Энэ 7 хоногт
“Бие биедээ тавих шаардлага” -ын дутмагшил
Монголчууд бид хүчирхийлэл нэвчсэн, хар бараан, дарамттай,стресст живсэн,хатуу зэрлэгдүү, дээд зэргийн эмх замбараагүй нийгмийн орчин нөхцөлд уур бухимдалтай амьдарч байна.Аливаа нөхцөл байдал гэдэг хов хоосноос бий болохгүй. Бас гэв гэнэтхэн үүсэхгүй. Нийгмийг эмх замбараагүй болгож буй нөхцөл, хүчин зүйлс, шалтгаан учир гэж байх учиртай. Хаос эмх замбараагүй нөхцөл юм энэ бол. Дотоод талаасаа задарсан үеийн, эмхлэгдэн цэгцрээгүй үеийн нөхцөл байдал гэсэн үг. Дараах учир шалтгааны тайлбараас нийгмийг эмх замбараагүй байдалд хүргээд буй хүчин зүйлс, нөхцөл шалтгаан нь тодроод ирнэ.
Гучин жилийн тэртээ хуучнаас шинэ рүү, социализмаас ардчилсан нийгэм рүү шилжих шилжилт явагдсан. Энэ шилжилт, өөрчлөлт, үйл явцтай уялдаж, иргэдийн оюун санааны ертөнцөд шинэ нөхцөл, шинэ нийгэмд зохицож нийцэж амьдрахын үндэс суурь болох ардчилсан нийгмийн үнэт зүйлс, тулгуур зарчмууд, ойлголт ухагдахуун, мэдлэг бүрэлдэх учиртай байсан. Гэвч жам ёсны энэхүү үйл явц эс явагджээ. Үр дагаварт нь монголчууд бид нийгмийнхээ орчин ахуй, оршихуй амьдралд оршин амьдрах чадваргүй хүмүүс буюу нийгэмдээ зөрчил үүсгэж, асуудал бэрхшээл тарьж, үймээн гаргаж, бие биедээ төвөг учруулагчид болж хувирав. Тухайлбал, явган хүний зам, зүлэг ногоон дээр машинаа тавьсан, ус голд машинаа угаасан, хогоо машины цонхоор хаясан хүмүүст шаардлага тавихад өөдөөс “ Хуц, уль, чамд хамаагүй “ гэж уурсаж, ална гэж заналхийлж, үзлий муухай хараал урсган, мод, төмөр барьж зодохоор дайрч, балмад зэрлэг аашилж, танхайрах явдал нийтлэг үзэгдэл болж.
Ертөнц оршихуйн суурь зүй тогтлоор аливаа хэлбэр, үзэгдэл өөрийн агуулгыг гадагш тусгаж харуулдаг зарчимтай. Энэ тохиолдлоор дамжин гадагш ямар мэдээллүүд гадагш тусч байна вэ?Нэгд, энэхүү хандлага, үзэгдлээр дамжин иргэд маань байгалийнхаараа буйн, араатанлаг төрх төлөв, байдлаараа буйн, зэрлэгшсээр буйн шинж тэмдэг, мэдээллүүд гадагш тусчээ. Хоёрт, иргэдэд “ Шаардлага “ гэх үнэт зүйл, ойлголт ухагдахуун, хүнлэг энэрэнгүй үзэл, бусдыг хүндэтгэх хүндэтгэл, хүмүүжиж төлөвших үйл явц дутагдаж байна гэсэн мэдээлэл гадагш тусч байгаа болно. Танхай балмад хандлага, энэ үзэгдлийн цаана эдгээр үнэт зүйл, мэдээллийн дутмагшил оршиж байна гэсэн үг.
Хүний үг яриа, үйлдэл хандлага, авир араншин гэдэг эзнийхээ дотоод ертөнц, төрх төлөв, дотоод дахь хувирал өөрчлөлтийг тусган харуулдаг зарчимтай. Уур омогтоо шатсан, хараал урсгасан, элдэв үгээр гутаан доромжилсон, зодож нүдэх гээд дайран давшлах энэ хэт дур зоргоороо, даруулгагүй, цадиггүй,түрэмгий догшин, харгис байрын, задарч задарсан энэ төрх байдал бол араатанлаг төрх төлөв хийгээд зэрлэгшлийн шинж тэмдэг, тусгал шүү.
Нийгэмд нийтлэг тохиолдолтой энэ үзэгдэл монгол хүнээ бүтээх хэрэгтэй болжээ гэдгийг тусгаж байна. Бүтээх гэдэг нь байгалийнхаа өгөгдөл, араатанлаг төрх төлөвөөрөө буй монгол хүнээ нийгмийн иргэд болгож бүтээхүй үйл явц болно. Байгалийн араатан хийгээд нийгмийн иргэн алин болох нь оюун санаа, үйлдэл хандлагаараа ялгардаг. Байгалийн орчин нөхцөлд хүчтэй чадалтай нь хүчгүй доройгоо дийлж зэрлэг байгаль, ширэнгийн хуулиараа амьдарна. Харин нийгмийн орчин нөхцөл дэг журам, хууль журам, ёс суртахуун үйлчилнэ. Цадиггүй балмад байдал бол байгалийнх, хууль журмыг даган мөрдөх нь нийгмийнх. Дээрх тохиолдолтой холбовол, буруу явдалд шаардлага тавих хийгээд тавьсан шаардлагыг зөв зүйтэй хүлээн авч, биелүүлэх гэдэг нийгэмшсэний шинж буюу нийгэмд оршин амьдрах чадвартай буйн шинж. Харин зүй ёсны шаардлагыг танхай балмад хандлагаар хариулна гэдэг байгалийнхаараа буюу амьтанлаг, араатанлаг төрх төлөвөөрөө буйн шинж, тусгал юм.
Буруу явдалд хяналт тавих, зөвзүйлд дэмжлэг өгөх гэдэг дэлхий даяар мөрдөгддөг суурь зарчим бөгөөд амьдрал дээрх нэг хэлбэржил нь бие биедээ шаардлага тавих явдал юм. Шаардлага гэдэг хүний нийгмийг дэг журамтай, эмх цэгцтэй, сахилга баттай, хариуцлагатай байлгадаг, хүмүүсдур зоргоороо аашлахаас сэргийлсэн хяналт хязгаарлалт болно. Тэгэхээр нийгмийн амьдралд өдөр тутамдаа хэрэгжиж байх учиртай зүйл. Монгол хүн шаардлага тавьсан хүнийг өөрт хамаагүй зүйлд оролцов гэж дургүйцэж хүлээн авдаг, шаардлага тавихад эсэргүүцэж, уурлан хилэгнэж, зодож нүдэх гэж танхайрдаг. Мөн буруу явдалд шаардлага тавих явдал тун дутмаг. Хэн нэгэн дүрэм зөрчихөд, оочер дайрахад, нийтийн унаанд утсаар чанга ярихад, шөнө орой чанга дуу чимээ гаргахад энэ мэт тохиолдлуудад шаардлага тавьдаггүй, надад хамаагүй, хүний эрх энэ мэт зүйл бодоод дуугүй өнгөрүүлдэг. Эсрэгээр шаардлага тавьсан хүнийг хэрүүл шуугиан гаргав гэж буруутгадаг, эгдүүрхдэг гажиг хандлагатай. Энэ мэт хандлагаас дүгнэхэд, шаардлага, түүний тухай зөв ойлголт монгол хүний оюун санаанд хэвшин тогтоогүй өдийг хүрчээ. Үүний уршгаар энэ ойлголтын агуулга, утга санаа, утга учир, ач холбогдлыг огт ойлгодоггүй, ухамсарладаггүй бөгөөд шаардлага тавьж байна гэж хардаггүй, бие биедээ шаардлага тавих нь зүй ёсны зүйл гэдгийг, буруу явдал, үйлдэлд бие биедээ шаардлага тавих учиртайг ойлгодоггүй, мэддэггүй юм байна.
Дутмагшлыг нөхөж, энэ тухай товчхон мэдээлэл өгье. Хүний нийгэм бол хамтаараа оршин амьдардаг хамтын оршихуй, орчин нөхцөл. Хамтын оршихуйд нэг нь нөгөөдөө саад болохгүй, бие биетэйгээ зохицож нийцэж амьдрах зарчимтай ба мөнхүү бас нийгмийн орчин нөхцөл, оршихуйгаа буруу явдлаас хамгаалах үүрэгтэй болно. Тэгэхээр нийгэмд хортой бол, ойр тойрондоо төвөгтэй тээртэй бол, бусад хүмүүст дарамттай бол, нийгмийн ёс суртахуунд харш зохисгүй үйлдэлд, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах гээд маш олон тохиолдолд, буруу явдалд иргэд биебиедээ шаардлага тавих учиртай. Хэн ч бусдад үг хэлж, зохисгүй буруу үйлдэл нь шаардлага тавьж болно. Энэ бол нийгэмд үйлчилдэг суурь зарчим, зүй ёсны зөв зүйтэй үйлдэл төдийгүй нийгмийг дотоод талаас нь эмхлэн цэгцэлдэг дотоод хүчин зүйл билээ.Бие биедээ зөв шаардлага тавьж суръя, мөн бас нэгнийхээ тавьсан шаардлагыг зөв хүлээн авч суръя. Ийн хэвшвэл хүмүүсийн хооронд шаардлагаас үүдэлтэй үл ойлголцол, хэрүүл маргаан үүсэхгүй нэмээд нийгэм дотоод талаасаа эмх цэгцэндээ орох болно.
Нийгмийнхээ дэг журам, тулгуур зарчмууд, үнэт зүйлсийн тухай ойлголт бүрэлдээгүй хүн гэдэг эргээд нийгэмдээ зөрчил үүсгэж, асуудал бэрхшээл тарьж, үймээн гаргаж, бие биедээ төвөг учруулагчид болдог юм байна.Мөн нийгмийнхээ ахуй орчин, оршихуй амьдралыг дотоод талаас нь задалж хаос эмх замбараагүй нөхцөлтэй болгодог юм байна. Бас нийгмээ эвдэж сүйтгэж, оршин амьдрахад хэцүү, төвөгтэй нөхцөл бий болгодог юм байна.Нийгэмдээ зөрчил үүсгэхгүй, асуудал бэрхшээл тарихгүй, бие биедээ төвөг саад болохгүй хоорондоо зохицож нийцэж сурах явдал зайлшгүй хэрэгцээ шаардлага болчихжээ. Тэгэхээр нийгмийн суурь үндсэнд оршдог үнэт зүйлс, тулгуур зарчмууд, тэдгээрийн тухай ойлголт ухагдахуун, мэдээлэл иргэдийн оюун санаанд бүрэлдэн тогтох цаг хэдийнээ болж. Иргэд нь үйлдэл хандлагаа өөрчилсөнөөр нийгмээ дотоод талаас нь эмхлэн цэгцэлж чадна.
Оюун санаагаа шинэчилье.
Сэтгэлгээ, хандлагаа өөрчилье.
Ч.ТУЯА