АНУ дахь монголчууд анх удаагаа Ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцох гэж буй билээ. Энэ түүхэн үйл явдлын талаар Монгол улсын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэсийн дарга Бямбаагийн Мөнхжаргалаас цөөн зүйл тодруулав.

Вашингтон дахь манай ЭСЯ дээр сонгуулийн хэддүгээр тойрог байгуулагдаад, ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг хэрэгжүүлэх үүрэг бүхий комиссын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар дэлхийн30 улс, 9 хотод салбар комисс байгуулагдан, МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.

АНУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахаар Вашингтон дахь ЭСЯ, Сан Франциско дахь ЕКГ, Нью-Йорк дахь БТГ-т нийт 3 салбар комисс байгуулагдан ажиллаж байгаа.Вашингтон хотын хувьдЭлчин сайдаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй 9 дүгээр салбар комисс ЭСЯ дээр байгуулагдан ажиллаж байна.

Энэ жил АНУ, тодруулбал, Вашингтон хотоос хэдэн сонгогч бүртгүүлэв?


Энэ жилийн МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Вашингтон дахь салбар комисст 886 иргэн, Сан Францискод 195, Нью-Йоркт 81, нийт 1162 сонгогч бүртгүүллээ.

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ялангуяа Вашингтон хотын сонгогчдын тоо эрс өссөн байна.ЭСЯ бүртгэл дээрээ сайн ажиллажээ дээ?

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд бүртгүүлсэн сонгогчдын тооноос энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын тоо нэлээн өссөн нь бүртгэлийг цахим, онлайн хэлбэрээр авсантай холбоотой. Нөгөөтэйгүүр гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссоос өгсөн чиглэлийн дагуу иргэд сонгогчдыг бүртгэхээр Монголчуудын холбоо, Монгол Соёлын Төв, Эмэгтэйчүүдийн холбоо, Оюутан залуучуудын холбоо, төрийн бус болон олон нийтийн бусад байгууллагатай нягт хамтран ажиллаж,тэд маань ч интернэт, цахим сүлжээ, үүрэн сүлжээ, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалга, зар, мэдээг идэвхтэй тараан ажиллалаа.

Сонгууль яг хэднээс хэдний өдөр болох билээ? Сонгогчид ямар хуваариар ЭСЯ дээр ирж саналаа өгч болох вэ?


Вашингтон хот дахь ЭСЯ-нд бүртгүүлсэн сонгогчид 2013 оны 6 дугаар сарын 14-ний Баасан, 15-ны Бямба, 16-ны Ням гарагуудад нийт 3 өдрийн турш өглөө 07 цагаас оройны 10 цагийн хооронд ЭСЯ дээр ирж сонгуульдаа саналаа өгнө.

Ирэхдээ ямар бичиг баримттай ирэх вэ?

Тухайн сонгогчийн нэр, регистрийн дугаарыг тулгах шаардлагатай тул иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын нэгийг авчрах ёстой. Дашрамд дурдахад Гадаад паспортын хугацаа дууссан ч гэсэн ирж саналаа өгөх боломжтой гэдгийг сануулъя.
    
Сонгогчдод анхааруулж хэлэх зүйл юу байна?

Нийт бүртгүүлсэн иргэдийг Улсын бүртгэлийн газраас шүүж үзэхэд регистрийн дугаар буруу, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, овог нэр зөрсөн цөөхөн тохиолдол гарсныгбүртгэлээс хассан байгаа.

Энэ удаагийн сонгууль 3 өдөр дараалан, хагас, бүтэн сайн таарч байгаа тул сонгогчид маань ажил төрлөө зохицуулан, ЭСЯ-ндаа ирж саналаа өгөхийг урьж байна. Иргэдийн автомашины зогсоол, тухайлбал ЭСЯ-ны гаднах зогсоолыг салбар комисоос өөрсдийн боломжоор зохицуулахыг хичээж байна.

Монгол иргэд, байгууллагууд бас тусалж байгаа гэсэн?

Тийм ээ, ДС орчмын Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагууд өөрсдөө зохион байгуулалт хийн, өөрсдөө санаачлан, унаа машин зохицуулж, тодорхой цэгүүдээс унааны боломжгүй иргэдийг зөөхөөр ажиллаж байгаад талархаж байна.

Мөн нэмж хэлэхэд, энэ удаагийн сонгуулийн хуулийн дагуу АНУ шиг том газар нутаг, олон муж улстай гүрний хувьд тэр болгон ЭСЯ дээрээ, өөрийн биеэр ирж саналаа өгөх боломж хомс байгааг бид ойлгож байгаа. Гэсэн хэдий ч Чикаго хотын сонгогчид, Монголчуудын холбоо өөрсдөө санаачлан 700 гаран майл буюу 1100 гаран км-ын алсаас Вашингтон хот дах ЭСЯ-ндаа ирж саналаа өгөхөөр Сонгууль тур-аяллыг зохион байгуулж байгаа нь иргэд сонгогчид сонгох эрхээ эдлэхийн тулд үнэхээр их идэвхтэй байгааг харуулж байна. 



Ярилцсан М. Саруул-Эрдэнэ