Сайн зөвлөгөө бадмааргаас ч ховор
Уншигч авхай танд Өрнө, дорно хэмээх богино өгүүллэгийн анталогт багтсан “Сайн зөвлөгөө бадмааргаас ч ховор” өгүүллэгийг орчуулснаа толилуулж байна.
Маш цөөн зохиолч л амьд ахуйдаа алдар хүндийн оргилд гарсан байдаг. Тэдний нэг бол Салман Рушди. Түүний тухай зохиолчид өөрсдөө зохиол бичдэг. Өнөөг хүртэл түүний тухай найман бүтээл хэвлэгдээд байна.
Салман Рушди 1947 онд Энэтхэгийн Мумбай хотод төрж, Англид боловсрол олж авчээ. Тэрээр олон бүтээл туурвиснаас хамгийн алдартай нь Midnight’s Children, Satanic Verses зэрэг мистисизмийн өнгө аястай зохиолууд. Удаах зохиол нь түүнийг бараг л үхлийн ирмэгт аваачсан. Исламын хуулиар түүнд уг зохиолынх нь төлөө алах ял оноосныг хожим хүчингүй болгож байв.
Уншигч авхай танд түүний Өрнө, дорно хэмээх богино өгүүллэгийн анталогт багтсан “Сайн зөвлөгөө бадмааргаас ч ховор” өгүүллэгийг орчуулснаа толилуулж байна.
Сарын сүүлийн Мягмар гарагт шөнийн автобус гэрэл нь асаалттай чигтээ Британийн консулын газрын үүдэнд Рэйна авхайг хүргэж ирэв. Автобусын явдалд дэгдсэн замын тоос бүсгүйг бууж ирэх хүртэл гоо үзэсгэлэнг нь бусдаас нууж байв. Өнгө алаглуулан будсан автобусны хамар дээр “Яваарай хонгор минь”, ард нь “Тата-Бата”, “За, сайхан-амьдрал” гэх үгсийг ногоон, алтлаг шар өнгө холин угалзруулан бичжээ. Рэйна авхай жолооч дээр очоод гоё автобус байна гэж магтахад мөнөөх эр огло харайн буугаад, бөхөлзөж нахилзсаар авхайд хаалга онгойлгож өгөв.
Рэйна бүсгүй зурж, будах ч хэрэггүй дүрлийсэн хар нүдтэй аж. Зөвлөгөөний мэргэжилтэн Мухаммед Али тэднийг хараад өөрийгөө залуу болсон мэт санажээ. Тэр бүсгүйг Консулын хашаанд ойртон ирээд алтан товчтой дүрэмт хувцас, толгойн алчуураар гоёсон өтгөн сахалтай харуултай ярилцахыг харж зогсов. Мягмар гарагийн бүсгүйчүүдэд их л бүдүүлэг аашилдаг харуул энэ удаад Рэйна авхайд тун хүндэтгэлтэйгээр хариулж байна.
“Хагас цаг” гэснээ сөөнгө дуугаар цааш “Магадгүй хоёр цаг болох байх. Хэн мэдлээ! Сахибууд өглөөний цайгаа ууж байгаа биз” гэв.
Автобусны буудал, Консулын газар хоорондын шороо тоостой хэсэг гивлүүр зүүсэн эсхүл Рэйана авхай царайгаа нуулгүй зогсоо Мягмар гарагийн бүсгүйчүүлээр дүүрчээ. Бүгдийнх нь царайд айдас тодорч, итгэлтэй харагдахыг хичээх авга, ах нарынхаа гарыг түшин зогсоцгооно. Харин Рэйна авхай л тэнд ганцаараа иржээ. Бас ер сандарсан шинжгүй харагдана.
Эдэн дундаас хамгийн эмзэг харагдаж байгаа нэгэнд нь зөвлөгөө өгөхдөө мэргэшсэн Мухаммед Али ер бусын, том нүдтэй, биеэ даасан мөнөөх бүсгүйн зүг алхаагаа чиглүүлэв.
“Хатагтай?” гэж тэр яриа өдөн, “Та Лондон явах зөвшөөрөл авахаар энд ирээ юү?” гэж асуув.
Консулын газраас холгүй орших оромж, овоохой битүү шавсан бяцхан тосгоны халуун зууш зардаг мухлагийн гадна халуун ногоотой пакора идэж зогссон бүсгүй түүнийг ийн асуухад нь эргэн хараад, “Тийм ээ” гэж хариулав.
“Тэгвэл танд хэдэн зөвлөгөө өгөхийг минь зөвшөөрч ажаамуу. Ердөө ч үнэтэй биш.”
Рэйна авхай инээмсэглээд “Сайн зөвлөгөө бадмааргаас ч ховор байдаг юм” гэв. “Харамсалтай нь би мөнгө төлж чадахгүй ээ. Би өнчин өрөөсөн хүн, таны хайж байгаа чинээлэг авхай нарын нэг биш.”
“Буурал үсэнд минь итгэж хайрла” гэж Мухаммад Али мөчөөгөө өгөхгүй охиныг шавдуулаад “Миний зөвлөгөө олон жилийн туршлагаас урган гарсан юм шүү. Та сайн гэдгийг өөрөө мэднэ ээ.”
Бүсгүй толгой сэгсрээд “Би танд ядуу хүн гэдгээ хэллээ шүү дээ. Энд гэр бүлээ дагуулан ирсэн хүүхнүүд байна, бүгд л хөрөнгө чинээтэй айлын охид гэдэг нь илт. Тэдэн дээр оч л доо. Сайн зөвлөгөө болсон хойно сайн мөнгө олно шүү дээ.”
Би яг солиорсон байх. Ийн бодох зуураа Мухаммад Али дотор сэтгэл нь догдолсон хэвээр “Хатагтай, хувь заяа намайг тань дээр авчирсан байх. Яалтай билээ? Бидний уулзалт хэдийнэ бичигдсэн байж. Би ч бас ядуу хүн, гэвч миний зөвлөгөө танд бол үнэгүй” гэлээ.
Бүсгүй ахин инээмсэглэв. “Тэгвэл би сонсох нь зүйтэй байх. Хувь заяа бэлэг илгээж байхад авахгүй бол аз харих биз.”
Бүсгүйг тосгоны нэг захад байх ажлын булан руугаа дагуулан явав. Тэр сонины цаасанд боосон пакорагаа идсэн чигтээ араас нь дагав. Түүнд идэх юмнаасаа өгсөнгүй.
Мухаммад Али шороон дээр олбог дэвсээд “Ийш сууна уу” гэвэл бүсгүй хэлснээр нь болгов. Тэр жижигхэн ширээний ард бүсгүйн өөдөөс харж завилан суух зуураа дор хаяж хоёр гурван эр түүн рүү атаархан харж, ядуу тосгоны бүх эрс хөгшин буурал толгойтой эрийн үгэнд автсан үзэсгэлэнтэй залуу бүсгүй рүү харц унаган байгааг зөнгөөрөө мэдрэв. Тайван байдлаа хадгалах гэж гүнзгий амьсгаа авлаа.
“Таны нэр алдар?”
“Хатагтай Рэйна. Лондоны Брадфордын Мустафа Дарын сүйт бүсгүй.”
“Английн Брадфорд” гэж бүсгүйн үгийг засаж өгөөд “Лондон яг л Мултан, Бахавалпур шиг тосгон л гэсэн үг. Харин Англи бол дэлхийн хамгийн хүйтэн загас байдаг аугаа улс байгаа юм.”
“Тийм бий вий. Баярлалаа” гэх бүсгүйн хүйтэн хөндий хэлсэн үг тоглоом шоглоом мөн эсэхийг хөгшин эр ялгасангүй.
“Та өргөдлийн маягт бөглөсөн үү. Хэрэв тийм бол надад харуулаач.”
Бүсгүй тэгэхэд нь бор дугтуйнаас нямбай гэгч нь нугалсан бичиг баримтууд гаргаж түүнд өгөв.
“Энэ болох уу?” гэхэд дууны өнгөнд нь анх удаа бухимдсан байдал илрэв.
Бүсгүйн гарыг шүргэх шахам ширээгээ зөөлөн алгадаад “Болно оо. Түр хүлээгээрэй, би шалгаадхъя” гэлээ.
Бичиг баримтыг нь шалгах зуур бүсгүй пакорагаа идэж дуусав.
“Тип-топ” гэж уртаар уянгалуулаад хөгшин эр “Бүх зүйл ном журмын дагуу байна” гэдгийг дуулгав.
“Таны зөвлөгөөнд баярлалаа” гэж хэлээд бүсгүй босохыг завдав. “Одоо би очиж, хаалганы дэргэд хүлээе дээ.”
“Та ингээд л болоо гэж санаа юу?” гэж хөгшин эр духаа өргөн орилох шахам хэлээд “Та энийг их амархан ажил гэж бодоод байх шиг байна. Маягт бөглөөд, хэдэн цаас өгөхөөр танд зөвшөөрөл гаргаад өгнө гэж бодоогүй биз? Хатагтай Рэйна, танд л гэж хэлэхэд, та аль ч цагдаагийн газраас долоон дор газар руу орох гэж байна шүү дээ.”
“Үнэхээр тийм гэж үү?”
Түүний үг хэргээ бүтээжээ. Бүсгүй одоо анхаарлаа хандуулж эхэллээ. Түүнийг ахиад хэдэн хором харах боломжтой болох нь.
Тэр гүнзгий амьсгаа аваад яриагаа цааш үргэлжлүүлэв. Тэгээд түүнд Мягмар гарагт ирдэг бүсгүйчүүд өөрсдийгөө Лютоны автобусны жолоочид эсхүл Манчестерийн мэргэшсэн нягтлан бодогчдын хамаатан садан гэвэл сахибууд тэднийг зальтай амьтад, худалч, хууран мэхлэгчид гэж үздэгийг хэлэв.
Бүсгүй эсэргүүцэн “Тэгвэл би өөрийгөө тэдний нэг биш гэвэл болох юм биш үү!”
Түүний энэ гэнэн байдал эрхгүй өмнөөс нь айх сэтгэл төрүүлэв. Тэр яг л болжмор шиг, харин өмнөөс нь цоо ширтэх залуус бүгд харцага шиг болохыг зүйрлэн хэлэв. Тэд түүнээс хувийн чанартай, тэр бүү хэл төрсөн ах нь асуухаас ичмээр зүйлс асууна гэдгийг анхаарууллаа. Түүнийг онгон эсэхийг асууна, үгүй гэвэл нь, дурлалт залуугийнх нь загас наадуулах туршлага, бие биенээ орондоо юу гэж дууддагийг асууна.
Мухаммад Али бүсгүйг тийш ороод сандарч мэгдэхийг нь багасгах гэж зориудаар эрээ цээргүй ярьж байлаа. Бүсгүйн нүд хэдий тогтуун байх ч сандарч байгаа нь илт хуруу нь ширээн дээгүүр тэмтчинэ.
Тэр цааш үргэлжлүүлэн,
“Тэд чамаас гэр чинь хэдэн өрөөтэй, хана нь ямар өнгөтэй, хэд дэх өдрүүдэд хогоо гаргаж хаядгийг чинь асууна. Тэгээд хархүүгийн чинь гуравдахь үеэлийн нагац эгчийн өргөмөл охины нэрийг асууна. Энэ асуултуудыг хэдийнэ Брадфордод байгаа Мустафагаас чинь тодруулчихсан байгаа. Ганц л алдаа гаргах юм бол дуусаа.”
“Тийм байна” гэж бүсгүй хоолойгоо засан хэлээд, “Та тэгээд юу гэж зөвлөх вэ?” гэв.
Энэ үед Мухаммад Али уг нь өөрт нь нэг танил бий, маш сайн хүн, Консулын газар ажилладаг, төлбөр мөнгө өгөх юм бол түүгээр дамжуулан шаардлагатай бичиг баримтыг өгч зохих тамга тэмдгийг даруулж болно гэж шивнэдэг юм. Ажил хэрэг нь ч их сайн бүтдэг, хүүхнүүд түүнд таван зуун рүпи өгч гарыг нь цайлган, эсхүл өвчнийг нь эдгээх гэж алтан бугуйвч өгдөг.
Тэд хэдэн зуун бээрийн алсаас ирдэг - хашир өвгөн тэднийг мунхруулахаас өмнө үүнийг олж мэдэхээ хүнээр хэлүүлэхгүй - луйвардуулснаа мэдлээ гэхэд эргэж ирнэ гэж байхгүй. Тэд Саргода эсхүл Лалукэт орж ачаа бараагаа яаран баглана, юмыг яаж мэдэх вэ мэхлүүлсэн байх вий гэж хар төрөх үед хэдийнэ хожимдсон байна.
Амьдрал хатуу, хөгшин эр ингэж л амьдралаа залгуулдаг. Тэр Мягмар гарагийн бүсгүйчүүдэд ер нь бол зөөлөн энэрэнгүй ханддаггүй нь илт.
Гэвч ахин нэг удаа тэр дотоод дуу хоолойгоо үл сонсон, дадсан зүйлээ ярихын оронд бүсгүйд хамгийн том нууцаа задалж орхив.
“Хатагтай Рэйна” гэхдээ тэр өөрийнхөө дууг таньсангүй. “Та эрдэнэ адил их ховорхон хүн юм, танд би охиндоо ч хийж өгөхгүй зүйлийг санал болгоё. Таны энэ бүх асуудлыг ганц л далайлтаар шийдэж чадах нэг бичиг баримт надад бий.”
“Тэр ид шидтэй бичиг тань юу юм бэ?” хэмээн асуухад түүний харцанд илэрхий доог илрэв.
Хөгшин эр дуугаа намсган,
“Рэйна авхай, тэр бол Британийн паспорт байгаа юм. Жинхэнэ эд шүү. Надад чиний нэр, зургийг тавиад өгөх найдвартай хүн бий. Тэгээд л Англи орон чиний өмнө нээлттэй болно доо!”
Тэр үнэхээр ингэж хэллээ гэж үү.
Өнөө үед боломжгүй зүйл ч гэж үгүй болж дээ. Бүсгүйд ийм юмыг үнэгүй өгчхөөд хэдэн жил араас нь харуусаж суух вий.
Муу хөгшин зөнөг, гэж өөрийгөө хараав. Хөгшин төгцөг залуу бүсгүй хараад байдгаа тавьж өгөх нь л дээ.
Өршөөгөөрэй би сайн ойлгосонгүй, та намайг гэмт хэрэг хий гэж байгаа юм уу…? хэмээн бүсгүй гайхшран асуув.
“Гэмт хэрэг биш ээ” гэж өвгөн залруулаад, “Ажлыг хөнгөвчилж байгаа төдий юм.”
“...Консулын газрын сахибууд бидний тухай таагүй бодолтой байдаг учраас Лондоны Брадфорд руу намайг хууль бусаар явуулж байгаа хэрэг үү. Үгүй дээ, хөгшин ах минь, энэ чинь ердөө сайн зөвлөгөө биш байна.”
“Английн Брадфорд” гэж тэр засаад “Миний бэлгэнд битгий ингэж хөндий хүйтэн ханд л даа” хэмээн аргадангуй хэлэв.
“Тэгээд яаж ханд гэж?”
“Охин минь, би бол хоногийн хоол аргацаасан ядуу хүн, ийм үзэсгэлэнтэй төрсөн болохоор чинь л үүнийг бэлэг болгон өгөх гээд байна шүү дээ. Миний өгөөмөр сэтгэл рүү битгий ус цацаач, гуйя. Үүнийг ав. Авахгүй гэвэл гэр рүүгээ буц, Английг март, гагц битгий л энэ байшин руу орж нэр нүүрээ бар.”
Гэвч тэр босоод өвгөнийг орхин хүүхнүүд орилолдон, харуулууд нь хараалаа тавин тэвчээр алдан бужигнах хаалга руу зүглэв.
“Тэнэг ч юм даа” гэж Мухаммад Али араас нь орилов. “Заяа чинь тэр дээ” (Угтаа энэ үг түүнд өөрт нь тохирох үг байлаа.)
Бүсгүй эргэж ч харсангүй.
“Манай улс ийм заяа муутай байх гэж. Бид ядуу, харанхуй, бас сурахыг ч хүсдэггүй” гэж үглэсээр хоцров.
“Хөөе, Мухаммад Али” хэмээн самрын мухлагийн хүүхэн түүнийг дуудаад, “Тоогүй юм болж дээ, тэр залуу харчуулд дуртай байж таарна” гэж үг хаяв.
Тэр өдөр Мухаммад Али Консулын газрын хаалганаас холдсонгүй. Энэ зуур хэдэнтээ өөрийгөө хараан “Одоо эндээс явж үз, хөгшин төгцөг минь, авхай чамтай ахин ярихыг хүсэх ч үгүй байна” гэж бодон зогсож байтал бүсгүй гарч ирэв.
“За таны зөвлөгөө ч сайн зөвлөгөө байжээ” гэсээр бүсгүй хөгшин эр дээр хүрч ирлээ.
Тэр их тайван харагдсан тул өвгөн “Бурхан минь, Аллах тэнгэр минь, тэр чаджээ. Британийн сабихууд түүний нүдэнд ховсдогдоод Англи явах виз өгч дээ” хэмээн бодож амжлаа.
Өвгөн горьдлого тээсэн хэвээр бүсгүй рүү инээмсэглэн харна. Бүсгүй ч хариу инээмсэглэнэ.
“Рэйна авхай, танд баяр хүргэе. Гарцаагүй таны ялалтын өдөр байжээ.”
Бүсгүй тэгэхэд түүнээс сугадан,
“Алив, таны зөвлөгөөнд баярласнаа илэрхийлж, бас бүдүүлэг аашилсандаа уучлал гуйн таныг пакорагаар дайлахыг минь зөвшөөрнө үү.”
Тэд удахгүй хөдлөх гэж буй автобусны дэргэд тоос шороон дунд зогсоно. Орны аравчаар сүүдрэвч хийн дээврээс уяжээ. Явуулын худалдаачин аль алин нь аз жаргалтай болгох хайрын түүх, ногоон эм аваарай хэмээн орилно. Рэйна авхай, аз жаргалдаа автсан Мухаммад Али хоёр автобусны урдхантаа суугаад пакорагаа амтархан иднэ. Зөвлөгөөний мэргэжилтэн маань амандаа зөөлхөн бувтнан ярина. Нар хэдийнэ буужээ.
Намайг багад хүчээр богтлуулсан байсан юм. Есөн настайд эцэг эх маань хэнтэй гэрлэхийг маань хэдийнэ төлөвлөсөн байлаа. Мустафа Дар тэгэхэд гуч гарсан байсан, гэсэн ч аав минь намайг харж хандах хүнээр Мустафаг сонгосон юм. Удалгүй аав, ээж хоёр маань өөд болж, Мустафа Дар намайг татна аа гэсээр Англи явсан. Их олон жилийн өмнө болсон явдал. Надад тэр хүний зураг байдаг ч, тэр миний хувьд танихгүй хүнээс өөрцгүй. Би утсаар ярихдаа ч хоолойг нь таньдаггүй юм.”
Энэ яриа Мухаммад Алиг гайхшруулж орхисон ч тэр охины хувь заяа юм даа гэж бодсоор яриаг нь үргэлжлүүлэн сонсож суулаа.
“Эцсийн эцэст эцэг эхчүүд үр хүүхэддээ хамгийн сайн сайхныг л хүсдэг юм. Тэд чамд сайн, шударга хүн олж, одоо тэр хүн чамайг тосон авах гэж байна шүү дээ. Чамд түүнийг таних, бас хайрлах хугацаа зөндөө байна.”
Гэвч бүсгүйн гашуун инээмсэглэлд хөгшин эр будилж орхив.
“Настан гуай, та намайг яриагаараа бүр Англи явуулчихлаа л даа.”
Тэр гайхсандаа огло харайн босов.
“Чи их баяртай харагдсан - чамайг… өршөөж үз, тэд өргөдлийг чинь буцаачихсан хэрэг үү?”
“Би асуусан асуулт бүрт нь буруу хариулчихсан юм. Хацрын хонхорхой нь хаанаа байдгийг буруу хэлж, угаалгын өрөөнд юу байдгийг бас хольж солиод бүр толгойг нь эргүүлж орхисон доо.”
“Гэхдээ яах гэж? Одоо тэгээд яах болж байна аа?”
“Лахор руу, ажилдаа эргээд очно доо. Би гурван хөөрхөн хүүтэй их сайхан айлд үйлчлэгч хийдэг юм. Тэд намайг явбал их гуниглах байлаа.”
“Гэвч энэ чинь ёстой эмгэнэл байна даа!” гэж Мухаммад Али өөрийн эрхгүй халаглан дуу алдав. “Саналыг минь хүлээн авсан ч болоосой! Одоо даанч хэтэрхий оройтож дээ. Одоо чиний бүх мэдээлэл тэдэнд байгаа. Паспорт байгаад ч нэмэргүй болсон байна.”
“Бүх юм талаар болж, хэрэв зөвлөгөөг минь зөв цагт нь авсан бол бүх зүйл их хялбар болох байлаа.”
“Би тэгж бодохгүй байна” гэж бүсгүй эрсхэн дуугараад, “Таныг үүнд харамсах хэрэггүй гэж хэлмээр байна” гэлээ.
Автобус тоосон дунд шунган далд орохын даваан дээр харсан бүсгүйн сүүлчийн инээмсэглэл энэ уйтай, халуун, хатуу амьдралд харсан хамгийн сайхан зүйл нь байлаа.
100К сэтгүүлийн анхны дугаарын “Уран зохиол” буланд нийтлэгдсэн.
Зочин