Энэ 7 хоногт
“МОНГОЛЫН ГОВИЙН ЛАС ВЕГАС” – “ХАН ГОВЬ” ИХЭР ХОТЫГ МӨРӨӨДЬЕ
Оюутолгой бол зөвхөн зэсээр тогтохгүй алт, мөнгөний их нөөцтэй, дэлхийн ТОП уурхайнуудын нэг, харин Тавантолгойн ирээдүйг “Монголчууд бүгд мэднэ”. Тавантолгой бол зөвхөн коксжих нүүрсний том орд биш, метан хийн томоохон нөөцтэй болох нь сүүлд батлагдсан. Тавантолгойн цахилгааны станцыг барьж байгуулснаар Оюутолгойг цахилгаанаар хангах асуудал ажил хэрэг болох нь гарцаагүй. Гагцхүү хэзээ гэдэг нь хариулт нэхнэ. Яаравчлах хэрэгтэй.
Талын нүүдэлчин удмын Монголчууд бид талбайн хэмжээгээрээ дэлхийд №5, Азидаа №1-т жагсах говь сайхан нутагтаа үзэсгэлэнт “Ихэр хот” байгуулж байна гэж мөрөөдье.
Өмнөговь аймаг уул уурхайн бүс нутаг болж нэгэнт төрөлжжээ. Сэлэнгэ аймаг “Газар тариалангийн аймаг” нэртэй байсан, яах аргагүй Монгол орны газар тариалангийн үндсэн бүс нутаг болсон. Түүнтэй адил Өмнөговийг “Уул уурхайн аймаг” гэж албан бусаар нэрлэхэд буруудахгүй аж. Уул уурхайг дагасан тус аймгийн “нүүр царай” сүүлийн хэдхэн жилд эрс өөрчлөгдөж байгааг хүн бүр мэднэ.
Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдууд нь тус бүр 4-5 мянган хүн амтай, харин хөдөлгөөнт хүн амыг нь оролцуулж үзвэл тус бүр 10-15 мянган хүнтэй аж. Хөдөлгөөнт хүн ам гэдэгт албан ёсоор тус сумын харьяат биш, гэхдээ уул уурхай дагаж тус суманд ажиллахаар ирсэн түр оршин суугч олон мянган иргэнийг хамааруулна. “Хотыг хүн амын тоогоор нь 4 ангилна: 20 мянга хүртэлх хүн амтай бол “жижиг”, 20-100 мянган хүнтэй бол “дунд”, 100 мянгаас 1 сая хүнтэй бол “том” хот, харин 1 саяас дээш хүнтэй бол “саятан хот” гэдэг” тухай дунд сургуулийн эдийн засгийн газар зүйн багшийн маань хичээл тодхон санагдаж байна.
Ханбогд, Цогтцэций сумдад тус бүрт нь “хот” байгуулж, хооронд нь хурдны авто зам болон төмөр замаар холбоод “Ихэр хот” байгуулъя. Монголын говиор салхи татуулан давхиад нэгээс нөгөөд нь хүрчихнэ. Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, орчны хувьд нэгнээ тэтгэх, харилцан нөхөх, хослон хөгжих “Ихэр хот”. Европын Дунай мөрнөөр “холбогдох” Буда болон Пешт хотууд шиг. Нэгдээд Унгарын нийслэл Будапешт. Гайхамшигтай биш гэж үү. Монголын говьд цэвэр усны нөөц муу учир хот босох боломжгүй гэх шалтаг, ингэж зүтгэх гутранги үзэлтэн олдож таарна. Тэгвэл АНУ-ын Лас Вегас хот говьд биш харин цөлд боссон гэдгийг санах хэрэгтэй.
Оюутолгой бол зөвхөн зэсээр тогтохгүй алт, мөнгөний их нөөцтэй, дэлхийн ТОП уурхайнуудын нэг, харин Тавантолгойн ирээдүйг “Монголчууд бүгд мэднэ”. Тавантолгой бол зөвхөн коксжих нүүрсний том орд биш, метан хийн томоохон нөөцтэй болох нь сүүлд батлагдсан. Тавантолгойн цахилгааны станцыг барьж байгуулснаар Оюутолгойг цахилгаанаар хангах асуудал ажил хэрэг болох нь гарцаагүй. Гагцхүү хэзээ гэдэг нь хариулт нэхнэ. Яаравчлах хэрэгтэй.
Ханбогд, Цогтцэций сумдыг холбон орших “Ихэр хот” байгуулагдах нийгэм, эдийн засгийн нөхцөл, боломж бүрдсэн гэж бас үзэж болно. Дэлхийн хэмжээний том уурхай Оюутолгой, Тавантолгойн төвлөрлийг дагасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, уурхай, тэдгээрийн олон мянган ажилчдын цалин урамшуулал, чөлөөт цаг, амралтын орчинд босоод ирэх “Ихэр хот”. Говийн аялал жуулчлалыг олон улс, бүс нутагтаа бодлогоор хөгжүүлж чадвал ирээдүйд Монголын говийн Лас Вегас ч гэгдэж болно доо. Томоохон уурхайн ажилчид амралтаараа УБ тийш, эсхүл урагш ойрхон Хятадын хил залгаа аймгуудаар, гадаад ажилчид нь шуудхан л олон улсад нисээд одох нь нэгийг бодуулна. Говийн Ихэр хотод үнэ цэнэ хэрэгтэй байна. Гагцхүү төлөвлөлтийг нь төрийн бодлогын хэмжээнд мэргэжлийн хүмүүс хийх хэрэгтэй.
Ихэр хот бий болсноор Монгол Улс, Монголчууд Оюу толгой, Таван толгойг урт хугацаанд нийгэм, эдийн засаг, экологийн хувьд тогтвортой ашиглах олон талын ач холбогдолтой. Нөгөө талаас Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, орон нутгийн хөгжлийг бодитой дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн “Хил орчмын сумууд эзгүйрлээ, улсын хил, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боллоо” гэх асуудлыг шийдвэрлэх нэн чухал үр дагавартай.
Хэрэгжүүлэх оновчтой бөгөөд шуурхай арга замын хувьд Ханговь ихэр хот байгуулах асуудлыг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг нэн даруй томилох хэрэгтэй. Энэ төлөөлөгчийн ажлын албыг чадварлаг, цомхон, мэргэжлийн аппаратаар бүрдүүлэх нь чухал. Хот төлөвлөлтөөр сурсан дадсан Монголчуудаа олон улсаас урьж ажиллуулъя. Уурхайнуудаа хариуцлагатай олон улсын хэмжээнд тултал ажиллуулъя. Үр шимийг нь бодитой үлдээе. Говь нутгаа, Монгол орноо олон улсад сурталчилъя. Ихэр хот байгуулъя.
Б.БАТБААТАР