Арслангийн анир
Өндөр хавцлын цас ханзран гулсахтай төстэй ч юм шиг битүү хүрхэрэх мөртлөө цаанаа л нэг айзамсаг алсдуу чимээнээр сэрж орхив. Лавшруулан чих тавихуй өнгөрсөн шөнийн тасалдангуй, аядуухан архиралтай төстэй дуулдах. Арслангийн анир.
Тэр сүрлэг шар бээр хүчирхэг, зоримог, тэвчээртэй, эрэлхэг, омогтой мөртлөө эгэл бөгөөд үзэсгэлэн төгөлдөр төрхтэй. Зогдор нь өтгөн бөгөөд урт. Амьтны ертөнцийн хааны ихэмсэг харцтай. Түүнд дайсагнах өөр эрэлхэг араатан байхгүй.
Өндөр хавцлын цас ханзран гулсахтай төстэй ч юм шиг битүү хүрхэрэх мөртлөө цаанаа л нэг айзамсаг алсдуу чимээнээр сэрж орхив. Лавшруулан чих тавихуй өнгөрсөн шөнийн тасалдангуй, аядуухан архиралтай төстэй дуулдах. Арслангийн анир. Яагаад ч юм тэр хооронд хөгшин аавын минь гэрийн хойморт миний мэдээнд ороход л байсан хөх арслангийн зүмбэртэй хос улаан шар авдар нүдэнд харагдах шиг болов. Тэгснээ хөгшин ээж минь тэр авдраас хатаасан алим, чөмөгтэй чихэр, бор үзэм авч алган дээр тавих шиг санагдав. Шөнө дөл чоно улих чимээнээр сэрмэгцээ хөгшин аавынхаа өвөр рүү тэмтчин ордог ч бас зурсхийв. Юутай гоё дурсамж, алс холын Танзани оронд. Дотроо бэлэгшээж бурхан буурлууддаа залбирав.
“Аргил хоолойт”
Тэр дахиад л архирах, нэг өтгөн, нэг шингэн аястай. Архиралт бүрийн эхлэл, төгсгөл нь өөр өөр, айзам түрэлт нь янз бүр, өнгө аяс нь уянгалаг. Энэ бүхэн нь өөрийн сүрэг дэх арслан, эрслэн, гүегтэйгээ хүүрнэх, ойр холын бусад сүрэгт өөрийгөө мэдрүүлэх, зарим амьтныг сүрдүүлэх хэл, дохио гэлцэнэ. Тэд бараг 7 км-ийн алсаас нэг нэгнийгээ сонсож ойлгодог гэж бичсэн байх юм. Мань мэт нь арслангийн хэл байтугай нутгийн масай болоод свахили хэл ч гадарлахгүй юм чинь. Гэхдээ Танзани орны Серенгэтийн тал нутгийн баруун хойд хормойн толгод дунд ингэж сэрэх нь үнэн гайхамшиг. Өчигдөр үдэш манай отгийн харуулын албаны болцгор хар хүрэн залуу зориуд “шөнө, үүр, өглөө эрт отгийн гортигоос гарах нь аюултай. Хориотой.” гэсэн нь учиртай байж. Би ч гялс бослоо. Арслантай таарах азтай өдөр ч юм уу гэж горьдсон хэрэг шүүдээ. Зураг авах шунал л хамаг бие эзэмдэх.
Серенгэтийн тал руу зүтгэсэн минь учиртай. Энэ тал нутагт хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, дуран авайгаар хань хийж явахуй дор заримдаа манай дорнын ханагар талын намрын эхэн сарыг санагдуулна. Тэндэхийн баруун хойд биеийг эрээн тахь, гөрөөс, зээрийн сүрэг өвч хучиж амгалан бэлчинэ. Серенгэти бүхэлдээ зэрлэг амьтан, шувуудын эх орон. Тэнд цэлгэр уудам тал, хөндийгээс гадна гол мөрөн, нуур цөөрөм харамгүй олон заяажээ. Тийм учраас Серенгэти бол арсланд хамгийн таатай бөгөөд ээлтэй газар санж. Идэш хоол, ус чийг элбэг гэсэн үг. Ийм нутаг Африкт цөөхөн гэж нутгийнхан хуучлах дуртай.
Бид гурав гартаа аяга кофетэй, нуруундаа хүнд цүнхтэй, гар болоод нүүрэндээ хомхойн шумуулын тостой мордлоо. Нөгөө үүрээр архирсан аваргыг олж харах, тэгээд дөхөх ажилд гарч буй нь тэр. Нар мэлсхийн мандмагцаа гал халуун цацрагаар шарж эхлэв. Манай жолооч Эжиль, газарчин Кибинго хоёр тоосон ч шинж алга. Нар, шумуул хоёргүй бол амьдрал уйтгартай гэх янзтай.
“Үргэсэн хоёр”
Гэвч цаг гаруй давхиж нөгөө баримжаалсан газартаа очтол хэдэн импала гөрөөс л харагдана. Тэдний зарим нь идээшилж, зарим нь хэвтчихсэн хэвж байгаа нь ойр хавьд махчин амьтны үнэр ч байхгүйг гэрчилнэ. Арслан гэдэг араатныг барьж уях арга чаргагүй болохоор яалтай ч билээ. Нар хэвийх хүртэл матар, усны адуу эргүүлэхээр шийдэж хөдөллөө. Замдаа түр саатаж хавь ойрыг нэгжин дурандахуй алсад хоёр эрслэн нэг хэвтэж, нэг босож харагдав. Нар, салхи тааруулах гэж мунигнасаар дорвитой ч дөхөж базаасангүй. Салхи гэнэт эргэхэд тэд үнэр аваад босч одоход нь амжиж ганц хоёр дарж билээ. Матар, усны адуу хоёр бол ус бараадаж амьдардаг болохоор шумуулыг эс тоох. Өдөр, хоногт хавчигдаж явсан учраас ямбалах аргагүй. Тэр өдрийн ихэнхийг гол, цөөрөм эргүүлж өнгөрөөсний хүчинд богц хоосонгүй эргэлээ.
Ялаа, шумуулаас холдож аяга цай, зүсэм хиам, ганц банан залгиж аваад арслан хайх ажилдаа эргэж оров. Серенгэтийн том улаан нар хэвийхтэй зэрэгцэн өдрийн халуунд энд тэндэхийн мод, бут, сөөгний сүүдэрт хэвтэж өнжсөн амьтад амилж байх шиг.
Арслан бээр Мийн овгийн сүүн тэжээлт, махчин араатан. Энэ овог дотор зөвхөн арслан сүрэглэдэг нь онцлог гэх. Ижил овгийн бар ч, ирвэс ч сүрэг хураадагүй аж. Нас гүйцсэн хашир арслан хоёр, гурвуулаа нийлж 10-аад эрслэн хурааж захирдаг. Толгой арслан нь сүргээ тэргүүлж, түүнийг хамгаалах, зөвхөн анааш, заан, тахь, усны адуу зэрэг том амьтан ангуучлах албатай. Харин эрслэн бол огтоноос эхлээд гөрөөс мэтийг авлаж сүргээ цатгах үүрэгтэй. Долоон нас хүрсэн арслангууд л сүргийн тэргүүний төлөө өрсөлдөх эрх эдэлдэг. Тэгээд хөгширсөн толгойлогчоо гадуурхан хавчиж, урж хазаж хөөдөг байна. Тэгж хөөгдсөн өвгөн арслан ганцаараа тэнэж бэдэрсээр өлбөрч, эсвэл зөнөж үхдэг тавилантай гэнэ.
Арслан ер нь ихээхэн залхуу амьтан. Өдөрт бараг 20 цаг хэвтдэг. Сүргээ хамгаалах, азаргалах, ангуучлахад бэлтгэж хүч тамираа нөөцөлж буй нь тэр санж.
“Болзооны дохио”
Бурхнаас арслангийн сүүлний торгон үзүүрт, мөн хоёр чихнийх нь ард тус тус хар үс заяажээ. Эдгээр нь “дохионы хэл”-ний чухал хэрэгсэл гэдгийг судлаачид тогтоож. Өндөр өвс ургамал дунд явахдаа сүүлээ өргөж үзүүрээр нь эрслэн, гүег нараа залдаг гэнэ. Тэрхүү өргөлт нь тогтсон хэмжээтэй, гэхдээ тэр бүр нь өөр өөр утгатай гэх. Хоёр чихээ хулмайлгаж хар үсээ харуулах нь сэрэмжлүүлэх дохио. Соёо шүдээ гаргаж ярзайх, чихээ босгох, сүүлээ шилбүүрдэх нь уур уцаар, аюул занал, ноцолдох уралцахын цондон гэх. Уралцах нь даамжирч алалцахад хүргэдэг гэнэ. Ийм аюулаас зайлсхийхийн тулд архирааны хэлээр ойлголцохыг оролддог. Үүнээс гадна шээсээрээ эзэмшил газрынхаа хилийг тэмдэглэж тогтоодог нь өөр нутаг дэвсгэрийн сүргээс хамгаалах арга аж. Хил зөрчвөл шууд дайсагнадаг араншинтай.
“Анирдахуй”
Тэнгэрийн хаяаг цээнийн ягаан өнгөөр зүмбэрлэн хээлсэн наран авхай жаргах харгуй бид Серонэра голын хойд руу орж сийрэгдүү модтой, чулуурхаг намхан толгодын дундуур чимээ анир чагнаж гэлдэрцгээв. Гэхдээ арслантай тулж учрах эрсдэлтэй учраас машинаас буух хориотой.
Төдөлгүй алсдуухан нэгэн түрэмгий гоцлогч эхлэж, түүнийг шүтэгч нь дагаж, гуравдагч нь түрж “жинхэнэ дуурь” эхлэх нь тэр. Бөөн баяр. Машинаа унтраав. Тэд чингэж “дуурьдах” нь жаргаж буй наран доорх амгалан хөндийг цочроох гэсэн мэт. Тэгснээ гэнэт таг чиг болчихов. “Тэднийг ижил нь орхиж одсон учраас гомдсон тухайгаа ярьж байна” гэж Кибинго “орчуулав”. Нөгөөдүүлийнхээ өгөх хариуг чагнаж дуугаа хураасан гэлтэй. Бид сэмхэн давшлаа. Төдөлгүй хүрэн шавар довцог дээр цомцойн сууж чимээ анирдан сортолзох хоёр эрслэнгийн бараа авч гар хөл, нүд нүүр, зүрх уушиг минь эрчлэв.
“Дотносол”
Нэг сүргийн хоёр эрслэн зэрэгцэн түшилцэж зүүнш харуулдах нь үдшийн зоогондоо агнах гөрөөсний анир чимээ, үнэр танар, зүс бараа, зам мөр тандах зуураа нөгөө тасалдсан архиралтын учир начрыг тунгааж байгаа маягтай. Тэр нь ч надад бөөн боломж олгов. Аппаратны минь товчлуур халуу оргиж билээ гэвэл хэтэрчих болов уу.
“Сүрлэг шар”
Манай хоёр эндээс хөдлөхийг яаруулсаар. Гэтэл аргил бүдүүн хоолой зугуухан түрж, төдөлгүй далайн давалгаа лугаа хүрхэрэх чимээнд чих дүлийрч, машин чичрэх мэт болов. Айдсанд автагдсан боловч баярлан түнтэгнэлээ.
Кибинго зангасны дагуу би шагайж “гох”-оо дарсан юм. Шовх бор довцогийн сүүдэрт бөгсөн биеэ далдаж, нүүр толгойгоо нарны туяанд ил гаргажээ. Хоншоор, хацарт нь цус харагдах. Зоог барьсан нь илт. Тэр над руу эгц ширтмэгц би нүдээ тас анив. Түүний омог сүрт би шалчийв. Тэр ашгүй цааш эргэж би Серонэра голын лус савдагт залбирч хоцорсон юм.
Тэр сүрлэг шар бээр хүчирхэг, зоримог, тэвчээртэй, эрэлхэг, омогтой мөртлөө эгэл бөгөөд үзэсгэлэн төгөлдөр төрхтэй. Зогдор нь өтгөн бөгөөд урт. Амьтны ертөнцийн хааны ихэмсэг харцтай. Түүнд дайсагнах өөр эрэлхэг араатан байхгүй.
Олзондоо сэтгэл ханасан бид тэнгэрийн хаяанаас цухуйх хавирган сартай уралдан отогтоо эргэж ирсэн юм. Тэгээд “Серенгэти” хэмээх хүйтэн шар айраг тулган баярлацгааж билээ.
Маргааш өглөө нь Кибинго эрт ирж өөр сүргийн сураг гаргасан гэв. Кофе ч авах сөхөөгүй хөдөллөө. Үр дүнд нь хоёр арслан, дөрвөн эрслэнтэй сүрэгт дөхөж явгалаад нууцхан газар олж тухтайхан сахиж суув. Тэд өвөр хоорондоо наадах янзтай. Яг ийм үед л тэд заримдаа содон ааш авир, өвөрмөц үйл хөдлөл гаргах магадлалтай.
Эрэгчин, эмэгчний явдал ч үүсч мэдэх. Ер нь арслан, эрслэнгийн ороо гойд сонин гэж эрдэмтэд бичжээ. Ид халуун үедээ дөрвөн өдөр, шөнийн турш хорин минут тутам хавьтна. Нэг удаагийн хавьталт нь ганцхан минутын ажил. Дараа нь эрслэн хөрвөөх, сунайх, зүүрмэглэж хэвтэх дуртай аж.
“Жаргалтай агшин”
Эрслэн үр хөврөлөө 3 сар гаруй тээж 1-4 гүег төрүүлэх бөгөөд тэд нь 10 сар хүрч байж маханд ордог аж. Тэр өдөр надад дүрсгүй бяцхан гүег бас тааралдаж бөөн аз гийв. Гэхдээ арайхийж ганцхан зурагтай үлдсэн юм. Үен шиг үргэлж хөдлөөстэй, нялх учраас эрхдүү бөгөөд гэнэн амьтан. Өхөөрдмөөр хөөрхөн. Одоо ч гэсэн нүдэн харагдах.
“Дүрсгүй бандь”
Миний бие бага залуугаасаа алдарт Эрнест Хэмингуэйн “Африкийн ногоон толгод”-г шүлтэж уншсаар Танзани, Кени нутгийн арслан, үчимбэр, заан, усны адуу, анааш, тахь, ирвэс, гөрөөс, зээр, матар, түмэн зүйлийн шувуудыг үзэх хүслэнд донтсон нэгэн бөлгөө. Хэмингуэй бээр Африк тивд очих мөрөөдлөөр намайг тийнхүү тарьчихсан юм. Мөрөөдөл минь анх 1989 онд биелэх аз тохиосон болой. Тэгж Монголоос Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад очиж аялсан анхны монгол хүн болсон минь өнгөрсөн түүх.
Түүнээс хойш хүмүүн болоод амьтны жаргалын өнгө аяс, нарны нандин үнэртэй энэ тив рүү нэг биш удаа морджээ.
Эдүгээ манай олон нийт Африк тивийн улс орон, түүх, соёл иргэншлийн тухайд сайн мэддэг болжээ. Ялангуяа тэндэхийн амьтан, жигүүртнийертөнцийг хэвлэл, мэдээлэл, интернэтийн сүлжээнээс хангалттай үзэж, таньж мэдэж буйд эргэлзэх юун.
Гэхдээ миний бие фото зураг сонирхогч бөгөөд сайн дурын сэтгүүлчийн хувьд Африкийн амьд байгалийн өв, түүний дотор зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын тухай өгүүлж таниулах хүсэлд нэвт шувт автсан нэгэн. Үүнээс л үүдэж “Эс хайрлахын аргагүй ертөнц” цуврал минь мэндэлсэн учиртай. Монгол хүмүүний нүд, хөдөлмөр, зүтгэлийн бүтээл гэхүү дээ. Гэвч эгэл сонирхогч миний аяны богц болбоос фото зургийн дотоод, гадаадын мэрэгжлийн аваргуудад хүрэхгүй нь мэдээж хэрэг. Тийм ч гэсэн өчүүхэн миний тэрлэсэн нийтлэлүүдийг тоож болгоодог уншигчдадаа талархаж явдаг болно.
“Эс хайрлахын аргагүй ертөнц” цуврал
(Африкийн дурсамжаас)
2020.03.10