Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
МОНГОЛ УЛС: ТООН ЭРИН (digital age)-д ШИЛЖИХ ЭХЛЭЛ ТАВИГДСАН ТУХАЙ
1980 оны 9 сарын 26-нд дижитал технологиор дата дамжуулсан маань МУ-д эхний үзэгдэл бололтой тул ойн мэнд дэвшүүлъе!
1980 оны 9 сарын 26-нд дижитал технологиор дата дамжуулсан маань МУ-д эхний үзэгдэл бололтой тул ойн мэнд дэвшүүлъе!
1. Ашигласан техник:
Статистикийн Төв Газрын дэргэд байгуулагдсан Үндэсний Тооцоолон Бодох Төв (ТБТ, англиар National Computing Centre NCC гэдэг байв)-ийн мэйнфрэйм ЕС-1040 (IBM360-ийн нэг загварын ардчилсан Герман улсын хувилбар, одоогийн Үндэсний Статистикийн Хорооны байрны 2-р давхрын 330 кв м талбайтай датасентерийн зориулалтаар тоноглосон танхимд ажиллаж байв, үнэ нь 1 сая орчим ам доллар). Жич: энэ танхим одоо ч 1973 онд суурилуулагдсан зориулалтын давхар шалтайгаа.
Зураг 1. БНАГУ-ын ФЕБ Роботрон комбинатад үйлдвэрлэсэн, ТБТ-д 1979 онд суурилуулсан IBM360 (ЕС-1040) мэйнфрэйм. Олон жижиг чийдэн, товчуудтай босоо самбар бол инженерийн пульт, цаана нь процессор, каналуудын ракууд. 2 хавтастай хаалгатай рак нь феррит санах ой 512 КБайт, ийм рак 2 байсан тул энэ мэйнфрэйм 1МБ санах ойтой байсан. Оператор Алтанцэцэг операторын бичгийн машин пульт дээр ажиллаж байна, 1980 он. 1983 онд энэ бичгийн машиныг дисплейгээр сольсон. Инженерийн пульт нь одоо Г. Оюунбаярын цуглуулгад. Зураг бүдэг байна гэж сонихлоо илэрхийлсэн хүнд видео бичлэг үзүүлж болно.
Секундэд 370000 үйлдэл хийдэг, 1МБ санах ойтой, 29МБ багтаамжтай хатуу 6 диск бүхий энэ мэйнфрэйм, одоогийн ойлголтоор инээд хүрмээр бага үзүүлэлттэй боловч, тухайн үедээ өндөр хүчин чадалтай компьютер байсан юм. Тухайлбал Зөвлөлт Улсын үйлдвэрлэдэг хамгийн хүчтэй компьютер 4-5 дахин, АНУ-ын Cray 11 дахин л илүү үйлдлийг секундэд гүйцэтгэдэг байлаа. Энэ мэйнфрэймд телепроцессор МПД-4 (Зураг 2)-р дамжуулж модем-телефон шугам-модем-уудаар аймгуудад байгаа терминалуудыг холбох зорилготой байв. Энэ мэйнфрейм дээр МУ-ын жил, 5 жил, урт хугацааны төлөвлөгөөг математик загварчлалын тусламжтай оновчтой болгох, мэдээллийн сангууд байгуулах, статистикийн мэдээ боловсруулах, үйлдвэрүүдийн тооцоо, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захиалгыг гүйцэтгэх, тухайлбал даацын хавтангийн нөөц тооцох, автобусны маршрут, буудал, тоог оновчтой болгох гм-ээр 1991 он хүртэл амралтын өдөргүй 24 цагаар ажиллуулсан.
Зураг 2. Ардчилсан Герман улсын KRS4201 универсаль миникомпьютерийн нэг портод IBM360-тай холбогдох AS-4 нэртэй адаптер, өөр портуудад нь модемтой холбогдох AS-8 адаптерууд суурилуулах замаар МПД болгож МПД-4 гэж нэрлэсэн байв. Процессорын хайрцаг дээр мэдээллийг цаасан тууз руу шивэх төхөөрөмж, цаасан туузыг уншигч, инженерийн пульт зэрэг нь харагдаж байна. Энд байгаа бичгийн машин нь консоль буюу операторын пультийн үүрэгтэй.
IBM360 (Зураг 1)-ийн мультиплекс суваг руу холбох өндөр хурдтай нэг параллель интерфэйс AS-4, модемтой холбох сериал интерфэйсийн 3 AS-8 боорд суурилуулж, нэг AS-8-г нь ЕС-8006 модем (600/1200 бод, Польш улсын бүтээгдхүүн)-той холбосон байв. Энэ модемийг холбооны шугамд залгаад АТС-ээр дамжуулан хөдөө байрлуулах АП-64 терминал(Унгар улсын Videoton компанийн төхөөрөмж, нэг дисплей, КВ,ширээ, удирдлагын контроллёр зэрэгтэй. Дисплейг зураг 3-т харуулав)-д залгасан ЕС-8006 модемтой холбодог байв. АП-64 дээр шивсэн мэдээлэл модем-холбооны шугам-модемоор дамжин ирж IBM360 дээрх эпликэшн рүү ордог, мэйнфрэйм дээрх эпликэшнээс алсын терминал рүү явуулсан мэдээлэл мөн эдгээр модемууд, холбооны сувгаар дамжин хэдхэн секундэд холын АП-64 руу явж байв. ТБТ-ийн телефон утасны 2 дугаар, МҮЭ СТО-ны 2 дугаарыг үзэсгэлэнгийн үеээр, зөвхөн МАХН, Засгийн Газрын удирдлага ирэх үед ашиглах зөвшөөрлийг нэлээд урт хэлэлцээрийн дүнд авч, ЛАЦ дээр хооронд нь холбуулав. ҮЭ СТО-ны телефоны үзүүрүүд үзэсгэлэнгийн танхимаас хол байсан тул инженер-электронч Р. Цэрэнжав ажлын зорилгоор хадгалж байсан улаан кабелиасаа 400м-ийг надад өгөхөд нь авч 2 хос болгон СТО-ны 2 телефоны утасны үзүүрүүдийг баруун талын үзэсгэлэнгийн танхим руу уртасган татаж тэнд суурилуулсан ЕС-8006-ийн 4 контактад холбов. 2 нь дамжуулах, 2 нь хүлээн авах хэсэгт нь холбогдсон.
Зураг 3. Унгар улсын Videoton компанийн үйлдвэрлэсэн алсын терминал АП-64 (ЕС-8564)-ийн дисплей, гар. (зурагт харуулсан дисплей бол Videoton-ы арай өөр дисплей, харахад маш адилхан, гар нь нэг загварын. Ширээ, контроллёрын электроник нь энд харагдахгүй байна.)
2. Энэ ажлыг зохион байгуулсан хүн: И. Жүгдэрнамжил, ТБТ-ийн ерөнхий инженер агсан. Электоникийн мэргэжлээр Москвагийн МЭИ-г 1973? онд төгссөн.
3. Кабель татах, тоног төхөөрөмж зөөх, суурилуулах зэргийг ТБТ-ийн инженер-электрончид, түүний дотор үүнийг бичигч хийж гүйцэтгэв.
4. Энэ ажлыг гардан хэрэгжүүлсэн нь ТБТ-ийн инженер электронч А. Батмөнх (Др., Проф., ШУТИС, 2018 онд), үүнийг бичигч боловч ар талд маань олон инженер ажиллаж байв. Г. Оюунбаяр телефон шугамуудыг 2 талын модемуудад холбож шалгав. ҮЭ-н СТО-ны кабелиудыг байнга манах үүднээс үзэсгэлэнгийн танхим телефон утасны үзүүртэй өрөөнүүдийн хооронд гүйж шалгаж, хэрэв хүний хөлд өртөхөөр хөдөлсөн байвал нь коридорын булангийн шаланд бөхөлж байв. Бэлтгэл болгож IBM360 дээр телепроцессор МПД-4 рүү явуулах хэдэн тоог санах ойн нэг хэсэгт нь хадгалаад, өөр хэсэгт нь тэр тоонуудыг МПД-4 рүү циклээр явуулах программ бичээд санах ойд нь хадгалж, эхний командын хаягийг цаасан дээр тэмдэглэж авав. Үүндээ ассемблерийн ердөө 2 команд, каналын нэлээд олон команд ашигласнаа санаж байна. МПД-4 буюу KRS4201 мини машины ассемблер дээр харин нэлээд урт программ бичсэн, тэр нь IBM360-аас ирсэн мэдээллийг модем руу шидээд байх үүрэгтэй. Энэ программыг МПД-4 дээр циклдүүлээд орхисон тул түүнийг унтраагаагүй, цахилгаан тасраагүй бол модем руу тасралтгүй мэдээлэл шидэж байсан юм. А. Батмөнх инженерт, СТО-с утасдахтай зэрэг минь пульт дээрээс энэ цаасан дээрх хаягт байгаа ассемблерийн командыг дуудчихаарай, утасныхаа орчимд байгаарай гэж захиад ТБТ дээр үлдээв. Урьдчилан шалгаж үзэхэд IBM360-ийн RAM-ын нэг хэсэгт миний урьдчилан бичээд хадгалчихсан мэдээлэл (яарч байснаас 012345 гм тооны цуваа бичиж хадгалсан)-ийг циклээр МПД-4 рүү, МПД-4 доторхи программ IBM360-д залгаатай портоор орж ирсэн мэдээлэл бүрийг модемийн портоороо АП-64 рүү шийдэж байсан нь АП-64-ийн дисплей дээр бичигдэн гарч байсан нь, хэдий дараалсан тоонууд байсан ч гайхамшиг мэт санагдаж билээ. Ар талд буюу IBM360-ийг ажилд бэлэн байлгах албанд ахлах инженер-электронч В. Чулуунбаатар агсан, инженер-электрончид Х. Зулзага агсан, О. Батсүх агсан, Р. Цэрэнжав, Б. Ваанжил, Ч. Давааням, С. Байгалтөгс, А. Батмөнх, дарга И. Жүгдэрнамжил агсан, Даваасамбуу, Л. Мягмар агсан нар ба бусад, Д. Энхтуяа, Алтанцэцэг, Г. Эрдэнэцэцэг нарын операторууд ажиллаж байв.
5. Үзэгчид: Санхүү, бүртгэл, статистикийн тэргүүний ажилтны Улсын 2-р зөвлөлгөөний төлөөлөгчид, СТГ-ын дарга, Сангийн сайд, УТТ-ны зарим гишүүн, Ерөнхий сайд Ж. Батмөнх, АИХ-ын дарга Ю. Цэдэнбал (энэ өдөр ирээгүй) сонирхогч иргэд.
6. Зорилго: УБ-аас БНМАУ-ын аймаг, сумуудад суурилуулсан терминалтай тийш татсан телефон шугамаар, тоон технологиор мэдээлэл солилцох, мэдээлэл солилцох процессийг автоматжуулах, энэ нь телефоны шугамаар тоо, текст (цахилгаан мэдээ) дамжуулах бол маш бага хугацаанд алдаагүй, найдвартай дамжуулж, шугамыг чөлөөлнө, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ, зарим хүн оролцдог дамжлагыг чөлөөлнө гэдгийг бодитой харуулах явдал байв.
7. Мэдээллийн агуулга. Би үүн дээр дандаа тоонууд бичиж IBM360-ийн санах ойд хадгалж орхисноороо маркетингийн алдаа хийсэн. Үзэсгэлэн үзэгчийн олонхид жирэлзсэн тоонууд технологийн ололтыг бүр ойлгомжгүй болгож байсныг сүүлд нь мэдсэн минь харамсалтай. Би яарсандаа болоод хүснэгт харж тэмдэгт бүрийг нийлээд утгатай өгүүлбэр болгож кодлоогүй юм. Ядаж "Мэдээллийг IBM360 мэйнфрэйм компьютер өөрөө холбооны шугамаар тоон технологиор явуулж байна, зөвлөлгөөнд оролцогчдод баяр хүргэе!", эсвэл тэр үед нийтлэг байсан уриа “БНМАУ мандтугай”, “МАХН мандтугай” гм үг бичих байсан байна лээ. Ингээгүй учир зөвлөлгөөний төлөөлөгчдийн ихэнх 01234 ... гм тоонуудын учрыг олоогүй, ер нь мэдээлэл шинэ хэлбэрээр буюу тоон хэлбэрээр мэйнфрэйм компьютерээс холбооны шугамаар дамжин ирж байна гэдгийг ойлгоогүй. Цөөн хүн телетайп солигдох юм байна гэцгээсэн нь бас дэвшил байв. Харин мэргэжилтнүүд бүгдийг ойлгосны зэрэгцээ зарим сайд, УТТ-ны гишүүд, Ерөнхий сайд Ж. Батмөнх нар гадаадад ашигладаг тоон технологийг манайд ч нэвтрүүлж болох юм байна гэсэн ойлголттой болсон нь хожим нэмэр болсон.
8. Мэдээлэл дамжуулалт.
Үзэсгэлэнгийн сүүлчийн өдөр Сангийн яам, Монгол банк хуучин мөнгөн тэмдэгт, үнэтэй зарим зүйл, бүр гулууз алт зэргийг үзүүлэн болгож тавьсан байсныг энэ өдөр үзэсгэлэн үзэхээр ирсэн сайдууд, УТТ-ны гишүүд, тухайлбал Д. Моломжамц, СнЗ-ийн дарга Ж. Батмөнх нар үзэж явсаар нэлээд ойртохоор нь би А. Батмөнх инженер-электронч руу цаасан дээрх хаяг дээрх командыг старт хийгээрэй гэж утасдав. Нэг их удаагүй байтал том дарга нар хажууд ирчихэв. Эхлээд дисплей, мозайк принтер зэргийг барьж үзэж сонирхож байснаа дэлгэц дээр юу ч гарч ирэхгүй удахаар нь тэд хажуу тийш өөр үзмэр рүү явчихав. Би дотроо түгшиж "телефоны кабелиудыг минь хэн нэгэн хөлөөрөө тасалчихаагүй байгаа", "Батмөнх инженер өөр ажилд дуудагдчихсан юм болов уу", “цахилгаан?” гм-р толгойгоо гашилгаж байтал нөгөө их хүлээлгэсэн 012345 ...гм тоонууд дэлгэц дээр гарч эхлэв. Баярлаад ерөнхий сайд Ж. Батмөнхийг аяархан дуудлаа, наашаа хардаггүй, ойртож очоод ханцуйнаас нь татлаа, хөдөлдөггүй. Нэлээд хүчтэй татчихтал наашаа хазайчихав. Гэтэл нэг залуу урдуур ороод намайг түлхэж зайлууллаа (энэ нь бие хамгаалагч нь байж. Үзэсгэлэнгийн дараа нь намайг Ж. Батмөнх даргын биед гэмтэл учруулах гэсэн гэж гүтгэсэн нь сургамжтай, би тэсч ядаж байснаас ийм хэрэг болсон). Би Ж. Батмөнх даргад "мэдээлэл ирж байна харна уу" гэж хэлж амжаад тэр над руу харахтай зэрэг хамгаалагч намайг орхив. Ж. Батмөнх, Д. Моломжамц дарга тэргүүтэн дисплей рүү ойртоход дагасан олон тойроод авав. Батмөнх дарга "хаанаас энэ мэдээлэл ирж байна?" гэж асуув. Би СТГ-ын ТБТ-өөс гэв. "Чи үүнийг ажиллуулдаг юм уу" гэж бас асуув. Дэлгэцээ reset хийсэн ч удалгүй дэлгэц цаанаас хэдий удаан (компьютерийн гар дээр хүн тоонуудыг хурдтай дарж байгаатай дөхүү байв) ч, тасралтгүй ирсээр буй тоонуудаар дүүрч байлаа. Сонирхолтой нь УТТ-ны гишүүн Д. Моломжамц Ерөнхий сайдад "энэ дисплей дээр харандаагаар зурж болдог юм" гэж хэлж билээ. Тэр хаа нэгтээ дисплейн үзэг харсан байж. Яг энд байсан дисплей ийм үзэггүй байсан. 1983 онд УТК-т авсан IBM370-ийн дисплейнүүд бүгд ийм үзэгтэй ирж билээ. Г.О.
Дисплей дээр ижил тоонууд давтагдаад уйтгартай болсон тул төлөөлөгчид цаашаа явцгаав.
Жич: Модемууд, МПД-4 зэргийг туршилтад зориулж худалдаж авах санал 1977 оноос эхлэн дэвшүүлж, бодитоор хэрэгжүүлж чадсан байсан И. Жүгдэрнамжил дарга агсны санаачлага том зүйлийн эх байж, түүнд хүндэтгэл үзүүлъе! Төрсөн нутаг нь Хөвсгөл аймгийн Эг-Үүр (одоогийн Эрдэнбулган сум) гэж тэр ярьдаг байв.
Энэ туршилтад эпликэшн ашиглаагүйг та бүхэн ойлгосон байх. Энэ туршилтын дараа БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1978 оноос аймгуудын холбооны сувгийн дата дамжуулах чадварыг шалгасан тайланг үндэслэн (тэр тайланд ТБТ-өөс бүх 18 аймгийн төвийн ЛАЦ-тай 300 бод хурдаар дата солилцох боломжтой гэж дүгнэгдсэн байв. А. Гэрэл, И. Жүгдэрнамжил, Х. Зулзага, Г. Оюунбаяр, Ц. Ядамсүрэн, бусад, 1978-1979, ТБТ, УБ) НҮБ рүү БНМАУ-д компьютерийн сүлжээ байгуулж эхний удаа аймгуудын статистикийн хэлтсийг СТГ-ын ТБТ-тэй холбож статистикийн мэдээ авах процессийг шуурхай болгож, улмаар автоматжуулах, ингэснээр мэдээ боловсруулах хугацаа багасч, чанар нь сайжирна гэсэн хүсэлтийг холбооны шугам шалгасан протокол, битийн алдааны магадлал аль ч аймагтай холбогдоход 10-ын хасах 6-аас буюу саяны нэгээс бага гэсэн дүгнэлтийн хамт явуулав. Үүний өмнө НҮБ-д улсын хэмжээний компьютерийн сүлжээ байгуулах хүсэлт тавихад тэд зөвхөн статистикийн мэдээлэл дамжуулах систем байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж хариулсан юм. Жилийн дараа шийдвэр гарч НҮБ-с МON79/PO3 төслийн өргөтгөл хийх судалгааны баг ирж аймгуудтай мэдээлэл солилцах сувгийн үзүүлэлт, ТБТ-ийн датасентерийн зай, талбай, ТБТ-ийн мэргэжилтнүүдийн чадвар, тоо зэрэгтэй танилцаад явснаас хойш жилийн дараа СТГ-ын ТБТ-д компьютерийн сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх тендер ОУ-д зарлагдаад, шалгаруулалт, гэрээ байгуулах, нийлүүлэлт гэсээр байтал 1983 он гарсан ба энэ онд бүх аймгийн төвд мини компьютер МЕРА-100 (Зураг 4) суурилуулаад 1200/2400 бодын хурдтай модемоор, IBM360-д холбогдсон, олон сувагтай телепроцессор ЕС-8371-оор, эпликэшн ашиглаж мэдээг автоматаар авдаг болов.
Зураг 4. МЕРА-100 мини компьютер. Энэ нь дисплейтэй, хэвлэгчтэй, мөн гадаад санах ой (дуу хураагчийн кассет дээр мэдээллээ хадгалдаг)-той байв. Г. Оюунбаярын цуглуулгаас.
Модем хэдий удаан байсан ч, тэр үед ашиглаж байсан ТА-63 телетайпаас дор хаяж 5-10 дахин илүү хурдтай, мэдээ ямар ч алдаагүй орж ирдэг (контрол бит, цикл алгоритм зэргээр шалгагддаг, зөрөө гарсан байвал тэр блокийг автоматаар давтан дамжуулдаг тул), тэгсэн атлаа файлууд аймаг бүрийнхээ директорид орчихдог байв. Энэ бол хурд, автоматжуулалт, өртөг зэргийн алиний ч хувьд ТОМ ДЭВШИЛ байлаа.
Энэ үзэсгэлэнгийн дараа Ус, цаг уурын ТБТ-ийнхөн аймаг, сумдын цаг уурын станцуудаасаа мэдээг шуурхай авах, ШУА бүр гадаадын шинжлэх ухааны сангуудад хандах, Шинжлэх Ухаан Техникийн Улсын хорооныхон мөн л бусад улсын техник, тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл авах, Монгол Банк аймгуудын банкуудтай холбогдох гм-ээр ирж лавладаг болж, зарим нь хэрэгжүүлэв. Нэгэнт манай телефон шугам, холболтын байгууламжууд олон улсын стандартад нийцсэн байна гэдгийг баттай харсан тэд миникомпьютертэй болоод стандарт модемууд авахтай зэрэг мэдээллээ олон цэгээс цуглуулж авч болох юм байна гэдгийг мэдээд манай ТБТ-ийнхөөс ч асуулгүй өөрсдөө шийдлээ гаргаж сүлжээгээ байгуулдаг болов. Үүний нэг жишээ нь өмнө дурьдсан Статистикийн төв газарт байгуулсан МЕРА-100 бүхий мэдээлэл боловсруулах, дамжуулах систем. Гэтэл энэ систем өөрийн “дайсан”-тай болов, тэр нь Холбооны Яам (ХЯ) маань. Учир нь статистикийн 164 төрлийн мэдээг 1983 оны эхэн үед аймаг, сумдаас цөөн цэгээс телетайп ашиглаж, ихэнхээс ярих замаар авдаг байхад холбоонд төлдөг төлбөр, 1983 оны сүүл рүү, технологи нэвтэрснээр багасчихав. Аймгуудын зарим байгууллага үүнийг тооцоод энэ системээр мэдээгээ ТБТ-д явуулахад нь эндээс толгой байгууллага руу аваачиж өгдөг болж эхэлтэл ХЯ манайхыг бусдын мэдээлэл дамжуулахыг хориглов. Мөн ТБТ-с аймгийн МЕРА-100 руу, аймгийн МЕРА-100-аас ТБТ-ийн IBM360 руу автоматаар холбогдож залгагчаар дамжилгүй мэдээлэл дамжуулдаг болгох хүсэлтэд маань ХЯ “үгүй” гэж хариулав, энэ тохиолдолд тэдний орлого бүр багасна гэж тэд ташаа ойлгосноос тэр. Бид суваг ашигласныхаа мөнгийг тарифаар нь буюу минутын тарифаар төлнө, гэхдээ сувгийг бид хурдан чөлөөлнө, танай нийт орлого харин ч өснө гэж тайлбарлахад тэд маань 1991 он хүртэл “ойлгоогүй”, бас мэдээлэл дамжуулахад дижитал технологи нэвтрүүлэх арга хэмжээ авалгүй бүр 1996 он хүргэсэн. Үүнд бас учир бий, ТБТ эхэлж 300 бит/с, дараа нь 600 бит/с, удалгүй 1200/2400 бит/с, 1990 онд 14400 бит/с-ийн модем суурилуулж (модемийн хурд нь хэд дахин ихэснэв, хэмжээ, үнэ нь төчнөөн дахин багасч байв) дамжуулах мэдээнийхээ хэмжээг ихэсгэсэн ч, мэдээлэл дамжуулахад бүр бага цаг зардаг болсноос тэдэнд ТБТ-өөс төлдөг төлбөрийн дүн багасаад л байсан хэрэг. ТБТ-ийн программист байсан доктор Д. Энхбат Монголын Мэдээллийн Харилцаа ББХК (сүүлд Датаком ХХК болсон) байгуулаад гадаад гарцын урсгал авах гэхэд мөн өгдөггүй байсан. Иймээс Д. Энхбат төрийн өмчийн монополь, технологи нэвтрүүлдэггүй МЦХ ТӨК байсаар атал өөрөө гадаад гарцын сансрын HUB станц 1995 онд байгуулж 1996 оны 1-р сард нийтэд зориулсан интернет үйлчилгээ нээснээр Монгол Улсыг Азидаа интернеттэй эхний хэдэн улсын тоонд оруулсан.
1980-90-ээд оны үеийн Холбооны Яамны технологи нэвтрүүлэх гэхэд эсэргүүцдэг байсан занг 2016-20-иод оны үеийн МУ-ын УИХ үргэлжлүүлж байгаа нь харамсалтай.
Хэрхэн энэ зан нь илэрч байна вэ?
МУ-ын хэмжээнд хөдөө тийш татсан petabit/s хурдтай 35000 гаруй Км шилэн кабель бий, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 300 тэрбум₮ гаруй. Сумд руу сайн л бол хэдхэн мegabit/s дата дамжуулдаг. Сумдын шилэн кабелийн ашиглалт нь 1% хүрэхгүй. Учир нь дата дамжуулах тариф ₮80000/megabit/s. Энэ нь АНУ, Европ руу адил хэмжээний дата дамжуулах тарифаас 5 дахин өндөр.
Хөдөөд ААНБ, иргэдийн гар дээр 250 тэрбум₮ гаруй өртөгтэй ухаалаг утас, бусад төхөөрөмж бий. Нийслэлээс хөдөө рүү аялдаг, ажлаар очдог төрийн ажилтнууд, бизнесийнхэн, иргэдийн гар утсыг нэмбэл илүү өндөр тоо гарна. Эдгээр төхөөрөмж МУ-ын нутаг дэвсгэрийн 90%-д дата үйлчилгээнд холбогдохгүй. Учир нь холбооны оператор компаниуд дата үйлчилгээний өндөр тарифаас шалтгаалан нягтрал багатай нутагт барьсан станцдаа дата урсгал өгдөггүй, тэд зөвхөн ярианы үйлчилгээ үзүүлдэг.
Хөдөөд Мобиком, Жимобайл, Юнител, Скайтел, бусад ААНБ-ийн суурилуулсан холбооны станцын нийт өртөг 300 тэрбум₮ гаруй. Үйлдвэрлэгчид одоо үед 84 megabit/s хурдаар үйлчилгээ үзүүлдэг 3G станц үйлдвэрлэхээ больсон. 4G станцууд дор хаяхад 150 mbit/s ба дээш хурдаар сигнал цацна, гэтэл ихэнх нь 10%-ийн урсгал авдаг. Жишээлбэл 4G-д 15mbit/s урсгал өгвөл 1 сая 200 мян₮, НӨАТ-гүй. Үүнээс дээшхи зарлагыг орон нутгийнхан төлж чадахгүй.
Бизнесийн болон Төрийн байгууллагууд 175 орчим датасентер байгуулаад, зөвхөн үйлчилгээний апликэшнд 300 тэрбум₮ илүү хөрөнгө оруулалт хийсэн. Датасентерүүдийн хөрөнгө оруулалтыг тооцвол бүр их болно. Энэ апликэшнүүд МУ-ын нутаг дэвсгэрийн дата үйлчилгээ арай боломжийн хурдаар хүрсэн 10%-иас цааш нутагт хүрдэггүй.
Дүгнэвэл ИХ НАЯД илүү ₮-ийн хөрөнгө оруулалтын өгөөж 1%-10%.
Хөдөө тийш татсан шилэн кабель Цахилгаан дамжуулах шугам, Авто, төмөр зам зэрэгтэй адилаар төрийн өмчид, тарифгүй байвал, интернетийн Кевико ХХК, Ёкозунанэт ХХК, Эрдэмнет ХХК, МЦХ ХК, үүрэн холбооны операторууд Нийслэлийн хэрэглэгчдэд хүргэдэг үйлчилгээгээ энэ үзүүлэлт, тарифаар нь хөдөөд хүргэдэг болсноор эдийн засгаа өсгөх төдийгүй хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ. Бага зэрэг арифметик бодолт хийхэд энэ нь дарамт биш, харин ч катализатор болох нь мэдэгднэ. Тухайлбал жилд МХС ТӨК, бусдад жилд 40 тэрбум₮ өгч дамжуулахыг тарифгүй болгуулна гэвэл энэ нь ДНБ-ийг 0.3-2.3% өсгөнө, энэ нь 99 тэрбум₮-1 их наяд₮. Энэ талаар судалгаанууд бий. Интернет хаана ч ижил тарифтай байх тухай МУ-ын ТХ-н ҮБ-2030-ийн 2.1.5-ийн 7.2-т тусгагдсан байсан ч хэрэгсэхгүй болгосон нь харамсалтай.
Зураг 5. 18 аймаг, Дархан, Эрдэнэт, Нийслэл хот тус бүрийн МЕРА-100-тай холбогдсон ЕС-8006 модемууд. ТБТ-ийн инженер-электронч Ч. Сэмжидмаа ХЯ-ны ЛАЦ-ын залгагчдад урьдчилан захиалга өгч, мөн гуйж байж аймгийн Статистикийн хэлтэстэй залгуулаад, аймгийн МЕРА-100-ийн мэргэжилтнээс “мэдээ бэлэн үү?” гэж асууж байгаа нь. Хэрэв бэлэн бол нэгэнт холболт тогтсон тул аймгийн мэргэжилтэн MERA-100-ийн гар дээрхsend товчийг дарахад л мэдээ нь ТБТ-ийн IBM360 рүү явж эхэлнэ. 1983 он.
Г. Оюунбаяр, 93111000
2018 оны 9 сарын 26-ны өдөр.
Компьютерийн инженер-электронч асан
Булган аймаг, Тэшиг сум, Цаламын гол, өндөр настан.
P.S.
1981 онд БХЯ-ны нэг офицер надад "бид Өвөр Байгалийн цэргийн тойрогтой байнга тоон мэдээлэл солилцдог, том компьютер ашигладаг, тийш татсан кабель их найдвартай, хурд өндөр" гэж хэлж байсныг дараа нь лавлахад манай БХЯ-нд ямар ч компьютер байгаагүй. Тэр офицер ЗХУ-ын цэргийн байгууллага руу өгөх БХЯ-ны мэдээллийг дунд зэргийн чадлын компьютертэй, түүнээ Өвөр Байгалийн цэргийн тойргийн төвтэй шууд тоон шугамаар холбосон сүлжээтэй УБ орчимд байрлаж байсан ЗХУ-ын ямар нэг анги дээр аваачиж өгч байснаа хэлсэн юм билээ. Тэр үед Зөвлөлтийн цэргийн холбоонд тоон технологи нэвтэрсэн үе байв. Энд байсан ЗХУ-ын пуужингийн 6 (миний тоолсноор) ангийн бүх пуужин Өвөр Байгалиас удирдагдаж байсан гэж надад дуулдсан. Налайхын цэргийн нисэхийн ангийн дарга нар нь Иркутск, Чита зэрэгт болдог байсан хурал байтугай зарим өглөөний шуурхайд дуунаас хурдан сөнөөгч онгоцоор очиж суугаад тэр даруй нисч ирдэг байсан юм. МУ-д 1980 оны 9 сараас өмнө дата дамжуулсан өөр тохиолдол байсан бол өвгөн надад мэдэгдэнэ үү. Цаг уурын ЕС-1022-оор Бээжин, Новосибирсктэй мэдээлэл солилцдог байсан нь хожуу, гэхдээ зорилго нь өөр. Зөвлөлтийн цэргийн УБ-с Дархан, Сүхбаатараар татсан холбооны, газар доогуур татсан кабель бол үнэхээр сайн үзүүлэлттэй байсан. Түүнийг нь бид 1982 оны 4 сард УБ-Москваг холбосон тоон мэдээлэл дамжуулах туршилт явуулахдаа ашигласан, энэ тухай дараа өгүүлнэ.
Үүнийг бичигч Баянхушуунд байсан пуужингийн 028-р ангийн пуужин харвах төхөөрөмжийн контроллёрыг нь сонирхоход мөн л, манай цэргийнхэнд том компьютер гэж бодогдохоор, хэдэн рак-д Минск-32-т байсантай адил ТЭЗ-үүд маш олныг шургуулчихсан байсан. Транзисторууд нь МП38, МП42 зэргүүд. Тэд ТБТ-өөс ийм транзистор 100 гаруйг 1979 онд авсан юм. Авсан офицерийг нь Баярмагнай гэж байсан ба тэр офицер 1980-90-ээд онд ШУТУХ-нд ажилладаг болсон байсан. 028-р ангид пуужин харвах суурь 3 байсан, энэ нь Дарханы 0142-р билүү пуужингийн ангийнхтай яг адил. Энэ мэдээллийг тэр ангид галаас үүдэн контроллёр нь гэмтсэн үед дуудагдан очиж засвар хийлцсэний үндсэн дээр мэдэж авсан байсан ч би урьд хэнд ч хэлж байгаагүй. Одоо энэ мэдээлэл хуучирсан, наад зах нь 028-р анги Баянхушуунд байхаа больсон.
Анх тоон өгөгдөл дамжуулахад ашигласан ТБТ-ийн EC-1040 IBM360-ийн инженер-электронч Х. Зулзага (босоо, Өмнөговь Цогт-Овоогийн), ахлах инженер-электонч В. Чулуунбаатар (сууж байгаа, Архангайн Чулуутын) нар төв процессорт гарсан алдааг оношлох хэмжилт хийж байна.
1980 оны 9 сард.
Зочин
Jagi San
Jagi San
Jagi San
Зочин
Зочин