Хөрвөх чадвартай удирдлага: Байгууллага болон бүхнийг өөрчлөх арга хэрэгслүүд

“Непко” компаниас орчуулан хэвлүүлсэн уг номын нээлтийг наадмын өмнөхөн хийсэн юм. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уригдсан нь сонирхол татав. Олон хоног үргэлжилсэн борооны улмаас нийслэлийн гудамж барилгууд усанд автаж, хотын зам, хооролол дунд үүссэн “бассейн”-уудаас иргэд, оршин суугчдыг авран хамгаалаар ажилласан онцгой, цагдаагийнхан бууж амжаагүй байсан үе. 

Харвардын профессор Роналд Хэйфэцийн бичсэн “систем анализ чиглэлийн” энэ ном уншихад нэн хялбарын дээр номын эхний гурван нүүрийг дамнасан гарчигууд нь тэр чигээрээ мэдээлэл. Бидний өмнө уншиж дассан энэ төрлийн номуудаас ялгаатай нь үргэлжилсэн том нийтлэлээр ойлгоход хүнд, хэцүү бэрх сэдэв хөндөөгүй, амьдралд тулгардаг эгэл жирийн асуудлууд дээр түшиглээд түүнийг шийдвэрлэх арга замуудыг эрж хайх, сэтгэлгээ болон харилцаа хандлагаа хэрхэн өөрчлөх тухай л бичсэн, ширээн дээрээ тавьчихаад завтай цагтаа, хэрэгцээтэй үедээ эргүүлж хараад байх боломжтой. 

Номын зохиогчтой хамт номын хавтас дээр бичигдсэн Александр Грэшоу, Марти Линскний нар бол уг номыг бүтээхэд хүргэж, амьдралынхаа туршлагаас хуваалцсан, сэдэл санаа өгсөн найз нөхөд, хамтран зүтгэгчид нь юм. “Хөрвөх чадвартай менежмент” гэдэг онол, ойлголтын оюуны шавыг одоогоос 30 гаруй жилийн өмнө тавсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил гүнзгийрүүлэн судалж, амьдрал практикаар шалгагдсаны үр дүнд энэ ном бүтжээ. Номын зохиогч энэ тухай “Хэрэв та өөрчлөгдөн буй ертөнцөд дасан зохицоход нь байгууллага, орон нутаг, нийгэмдээ туслах, хийхийг хүсч буй хамгийн чухал зүйлдээ амжилт гаргахыг хүсч байгаа бол энэ ном таны гарын авлага болно” гэсэн байна. Бүр “Номыг хэрхэн хэрэглэх вэ?” гэдэг зааварчилгаатайгаа хэвлэгдсэн.

Хөрвөх чадвартай удирдлага гэж юу вэ?

Юун түрүүнд, яагаад бид энэ тухай бодох шаардлагатай болсон бэ гэдгээс эхэлье. Эхлээд бидний өмнө өдөр тутам тулгардаг асуудлуудыг хоёр ангилсан байна. “Энгийн” болон “хөрвөн чадвар шаардсан” гэж. Энгийн асуудлыг бид юунаас болж үүссэн, хаанаас эхтэйг нь харж чадах, юу хийх ёстойгоо түүртэлгүй мэдэж чадах боловч “хөрвөх чадвар шаардсан асуудал” нь илүү хүнд бөгөөд ямар шалтгаантайг шууд харах боломжгүй байдаг. Тухайлбал, “зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ” гэвэл тухайн үйлчилгээг үзүүлж байгаа компанитай шууд хариуцлага ярина. Хэн нэг нь санаатай галдаагүй л бол шүү дээ. Гэтэл сая орсон үерийн борооны дараа нийслэлчүүдэд маш “том” асуулт үлдсэн. Хэн буруутай вэ, хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг. 

Мэдээж иргэд нийтээрээ хотын захиргаа болон барилгын зөвшөөрөл өгдөг, авдаг нөхдийг буруутгасан, Ерөнхий сайд нь өөрөө үерийн ус хааж барьсан “авилга хороолол” гэгчийг нураах үүрэг даалгавар өгөөд явсан. Гэсэн хэдий ч зөвшөөрлийг хэн, хэзээ өгсөн, хот төлөвлөлт болон барилга барих ямар норм дүрмийг зөрчсөн гэх мэт олон асуултад одоогоор албан ёсны хариулт, бүрэн бүтэн мэдээлэл байхгүй л яваа. Тэгээд уг барилгыг нураалаа гэхэд хохирлыг нь хэн төлөх вэ? Зөвшөөрөл өгсөн албан тушаалтан уу, норм дүрэм зөрчөөд барилга барьчихсан хувийн компани уу, эсвэл энэ бүхнийг харсаар мэдсээр байж худалдан авалт хийсэн иргэд үү? гээд маргаад явж байсан чинь бас нэг мэргэжилтэн гарч ирээд “Угаасаа Улаанбаатар хотын үерээс хамгаалах далангуудын 90 хувь нь хугацаа дууссан, ашиглах боломжгүй болсон” гээд мэдээлэл хийчихсэн. Ингээд нөгөө асуудал маань нийт дундаа ороод замхрах замдаа орсон л доо. Одоо тэгээд цаг хугацааг л буруутгадаггүй юм бол өөр буруутан олдохоо ч больж байх шиг байна.

Ингээд харахаар хөрвөх чадвартай удирдлага, менежмент гэдэг нь энгийнээр хэлбэл асуудлыг зөвхөн нэг талаас, нэг өнцгөөс харах биш, олон талаас нь, бүхэлд нь харж, түүн дээрээ дүн шинжилгээ хийгээд, тохирсон шийдвэрийг гаргах чадамжийн тухай шиг байгаа юм. Өмнө нь гэсэн бидэнд тулгарч байсан, ярьдаг л байсан асуудал мэт боловч энэ номд “асуудал тулгарчээ” гэдгийг юугаар оношлох, яаж шийдвэрлэх вэ? гэдгийг үе шат нэг бүрээр нь задлаад, зааварчлаад өгчихсөнд гол учир байна. Өмнө бид энэ ойлголтыг “өрсөлдөх чадвар” гэдэг үгээр орлуулдаг байсан ч байж магадгүй. С.Баяр Ерөнхий сайд асан энэ номын тухай их товчхоноор “Орчноо судал, боломж бололцоогоо тооцоол” гэж хэлсэн нь их оносон мэт санагдсан. Харин номын зохиогч үүнийг “Бүжгийн талбайг дээрээс нь харах”, “тагтан дээрээс шинжих” гэх мэтээр зүйрлэсэн байдаг.

Дээр нь энэ номд хэлсэн бас нэг чухал санаа бол, өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэйд тооцогдож ирсэн маш сайн, чадварлаг мэргэжилтэн байх нь байгууллагад хангалтгүй. Харин тэр мэргэжилтэн буюу хүмүүс, эсвэл байгууллага, хамт олон өөрөө өөрчлөгдөн байгаа ертөнц, нийгэм, соёлын шаардлагад тохируулан харилцаа хандлагаа хэрхэн өөрчлөх вэ? гэдэг тухай юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдчихөөд байхад хүмүүс урьдын арга барил, шийдлээрээ ажилласаар л байдаг. Уламжлалт арга барилдаа автсанаар хүмүүс илүү их үр дүн авчирах өөр шийдлүүдийг олж хардаггүй. Гэтэл нөхцөл байдал зөвхөн эдийн засаг, инженерчлэл шиг тоон утгаар өөрчлөгддөггүй. Тиймээс “Нөхцөл байдлыг шинжлэхдээ хүний хүчин зүйлийн үүднээс мөн авч үзэх, танайхан хэр хурдан өөрчлөгдөж чадах, зөрчилдөөнтэй, тогтворгүй байдлыг хэр сайн тэвчих, урьдын соёлоос нь юуг хаях, юуг хадгалж үлдэх, хөгжүүлэх, өөрчлөлтийн хүндрэлийг ямар холбоо сүлжээгээр давж гарах вэ гэдгийг шийдэх ёстой. Асуудал нь хүмүүст байдаг тул шийдэл нь ч тэдэнд байдаг. Тиймээс хөрвөх чадварын сорилтыг шийдвэрлэхийн тулд тухайн асуудалтай хүмүүс хоорондоо ажиллах ёстой” гэсэн байна.

Нэг зүйлийг тодруулахад, хөрвөх чавартай удирдлага, менежментийн тухай энэ ярианд ихэвчлэн ”байгууллага, хүмүүс” гэдэг үгийг ашигласан байгаа боловч бүхэлдээ бол тогтолцооны тухай юм. Хүмүүс ч гэсэн тогтолцооны нэг хэсэг нь, тэр тогтолцоог, дүрэм журмыг бий болгож байгаа эд эс нь. Тэгэхээр тогтолцоог шүүмжлэхээсээ өмнө түүнийг бий болгож байгаа хүмүүстэй, хүмүүс хоорондоо ажиллах ёстой гэсэн үг. Тогтолцоо буюу байгууллага гэдэгт төр, нам, төрийн байгууллагууд гээд бүгд багтана. Тэр бүгдийг үр дүнтэй, ажиллуулахад, өөрчлөгдөж хөгжихөд энэ ном тус дөхөм, гарын авлага болох юм л даа.