Гурав дахь хөрш Рио Тинто
Сүүлд Франц улс манайхтай “Ураны төсөл дээр хамтарна” гээд хэлчихлээ. Манайх шиг ядуу эзийн засагтай, хоёр том хөршийн дунд оршдог, хүн ам цөөн, хөгжил буурай оронд гуравдагч орны том хөрөнгө орж ирснээр наанадаж эдийн засгаа сэргээх, цаашлаад улсынхаа аюулгүй байдлыг хангах бас нэг арга зам юмаа гэж үздэг. Украинд тохиолдсон шиг халдлага, цөмрөлт боллоо гэхэд Франц улс, Европын холбоо өөрийн хөрөнгө оруулагчдаа хамгаалахын тулд биднийг хаяхгүй ээ л гэсэн үг шүү дээ.
Жил бүрийн хавар зохион байгуулдаг Монголын эдийн засгийн чуулганыг энэ жил улс, хувьсгалын баяр наадамтай давхцуулсан нь олон хүнд гэнэтийн байсан байх. Гэвч, саяхан орсон үргэлжилсэн борооны гамшиг, баяр наадмын хөл хөөртэй давхацсан энэ жилийн Эдийн засгийн чуулганд олон нийтийн зүгээс төдийлөн анхаарал хандуулаагүй байж болох ч үр дүнгийн хувьд өмнөх бүх чуулгануудын ач холбогдлыг давуулан биелүүлсэн үйл явдал болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм. 2022.01.25
Албан ёсны мэдээгээр “энэ удаагийн чуулганд 2000 гаруй төлөөлөгчид оролцсоны 500 гаруй нь гадаадын төлөөлөгчид” гэв. Энэ 500 гаруй төлөөлөгчийн 150 гаруйг нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч РиоТинто групп авчирчээ. Бүр тодорхой хэлбэл, тус группийн ТУЗ-ийн 12 гишүүн (тэдний зарим нь гэр бүлтэйгээ), Төмрийн хүдрийн, Хөнгөн цагааны группийн захирал, үйл ажиллагаа хариуцсан, хөрөнгө оруулалт хариуцсан, санхүү хариуцсан захирал гэх мэт гүйцэтгэх удирдлагын багт ажилладаг арваад захирал, банк санхүүгийн тэргүүлэх 45 байгууллагын төлөөлөгч ирсэн.
Рио Тинто групп өнөөдөр таван тивийн 35 оронд 60 төсөл, үйлдвэрлэл эрхэлж байгаа. Тэр бүх төсөлд оролцсон хөрөнгө оруулалтын сангууд, хувь эзэмшигчид, зээл олгосон банкууд, мөн 4-5 одтой өндөр зэрэглэлийн шинжээч нар (шинжээчид нь хүртэл зочид буудлууд шиг “од”-той) “Рио”-гийн урилгаар Монголын эдийн засгийн чуулганд анх удаагаа саатав. Тэгээд энэ бүхнийг сурвалжилж, дэлхий нийтэд хүргэхээр нэр хүндтэй мэдээллийн агентлагууд, Финаншил таймс, Блүүмберг, CNN Монголд ажиллажээ. Эдгээр зочид Эдийн засгийн чуулганы дараа Рио Тинто группийн Монголын говьд хэрэгжүүлж байгаа “блоклон олборлох технологи” буюу Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаатай танилцана. Товчхондоо ”Рио”-гийнхон энэ удаа, Монголын эдийн засгийн чуулганыг 2010 онд анх зохион байгуулснаас хойш манай Засгийн газруудын14 жил хийж чадаагүйгээр Монголыг сурталчиллаа.
Рио Тинто группийн дэлхий даяар хэрэгжүүлж байгаа төслүүдийн нийт орлого 2022 онд 55,6 тэрбум ам доллараас давжээ. Үүнээс хамгийн их буюу нийт орлогын 59 хувийг төмрийн хүдэр, 25 хувийг хөнгөн цагаан, зургаан хувийг зэсийн групп, үүнээс ердөө 2,5 хувийг нь Оюутолгой үйлдвэрлэсэн байна. Зэсийн групп нь АНУ-ын Кеннекоттод 100 хувь, Ресолюшнд 55 хувь, Австралийн Винүд 100 хувь, Монголын Оюутолгойд 66 хувь, Чилийн Эскондидад 30 хувь, Аргентины Нүтонд 14,2 хувь эзэмшдэг. Ингээд харахаар Оюутолгой “Рио”-гийн хувьд цор ганц биш байх нь. Монгол шиг ганцхан төсөлтэй, жижиг эдийн засаг руу ирж, ТУЗ-ийн уулзалтаа хийх нь ч гэсэн эн тэргүүний шаардлага биш байсан байх. Харин Рио Тинтогийн Зэсийн группийг монгол захирал удирдаж байгаа гэдэг нь бидний давуу тал болсон байж болох юм.
“Рио”-гийн ТУЗ-ийн жилийн уулзалтууд ихэвчлэн АНУ, Англид, мөн Австралид болж байсан. Ерөнхийдөө том банкуудаа тойроод тэрүүхэн хавьдаа уулздаг байсан гэсэн үг. Харин энэ удаагийн уулзалтыг Монголд хийхээр болсон нь Зэсийн групп буюу Б.Болд захирлын санаачилга юм байна. Өнгөрөгч гуравдугаар сард болсон далд уурхайн нээлтийн үеэр Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд санал тавиад, цаадах нь хүлээж аваад, ТУЗ-ийн гишүүд болон хөрөнгө оруулагч нар, банкуудыг уриад далд уурхайгаа үзүүлэх, далимд нь Монголын наадмыг үзэхээр цугласан нь энэ. Манай Засгийн газар ч гэсэн сэргэлэнтээд, хавар болдог эдийн засгийн чуулганаа наадам руу татаад, хоёр талаасаа “тохироо нь бүрдэнэ” гэдэг болсон хэрэг.
Ерөнхийдөө Монголын эдийн засгийн чуулган өнөөдрийг хүртэл нэг тийм билэгдлийн чанартай, уламжлал болоод тогтчихсоноос боловч үр дүн багатай, ихэвчлэн манай дарга нар өөрсдөө тайзан дээр гарч суугаад, хоорондоо ярьдаг л зүйлээ жил болгон яриад тардаг жишиг тогтчихсон. Гадаадын зочид нь хөрөнгө оруулагч нар, сангууд гэхээсээ илүү Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг хөгжлийг дэмжих байгууллагууд. Тэгээд сүүлийн жилүүдэд “Монголын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, хууль эрх зүйн орчин тогтворгүй, хөрөнгө оруулахад эрсдэлтэй” гэдэг үнэлэмж гадаад ертөнцөд болсон нь Засгийн газарт ч гэсэн ямар нэг хэмжээгээр “сигнал” өгсөн байж таарна. Тиймээс энэ далимд “Рио Тинто Монголд амжилттай ажиллаж байна, хөрөнгө оруулагчид Монголд ажиллах боломжтой юм байна” гэдэг мессэжийг гадаад ертөнцөд хүргэх эхний зорилго байсан байх.
Саяхан л манай Засгийн газрууд “Оюутолгойн гэрээ маш муу гэрээ. Гэрээг цуцлах хэрэгтэй, шинэчлэх ёстой” гэдэг, ганц энэ сэдвийг тойрч улс төрждөг, гэрээ байгуулсан нөхдийг “улсаа өрөнд оруулсан” гээд барьж аваачаад шоронд хийчихдэг байлаа. Атал өнөөдөр Оюутолгой дээрээ дөрөөлөөд дараа дараачийн хөрөнгө оруулагч нарыг урих, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах тухай ярьж эхэлж байна. Үнэндээ өөр гарц байхгүй л дээ. Ямар хувийн компаниас дээрэмдэж авсан, аль өнгөрсөн зууны 70-80 оны технологитай, компанийн засаглал “нойл” заачихсан төрийн өмчийн “Эрдэнэт”-ээ үзүүлэлтэй биш.
Соошлаар бичээд эхэлсэн байна лээ. АСЕМ-аас хойш ийм олон гаднын хөрөнгө оруулагч нар ирэхийг харсангүй гээд. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед зохион байгуулсан АСЕМ бол дэлхийн улс орнуудын удирдагчид уулздаг дипломат арга хэмжээ. Ямар нэг хөрөнгө оруулалтын чуулган биш.
Хоёрдугаарт, өнгөрөгч онд хөрөнгө оруулагч тал болон ордоо ашиглуулж байгаа Засгийн газар хоёр ярилцаж тохироод долд уурхайгаа явуулахаар болсон. Гуравдугаар сард гүний уурхайн нээлт болсон. Үүний тулд Рио Тинто Монголын талын 34 хувьд оногдох хөрөнгө оруулалтын зардал болох 2,3 тэрбум долларын өрийг чөлөөлсөн. Компанид бол мэдээж ашиггүй. Гэсэн ч Засгийн газар энэ өрийг төлөх боломжгүй байсан учраас хөрөнгө оруулагч тал алдагдлыг өөр дээрээ хүлээгээд цаашаа явсан. Үр дүнд манай талын ноогдол ашиг авах хугацаа жаахан ч атугай наашилсан гэж үздэг.
Манайхан ч бас гудиггүй л дээ. Далд уурхайн бүтээн байгуулалт нь дуусчихсан хойно “Дубайн гэрээг хүчингүй болго, 34 хувийн өрийг төлөхгүй” гэж зүтгээд дотооддоо баахан улс төр хийчихсэн, тэрнийхээ пянг даахгүй, “больё, буцъя” гэж хэлэх эрх бас байхгүй, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихаад байхад нь хөрөнгө оруулагч тал нэг алхам ухраад төслөө хөдөлгөсөн. 34 хувийн өрийг чөлөөлсөн ч алдагдалтай, чөлөөлөхгүй гэж зүтгээд төслөө хаагаад гарсан ч алдагдалтай байсан учраас алдагдалтай хоёр хувилбарын нэгийг нь сонгосон л хэрэг. Түүнээс биш Засгийн газар нэг их мундаг хэлэлцээр хийгээд, ялан дийлээд гараад явчихсан хэрэг ч биш байх.
Тэр үеэс л манай Засгийн газар атгасан гараа жаахан ч болов суллаж, ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр цааш явах боломжгүй юм байна гэдгээ ухамсарлаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж дахин олох вэ гэдэг дээр толгой өвтгөж эхэлсэн шиг байгаа юм. Ганц гаргалгаа нь Монголд хэрэгжиж байгаа хамгийн том алт, зэсийн төслөө урдаа барих. Оюутолгой амжилттай явж байна, РиоТинто Монголд ажиллаж чадаж байна гэдэг мэдээлэл, эерэг мессэжийг гадаад ертөнцөд хүргэх. Засгийн газар, Сангийн яам, эсвэл хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчидтай холбоо барья гэхээр цаадуул нь Монголыг мэддэггүй, гадна талдаа нэр хүнд муутай. Харин Рио Тинтог бол дэлхий тэр чигээрээ мэднэ. Тиймээс энэ удаагийн Эдийн засгийн чуулганыг ийм маягаар зохион байгуулжээ.
Рио Тинтогийн хувьд ч далд уурхайн олборлолтоо эхлүүлсний дараа Засгийн газартай хэл амаа ололцсон гэж үзээд, ямар ч байсан Монголыг орхиж гарахааргүй боллоо гэдэгт итгэлтэй болсны үндсэн дээр энэ удаагийн чуулганд ингэж анхаарал хандуулсан байж таарна. Сүүлд Франц улс манайхтай “Уран дээр хамтарна” гээд хэлчихлээ. Тийм болохоор манай төрийнхөн ордны улс төр, дотоодын тэмцлээ тогоон дотроо үлдээгээд хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлцэл, гэрээ хэлэлцээр дээрээ нэг бодлоготой байж, гэрээний сахилга бат гэдэг юмыг сахиж сурах болсон байх. Манайх шиг ядуу эзийн засагтай, хоёр том хөршийн дунд оршдог, хүн ам цөөн, хөгжил буурай оронд гуравдагч орны том хөрөнгө орж ирснээр наанадаж эдийн засгаа сэргээх, цаашлаад улсынхаа аюулгүй байдлыг хангах бас нэг арга зам юмаа гэж үздэг. Украинд тохиолдсон шиг халдлага, цөмрөлт боллоо гэхэд Франц улс, Европын холбоо өөрийн хөрөнгө оруулагчдаа хамгаалахын тулд биднийг хаяхгүй ээ л гэсэн үг шүү дээ.