Энэ 7 хоногт
Сюрреализмын учир, хужир
Саяхан нэгэн хүн (Нэрийг нь бичих ээ азная) утасдаж, ”Би Эрлэгийн бошго гэдэг романшуу юмыг чинь уншаад айж балмагдаж, ичих шиг болж, сэжиг хүрлээ. Монголын уран зохиолыг ийм оргүй худлаа, булай юмаар бузарлаж, хүний санаа сэтгэлийг хордуулж байх ямар хэрэгтэй юм бэ?
Саяхан нэгэн хүн (Нэрийг нь бичих ээ азная) утасдаж, "Би Эрлэгийн бошго гэдэг романшуу юмыг чинь уншаад айж балмагдаж, ичих шиг болж, сэжиг хүрлээ. Монголын уран зохиолыг ийм оргүй худлаа, булай юмаар бузарлаж, хүний санаа сэтгэлийг хордуулж байх ямар хэрэгтэй юм бэ? Уран зохиол гэдэг чинь үнэн байж л хүний сэтгэлийг ариусгаж, хүмүүжүүлж байх ёстой. Үлгэр домог шиг шал худлаа юм бичихийг уран зохиол гэдэггүй. Би уран зохиолын ном их уншдаг, олон жилийн идэвхитэй уншигч. Гэтэл худал хуурмаг, алалт хядалт, садарлалт самууралтаар дүүрэн, таны энүүн шиг ийм муухай юм үзээгүй..." гэхчилэн өчнөөн төчнөөн юм донгосож, хэрүүл өдөөд салахгүй хичнээн зовоов оо. Сүүлдээ уур хүрээд арай л "Хол очиж хуц. Хонхорт орж уль" гээд тавьчихсангүй, биеэ барьж, амаа татаж байж арай гэж нэг юм салсан бөлгөө.
Сүүлд нь бодож ээ байх наа, мөнөөхийн буруу биш ч юм шиг. Үзэл суртал гэгч мунхаг харанхуй, хахир хэрцгий хорио цагдаа дор олон жил болсоны л гай болохоос биш, юм үзэж, нүд тайлаагүй тэр хөөрхий юуны нь гэмтэн байх билээ дээ гэмээр. Игүүнийг үл өгүүлэн өгүүлвээс...
...Хорьдугаар зууны эхэн цагаас "Сюрреализм" гэдэг нэгэн жигтэй хачин юм Хөгшин Тивийн уран зохиолд гарч ирээд үтэр зуур яггүй газар авч,энд тэнгүй дэлгэрч байна гэнэ хэмээхүй сураг занги баахан хожуухан,мөнхүү зууны жар далаад онд бидний чихийг дэлсэхүй сацуу мөнөөхийг хөрөнгөтөний зүдэг муухай,балмад хэрцгий явдал гэхчилэн орь дуу болон муулан гутааж,социалист реализмын уран зохиолд үл шургалуул хэмээн хорьж цээрлүүлж их шуугиант яриа болж асныг нэхэн санах хүмүүн өдгөө хэр мэр сэр байж ч магадгүй.
Чухамдаа гэвээс,францын Аполлинер гэгч зохиолч вээр юу ч гэлээ нэгэн адал жигтэй жүжиг бичээд тэрнээ “Сюрреалист” жүжиг гэчихсэн хэмээх. Саяхь эрхэм бээр бас,Эрик Сати гэгчийн нэгэн бүжгин жүжгийг сюрреалист бүтээл байна гэчихсэн юмсанж. Чингээд саяхь Аполлинер төдөлгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлчихсэн учир мөн л францын зохиолч Андре Бретон нэрт бэлэг танхай нэгэн бээр мөнөөхийн нь улааг нэхэж аваад бүр чинагш,“Сюрреализмын тунхаг” гээчийг хоёрыг ч угсаруулан туурвиж онол ном болгон гаргаж бөөн шуугиан тарьсан аж л. Юу ч атугай,сюрреализм гэгч энэ гайхал үтэр зуур дэлхийн даяарт дархаж,уран зохиол,уран зураг,уран барьмал,жүжиг,кино,хөгжим хийгээд ер урлагийн ертөнцийг тэр аяар нь дагуулан авах болсон юм байх.
“Санаа-оршихуйг амаар, бичгээр, тэрчлэн ондоо янз янзын аргаар илэрхийлэх, хүний сэтгэлд хар аяндаа буусан урам үүсэл мөн тийн хар аяндаа уран туурвил болон бүтэхийг сюрреализм хэмээнэ” гэсэн онол гарчихуй. Үүсгэл туурвил биш шүү. Чухамхүү хар аяндаа гарсан үүсэл туурвил гэнэ. Мөнөөх Андре Бретон бээр “Сюрреализмын тунхаг”-таа бүр “Автомат бичлэг” гэсэн нь ч бий шүү. Бодож үзвээс маргууштай ч гэсэн Европын сюрреалист эрхэмүүд тэгж л мэтгэж,зүтгэсэн байдаг. Сюррзализмыг ад үзэж,хавчин хяхаж байсан болохоор сюрреалистууд адарч хэдэрлэхдээ чингэж баахан хэтийдүүлэн маргалдаж асан буй заа. Түүнээс биш хүний санаа бодол, санааширал бясалгал огоот орохгүй,өөрөө асгарах үсэг үгс,будаг шунх уран туурвил болчих нь юу л бол. Харин,хэрсүү ухаан,хашир баширт автаагүй, сул зэлүүд,билиг танхай уран сэтгэмж,урлан бүтээхүй гэх үү дээ?! Ер нь ч үнэндээ,уран санаа огт сэдэл шалтаггүй байтал сэтгэлд гэнэт гялхийн бууж ирдэг нь үнэн. Чингэх нь,гагц сюрреализмд ч байдаг биш ээ.
Сюрреалист туурвил зүйн үндсэн арга ёс нь гэвээс,бод буй юм,болсон хэрэг явдлыг энэ орчлонд байдаггүй,болох учиргүй хийсвэр чанарт хувирган хүргэж дүрслэн бүтээх явдал гэнэ. Бодтой байгаа юм,болсон хэрэг явдлыг үнэн чигээр нь бичих зурахыг сюрреалитууд уран туурвил биш,болхи бүдүүн хуулга дуураймал хэмээн үздэг. Болхи бүдүүлэг гэх учир нь хуулга дуураймал нь жинхэнэ эхээсээ ямагт дор болдог учир тэр. Тэгээд ч уран сэтгэж урлан бүтээсэн туурвил биш ядмагхан хуулга дүрс төдий юм. Сюрреалист бутээл бол болсон явдлаас үүдсэн л төдий байх учиртай. Нэгэн сонин жишээ татъя: Сюрреалист зураач Макс Эрнст нэгэнтээ,эмнэлгийн мэс заслын ариун ширээн дээр хурьцал үйлдэж болох уу хэмээн бодоод болно гэж сэтгэжихүй. Чингээд мань хүн яг зурахдаа эр эм хоёр хүн бус харин оёдлын машин эр хүний нарны шүхэр хоёр хурьцалдаж буйгаар зурсан гэдэг. Хэрэв зэ эмч эр сувилагч хүүхэн хоёрыг хурьцадуулсан ахул сюрреализм биш болхи реализм л болох асан аж. Уран зохиол дахь сюрреализм ч иймэрхүү л байдаг жишээ захаас аван замаас үргэлж бий.
Сюрреализм аваас тухай тухайн агшны төсөөт үүдэл (Орсоор бол:Ассиацация),зүүд зөн(Грёза)-д дулдуйдна. Ийн,сэтгэлийн орноо хар аяндаа үүссэн уран санаагаа туурвилч вээр хууль цааз,шашин шүтлэг,үзэл суртал,ёс дэг,заншил уламжлал,айдас хүйдэс,ичиг сэжиг тэргүүтэн элдэв долоон хорио зээрт огоот авталгүй төгс бүрэн сул чөлөөтөй уран бүтээл болгож чадваас л саяхь нь сюрреалист туурвил мөн аж. Чингэхүйд янз янзын олон зүйл саад тотгор учирахын дотроос уран туурвилчийн ухамсар гэх албархуу нэртэй,өөрийн нь хашир баширын цээр л гэтлэх гатлахад хицүү,хамгийн балагтай нь юм. Хөндлөнгийн албан хорио бол уран бүтээлийг хэвлэх,гаргахыг л цагдахаас биш сэтгэх бодох,туурвих бүтээхийг саатуулж чаддаггүй л дээ.
Сюрреалист урам сэрэл,уран туурвилд зүүд нойр, зөн мэдрэмж, ёр цондон, төсөөт үүдэл (ассицация), хоосон саналга (воображение), мөрөөдөл хүслэн, дурлал хайр, дур тачиал, хуял хурьцал, ерөөл бэлгэдэл, төөрөг тавлин, совин билиг тэргүүтэн нэн ч учир начиртай. Тэр ч атугай, хий үзэгдэл (галюцинация), илбэ хувилгаан, ид шид, зуурхан цагийн солиорол дэмийрэл, дон хэнээ, буг сүнс, ад зэтгэр, албин чөтгөр, тийрэн дэрий, роолон хүүр, гай түйтгэр, галав гамшиг, онго шүтээн, тэнгэр бурхан мэтс ч сюрреализмын хужир болох нь бий. Чухам гэвээс, жинхэнэ сюрреалист туурвилч бол авъяас увдисын адбиш хийморь хөлөглөөд хүй орчлонгийн чинад гарч, хүмүүний сэтгэлийн огторгуйд төгс бурэн эрх дураараа исгэрэнхэн хатируулахын эд хавыг эдэлдэг анам. Сюрреалист туулвилч нар баахан дур зоргоороо,омог бардам,билиг танхай байдгийн учир энэ авай.. Тэрэндээ ч өөрснөө шатах нь элбэг. Францын сюрреалистуудын олонхи нь ч ийм хувь тавлинг тойрч гарч чадаагүй л байдаг.
Сюрреализм уг чанараараа уран зохиол,урлаг дахь классцизм, нийгэмд зуун зуун жил ноёрхож ирсэн язгууртны хямсгар эхэмсэг авир ёсыг сөрж гарч ирсэн болохоороо,тэр цагт Европт нилээд газар авч асан зүүний үзэлтэй хөл нийлж байжээ. Чухам зүүний үзэл л эрх чөлөө олгож,хөшүүн хөрзгөр ёсыг эвдэж өөрчлөнө гэж сюрреалистүүд найдаж байсан хэрэг. Тийн бээр тэд социал-демократ болон коммунист үзлийг ихэд шохоорхон тэр орчинд эргэлддэг байсан бололтой.
Гэтэл мөнөөх санаж сарвайж явсан социалист үзэл нь уран бүтээлийн эрх чөлөө хайрлах нь атугай аллага хядлага эрээ цээргүй үйлддэг цусан гартай,эрх чөлөөг хяхан боймолдог харгис дэглэм мөнийг Германы национал социализм,Зөвлөлт Оросын большевик социализм хоёр улайм цайм харуулж,чухам л “Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч болгожихуй. Энэ хар гай сюрреалист уран бүтээлчдийн,угаасаа баахан гэнэн цайлган,уян эмзэг сэтгэл өөд угаадас цацаж,хямрал хөнөөл үүсгэжихүй. Ийн бээр тэд,урам хугарч,гутарч гунихарч,архи дарсанд автаж,хар тамхинд орж,өвөр зуураа эв эмтэрч,хам хагарч, тангараг тасарч,тарж сарниж,орох гарах орон газар олж ядахдаа энд тэндхийн энэ тэр урсгал бүлэглэл бараадаж,Луй Аргон мэт зарим нэг нь социалист реализмд хүртэл цагаачлан толгой хоргодосон хийгээд коммунист намын гишүүн Рене Кревель гэгч бүр амиа хорлосон ч байдаг. Францын сюрреализмын сүйрлийн учир начрыг мөнөөх Андре Бретон гайхлын “Сюрреализмын хоёрдугаар тунхаг”-аас мэдэж болно. Харин Сальвадор Дали нарын уран зураач Америкт цагаачилж эрх чөлөөт орчинд уран бүтээлээ туурвин нэр цууд гарч,бэлжиж баяжсан нь ч бас бий.
Францын сюрреалист нарын олонхийн хувь заяа ийн бүтэлгүйтсэн нь сюрреализмын сүйрэл огоот биш ээ. Харин,саяхь эрхэмүүд бээр гэгээн сайхан үйлсийнхээ язгуур сурвалжийг мөчид ухаарч, гагц ”Би”-д барих гэж оролдоод,тансаг ариун,эмзэг эрхэмсэг чанарыг нь умартаж, омог бардам,омой сагуу, хэтрүүн дэгс,дэврүүн сэгэл аашилж омтгойрсноосоо л болсон байж магадгүй. Тэд хэдийвээр,”Свифт ёжлохуйн сюрреалист,Гюго мунгаглаагүй цагтаа сюрреалист, Сад тамлахуйн сюрреалист, Констан улс төрийн сюрреалист,Рабб үхлийн сюрреалист, По хорхой хүргэхүйн сюрреалист, Малларме нууцын сюрреалист, Нуво озолдохуйн сюрреалист, Сан-Поль Ру бэлгэ дэмбэрлийн сюрреалист гэхчилэн өмнөх үеийнхнээ цухасхан дурдсан ч гэлээ сюрреализмыг чухам өөрснөө л үүсгэн бүтээсэн мэт баахан хэтрүүн дэгс загнадаг асан бололтой байдаг.Ялдар санахад,тэд Бальзакийг нэрлээгүй нь гайхмаар. “Зогой шир”-ийг сюрреалист роман биш гэхэд хицүү дээ.
Уг нь, хүмүүн төрлөхтөний соёл иргэншлийн үүх түүх өөд эгэн халиаваас,сюрреализм нэвт шингээстэй байдгийг ажиглан мэдэхүй бэрх бишсэн дээ. Өрнийн уран зохолын ундрага болсон эртний Герегийн Тэнгэрсийн домог тэр аяараа сюрреализм л байдаг. Аянга цахилгаан тас татан авч илд сэлэм хийж бариад эргүүлэн гялалзуулж Олимп уулын оргил дээр дошгирон залрагч Зэвс Тэнгэр, манцуйтай байхдаа Аполон Тэнгэрийн үхрийг хулгуусан Хермес,төлөгч мэргэн гоо үзэсгэлэнт Касандара гүнжийн домог тэргүүтнийг хэн сюрреализм биш гэх юм бэ?!
Буддагийн шашны Улааны ёсны шидэт тарнийн ном судар,эртний Жагарын хөлгөн туульс,эртний нанхиадын бэнсэн үлгэр,Монголын аман зохиол,домог үлгэрийн шим рашаан нь сюрреализм л бөлгөө. Монгол шуламсын үлгэрт шуналт эм шулам эр хүмүүнийг эмичрэг хуялаараа автуулан мөлжин завшиж бүхүйг гаргахдаа аман урууландаа зэс хошуу хийж байгаад эрийн хавирга руу шааж амин цусыг нь сорж буйгаар дүрсэлсэн байдаг. Орчлон ертөнцөд ийм юм яав ч болдоггүй агаад чухам л сюрреалист сэрэл сэтгэмж л юм даа. Арван таван толгойт атгаалж хар мангасын үлгэр хийгээд дөрвөн хөлөөр явдаг,газрын амьтан гоо бугыг тэнгэр өөд дүүлэн нисэж буйгаар дүрслэн үлдээсэн чулуун хөшөөний зураг тэргүүтэн уран дүрслэл ч мөн л тийн.
Тэр ч атугай арван гуравдугаар зуунаа туурвисан “Монголын нууц товчоон” хэмээхүй их хөлгөнд сюрреалист дүрслэл цөөн бус бий. Чингис хаан бээр,чухаг бэрх цагт Бурхан Халдуун уулын оргил дээрээс Мөнх Тэнгэр өөд асууруун санаа одуулж бясалгаад хариу зангийг дуулж, хэрэг үйлээ тийн соёрхон шийтгэж,үйлдэн бүтээдэг нь совин билгийн чинад увдис дур дулдуйдан буйг дүрсэлсэн хэрэг мөн байх аа. Найманы Хорисүвээч Хэрээдийн Ван хаан Тойролыг Дадиг сахлын Нэхүүн уснаа барьж алсныг Таян хааны эх Гүрбэсү хатан мэдэж,толгойг нь отглон авчируулч цагаан эсгий олбог дээр залан тахиж,идээ шүүс архи дарс болон цэнгэж ахуй дур мөнөөх толгой тохуурхан инээв хэмээн бичсэн байдаг. Үхсэн хүмүүний толгой инээнэ гэж яагаад ч баймгүй атал ийн дүрсэлсэн нь далд цаанаа машид гүнзгий давхар санаа бүхүй,эгэл орчлонгийн чинад гарсан уран сэтгэмжийн үр юм. Ийн мэт,сюррзалист санаа дүрслэл “Монголын нууц товчоон”-ноос олныг ажиглан олж болно. Найман зууны тэртээ “Монголын нууц товчоон” хөлгөн туульсыг туурвигч бичгийн их хүмүүн бээр сюрреалист сэтгэгч байжээ хэмээн бодохуй хойч үеийн биднээ юутай бахдам бэ.
Эртний монгол аман зохиол хийгээд бичгийн туурвил дахь сюрреалист маягийн уянга сэрэл,уран дүрслэл монгол Мөнх Тэнгэрийн гүн ухаанаас үүдэл улбаатай болов уу?! Монгол Мөнх Тэнгэрийн гүн ухаан аваас Орчлон Ертөнцийг сэрж мэдэрч,сэтгэж ухаарах Совин билиг увдис чинадын философи аюу. Тийн ахул монгол уран сэтгэмж ч мөн л тийн совин чинадын учир чанартай байж таарна. Энэ учирыг чинагш улмаар мэргэд цэцлэх буй заа.
Хорьдугаар зууны социалист реализмын уран зохиолын ертөнц тэр аяараа коммунист үзэл сурталын хорио цагдаан дор байсан болохоор “Хөрөнгөтөний урсгал” гэж хочлоод сюрреализмыг цухуйлгадагүй байлаа. Гэвч,“Там тэрүүхэндээ нэг зайтай”-н үлгэрээр бас ч огоот оргүй байгаагүй ээ. Оросд сүүл хэр цагт Михаил Булгаковын “Нохойн зүрх”,”Мастер Маргарита хоёр”,Владимир Орловын “Эрдүү хийлч Данилов” гэх мэт сюрреалист зохиол мэр сэр гарч байсаан. Манай уран зохиол бол харин хусран даа. Үгүй яах вэ дээ:
“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэртэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би...
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочиох аянгын дошгин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би” (“Би хаана төрөө вэ”)гэсэн тав таван мөрөөр шадалсан хоёр бадаг шүлгийн дунд гурав гурван мөрийн төгсгөлийн нэр үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөл залган орны байц үүсгэж, эх адаг хоёр мөрийн сүүлчийн нэр үгийг заахын тийн ялгалын нөхцлөөр хувиргаад “эзэгнэнхэн төрлөө би” гэсэн нь өнгөцхөн харвал үгүүлбэр зүйн буруу найруулгатай мэт боловч үнэндээ гэвээс,тэнгэрийг ч бороог ч хүмүүн эзэгнэх,тэр тусмаа бүр эзэгнэнхэн төрөх боломжгүй учир оршихуй орчлонгийн чинад гарган сэтгэж туурвисан,сюрреалист аястай шүлэг гэж болмоор санагддаг. Даанч,бусад арван бадгийг нь ийм чинад уран санаагүй,мөнөөх л болхи реализмаараа бичсэн нь,”Тоогүй дээ” гэмээр. За тэгээд,”Чи бидэн хоёр үүлэн дээр унтаж байна”,”Үр могой”,”Халуун нурам”(Киноны зохиол),”Барамнас”(Бэсрэг роман) гэх мэт ганц нэгхээн зохиолд л цухалзсан төдийхэн болохоос биш бүхэл бүтэн сюрреалист зохиол хорьдугаар зуунд манайд гараагүй ээ.
Уран зохиол,урлаг соёл хорио цээрийн хахир дөнгөнөөс суларсан өдгөө цагт харин, туурвил зүйн янз бүрийн барил хэлбэрийн зохиолын зэрэгцээ сюрреалист бүтээл ч мэр сэр гарч байна. ”Үлэмжийн цагаан бороо”,” Чорос”, ”Чингис хаан буюу Тэнгэрийн увдис”, ”Эрлэгийн бошго” гэхчилэн. Эдгээр зохиол сайн муу алин болсныг хожим Хөхсахалт авгай л мэргэн болгоох нь магад аа.
Сюрреализм аваас уран санаа,урлан туурвихуйн хярхаг хязгааргүй агуудам дайд,асар огторгуй юм. Дадаизм, абсурдизм, интуитивизм, иррацианализм, экстенциализм, романтизм, символизм, натурализм, конциптуализм, кубизм, авангардизм, модернизм, постмодернизм, эскапизм, магизм тэргүүтэн туурвил зүйн олон олон барил хэлбэрийг сюрреалист уран бүтээлд хэрэглэхэд өлхөн багтчихдагийн учир тэр бөлгөө. Гагцхүү,туурвилчийн авъяас эрдмийн шандас л мэддэг аж. Сюрреалист уран бүтээлийн нэг чухаг учир гэвэл,байж боломгүй,санаанд багтамгүй үйл дүрслэлийн цаана заавал нэг давхар санаа далд байдаг. Тэрнийг нь хэр баргийн хүн тааж ухдаггүй, тайлж ухаардаггүй. Манай дарга нар бол бүр ч шонгүй. Яндах нь үгүй далайгаас шанаганыхаа хэрээр л хутгадаг хойно яахсан ч билээ дээ, тэд хөөрхийс.
За ер нь тэгээд,сюрреализмын магад гарахуй арилсан орон,бүхэн гарахуй адбиш туурвилч нь Байгал л бөлгөө. Гэвч энэ бол нэн ч нарийн төвөгтөй,тун ч халуун маргаантай байж мэдэх ярианы сэдэв учир түр хойш тавья.
Харин, сюрреализм хэмээх үгийн учир нэгэн санаа хэлье. Энэ нэрийтгэлийн реализм нь ч яах вэ,эртний латынь хэлний “Бод юм”, ”Буй юм” нэсэн утга бүхүй үг агаад шинжлэх ухааны латынь үгийг дэлхийн аль ч хэлнээ орчуулахгүй хэргэлдэг ёсон бий. Харин сюр гэдэг нь франц хэлний “Дээд” гэх утга гаргадаг угтвар юм гэнэ билээ. Тийм ч болохоор сюрреализмыг оросууд сверхреализм гэж бичих ярих нь ч бий. Тийн бээр,”Учрыг нь олж, хужирыг нь тунгааж”, совин билгийн чинад уран сэтгэмжийг нь бодвоос сюрреализмыг монгол хэлээр “Чинадреализм” хэмээн бичиж,хэлж заншвал буруу гэх газаргүй мэт?!
Зохиолч Лувсангийн ПҮРЭВДОРЖ
Сэтгүүлч Болдбаатар
Зочин
Зочин
Зураач Тод Отгонбаяр
Зураач Тод Отгонбаяр
Зураач Тод Отгонбаяр