Тайландын байдал дахин тогтворгүй боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бангкок хотноо сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж түүнд хэдэн мянган хүн оролцсон. “Улаан цамцатнууд” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн сөрөг хүчнийхэн  Ерөнхий сайд Абхист Ветчачиваг ажлаа өгч, даруйхан парламентын сонгууль зохион байгуулахыг шаардсан. Ерөнхий сайд үүнийг хүлээж аваагүй. Харин сөрөг хүчнийхэн тэмцэлээ улам идэвхжүүлсээр байна. Тайландын мужуудаас ирсэн хүмүүс энэ тэмцэлд нэгдэж байгаа гэнэ. Өчигдөр “улаан цамцатнууд”  нийслэл хотын ойролцоо байрлах 11 дүгээр цэргийн анги үүдэн цугларсан. Тус улсын Засгийн газрын гишүүд энд түр байрлаж байгаа юм.  Ерөнхий сайд Абхист Ветчачиваг өөрийн орлогчийнхоо хамт нисдэг тэргээр явсан тухай мэдээлж байна.

Тайландад байдал хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. 2006 онд  тус улсад төрийн эргэлт хийж Таксинх Чинаватыг хүчээр огцруулсанаас хойш улс төрийн байдал тогтворгүй хэвээр байна. Түүнээс хойш хоёр ч Засгийн газрыг сөрөг хүчний шаардлагаар огцруулсан.  Сөрөг хүчин гэгдэж буй “улаан цамцатнууд” нь Таксин Чинаватыг дэмжигчид юм. Цагтаа Тайландын тэргүүн баян гэгдэж байсан Т.Чинават өнөөдрийг хүртэл эх орондоо ирж чадахгүй байна. Тус улын шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгаж хоёр жил хорих ял оноож, 1.4 тэрбум ам.долларын торгууль тавьсан. Өдгөө Таксин Чинават Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубайд амьдарч байгаа. Эх орондоо ирж чадахгүй байгаа хэдий ч тэрээр эргэн засгийн эрхэнд гарахын төлөө чадах бүхнээ хийсээр байна. Тиймээс өчигдөр Бангкокт хотноо цуглаан хийж буй хүмүүст хандан үг хэлж түүнийг нь дүрс бичлэгээр үзүүлжээ. Чинават жагсагчдад “Та нар Тайландад ардчиллыг авчрах хүмүүс” хэмээн урам хайрласан байна.  Хилийн чанадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй тэрээр Камбож очиж, Латин Америкийн зарим орноос нь дипломат паспорт авсан.

Ерөнхий сайд Абхист Ветчачиваг өчигдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ сөрөг хүчнийхний тавьж буй шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Тэрээр парламентад суудалтай улс төрийн хүчнүүдтэй зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргасан гэжээ. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж эрх баригчид  50 мянган цэрэг  илгээсэн. Гэвч тэд жагсагчдыг барьж дийлнэ гэдэг юу л бол. Одоогийн Засгийн газар огцорлоо гэхэд оронд нь бас нэгэн Ерөнхий сайд томилогдож багаа бүрдүүлнэ. Харин Такчин Чинават   “улаан цамцатнуудаара” дамжуулан засгийн эрхэнд гартлаа тэмцэнэ.

 

Ю.Дэлгэрмаа