Энэ 7 хоногт
Хөрөнгийн зах зээл
Синдикат ярилцлага #19
Синдикат ярилцлага #19
IPO, бонд, компанийн засаглал, нэгдэл нийлэлт, брокер, дилер, андеррайтер, үнэт цаас зэрэг үгсийг бид өдөр ирэх тусам ихээр хэрэглэдэг болжээ. Үүнтэй зэрэгцээд банкууд мөнгө хүүлэгчид, оффшор данс бол хадны мангаа гэх зэргээр нийгэмд буруу, зөрүү ойлголтууд ч үүсээд байна. Эдгээр асуултуудад хариу олох зорилгоор бид шинэ дугаараа бэлтгэлээ. Энэ дугаарт Монголын анхны хувийн хөрөнгийн бирж болох “Үнэт цаасны бирж”-ийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн Ж.Эрдэнэбат, “MIBG” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан нар оролцлоо.
В.ГАНЗОРИГ: Хөрөнгийн зах зээл сүүлийн үед “моод” болох гээд байна. Шинэ IPO нилээд гарлаа. Арилжааны дүн болон давтамж ихэсч байна. Үүний шалтгаан юу вэ? Энэ бодит өсөлт үү эсвэл хөөс үү?
А.БИЛГҮҮН: Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэдэн статистик хэдүүлээ харъя. 2017 оны эхэнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наяд төгрөг байсан бол 11 сарын сүүлээр 2.4 их наяд төгрөгт хүрч 70 хувийн өсөлт үзүүлсэн. Топ 20 индекс оны эхэнд 1200 байсан бол одоо 2200-д хүрээд байна. Ийм өсөлтийг улс болгон үзүүлээд байдаггүй. Энэ өсөлтийг ард чухам юу байна вэ, ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг өнөөдөр бид энд ярилцах гэж цугларсан гэж ойлгож байна.
Х.АЛТАЙ: Засгийн газрын бонд энэхүү өсөлтөнд нөлөөлсөн гэж би харж байгаа. Дэлгүүртэй харьцуулбал хүмүүс ордоггүй байсан бол засгийн газрын бонд гарч ирснээр эрсдэлгүй, баталгаатай өгөөжтэй тул хүмүүс дэлгүүрт орж бараа үзэж, худалдаж авч эхэлсэн. Нэгэнт худалдан авалт хийж үзсэн хүмүүс цаашлаад хөрөнгийн зах зээл өөр ямар шинэ бүтээгдэхүүн байна гээд сонирхож эхэлсэн. Энэ хүчин зүйл сүүлд гарсан байгууллагын бондууд, шинэ IPO-нүүдэд эерэгээр нөлөөлсөн. Мөн түүхий эдийн үнэ нэмэгдэж, экспортын хэмжээ өсч байгаагийн тусгал ч хөрөнгийн зах зээлд нөлөөлдөг. Мөн ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөр нөлөөлсөн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдийн итгэл сэргэж байна. Үр дүн гараад эхэлсэн. Fitch компани сая Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөлөө. Үүнийг дагаад сая ММС-ийн зээлжих зэрэглэл мөн өссөн байсан.
Түүчлэн жижиг, дунд компаниудын хувьд арилжааны банкны зээлийн хүүтэй харьцуулбал хамаагүй бага өртгөөр мөнгө босгох боломжтой тул идэвхи нь нилээд сэргэж байгаа. Анх удаа нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй АПУ компани зах дээр гараад ирлээ. Дэлхийд алдартай Хайнекен компани Монголын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг компанийн хувьцаа эзэмшигч болсон нь өөрөө том үйл явдалд яах аргагүй тооцогдоно.
Ж.ЭРДЭНЭБАТ: Эдгээр хэлсэн зүйлс бол макро талдаа гарч буй үзүүлэлтүүд. Хөрөнгө оруулагч талаасаа харвал хөрөнгийн зах зээл тэдний хувьд олон сонголтын нэг нь. Энэ олон сигналуудаас харахад хөрөнгө оруулагчдийн хөрөнгийн захад итгэх итгэл сэргэх гээд байна гэж дүгнэж болно. Хөрөнгө оруулагчдын хувьд сонголт нь бүтээгдэхүүн байгаад, эрсдлийн удирдлага хийх мэдээллүүдийг нь зөв өгөөд эхэлбэл мөнгөө удирдаад арилжаанд оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчдын тоо ихсэнэ. Макро талдаа компаниудын нэгдэл яваад, үзүүлэлтүүд өсч буй нь сайн хэрэг. Гэхдээ жишээ нь АПУ гээд нэг компани Монголын хөрөнгийн биржийн нийт үнэлгээний 40 хувийг эзэлж байгаа нь эрсдэл. Муугаар бодоход Хайнекен хувиа зараад гараад явчихбал яах уу гэдгийг бид харж, эрсдлийг тооцож байх ёстой. Эдгээрийг тооцож удирдаж чадвал хөрөнгийн зах амжилттай хөгжинө. 1990-ээд оны залуучууд их сонирхоод эхэлсэн. Тэдний боловсролын түвшин 60, 70 оныхонтой харьцуулбал шал өөр. Энэ нь том зургаараа зах зээл дээрх мөнгөний удирдлагад нөлөөлж эхэлнэ. Инфляцийн хэмжээ бага байгаа хэдий ч мөнгө эргэлдэхгүй л бол идэгдээд байдаг.
Технологийн хувьд болон том мөнгө босгох туршлагын хувьд Монголын хөрөнгийн бирж бол бидний ах. Үнэт цаасны биржийн зорилтот зах зээл бол нэгээс гурван тэрбум төгрөгийн санхүүжүүлж босгохыг зорьж байгаа жижиг, дунд бизнес. Сая бид “Анд Энерги” компанийн IPO-г амжилттай хийлээ. Захиалгын эрэлт өндөр байсан. Хүмүүс маш их сонирхож байна. Одоо гол нь зах зээл дээр элдэв хуйвалдаан гарахгүй байх, үүнтэй холбоотой эрсдлүүдийг дүрэм, журмаа улам сайжруулах замаар хааж чадвал энэ зах зээл маань цаашаа аятайхан явчих гээд байна.
Ч.АРИУНСАН: Хөрөнгийн зах зээл хөгжихийн тулд компанийн засаглал гээд нэг чухал зүйл яригддаг. Энэ тал дээр компаниуд маань ч өөрсдөө, зохицуулах байгууллагууд ч нилээд ажиллаж байна. Засаглалаа сайжруулж чадвал компаниудын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, дотоодоос ч гэлтгүй гадаадын хөрөнгө биржээр дамжуулан өртөг багатай санхүүжилт босгох боломжтой болдог. “АПУ” компанийн хувьд сая том үйл явдал болсон. Хайнекен компанийн манай компанийн хувьцааны 25 хувийг эзэмшихээр болсон. Хайнекен компанийн толгой компани нь Голланд улсад байдаг мөн л хувьцаат буюу 40 орчим хувийг нь олон нийт эзэмшдэг. 1870 онд байгуулагдсан энэхүү компанийн нийт хувьцааны тал нь үүсгэн байгуулагч гэр бүлийн эзэмшилд нь байдаг. Дэлхийд алдартай энэ компанийн сайн туршлагыг бид “АПУ” компаниар дамжуулан хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээл дээр монголынхоо бусад компаниудад үлгэр дууриал болж явах болно.
Ж.ЭРДЭНЭБАТ: “АПУ”-гийн кэйс бол үнэхээр том кэйс. Дотоодын хоёр том үйлдвэрлэгчийн нэгдэл, дээрээс нь гадны том хөрөнгө оруулагч орж ирсэн. Compliance officer буюу нийцүүлэгч гэсэн ойлголт байдаг. Ялангуяа “АПУ”-гийн кэйс дээр санхүү, аудит, хуулийн дүгнэлтүүд улирал бүр гарч олон нийтэд танилцуулагддаг байх хэрэгтэй. Энэ дунд дотоодын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, тэдний эрсдлийг бууруулах зохицуулалтууд байх ёстой. Хэдхэн хүн хувьцаан дээр тоглоод байна уу, хувьцааны үнийг зориудаар унагах хуйвалдаан хийгдэх үү зэрэг эрсдлийг харах ёстой. Эдгээр зохицуулалтыг зөв хийж чадвал дараа дараагийн компаниуд “АПУ”-гийн жишгээр хөрөнгийн зах зээл дээр өсч томрох учиртай. Айлын том хүүхдийг дагууд дүү нар нь хүмүүждэг шиг “АПУ” бусад компаниуддаа зөв үлгэр үзүүлж, бусдыгаа араасаа дагуулах ёстой.
Х.АЛТАЙ: Хайнекен компанийн хувьд ч энэ нэгдэл онцлог болсон. Тэд анх удаагаа шар айрагнаас бусад буюу алкохолийн өндөр хувьтай архины төрөлд хөрөнгө оруулалт хийсэн.
Ч.АРИУНСАН: Архинаас гадна ус ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь Хайнекен компанийн хувьд шинэ бизнес болж байгаа.
В.ГАНЗОРИГ: Өдийд яг хүүлэгчдийн эсрэг гээд арилжааны банкуудыг шүүмжилсэн нилээд том давалгаа явж байна. Хөрөнгийн бирж бол мөнгөтэй, нөгөө талдаа мөнгөний хэрэгцээтэй хүмүүсийг уулзуулдаг дэд бүтэц. Мөнгө хайж байгаа хүмүүс эндээс өртөг багатай, барьцаа хөрөнгө гаргахгүй мөнгө босгох боломжтой. Хөрөнгийн бирж дээр ийм боломж нь байсаар байхад яагаад компаниуд одоог хүртэл банкуудын хүлээсэнд байгаад байна вэ?
Х.АЛТАЙ: Хүмүүсийн мэдлэг, мэдээллийн асуудал тодорхой хэмжээнд бий. Засгийн газрын бондын арилжаа хүмүүст тодорхой хэмжээний туршлага, итгэл олгосон. Үнэт цаас гаргагч этгээдийн хувьд нилээд хэдэн зохицуулагч байгууллагатай харьцаж, мэдээллээ өгч зөвшөөрөл авдаг. Үнэт цаасны хууль улам бүр сайжран шинэчлэгдээд явж байгаа. Тодорхой хэмжээний цаг хугацааны асуудал бий.
В.ГАНЗОРИГ: Маш сайн төсөл бариад хөрөнгийн бирж дээр гаръя гэвэл хамгийн хурдандаа ямар хугацаанд мөнгө босгох боломжтой вэ?
А.БИЛГҮҮН: Гурван сарын дотор.
Ж.ЭРДЭНЭБАТ: Бүртгэлийн журмаараа хамгийн цаад хугацааг нь зургаан сар гэж өгдөг. Уг төсөл зургаан сарын дотор хувьцаагаа олон нийтэд гаргаж чадахгүй бол буцаагаад дахиад бүх ажлыг тэгээс нь эхэлдэг. Учир нь компанийн, зах зээлийн мэдээлэл нь хуучирдаг. Хагас жилийн дотор компанийн санхүүгийн тайлан, хуулийн дүгнэлтүүд өөрчлөгддөг. Хөрөнгийн зах зээл зохицуулалттай зах зээл. Жишээ нь, манай үнэт цаасны бирж арилжааны болон клиринг, төлбөр тооцооны гээд хоёр тусгай зөвшөөрөлтэй. Энэ зохицуулалттай зах зээл дээр зохицуулалттай этгээдүүд зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь брокер, дилер, андеррайтерийн компаниуд юм. Эдгээр компаниудад хөрөнгийн зах зээлд оролцохыг хүссэн хувь хүмүүст арилжааны данс нээж өгдөг онцгой эрх нь байдаг. Хөрөнгийн бирж, үнэт цаас гаргаж буй компаниуд энэ процесст оролцдоггүй. Хөрөнгийн зах зээл дээр эрэлт байгаа атлаа компаниуд гарч мөнгө босгохгүй байгаа шалтгаан нь брокер, дилер, андеррайтерийн компаниудын чадавхитай шууд холбоотой. Өмч хувьчлалаас үүссэн брокерууд маань хорь гаруй жил урсгалаараа явсаар ирсэн. Бизнесийг тарааж задлах, хуваах тал руугаа голцуу ажиллаж байснаас бус бизнесийг томруулах, өргөжүүлэх тал руу орохгүй санхүүгийн инженерчлэл гэдэг зүйлээ хаячихсан. Шүүмжлэх гэж шүүмжлээгүй шүү. Гэхдээ уучлаарай гэж байгаад үүнийг хэлэх ёстой байх аа.
Нөгөө талдаа компаниуд маань өөрсдөө бизнес соёл гэдэг зүйлд суралцах ёстой. Компанийн дүрэм нь л гэхэд 100 айл дээр очоод хүнд 30 мянган төгрөг өгөөд бүртгүүлсэн бичиг баримт байдаг. Бизнес хийгээд байдаг атлаа балансдаа хөрөнгө тусгаж өгдөггүй, тэрийгээ мэддэггүй. Эдгээрээ цэгцлэхгүй бол ямар ч сайхан бизнес байсан хөрөнгө оруулагчийн итгэл төрөхгүй шүү дээ. Хууль болон аудитийн фирмүүдийн ач холбогдол, үүрэг хариуцлага ч үүн дээр яригдах ёстой. Зохицуулалттай зах зээл дээр бүртгэлийн шалгуур хангасан компаниуд л олон нийтэд хувьцаагаа санал болгох эрхтэй. Түүнээс биш дурын нэг нөхөр дуртай бараагаа зардаг газар нь хөрөнгийн бирж биш юм. Сайн компаниуд бирж дээр аяндаа хурдан гарчихдаг. Сулавтар компаниуд зургаан сарын дотор л гарах ёстой. Амжихгүй бол бүх ажлыг шинээр эхлэхээс өөр аргагүй байдаг.
Ч.АРИУНСАН: Арилжаа үдээс өмнө л хийгдэж байгаа тийм үү? Биржийн арилжааны цагийг сунгах төлөвлөгө байдаг болов уу?
Х.АЛТАЙ: Зах зээлийн хэрэгцээгээ бид дагана. Хэрэгцээ байвал бид арилжааны цагийг сунгахад ямар ч асуудалгүй.
А.БИЛГҮҮН: Өнөөгийн нөхцөлд одоо байгаа цаг бол хангалттай урт хугацаа.
Ж.ЭРДЭНЭБАТ: Анх арилжаа нэг цаг гучин минут үргэлжилдэг байсан. Тэгээд нэг цаг болж багасаад одоо арилжааны цаг хоёр цаг байгаа. “Голомт капитал”, “Ти Ди Би капитал” компаниуд захиалгийн бүртгэлийн системээ вэб интерфэйсээр хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчид, хувь хүмүүст бие даан арилжаа хийх боломжийг нь олгож байна гэсэн үг.
В.ГАНЗОРИГ: Гар утсаа ашиглан арилжаанд орж, данс, хувьцааны мэдээллээ бодит цагийн горимоор авах боломжтой юу?
Х.АЛТАЙ: Тийм боломж нь байгаа. 2012 онд Монголын хөрөнгийн бирж дээр нэвтрүүлсэн “Millennium IT” гээд нилээд шүүмжлүүлдэг системийн давуу тал нь хэрэглэгч алсын зайнаас арилжаа хийх функц юм. Сая гадны банкны зочидтой уулзаж байхад Монголын хөрөнгийн бирж дээр том хөдөлгөөн гараагүй хэдий ч дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн дэд бүтэцтэй болсон байна гэж хэлж байсан. Бид одоо онлайн худалдаа хийж байгаа.
В.ГАНЗОРИГ: Хувь хэрэглэгч гар утасны аппликэйшн хэрэглэж арилжаанд оролцдог болох цаг яг хэзээ бол?
Ж.ЭРДЭНЭБАТ: Үүний тулд манай биржийн мэргэжлийн оролцогч компаниуд маань өөрсдөө санхүүгийн хувьд боломжтой болох ёстой. Үнэт цаасны хууль сайн хууль гарсан боловч дагалдах журмууд дээр нь хоорондоо зөрчилдсөн зүйлс байгаа. Хувь хүмүүсийн арилжааны дансууд нь бүгд брокер, дилерийн компаниуд дээр байдаг. Энэ дансуудыг нь эцсийн хэрэглэгч гар утсаараа өөрөө алсаас удирддаг болохын тулд брокер, дилерийн компаниуд өөрөө өөрсөддөө хөрөнгө оруулах хэрэгтэй, өөрсдөө санхүүгийн бяртай болох ёстой. Үүнийг журмаараа мөн цэгцэлж өгөх хэрэгтэй байгаа. Үүнээс гадна Т+3 гээд төлбөр тооцооны горимыг Монголд заавал нэвтрүүлэх ёстой. Үүнийг нэвтрүүлэхгүй бол хөрвөх чадварын асуудал үүсч, гадаадын хөрөнгө оруулагч Монголд нэг ч центийн хөрөнгө оруулахгүй.
В.ГАНЗОРИГ: Т+3 горимыг энгийнээр тайлбарлаад өгөөч?
Х.АЛТАЙ: Өнөөдөр хийсэн хэлцлийн бүх төлбөр тооцоо гурав хоногийн дотор бүрэн гүйцэтгэгдэнэ гэсэн үг.
Ж.ЭРДЭНЭБАТ: Хөрөнгө оруулагч дэнчин тавьж арилжаанд оролцдог. Би жишээ нь 25 хувийн дэнчин тавьж арилжаанд ороод хувьцаа авч ч болно, зарж ч болно. Үүнийхээ төлбөр тооцоог гурав хоногийн дотор хийж дуусгах ёстой. Яагаад гэвэл үнэ өөрөө замбараагүй тоо. 10 мянган хүн арилжаанд оролцоод 10 мянган өөр үнэ хэлж болно. Энэ дундаас тэнцвэрт үнэ тогтооно гэдэг нь математик утгаар таамаглахад хэцүү. Хэвийн тархалтаар бид эрсдлийг тодорхойлж болох ч энэхүү таамаглал маань гурван өдрөөс дээш хүчинтэй байж чаддаггүй.
Х.АЛТАЙ: Анх шинэ систем бирж дээр нэвтрүүлж байхдаа дундын эрсдлийн сан гэж байгуулж байсан. Тухайн үед 700 орчим сая төгрөг энэ санд хуримтлагдсан байсан. 2014, 2015 онд зах зээлийн эргэлт буураад, арилжааны хэмжээ багасаад, хүмүүс тэнд мөнгө түгжигдээд байна гээд энэ санг задалсан. Энэ дээр бол бид урагшаа нэг алхаад, хойшоо хоёр алхсан үйлдэл хийсэн. T+3 горим руу орвол фронтиер зах зээлийн жагсаалтанд Монгол Улс орох боломжтой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид шууд орж ирэх юм.
В.ГАНЗОРИГ: Institutional investors гэдэг ойлголт манай бий юу?
Х.АЛТАЙ: 2017 он Монголын хөрөнгийн зах зээлд онцлогтой жил болж өнгөрч байна. Дэлхийн нэг том банк Монголын арилжааны банктай касдотиан гэрээ байгуулаад, гадны банкны харилцагч манай бирж дээрээс өрийн хэрэгсэл худалдан авах, цаашилбал хувьцаанд хөрөнгө оруулах хэлцэл явагдсан. Харамсалтай нь Т+3 горимд орж амжаагүйгээс энэ хэлцэл түр зогссон.
Ж.ЭРДЭНЭБАТ: Монголд институшионал хөрөнгө оруулалтын сангууд үүсэх боломжтой. Гадаадын улсуудад ийм сангуудын сонгодог жишээ нь тэтгэвэрийн сангууд байдаг.
Х.АЛТАЙ: Яг үнэн. Нийгмийн даатгалын санг өөрчлөх ёстой. Энэ ажил бол одоогийн засгийн газрын нэг том зорилт байх ёстой байгаа юм.
Ж.ЭРДЭНЭБАТ: Хадгаламж эзэмшигчид хоорондоо нийлээд сан үүсгээд хөрөнгө оруулалтууд хийж болно. Үүнд заавал хуулийн этгээд үүсгэх албагүй.
В.ГАНЗОРИГ: Тэгээд яагаад ийм процесс хийгдэхгүй байгаа юм бэ?
А.БИЛГҮҮН: Манай хөрөнгийн зах зээлийн байгаа нөхцөл байдал нь л энэ. Хөгжлийн үе шатаараа бол бид нялх үе дээрээ явж байгаа. Хөгжлийнхөө жамаараа л явж байгаа нь энэ. Үүнд хэн нэгнийг буруутгах шаардлагагүй. Хэн нэгэн буруу зүйл хийгээд, эсвэл хэн нэгэн хорлон сүйтгээд байгаа зүйлгүй. Төр, МХБ, СЗХ бүгд энэ салбарыг дэмжиж байгаа. Манай хууль эрхзүйн орчин, хөрөнгийн биржийн дэд бүтэц маань өнөөгийн байгаа зах зээлийн нөхцөл байдлаас арваас хорин жилээр түрүүлээд явчихсан. Зах зээл маань үүнийгээ гүйцэж түрүүлэх гээд ядаж байгаа. Манай эдийн засгийн маань байгаа царай нь л энэ.
2017 онд бид 80 хувийн өгөөж аваад баярлаж байгаа боловч 2017 оноос өмнөх жилүүдэд зах зээл зогсолтгүй унаж байсан. Дандаа улаанаараа эргэлдэж байсан. Макро эдийн засаг савалгаатай, тогтворгүй байгаа нь хөрөнгийн зах зээлд хөгжих боломж олгохгүй байна. 2011 онд ийм өсөлт харагдсан. Сая 2017 онд өслөө. Хоорондын зай нь зургаан жил.
Ч.АРИУНСАН: Худалдан авагч, дэд бүтэц талаасаа яриад байна. Дээр дурдсан даа. Манай компаниуд өөрсдөө бэлэн биш байна гээд. Ялангуяа компанийн засаглал талаасаа. Ил тод байдал, тайлагнал, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, эрх мэдлийн зөв хуваарилалт гэсэн засаглалын үндсэн дөрвөн зарчим байдаг. Энэ зарчмуудыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж чадвал жижиг ч бай, том ч бай ямар ч компаниуд хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж, мөнгө босгох боломжтой. Иймээс компаниуд, нэмээд зохицуулах байгууллагууд засаглалын асуудал дээр хамтарч ажиллах, дараагийн шинэ шатанд гаргах тал дээр улам хичээвэл хөрөнгийн зах зээлийн нийлүүлэлт тал цэгцэрч хурдацтэй хөгжинө.
Х.АЛТАЙ: Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хувьд бүтээгдэхүүүн талаасаа гурван зүйл би хардаг. Эхнийх нь үнэт цаасны хуультай холбоотой гарч байгаа давхар бүртгэлийн асуудал. Монголын 30 гаруй компаниуд гадаадын хөрөнгийн биржүүд дээр байна. Энэ компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэгдэн гарч ирэх ёстой. Хоёр дахь давалгаа бол ойрын 5-10 жилд гэр бүлийн компаниуд нээлттэй болж бирж дээр гарна. Гурав дахь давалгаа бол төрийн өмчийн компаниудын хувьчлал хөрөнгийн биржээр дамжих хийгдэх. Монголын хөрөнгийн бирж өөрөө хувьцаат компани болж хувьчлагдах ёстой.
Ж.ЭРДЭНЭБАТ: Dual listing буюу давхар бүртгэлийн асуудал дээр бид маш болгоомжтой хандах ёстой. Гадаадад бүртгэлтэй Монгол компаниудын хувьцаа төгрөгөөр арилжигддаггүй. Манай ММС гарсан Хонг Конгийн хөрөнгө бирж гэхэд л ОУВС-ийн сагсанд байдаг бүх валютаар арилжаа хийгдээд, өдрийн эцэст бүх сеттлементийг нь хятадын юаниар хийдэг. 2015 онд Хятадын Хонг Конг, Шанхай, Шэнжинийн хөрөнгийн биржүүд хоорондоо давхар бүртгэл хийхгүй, харин хоорондоо шууд холбогдсон гэдгээ дэлхийд зарласан. Хонг Конгоос Шанхайгийн арилжаанд ор, Шанхайгаас Шэнжингийн арилжаанд орох боломжтой болсон. Харин арилжаа хийсэн дүнгийн шимтгэлээ хувааж авна. Ямар ч валютаар арилжаа хийх боломжтой ч өдрийн эцэст юаниар л өдрийн гүйлгээнүүдийн багцаа хаана гэдэг зарчимтай. Тэгэхээр гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан байгаа компанийн хувьцаа манай хөрөнгийн бирж дээр гараад ирвэл бид энэ ханшийн эрсдлийг яаж зохицуулах вэ, ханшийн арилжааг хэрхэн хийх гэдэг асуулт гарч ирнэ. Хөрөнгө буцаад гарах хүчтэй сорох урсгал явагдах эрсдэлтэй шүү.
Х.АЛТАЙ: Австралийн хөрөнгийн бирж дээр байгаа компани Монголын хөрөнгийн бирж дээр гарах зөвшөөрлөө ТУЗ нь гаргаад, Монголын зохицуулах байгууллагуудын зөвшөөрлийг аваад, хувьцаа нь Монголд арилжигдаж эхлэх үед Австрали долларын төгрөгтэй харьцах ханш ямар байна, тэр харьцаагаар л төгрөгөөр үнэлэгдэнэ.
Ж.ЭРДЭНЭБАТ: Улс дотроо давхар бүртгэлтэй компанийн хувьд маш бага хэмжээний үнийн зөрүү байж болдог. Кока Кола компани Насдакийн бирж дээр 35,16 ам.доллараар арилжигдаж байхад Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 35,11 ам.доллараар арилжигдаж болдог. Үүнээс илүү өөрчлөлт байж болдоггүй. Яагаад гэвэл энэ чинь хөрөнгө оруулагчдын эрхийн асуудал болдог.
Ч.АРИУНСАН: “АПУ” ХК-ийн 25 хувийг эзэмшиж байгаа субъект бол “Хайнекен Азиа Пасифик” компани. Энэ нь Сингапурт бүртгэлтэй бөгөөд Хайнекенийн охин компани гэж явдаг. Давхар бүртгэлтэй үүнийг андуурах вий хүмүүс!
В.ГАНЗОРИГ: Монголын нилээдгүй компани гадаадаас мөнгө босгосон. Гадаадаас мөнгө босгох боломж, эрсдэл, нөхцлийн талаар товч мэдээлэл өгнө үү. Гадаадаас мөнгө босгохтой холбоотойгоор оффшор данс гэдэг “хадны мангаа” яригддаг. Оффшор данс нээхгүйгээр гадаадаас мөнгө босгох боломжгүй юу?
А.БИЛГҮҮН: Гадаадын хөрөнгийн захууд салбараараа төрөлжөөд эхэлсэн. Австрали болон Канадын биржүүд уул уурхайгаар, Лондон газрын тосоор, Хятадын хөрөнгийн биржүүд мэдээллийн технологийн салбараар төрөлжөөд эхэлсэн. Үүнтэй адил Монгол яагаад уул уурхайгаар төрөлжсөн төв азийн бүсийн хөрөнгийн биржтэй байж болохгүй гэж? Тэгэхээр ямар компани, яаж мөнгө босгох вэ гэхээр уг компанийн үйл ажиллагааны төрлөөс хамаарна гэсэн үг. Уул уурхайн салбарын компани бол Торонто, Австрали явахаас аргагүй. Яагаад гэвэл тэнд уул уурхайн бүх голлох хөрөнгө оруулагчид цугларсан байдаг гэсэн үг.
Улс орнууд хоорондоо хөрөнгө оруулалтаа харилцан хамгаалах гэрээ хийдэг. Ийм харилцан гэрээтэй бол Канадад төв нь байдаг, Монголд үйл ажиллагаа явуулдаг компани оффшор бүсээр дамжих ямар ч шаардлагагүй. Ийм гэрээтэй бол Канадад босгосон мөнгөө шууд Монгол руу оруулж ирэхэд аюулгүй гэсэн үг. Хөрөнгө оруулагчид эрсдлээс болгоомжилж оффшор компани байгуулдаг. Оффшор буруу зүйл биш. Олон улсын гүйлгээ, төлбөр тооцоонд байх л ёстой зүйл.
Х.АЛТАЙ: Apple өөрөө оффшор компани шүү дээ.
Ж.ЭРДЭНЭБАТ: Уул уурхайн ассоциаци Mongolian Resource Code гээд өөрсдийн стандарт гаргаад ирсэн байгаа. Үүнийг төртэйгээ хамтраад мөрдөөд хэрэгжүүлээд эхэлбэл Монголын хөрөнгийн бирж уул уурхайгаар дагнасан бирж болох бүрэн боломжтой. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараасаа шууд хамааралтай. Хүссэн, хүсээгүй ойрын 30 жил Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай явна. Дунд нь хаягдаж буй зүйл нь жижиг, дунд бизнес байгаад байгаа.
Оффшороор дамжаад байгаа нь аймшиг ерөөсөө биш шүү дээ. Ямар ч хөрөнгө оруулагч ашигтай ажиллахыг хүснэ. ИБУИНВУ ба Монголын хооронд давхар татварын гэрээ байдаггүй. Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлье гэвэл ИБУИНВУ-ын шүүх эрх мэдлийн хүрээний бүст бүртгэлтэй компани байх ёстой болдог. Өөрөөр хэлбэл маргаан гарвал Английн хуулиар шийднэ гэсэн үг. Монголд бүртгэлтэй компанийг тэнд бүртгэж авахгүй. Лондонд компани байгуулаад бүртгүүлэх гэхээр суутган татвар буюу 20 хувийн давхар татварын асуудал үүсдэг. Ийм учраас оффшор бүртгэлийн асуудал яригддаг.
В.ГАНЗОРИГ: Саяхан Монгол Улсыг өөрийг нь оффшор бүсээр зарласан. Энэ юу гэсэн үг вэ?
Х.АЛТАЙ: Эрсдэлтэй улсуудын хар жагсаалтанд орсон гэсэн үг. Өчигдөр гадны банкны хүмүүстэй уулзаад энэ талаар асуухад сөрөг үр дүн нь Монгол руу орж ирж буй санхүүгийн эх үүсвэрийн өртөг, зардал нэмэгдэх байх гэж байсан.
В.ГАНЗОРИГ: Монгол ямар шалтгааны улмаас энэ жагсаалтанд оров? Энэ нь хэний буруу юм бэ?
А.БИЛГҮҮН: Монголд байгаа гадаадын иргэн, жишээ нь, европын татвараас зугтаагаад Монголд хөрөнгөө байршуулах эрсдэлтэй шүү гэсэн үг. Монгол өөрөө европуудын хувьд оффшор бүс болсон гэсэн үг.
Ж.ЭРДЭНЭБАТ: Санхүүгийн тайлагнал нь ил тод бус орны тоонд Монголд орсон. Олон улсын байгууллагууд Монголд хөтөлбөр хэрэгжүүлээд, хэрэгжүүлсэн гадны хүмүүс нь үлдээд Монголд бизнес хийгээд эхэлдэг. Үүнийгээ цаашаа тайлагнадаггүй.
Х.АЛТАЙ: Бид татвар, санхүүгийн стандартуудаа евро стандарт руу дөхүүлэх ёстой. Тэгж байна энэ бүсээс гарна. Энэ нь хоёр, гурван жилийн ажил болох болов уу даа.
Ч.АРИУНСАН: Банкууд нь бас харилцагчийн мэдээллийг гаргаж өгдөггүй гэсэн мэдээлэл яригдаж байсан. Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэлтэй орны тоонд Монгол бас орсон явдаг юм. Эдгээрээс улбаалаад Монголыг оффшор бүс гэж зарласан болов уу.
Ж.ЭРДЭНЭБАТ: Оффшор бүртгэлээр дамжиж Монгол компаниуд гадаадын хөрөнгө бирж дээр гарч байгаа. Оффшор данс гэхээр арай өөр ойлголт.
В.ГАНЗОРИГ: “АПУ” ХК-ийн хувьд Монголын хамгийн том үнэлгээтэй компани боллоо. Гадаадын нэртэй түншийнхээ хамтаар удахгүй гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргана гэж ойлгож байгаа. Нууц биш бол танай компанийн дараагийн төлөвлөгөө, амбиц юу вэ?
Ч.АРИУНСАН: Экспорт хийх нь “АПУ” ХК-ийн стратегийн чиглэл. Хятадыг бид тэргүүлэх гадаад зах зээл гэж харж байгаа. Экспорт хийх нь багагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг шаарддаг. Монгол гэдэг брэндийг бид үүсгэх ёстой болдог. Дараа нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх ажиллагаа хийгддэг. Энэ бүх процессийг санхүүжүүлэхэд жилд ойролцоогоор 5-10 сая ам.доллар наад зах нь шаардагддаг. Энэ зардлыг санхүүжүүлэхийн тулд бид гадаадын хөрөнгийн зах дээрээс мөнгө босгох чиглэлтэй ажиллаж байгаа. Нэгэнт бид Хятадыг зах зээлээ гэж харж байгаа тул азийн аль нэг хөрөнгийн бирж дээр гарах сонирхол бий. Энэ тал дээр бид судалгаагаа хийгээд явж байгаа.
А.БИЛГҮҮН: Шинжээчийн хувьд асуумаар байна. “АПУ” ХК мэдээж экспортонд гарахыг зорьж байгаа. Гэхдээ үүний тулд зөвхөн мөнгө байх нь хангалттай биш. Дэлхийд борлуулалт хийж байсан туршлага, мэдлэг хэрэг болно. Үүнийг Хайнекен компаниас авч байгаа гэж ойлгосон.
Ч.АРИУНСАН: Хайнекен компанийн сүлжээг ашиглан гадагшаа суваг нээх, тэдний ноу хауг ашиглах гол зорилго байгаа. Өмнө нь бид өөрсдийн хэмжээнд ажиллаж байсан. Жишээ нь, ОХУ-д охин компаниа байгуулаад, Сибирийн бүс нутгийг онилоод, одоо ОХУ-ын 9 хотод 200 гаруй цэгүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Хятад бол өсч буй үнэхээр том зах зээл. Өвөрмонголын нэг хүнд ногдох ДНБ гэхэд аль хэдийн 10 мянган ам.доллар гараад явчихсан шүү дээ. Монголд гэтэл энэ үзүүлэлт 4 мянган ам.доллар хүрэхтэй үгүйтэй л байна.
В.ГАНЗОРИГ: Гадаадын хөрөнгийн зах дээр гарахын нэг давуу тал нь яах аргагүй дэлхийн томоохон үнэлгээ болон зөвлөх компаниудтай ажиллаж, санхүүгийн баталгаажуулалт хийлгэж, засаглал, бүтэц, эрх мэдлийн хуваарилалтаа сайжруулж чаддаг. Бирж дээр гарч нээлттэй компани болохын бас нэг давуу тал нь “Social license” буюу ард түмний “тусгай зөвшөөрөл”-ийг авч, хамтдаа хувь нийлүүлэгчид болж байгаа үйл явц гэж хардаг. Үүгээрээ тухайн бизнес улс төрийн ямарваа нэг эрсдлээ багасгаж, хэн нэг улстөрчийн нөлөөллийг үгүй хийж чаддаг. Энэ тал дээр та бүхэн саналаа бодлоо хуваалцана уу. Дараагийн асуулт нь 2018 оны Монголын хөрөнгийн зах зээлийн трендийг хэлж өгнө үү.
Х.АЛТАЙ: Монголын хөрөнгийн биржийн нэг онцлог нь таны сая хэлдэг “Social license” гэж хэлнэ. Монголын 30 гаруй уул уурхайн компаниуд гадны биржүүд дээр байна. Тэд Монголд үйл ажиллагаагаа явуулах гэхээр монголын баялгийг зөөгөөд байгаа мэт буруу ойлголт яваад байдаг. Тэд Монголд хувьцаагаа гаргах сонирхол байгаа. Гэхдээ энэ нь мөнгө босгох гэдэг зорилгоосоо илүү Монголын ард түмэнд компаниа эзэмшүүлэх юм. Ард иргэдэд эзэмшүүлж байгаа хувьцаагаараа дамжуулан компаниа ард иргэдэд таниулах, үйл ажиллагааг нь ойлгуулах нь чухал байдаг. Давхар бүртгэлийн гол онцлог, давуу тал бол яах аргагүй энэ зүйл юм.
2018 оны хувьд Базальт компани IPO гаргах зөвшөөрлөө авч байна. Саяхан бас ирэх оны эхний улиралд гарах шинэ IPO-гийн санал орж ирсэн. Дараа жилийн хоёр, гуравдугаар улирлаас эхлэн dual listing буюу давхар бүртгэлийн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн манай бирж дээр гарч ирэх болно. Энэ жилийн тренд энэ хурдаа хадгалаад явбал 2018 он энэ оноос хамаагүй илүү байж чадахаар байгаа.
Ч.АРИУНСАН: Амжилттай хөрөнгө босгохын тулд компанийн засаглал чухал гэж дээр дурдсан. Дараагийн чухал зүйл бол компанийн өсөлтийн боломж, ирээдүй нь байдаг. Нэгэнт Монголын зах зээл өөрөө жижигхэн тулд экспортын боломж, бололцоо чухал үзүүлэлтэнд тооцогддог. Ялангуяа гадаадаас мөнгө босгохын тулд экспорт дээр л суурилахаас өөр аргагүй.
Ж.ЭРДЭНЭБАТ: Бирж бол бие биенээ мэдэхгүй хүмүүс наймаа хийдэг итгэлцэлийн зах зээл. Энэ хүмүүс бирж дээр зарагддаг бараа бүтээгдэхүүний стандарт, зохицуулалтанд нь итгэж байгаа учраас оролцдог. Монголын үнэт цаасны биржийн хувьд шинээр IPO гаргахаар ярилцаад, судлаад явж байгаа жижиг, дунд бизнесийн найман төсөл байна. Давхар бүртгэлийн хувьд маш болгоомжтой хандахыг би Алтай захиралд нөхөрсөгөөр зөвлөмөөр байна. Ханшийн зөрүү, цагийн зөрүү гээд эрсдлүүдийг сайтар тооцохгүй бол мөнгөний гарах урсгалд дайруулах вий. Эрсдэл гарвал энэ зах зээлд үл итгэх байдал үүсч, хүмүүс биднийг ХЗХ шиг ойлгоно шүү. СЗХ Монголд давхар бүртгэл хийж болох дэлхийн 26 биржийн жагсаалтыг гаргасан. Тэдгээр нь бүгд дэлхийн топ биржүүд. Нэг нөхөр сая ам.доллартай орж ирээд л манай зах зээл дээр шууд үнэ унагах буюу дампинг хийх эрсдэл бий шүү. Монголын засгийн газрын гаргасан бондууд олон улсад арилжигдаж байгаа. Гэхдээ энэ бүртгэл нь Монголд байна уу гээд шалгаад үзээрэй. Байхгүй.
А.БИЛГҮҮН: Бид өдөр тутмын асуудлуудаа яриад, их нарийн техникийн зүйлсийг хөндлөө. Товчхондоо хөрөнгийн зах зээлийг яагаад хөгжүүлэх ёстой юм бэ гэвэл нийгмийн дундаж давхаргыг л бий болгох гээд байгаа юм. Над шиг энгийн нэг залуу насаараа нэг компани босгож яваад тэр нь гэнэт дампуурдаг нийгэмд амьдармааргүй байна. Байгаа хөрөнгөө шилдэг компаниудад хуваан хөрөнгө оруулалт хийдэг, тэр компаниуд нь тогтвортой ажиллаж, үйл ажиллагаа нь өсч байдаг, банкны хадгаламжийн хүүнээс илүү өгөөж өгдөг тийм л орчинг бий болгох гээд байгаа юм. Манай хөрөнгийн зах ингэж хөгжих боломж байна. Гэхдээ гол тулгамдаж буй асуудал бол компанийн засаглалын асуудал.
2018 оны трендийн хувьд таны авсан хувьцаа арав нугарч болно. Бас тэгрүү ч тэмүүлж болно. Энэ бол таны эрсдэл. Та өөрөө судалгаагаа сайн хийж, мэдлэг, мэдээлэлэ дээр суурилан хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах ёстой шүү.
В.ГАНЗОРИГ: Та бүхэнд маш их баярлалаа! Товч дүгнэлт хийхийг зөвшөөрнө үү. Иргэдийн хувьд мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, компаниудын хувьд засаглалаа сайжруулах, төрийн зохицуулах байгууллагуудын хувьд үйл ажиллагаагаараа илүү сайн хоршиж ажиллах, дүрэм журмуудаа нийцтэй болгох, мэргэжлийн оролцогч зуучлагч байгууллагуудын хувьд чадавхиа улам сайжруулж, өөрсөддөө хөрөнгө оруулалт хийх ёстой болжээ. Ингэж гэмээнэ хөрөнгийн зах зээлийн хөгжил хурдасч, нийгмийн дундаж давхарга жинхэнэ утгаараа үүсэх хөрс суурь бүрдэх нь ээ.
DR. PRADHAN