Энэ 7 хоногт
ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭХ НУТГААР
(Аян замын тэмдэглэл)
Дэлхийн 2 дахь мянганы суут хүн, Монгол үндэстний баатар, Монголчууд бид бүхний бахархал их эзэн Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийн Дадал сумыг зорьж гэр бүлээрээ сайхан аялаад ирлээ. Манай аяллын бүрэлдэхүүнд бидний гурван базын өрх бүл, нийтдээ 7 том хүн, 10 хүүхэд, тэдний дунд 3 – 9 сартай 4 нялх, 2 настай 2 балчир үрс байлаа. Хүүхдийн тусгай суудалд тухтай сууж, аав ээжээ гар амар аялуулах балчир үрсдээ баярлаж явав. Нялх нойтонтой, бага балчир олонтой бидний аяллын бүлэг цаг агаар, бороо усыг харж, хугацаа тааруулж, болгоомж барьж явснаа хэлэх нь зүйтэй. Аялал бол адал явдал, амьдралын нандин дурсамж, ахиж тохиохгүй цаг хугацааны торгон хэмжээс билээ. Цаг, боломж олдвол аялж байх хэрэгтэй гэдэг. Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдоод анхны гадаад айлчлалаа хаанаас, аль улсаас эхлэхээ тун тунгааж төлөвлөдөг жишгийн адилаар бага балчир үрсийнхээ амьдралын анхны аяллыг холыг харж, хосгүйг бэлгэдэж их эзэн Чингис хааныхаа төрсөн нутгаас эхлүүлэхээр зорьж яваа маань энэ.
Улаанбаатар хотоос нялх үрсийнхээ эрхэнд тааруулж аажуу тааваараа салангид хөдөлсөн манай аяллынхан Налайхын наана “Оргил” худалдааны төвийн зогсоолд бүлэг болж нэгдлээ. Оргилоос замын хүнс, ойр зуурын хэрэглээгээ дор нь цуглуулаад цааш замдаа гарав.
Гурван машин алс бараандаа давхисаар Багануурын цаахна Хэрлэнгийн гүүр өнгөрөөд түр зогсож хүүхдүүдээ амраалаа. Энэ зуур замын цагдаад торгуулаад амжив шүү. Багануур өнгөрөөд явж байтал зам дээр бараа муухан харагдах газарт цагдаа гэнэт зогсоов. Мэнд мэдтэл “та ямар хурдтай явснаа мэдэж байна уу” гэв, “60-тай явлаа” гэтэл “Та Багануур хотын бүсээс гараагүй байна” гэдэг юм. Замын хөдөлгөөн, тээврийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй цагдаа маань иргэдээ торгох гэж л тэнд зогсоо шиг санагдав. Уг нь жолооч би, хажууд суугаа эхнэр, арын тусгай сэнтийд заларч яваа 3 балчир маань бүгд даруулгаа хийсэн, учиргүй давхиад байхааргүй аялагчид бид цонхоо нээж харуулаад тус болсонгүй. Торгуулав. Аялалд ийм зүйл байх. Хэрлэн гол үерлэжээ. Тэнд их удсангүй цааш хөдлөв.
Энэ жилийн зун зуншлага зам зуурт харахад мөн ч сайхан байна. Тэр чигтээ ногоон дэвсгэр, алсад ногоон цэнхэр туяа татаад сэтгэл дүүргэнэ. Бэлчээр нутагт цөлжилт нүүрлэх аюул тулгарсан өнөө цагт энэ жилийн сайхан зуншлагад хүн бүр баярлана.
Машинд унтаж явсан үрс минь аав ээждээ сэрснээ мэдэгдэх нь хөөрхөн. Хүүхэд бүрийн онцлог гэж байх. Ихрийн маань нэг нь эвшээж мэдэгдэнэ, харин нөгөө нь эсрэгээр дуу шуу чангатай гэж, арай том болсон нь айлын ууган, хоёр дүүгийн эгч гэсэн шиг бие даасан орон зайтай явна.
Бид давхисаар Хэнтий аймгийн төв Чингис хотод сайхан эрт орж ирэв. Аяллын цуваа тэргүүлж яваа Хэнтийн Дадлын уугуул базынхаа дүүгийн хадмынд эхний цай хоол болов. Аймаг 100 жилийн ойгоо хийх гээд бүтээн байгуулалт, засварын ажилтай ихтэй байгаа гэнэ. Шугам хоолой засаж байгаа бололтой энд тэнд зам хаасан нь нэлээд байна. Бид хотоос гарахаасаа өмнө урьдчилж захиалсан “Эзэнт гүрэн” буудалдаа хоноглохоор очлоо. Их эзэн Чингис хааны өлгий нутаг гэсэн “брэнд”-ээ дагаад, орон нутгийн иргэдэд ч түүх, соёлоо тодотгох Тэмүжин, Чингис, Ханбүргэд, Эзэнт гүрэн гэсэн нэртэй газрууд харагдана. “Эзэнт гүрэн” буудал харин нэр шигээ байсангүй. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гэтэл үүднээсээ эхлээд тоос шороотой, үйлчилгээ муутай байлаа. Хэлүүлж, дуудуулж байж өрөөний тоос шороо цэвэрлэв. Эзэнт гүрэн уг нь сайхан байгууламж юм. Даанч үйлчилгээ нь хэцүүджээ. Өглөөний цайны үеэр 8 настай хүүхдээс хоолны мөнгө нэхэх нь гайхам. Гэхдээ энэ бүхэн бидний аяллын дулаан уур амьсгалд огтхон ч нөлөөлөөгүй. Харин ч хэлж, шаардлага тавьж байж ажил үйлчилгээний чанар сайжрах, энэ нь дараагийн аялагч нарт тустай байх тул тэмдэглэлдээ оруулж байгаа юм.
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис гэж нэрлэсэн нь тун зүйтэй. Их эзэн Чингис хааны эх орон Монгол Улсад Чингис нэртэй хот заавал байх ёстой гэж боддог. Энэ бол зүй ёсны хэрэг. Дэлхийн хүмүүс өөр хаана аль улсад ийм нэртэй хотыг харахав. Харин Монголчууд бид бүхэн Чингис хотоо хот шиг хөгжүүлж авч явах бол өөр ажил хэрэг. Үүнд их хичээх хэрэгтэй байна.
Чингис хотдоо хоноод бид үрсийнхээ эрхэнд мөн л тааваараа цааш хөдөлсөн. Бэрх хүртэл тавьсан зам гоё аж. Толийсон замаар торолгүй давхина. Чингис хаан хамтлагийн ахлагч Жагаа гавьяатын “Нутаг” дуу аманд орж ирэв. Хүүхдүүдэд маань ч сонирхолтой байх аж. Чингис хааны өлгий нутгаар Чингис хаан хамтлагийн дуу аялаад давхихад сайхан гэж.
Бэрх хотод хүрэв. Түүх номонд дуртай гадны жуулчин байсан бол Чингис хотоос гараад Алтан Ордны Улсын Бэрх хаанаар нэрлэгдсэн Бэрх хотод ирлээ гэж сэтгэнэ байх даа гэж тэрхэн зуур бодов. Бэрхийн Ерөнхий боловсролын сургуулийг өргөтгөн шинэчилж, хөрөнгө оруулж, Их Британийн алдарт Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлжээ. Энэ сургуульд суралцах хүүхдүүд азтай юм даа гэсэн бодол төрөв. Цөөн хүн амтай, эртний түүхтэй, нэр алдартай Монгол үндэстний үр хойчис хаана төрж өсөж байгаагаасаа үл хамаарч бүгдээрээ ийм гоё сургуульд суралцаасай.
Бэрхээс цааш Батноров хүртэл зам тавигдаад ашиглалтад орох тун дөхжээ. Сайхан замаар давхиад зам зуур цөөхөн удаа шороон замаар орж гарав. Сумын 100 жилийн ой болох гээд бэлтгэл ажил ид явж байна. Сайхан цэнгэлдэх барьжээ. Цэнгэлдэхийн хажууд гэр гуанзнуудыг газар зааж зохион байгуулжээ. Тэдний нэгэнд буув. Батноров сум эртнээс урчууд дархчуудаараа алдартай. Гэр гуанзны эзэнтэй энэ талаар бага яриа өрнүүлэв. Урчуудын уламжлал өдгөө ч Батноровт хадгалагдаж байгаа гэнэ. Сумын ойгоор урчуудын эд өлгийн үзэсгэлэн гарах тухай дуулав. Сайхан санагдана. Батноров гэдэг брэнд нэрийг өөр хүмүүс Улаанбаатарт ашиглаж, юм л бол Батноров хийцийн эмээл гэдэг дээ гээд Хэнтий нутгийн баз маань инээнэ. Батноров сум урчуудаас гадна адууны эх нутаг. Сүүлийн жилүүдэд “Талын түмэн адуу” нэртэй аялал жуулчлалын брэнд арга хэмжээ сайхан зохион байгуулж уламжлал болгоод байгаа билээ. Аргагүй адууны нутаг гэсэн шиг адууны махтай хоол санал болгож байдаг шүү. Говь нутгийн надад бол зун цагт адууны мах иднэ гэхээр сонин содон сонирхолтой санагдсаныг хэлэх юун. Говийн бид чинь адууны махыг өвөл хэрэглэдэг гэдэг ойлголт багаасаа бат суучихсан улс.
Батноровоос цааш хэсэгхэн яваад шороон замдаа оров. Замын ажил ид явж байна. Энэ зун хур бороо ихтэй тул ажлын улиралд захирагддаг зам барилгынхан маань хугацаа хуваариасаа хоцорч байгаа харагдана. Байгалийн хуулийг дагахаас яахав. Бид Норовлингийн наахна түр зогсож хүүхдүүдийнхээ нурууг амраагаад цааш хөдлөв. Ногоон хивсэн дээр хөвж яваа мэт санагдана. Зун сайхан гарчээ. Биднийг дагуулж яваа баз маань Хэнтийн Дадлын уугуул гэж дээр бичсэн дээ. Урд машины хурд нэмэгдээд түүний нутагтаа яарч байгаа нь илт. Норовлингоос Дадал хүртэл шуурхай давхив. Газрын баримжаа илт өндөрсөөд, ой модтой болоод ирдэг юм байна. Нэг сайхан хөтлөөр даваад уруудтал нутгийн үхэр сүрэгтэй таарав. Нэлээд тооны юм. Бараг 100 орчим. Дадлынхан сүүний чиглэлийн гойд ашиг шимтэй хар тарлан үүлдрээс нутгийнхтай нийлж үлдсэн улаан шар тарлан сүрэгтэй юм. Сайхан сүрэг. Сигналдаад тоож байгаа юм алга. Замаас гарна гэсэн бодолгүй шүү. Хариулж туусан эзэн нь ирж байж үхрээ замаас гаргаж сая биднийг явуулж өглөө.
Сайхан хөндийгөөр уруудаж өгсөөд Хэнтий аймгийн Дадал сумын хаалганд ирлээ. Биднийг манай базын аав Гансүх ах, ээж Чимгээ эгч тосон хүлээж байлаа. Манай аяллынхан Дадалд тэднийхээр буув. Гансүх ах бол Буриад зоны Шарайд овгийн хүн. Тэрээр Монголын түүх, соёл уламжлал, зан заншил, улс төр, эдийн засаг, орон нутгийн хөгжил гээд олон талын сэдвээр яриа өрнүүлэх мэдлэгтэй, гүн ухаантай. Тэрээр Онон-Балжийн Байгалийн цогцолбор газрын захиргаанд ажиллана. Өөрт нь тун тохирсон сайхан ажил аж. Ах ч ажилдаа эзэн болж, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулдаг нь илт. Онон-Балжийн сав газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын нөөц газруудын бүртгэлд сая 6 сард бүртгүүлсэн их ажилд нь ахад баяр хүргэв.
Гансүх ахтай ярилцах тун сайхан. Түүний яриа үлдэцтэй, сургамжтай, бодууштай гэж. Ах бол Монголын нууц товчооны нэвтэрхий толь гэж хэлэхээр эрхэм. Клабхауст Монголын нууц товчооны талаар ярилцдаг бүлгэмтэй. Өмнө огт уулзаж байгаагүй бүлгэмийн гишүүд нь гадна дотноос цуглаж тэднийд буугаад морджээ. Хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүс зорилготой бол тэгээд хамгийн хүчтэй гэж хаа нэгтээ уншиж байжээ. Гансүх ахын гэргий Чимгээ эгч уг гарвал ярьвал Дорнод аймгийн Матад сумын Хатагин овгийн хүн. Төрт ёсыг Боржигон овгийнхон, харин бичгийн эрдмийг Хатагинчууд өвлөх тухай Гансүх ах ярив. Ардын боловсролын тэргүүний багш Чимгээ эгч Дадал сумынхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлийг тэргүүлдэг ажээ. Эгчийн зөвлөлөөс санаачлаад тухайн үеийн Онон хошууны дарга, Улсын Бага хурлын анхны эмэгтэй гишүүн Дугарын Дунгаржидийн дурсгалд зориулсан хөшөөг Дадал суманд байгуулжээ. Цэл залуухан 32 насандаа хилсээр цаазлуулсан жирэмсэн бүсгүйн түүх сонсоход өрөвдөм. Монгол Улсын түүхэнд жирэмсэн 5 эмэгтэйг цаазалж. Дэлхийн өөр аль ч улс орны түүхэнд ийм явдал байдаггүй ажээ. Энэ 5 эмэгтэйн 2 нь Дадалтай холбогдох бүсгүйчүүд. Зөвлөлөөс мөн санаачлан зохион байгуулж Богд хааны Гэнэнпил залуу хатны гэрийн бууринд дурсгалын хөшөө босгожээ. Гашуун хатуу түүхээ хойч үе мартахгүй байх учиртайг Чимгээ эгч сануулж бидэнд энэ түүхийг ярьж өгсөн юм.
Гансүх ахынх айлчин гийчдэд зочломтгой. Чимгээ эгч ёстой нөгөө дуунд гардаг шиг орсон гарсанд дуутай цайтай, олонтой явахын заяа түшсэн хань ажээ. Хоолны тэвшинд хөлдүү махыг сүхээр цавчин хөшиглөж байгаа эгчийн бичлэг сошиал орчинд яг ид “од” болж байна. Эдний “Галын сараа” байнгын хөл хөдөлгөөнтэй орчин. Хүүгээ базуудтайгаа ирнэ гээд хоолны ширээгээ томруулсан гэнэ. Бага балчрууд олонтой тул болгоомжлоод орчны аюулгүй байдлыг сайн анхаарснаа эгч ярина. Хүү ч нарны гэрлээр цэнэглэдэг олон янзын гоё гэрэл хотоос авчирснаа задалж тэр дороо хэдэн газарт суурилуулав.
Гансүх ахынд олны танил, нэртэй зүстэй, ухаантай, мэдлэгтэй гээд өнөөгийн Монголын нийгмийн бүх салбарын төлөөлөл олон хүн бууж морджээ. Ахтай яриа өрнүүлжээ гэсэн үг. “Манайд зочилсон миний мэдэх 100 эрхэм” гэсэн сонирхолтой ном гаргаач” гэж ах эгч хоёрт хэлэв. “Тэгвэл чамайг оруулна даа” гээд ах намайг явуулж хошигнох. “Зай гарахгүй дээ” гэж дор нь хариуллаа. Хэн хэн танайд бууж байв гээд олны танил хүмүүсийг тоолтол тэр дороо л 20 гараад явчихав. Ийм ном гарвал тун ч сонирхолтой түүх болно. Эднийхээр айлчин тасрахгүй. Биднийг ярилцаж суутал зочин ирлээ гээд л ах босоод явна. Ахын хашаа өргөн уужим нь таатай. Гэр, хажуу байшин, шовгор гээд бүгд зочинтой болсон тул нэмж ирсэн хамаатныхаа гийчдэд хашаандаа байршилзааж майхан сав босгоно.
Эхнэр бид хүүхдүүдээ зугаацуулж суутал “Галын сараа”-наас дуудлага ирэв. Очтол Гансүх ах тэднийд түр зочилж ирсэн 2 найзтайгаа сууж байна. Тэдэнтэй танилцуулахаар дууджээ. Гэр бүлийн найзууд аж. Бид танилцаад нэлээд ярилцаж суув. Чимгээ эгчийн ангийн Батзориг ах бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан бизнес эрхлэгч, хуучин Монголын ногоон намын Тамгын даргаар ажиллаж байжээ. Харин түүний эхнэр Монголмаа эгч Дэлхийн банкны Монгол дахь Төлөөлөгчийн газарт ажилладаг ажээ.
Сингапурын гайхамшгийн эцэг, тус улсын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю-гийн “Сингапурын хөгжлийн нууц – Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх 1965-2000” номыг Монгол хэл дээр орчуулсан хүн бол Монголмаа эгч. Тайландад Олон улсын хөдөлмөрийн байгууллагад ажиллаж байхдаа энэ номыг англи хэл дээр анх уншаад Монголчуудад, Монгол Улсын хөгжилд хэрэгтэй учраас орчуулах бодол төрсөн гэнэ. Уншигчдад өгөөжтэй, тун сонирхолтой ном. Бестселлер. Оюуны асар их хөдөлмөр орсон нь илт шилдэг бүтээл. Энэ бүтээлийг орчуулж Монголчууддаа унших боломж өгсөн Монголмаа эгчийг хүндэтгэх сэтгэл төрөв. Гансүх ах “Овоо бол Монголчуудын түүхэн хөгжлийн явцад бий болгосон сүм юм гэж Монголмаа хэлсэн, тун ончтой үг шүү” гэж түүнийг үнэлнэ. Бусад улс оронд сүм гэж барилга, байгууламж дотор оршихыг хэлнэ, харин манай Монголчуудын овоо бол шууд байгальд, тэнгэрийн дор, зах хязгааргүй уудамд оршихуй юм гэж тодотгов. Эргэцүүлэхэд тийм дээ. Гансүх ах овоо яаж тахих, овоонд хэрхэн гарах, гарахдаа ямар үг хэлэх, яаж сүсэглэх гэх зэргээр овоог маш нарийн судалсан, энэ талаар заавар ном гаргасан хүн.
Бид бүхний яриа Монгол Улсын хөгжил, тулгамдсан асуудал, шийдэл гарц тойрсон өргөн сэдвээс эхлээд Дадал суманд аялал жуулчлал хөгжүүлэх боломж, арга зам гээд нарийсав. Дадлынхан аялал жуулчлал хөгжүүлэхээр их хичээл зүтгэл гаргаж байгаа аж. Дадал сумыг хот болгохоор төлөвлөж ажлууд хийгдэж байгаа юм байна. Суманд “Дэлүүн болдог” олон улсын нисэх онгоцны буудал, цахилгаан шугам, дэд станц, өөр бусад олон бүтээн байгуулалт хийгдэж байна. Дадал ойрын хэдэн жилдээ олны хөл, гадна дотны аялагч, жуулчдын сонирхолд бүрэн дарагдах нь тодорхой.
Батзориг ах “Дадалд дотоодын жуулчид татахдаа цахим орчныг сайн ашиглах, Дадлын бүтээгдэхүүн үйлчилгээ нь бэлэн чанартай байх, мэдээллээ түрүүлж өгөх нь чухал” тухай, Монголмаа эгч “Дадалд хэтдээ гадаадаас олон жуулчин авчрах биш харин цөөн жуулчныг үнэ цэнэтэйгээр урьж эдийн засгийн үр шим илүүтэй хүртэх” тухай зөвлөв. Гэх мэтээр бичих зүйл их тул энэ хэсгийг ингээд зогсоё. Мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай, сэтгэлтэй, сэтгэлгээтэй, ёстой л юм үзэж нүд тайлсан хүмүүстэй ярилцаж оюунаа тэлсэндээ, биднийг танилцуулсан Гансүх ахдаа баярлалаа. Оюуны хэрэгцээ хангагдсан мөч байлаа. Наранд толгой халснаа ч анзаарахгүй суужээ. Эхнэр малгай авчирч толгойд тавихад сая анхаарав.
Их эзэн Чингис хааны унасан газар, угаасан ус бол Дадал сум. Энэ бүс нутагт Монгол Улсын дунджаар хамгийн их хур тунадас унадаг билээ. Үүнийг баталж цаг уур нь чийглэг, дагаад байгалийн сайхан бүрэн цогцолжээ. Дадал сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам ч сайхан боллоо. Наадмыг нээж сумын Засаг дарга үг хэлж, төрийн далбааг Дадал сумаас төрж гарсан гавьяатууд өргөв. Наадмын нээлтэд зориулсан буриад хөвгүүд, басгадын бүжиг хамгийн гоё бас утга төгөлдөрбайлаа. Өвөрмөц соёл уламжлалтай ястан бол Буриад зон. Морин тэрэг хөллөсөн нүүдэлчин өвгөний дүр ч их учир утгатай. Нээлтийн үеэр төвийн цахилгаан гэнэт тасарч микрофон, хөгжим саатав. Хөршөөсөө эрчим хүчний хараат гэдгийг эзэн хааныхаа төрөлх нутгийн ойд хүртэл амсах аж. Дорд хараатаас улсаараа хурдхан гарчих юмсан гэсэн бодол хөвөрнө. Наадам тойроод хуушуурын гэрүүдийг сайхан зохион байгуулжээ. Хөдөө сумын наадмын хуушуурын амттайг, мах ихтэйг хэлэх үү. Дадлын наадамд хот газраас хүн ихээр цуглажээ. Илт мэдэгдэж байлаа. Ялангуяа наадмын нээлтийн үеэр машин тавих зайгүй шахам байв.
Ойн бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын начин Ганхуяг түрүүлж, Дорнодын Баян-Уулын аймгийн арслан Төрмөнх үзүүрлэв. Ойд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дорнод гээд газар газрын бөхчүүд ирсэн нь сайхан санагдлаа. Чингис хааны төрсөн нутгийн ой гээд ач холбогдол өгдөг юм болов уу гэж санагдах. Ойн бөхтэй хамт шигшээ 32 бөхийн барилдаан ч бас сайхан болсон. Залуучууд хурдан шуурхай ч юм. Арван зургаатай гэнэ, нэг хүү аймаг сумын цолтон томчуудтай тун ч сайхан барилдлаа. Тэрээр 2 давж шалгараад тойргоор барилдав ш дээ. Ирээдүйтэй харагдана.Сайхаан сайхан.
Ойн сур харваа ч тун сайхан болов. Дадал нутаг мэргэн цэцэн харваачдаараа улсад алдартай. Улсын дархан мэргэн Оюунчимэг эгч Дадлынх. Төрөлх сумынхаа ойн наадмын харваанд хүндэтгэлтэй оролцож шалгарав. Эрэгтэй, эмэгтэй харваанд шалгарсан харваачид бүгдээрээ спортын мастер, улсын мэргэн цол зэрэгтэй. Харваачдын залгамж халаа ч хүчтэй харагдана. Наадам дууссаны дараахан сурын талбайд хүүхдүүд харваж харагдана. Сурын дугуйлан хичээллэж байгаа нь тэр. Багш нь хичээл зүтгэлтэй гэж жигтэйхэн. Багаасаа сураар хичээллэх хүүхдүүд Монгол соёл, уламжлал ахуйдаа улам бүр хайртай болж чамбай төлөвшиж байгаа даа.
Ойн хурдан морины уралдаан харин маргаантай боллоо. Эрлийз мөн, биш тухай маргаан улсын наадмаас сумын наадам хүртлээ гүн гүнзгийрчээ. Шүдлэн насанд сэрвээний өндрөөр хасагдсан хоёр шүдлэн хязаалан насанд өгсөж уралдаад түрүүлж аман хүзүүдсэн нь уяачдын уур бухимдлыг дээд цэгт нь хүргэв. Хурдан морины комисс олигтой ажиллаж чадсангүй бололтой. Шүдлэн уралдуулж хязаалангийн түрүү аман хүзүү авсан уяачдыг гайхмаар бас жигшмээр. Хүндэтгэлгүй юм. Уралдаан будлиан ихтэй болсноос зодоон цохиондоо ч хүрч. Нанчилдаангүй наадам гэж юу байхав гэж тоохгүй орхиж болохгүйсэн. Монголчууд морио уралдуулж чадахгүй хэрэлдэж зодолдоод талцал хуваагдалд хүрвэл түүн шиг эмгэнэл юу байх билээ. “Манай Дадлын адуу бие томтой талдаа. Эрлийз биш хэр нь морио уралдуулж чадсангүй хасагдлаа” гэх нутгийн уяач залуутай таарав. Өөрөө морь уядаггүй хэр нь бусдын хурдан хүлгийг өөрийн нэр дээр уралдуулах явдал их болжээ гэж тэрээр харамсах. Наадам дуусна, амьдрал үргэлжилнэ. Монголоо алдахгүй, хүнээ байхгүй юмсан.
Наадмын хаалт бороотой ч сайхан болж өндөрлөлөө. Хаалтын арга хэмжээг гурван баз зэрэгцэж суугаад тухтай үзэв. Их эзэн Чингис хааны төрсөн нутгийн 100 жилийн ойн баяр наадмын туганд ч зургаа авахуулж бэлэгшээв. Ер нь Дадлынхан 100 жилийн ойдоо чамгүй бэлтгэжээ. Бөх, морь, сурын бай шагналуудыг айл өрхүүд дангаараа хувиараа даажээ. Сум орны төсөв, удирдлагад том дэмжлэг болж дээ гэж бодогдоно. Буриад ястны иж бүрэн дээл гоёлоор чимсэн өтгөс буурлууд шагналаа гардуулахаар сумын удирдлагуудтай зэрэгцэж харагдана. Сумын наадам сайхаан сайхан. Наадмаар хатир, жороо морь, мөн сайхан морьтой хос шалгаруулжээ. Шалгарсан шилдгүүд наадмын цэнгэлдэх тойрч хатируулж, жороолж, сайхнаа гайхуулах нь нүд баясгам. Сайхан морьтой хосын төрөлд яг ижил өвөрмөц зүсмийн морьд унаж, мөн зүсмийн морьд хөтөлсөн хос түрүүлжээ. Хөтөлгөө 4 ижил зүсмийн морьд онцгой содон харагдана. Ханьтайгаа морь унаж ижилсээд нутагтаа ингээд явна даа гэсэн бодол тээв.
Хаалтын арга хэмжээний чухал үеэр нөгөө цахилгаан бас л тасарч микрофон ажилласангүй. Хурлын дарга эрхэм өөрийн хоолойгоор чангахан дуудаж шагналаа гардуулав. Бага байхад алс хөдөөд хөгшин аавындаа Ямаха бага оврын хөх мотор асааж, кино үздэг байсан минь эрхгүй бодогдов. Ийм мотор бэлдсэн бол микрофон, хөгжим дуугаргах зэрэгт бол торолгүй ажиллах байв. Байнгын цахилгаантай газар ийм мотор бэлтгэх тухай санаанд ордоггүй байх л даа. Хөршөөсөө хараат цахилгаантай хол явахгүй нь ээ бид улсаараа.
Дадал сумаас Халх голын дайн, Баруун хилийн тулгаралт, 45 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад зориулсан дурсгалын хөшөө самбартай танилцав. Халх голын дайнд гэхэд л Дадлаас 82 хүн оролцжээ. Бахархмаар. Энэ нутгийнхан их хэлмэгдүүлэлтэд ихээр өртжээ. Хожим ихэнхийг нь цагаатгасан аж. Дадлынхан түүхийн олон нугачаа дундуур багагүй зовлон туулсан улс. Богд хаант Монгол Улс байгуулагдахаас эхлээд шинэ Ардын засаг тогтох бүхий л үйл хэрэгт буриадууд түүчээлэн оролцжээ. Хойноос хэдэнтээ нүүн орж ирсэн буриадуудыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж Шинэ Үндсэн хууль баталсан 2024 онд л иргэнээ гэж албан ёсоор бүртгэж авчээ. Энэ үйл явдлын 100 жилийн ой ирэх 2024 онд тохиох аж. Энэ ойгоор хэд хэдэн томоохон ажил төлөвлөж байгаагаа Гансүх ах ярив. Халимгуудыг маань Хаант Орост дагаар орсны төдөн жилийн ой гээд хойд хөрш идэвхийлэн зохион байгуулж байв даа. Тэгвэл Буриадуудын Монголдоо тэмүүлж тэмцэж ирж нэгдсэний түүхт ойг тэмдэглэх нь зүйтэй байлгүй яахав. Улсаас энэ үйл явдалд ач холбогдол өгч анхаарч дэмжээд, донж ньюансыг тааруулаад зохион байгуулах хэрэгтэй санагдана.
Гансүх ах биднийг дагуулан Дэлүүн Болдог, Чингисийн гурван нуур амралт, Чингис хааны гэрэлт хөшөө, Чингис хааны ундаалсан ус гээд дурсгалт, түүх газруудаар аялуулав. Аялал бүрт түүний мэргэжлийн тайлбар дагалдана. Тэртээ найман зууны тэртээ энэ л газраар Чингис хаан давхиж, тэр л уснаас ундаалж байсан гэж бодохоор сэтгэлд дотно санагдаж, санаа даган эрч хүч нэмнэ. Дэлүүн Болдогийн овоо хүн ихтэй байлаа. Ер нь л ийм байдаг гэнэ. Овооны өмнөх тулганд гал асааж арц үнэртүүлнэ. Энэ тулгыг 10 гаруй жилийн өмнө манай баз хотоос авчирч тавьжээ. Олимпийн гал мэт байнга бадарч байх сайхан уламжлал тогтжээ гэж базаа магтав.
Бид Чингис хааны гурван нуурын газраар очив. Их эзэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд Дадал суманд Гэрэлт хөшөө босгожээ. Чингис хааны талаар ярих хүртэл хориотой коммунизмын хатуу цагт Их хааныхаа ойг тэмдэглэсэн, ойд зориулж гэрэлт хөшөө босгосон, урласан улс бүгдээрээ хэлмэгдэж хэцүү зам туулжээ. Хөшөөг буулгах тушаал дээрээс хэдэнтээ ирсэн ч буулгалаа гэж хариу худал мэдээлээд аваад үлдэж. Тэр бүх хүмүүст баярлалаа гэж шивнэв. Хөшөөний өмнөх хэсгийг гайгүй сайхан тохижуулжээ. Тухалж суутал Чингис хааны талаар, Дадал нутгийн тухай нэлээд нийтлэл ном бичсэн Ц.Намсрай гуай ирэв. Эрхэм хүнээс гурван ном худалдан авч гарын үсгийг нь зуруулаад бэлэгшээв. Манай гэр бүлийг Их эзэн Чингис хааны төрсөн нутгаас их эрч хүч авах ерөөл талбив гэж тэрээр бичжээ. Ерөөлөөр болог.
Дадал сумын төвийн багийг Баян-Овоо гэнэ. Энэ нь нутгийн Баян-Овоо уултай холбоотой. Энэ овоонд цэргийнхэн голдуу сүсэглэдэг, хүсэл зорилгоо өргөдөг, албаа даатгадаг аж. Монголын Урианхай түмний удам Сүбэдэй баатарыг Тувачууд, ялангуяа Сергей Шойгу ихэд шүтдэг юм байна. Тэрээр Монголын эзэнт гүрний хар сүлдийг хийлгэж Монголоос, Өвөр Монголоос гээд олон хүн урьж. Монголоос очсон урчууд хар сүлдээ авчирч Баян-Овоонд залсан гэнэ. Энэ ч учраас Баян-Овоо цэргийнхэнд ээлтэй бололтой. “Холыг харсан, сэтгэсэн, зорьсон эр хүн бүр Баян-Овоонд гарах хэрэгтэй” гээд Гансүх ах биднийг дагуулан овоонд гарлаа. Овооны орчмыг гоё тохижуулжээ. Сүүдрэвчний дээд хэсэгт тойруулан “Сайн хүмүүнийг үл ойшоож, Саар хүмүүний үгэнд орж, Төр засах үйлийг явуулбал, Төрт ёс алдран замхармуй”, “Мөнх тэнгэрийн хүчин дор, Магнай тэнэгэр орштугай”, “Аху төрийн эрхэм ёсонг андгай адил бат сахигтун”, “Хас төрийн цаазыг хаан эзэн ч сахимуй, Бүтэн төрийн засгийг бүхүй олон дагамуй”, “Зарлиг цааз зөрчих ахул алтан ургийг ч бүү өршөөгтүн, Засаглах ёсонд тэрслэх ахул хаан удмыг ч цээрлүүлэгтүн” гэсэн үгсийг бичжээ. Бид овооны тулганд гал асаан арц уугуулж, байгальдаа дээж өргөөд буув. Энэ овоонд гарахаас өмнө сэтгэлээ бэлтгэх ёстой талаар хэд хоногийн өмнө Гансүх ах захисныг хэлэх хэрэгтэй.
Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэдэг. Дадлаар хэд хоног аялж амарсан бид Улаанбаатартаа харих болов. Их эзэн Чингис хааны төрсөн нутгаар тун ч сайхан явлаа. Юм бүхэн учиртай. Хүн бүр дор бүрнээ урамтай зоригтой эрч хүчтэй. Дадлын нэрийн брэнд болсон том талх, цөцгий, гишүүгэний чанамал, дарсан сонгинотой.
“Их эзэн Чингис хааны өлгий нутаг” гэсэн “тодотгол” Хэнтий аймгийн төвөөс эхлээд Дадал хүртэл үргэлжилнэ. Энэ “тодотгол” Хэнтий аймагт зохино. Харин Дадал сумыг бүр илүүтэй тодотгоод шууд “Чингис хааны төрсөн нутаг” гэвэл зүйтэй санагдсанаа онцолмоор байна. Монгол Улс бол Чингис хааны эх орон, Хэнтий бол Чингис хааны өлгий нутаг, харин Дадал бол Чингис хааны төрсөн нутаг гэвэл онох мэт.
Буцах замдаа бид Дадлаас бороотой хөдлөв. Цуваагаар ард урдаа орж явав. Түрүүлж дагуулах нутгийн баз Ононгийн гүүрэнд идээ ундаа өргөж байна. Хүүхдүүдээ унтаж байх цагийг ашиглаж газар хурдан ахихаар манай машин түрүүлэв. Нутгийн өөр нэг машинтай урд хойноо орж явтал арай зүүн тийш яваад байх шиг санагдана. Зам бүдгэрч санагдаад, ойрд машин яваагүй бололтой. Бороотой. Газар мэдэхгүй ч газарзүйн тойм мэдлэг Дадлаас урагш явбал Норовлин харин зүүн тийш бол Дорнодын Баян-Уул гэж сануулаад байдаг. “Буруу замаар орчихов уу” гэтэл эхнэр “төөрөхгүй аялал гэж юу байхав” гэж зоригжуулав. Ард үлдсэн хоёр баз, нэг маань нутгийнх, нөгөө маань машин жолоодохдоо сайн гэж бодоостой бас. Буцахдаа ирснээсээ өөр замаар яах аргагүй оржээ. Давхисаар алсад суурин харагдав. Норовлин уу гээд эхнэр бид инээлдэв. Явахдаа гүүрээр гарсан бид буцахдаа гол гаталж ирэв. Сумын колонк дээрх жолоочоос “Энэ хаанах вэ, Баян-Уул уу гэж” асууж тогломоор санагдав бид. Бусдыгаа хүлээх зуур Дадлаас авч гарсан бантангаар үрсээ хооллов. Хангай газрын бороо тасралтгүй шивэрсээр.
Норовлинд нэгдсэн бид цааш хөдлөв. Биднийг Батноров тийш бороогүй, нартай тэнгэр угтав. Саадгүй давхисаар Батноров хүрч хүүхдүүдээ амраагаад бантандав. Адууны нутагт адууны махтай хоол идмээр санагдсанаа гүйцээж томчууд хуушуурдав. Батноровоос “Андлалын хөшөө” ойрхон, дайраад гарах уу гэж баз асууж байна. Бид Чингис хот орж хүүхдүүдээ эрт амраая, “Андлалын хөшөө”-г дараа тухтай ирж үзэхээр шийдэв.
Манай аяллынхан орой эрт гэгээтэй Чингис хотод ирлээ. Урьдчилж захиалаад КН буудалд буув. Орчин сайтай, үйлчилгээ нь соёлтой, хоол нь амттай гэж жигтэйхэн. Дадлаас ачсан хонины махаа гэсгээхгүй хонуулах санаатай арга зам асуутал ресепшн охин уриалгахан нь аргагүй гал тогооныхоо том хөлдөөгчийг зааж өгөв. Хуучин Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг болгон нэр сольсны 100 жилийн ойг тэмдэглэхээр аймаг гоёжээ. Хэнтийгээс нааш Багануур хүрэх замд багцаалбал 20 км тутамд улаан халзтай гэр барьж, Хэнтий тийшээх хүндэт зочдыг угтан дайлж байгаа харагдана. Багануурт үдийн хоол идэж хүүхдүүдээ амраасан аяллын баг маань увж цувран Улаанбаатартаа буцаж ирэв. Амьдрал бол аялал.
Монголчууд бид бүхэн их эзэн Чингис хаанаараа бахархдаг. Бахархалт үндэстний баатар, их эзэн Чингис хааныхаа төрсөн нутаг Дадал суманд аялаарай гэж уншигчиддаа уриалж байна. Та нэгийг бодож хоёрыг тунгаах нь гарцаагүй.
Манай аяллын бүрэлдэхүүн: Г.Пүрэвжав, Ц.Агиймаа, П.Сондор, П.Дангина, П.Гарьд, П.Нэгүүн, Б.Батбаатар, Ц.Мөнхтуяа, Б.Энэр, Б.Энгүүн, Б.Энхлүүн, Э.Мөнхзул, Халиун, Б.Энхтөр, Ц.Мөнхсарнай, Э.Уужим, Э.Эрхэт.
Б.БАТБААТАР
Зочин