсэн эргэх холбоог бий болгох.
7. МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ-т дуудагдсан хөлбөмбөгчдийг сурталчлах, олонд таниулах, шигшээ багийн цалинг эрс нэмэх, шигшээ багт дуудагдах хүсэл сонирхлыг бодитой төрүүлэх, МАНЛАЙЛАГЧ, ТҮЛХҮҮР тоглогчдыг бий болгох, дэмжих, шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг гадаад улсын тусламжаар биш харин хөрөнгө зарцуулж урьж ажиллуулах, урамшуулах, хяналт тавих хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх.
8. “MONGOLIAN FOOTBALL DIPLOMACY” санаачилга хэрэгжүүлэх. Улаанбаатарт Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар нь байрлаж буй, хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудын Элчин сайдуудтай Монгол Улсад хөлбөмбөг хөгжүүлэх, хүүхэд сургах, дасгалжуулагч бэлтгэх асуудлаар нягт хамтран ажиллах, Үүнд: Герман, Итали, Их Британи (Англи, Шотланд, Уэльс..), Франц, Польш, Чех, Турк, Унгар, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Канад, Австрали, ОХУ г.м (Мөн эдгээр оронд Монгол Улсаас суугаа Элчин сайдуудтай хамтран ажиллах, цаад талын дэмжлэгээр “НЭГ улсад – НЭГ хүүхэд сургах” боломж эрэлхийлэх)
9. “AMBASSADOR CUP” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, Монголын хөлбөмбөгийг сурталчлах, хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх. Тухайлбал, Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнуудыг хоёр багт хуваан тоглуулах (Баг А: Европын улсууд Баг В: Америк, Австрали болон Азийн улсууд) хөлбөмбөгийн өдөрлөг зохион байгуулж хэвших, зөөлөн хүчний ухаалаг бодлогыг хөлбөмбөгт хэрэгжүүлэх.
10. Монгол Улсын хөлбөмбөгийн ирээдүйн брэнд, уламжлалт олон улсын тэмцээнтэй болох. САНАЛ 1: Монгол Улсын газар зүйн байршил, өвөрмөц онцлог, уламжлалт найрсаг гадаад харилцаанд тулгуурлан Зүүн хойд Азийн орнуудын U15 хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн, нэр нь “ТАЛЫН ЦОМ”, оролцогч улсууд: зүүн хойд Азийн бүс нутагт хамаарах Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Орос, Монгол – 6 улс. А ба В гэсэн 2 хэсэгт сугалаагаар хуваагдаж, хэсэгтээ эхний 2 байрт шалгарсан багууд цаашид хасагдах шатны тоглолт хийж аваргаа тодруулна. Энэ нь Монголын хөлбөмбөгт олон талын ач холбогдолтой, чансаа өндөр орнуудаас суралцах, туршлага суух боломж өгнө. “Талын цом” тэмцээнийг Ерөнхийлөгчийн нэрэмжит болговол олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байж болох юм. САНАЛ 2: Монгол туургатны хүүхдийн хөлбөмбөгийн клубүүдийн уламжлалт тэмцээн зохион байгуулах. Үүнд: Монгол, Халимаг, Буриад, Тува, Өвөр Монгол, Шинжааны Монгол. Тэмцээний нэр: Монголын цом.
11. МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ЭВ НЭГДЭЛ-ийг илэрхийлж, ахмад, дунд, залуу гурван үеийн залгамж холбоог бэхжүүлж, Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Алтай, спортын тайлбарлагч Батзаяа, өөр бусад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг мэргэжлийн залуусын мэдлэг чадварыг ашиглах, тэдэнтэй хамтран ажиллах.
12. ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТЫГ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИХ. Хөлбөмбөгийн талбай байгуулах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулахаас чөлөөлөх, хөлбөмбөгтэй холбогдох импортын тоног төхөөрөмж, эд хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх, хөлбөмбөг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн санаачилга, оролцоог хангах.
13. МЭРГЭЖЛИЙН ХӨЛБӨМБӨГ-ийг хөгжүүлэх, Монгол легионер хөлбөмбөгчдийг экспортлох бодлого хэрэгжүүлэх, үндэсний агентуудыг бэлтгэх.
14. БИТҮҮ ДЭЭВЭРТЭЙ, ОРЧИН ҮЕИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ОРДОН-той болох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, тусламж, олон нийтийн хандив дэмжлэгээр бүрдүүлэх.
15. Холбооны дүрмийг шинэчлэх.
Б.БАТБААТАР