Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ерөнхий сайдаас их итгэл найдвар хүлээж байна
Уул уурхай, эрчим хүч нь мэдээж Монгол орны хөгжлийг урагшлуулах гол салбаруудад тооцогддог.
Уул уурхай, эрчим хүч нь мэдээж Монгол орны хөгжлийг урагшлуулах гол салбаруудад тооцогддог. Ялангуяа гаднынхны нүдийг хужирлаж буй эх орны маань хөрсөн дорх их баялгийг зөв бодлого, зөв механизмаар ашиглаж чадвал Азийн бар улс болж хөгжих боломж нөхцөл бүрэн бий, монголчуудад. Харин хий хоосон мөрөөдөлд умбаж, гоё сайхан үгээр нэгнээ хуураад явбал баялаг дагасан Голланд өвчинд нэрвэгдээд бөмбөг дэлбэлсэн мэт сүйтгэгдсэн газар нутагтай хоосон хоцрох аюул ч бий. Монголын үндэсний уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч До. Ганболд Ерөнхий сайд С.Батболдын уул уурхай, эрчим хүчний салбарын бизнесмэнүүдтэй хийсэн уулзалт дээр УИХ-аас баталсан Гол усны сав газар хайгуул, олборлолт хийхийг хориглосон хууль байгаль орчныг хамгаалж чадах уу гэсэн асуудлыг хөндсөн юм. Одоогоор энэ хуулийн хүрээнд 1000 гаруй хайгуулын лиценз цуцлагдах урьдчилсан тоо гарчээ. Зөвхөн ой болон голын сав газрынх шүү. Голын урсац тогтох газарт хайгуул хийж буй пүүс компаниудын судалгааг хийгээгүй ч ерөнхийдөө дээрх шиг хэмжээний тоо гарах бололтой. Нэг талаар уг хууль энэ аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийн олон жилийн хөдөлмөр, цаг зав, мөнгийг нэг л өглөөний нарнаар будаа болгож хаясан бол нөгөөтэйгүүр төрөөс байгаль орчноо хамгаалах гэсэн оролдлого байлаа.
Ер нь манай төр, засаг бизнесийн орчинд халгаатай гэнэтийн хууль гаргадаг байдалдаа дүгнэлт хийх цаг ирснийг хувийн хэвшлийнхэн их хэлж, сануулсан. Өөрөөр хэлбэл, асуудлыг нягт нямбай судлахгүйгээр нэг л амьсгаагаар хэт хавтгайруулж шийдэх нь хаана хаанаа хохиролтой болохын жишээ бол дээрх хууль юм. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар энэ хуулийн хүрээнд хамгийн багаар бодоход 150 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг улс лицензээ хураалгасан аж ахуйн нэгжид олгохоор байгаа аж. Гэтэл ийм их мөнгө бүү хэл Засгийн газар төсөв мөнгө хүрэлцэхгүй хэцүү байгаагаа байнга л ярьдаг шүү дээ. Хамгийн ноцтой нь голын болон ой сав газарт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагын лиценз зөвшөөрлийг хурааж дууссаны дараа олон мянган нинжа нар тухайн бүс нутгууд руу хулгайгаар орохоор зэхэж буй гэнэ. Өнөөдөр хэд хэдэн аймгийн гол, мөрнийг ширгээж, байгаль орчныг бохирдуулсан хэргийн эздээр нинжа нар тодорсон.Тэгвэл төр, засаг байгаль орчноо хамгаалах хууль гаргасан нэрийдлээр компани үйлдвэрүүдийг дарамталж, зөвшөөрлийг нь хурааж аваад харин жинхэнэ байгаль сүйтгэгчдийн гарт гол мөрнөө “бэлэглэж” магадгүйгээ бодолцож үзсэн болов уу.
Хөдөө, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд тун хүндрэлтэй болжээ. Орон нутгийн засаг захиргаа уул уурхайтай холбоотой бүхнийг зоосны нүхээр харж, тэдний хүссэн зоосыг өгөхгүй бол ажил урагшилдаггүй явдал хөдөөд газар авч. До.Ганболдын томьёолсноор орон нутагт 22 Засгийн газар ажиллаж, хандив нэрээр татвар тогтоож, бизнес эрхлэгчдээс амандаа орсон мөнгийг нэхэж өгөхийг тушаадаг байдал энгийн үзэгдэл болж. Нөгөө талаар уул уурхай эрхлэгчид ажлаа явуулахын тулд баяр ёслолын зардлыг даах, ном товхимол ивээн тэтгэх төдийхнөөр орон нутгийн засаг захиргааг жижиг зүйлээр хуурч ажилладаг аж ахуйн нэгж ч олон бий гэнэ. Бизнесмэнийн үзсэнээр тухайн орон нутагт хайгуул олборлолт хийж байгаа компаниуд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ тонн тутмаас төдөн төгрөгийг орон нутгийн төсөвт оруулах тухайд хуульчлаад өгвөл асуудал цэгцэрнэ гэсэн санал тавьж байна. Энэ мэтчилэн сүүлийн үед УИХ-аас гарч буй хуулиуд уул уурхайн бизнес эрхлэгчдийн эсрэг чиглэсэн байгаа талаар салбарынхан Ерөнхий сайдын чихнээс хонх уясан. Засгийн газрын шинэхэн тэргүүн анхны бизнес уулзалтаараа уул уурхай, эрчим хүчнийхнийг сонгож, тэдний санал бодлыг сонссон юм. Бизнесмэнүүдийн зовлон жаргал, бизнесийн орчны хүндрэл бэрхшээл, төрийн байгууллагуудын хүнд суртлыг биеэр үзэж туулаад гарсан хүн Ерөнхий сайдын албыг хаших болсонд бизнесмэнүүд их итгэл найдвар хүлээлгэж, бас хүлээж байна.
Д.Бэхээ