Жак Виттакер гээд өвгөн байгаа юм. Америкийн олон штатууд нийлж байгаад гаргадаг сугалаа гэгч 6 тоо сонгож тааруулдаг тоглоомыг ганцаараа хожоод сул 315 сая орчим доллартай болсон гар. Аxаас асуужээ. Мөнгөө бөөнөөр нь авах уу эсвэл жил болгон тасалж авах уу гэж? Ах хүү яахав сандараад бушуухан шиг нэг дор нь авъя гэтэл цаадуул нь ямааны мах халуун дээрээ гэдэг шиг тэгвэл одоо бэлэн 170 саяыг ав гэж тулгаад бас дээр нь орлогын татвар гэж баахан мөнгө суутгаснаа 114 саяыг л бэлэн өгсөн байгаа юм. Нэгэнт зүгээр орж байгаа юм гэж бодоод Жак үг дуугүй нөгөө мөнгөө аваад жаргах юм бодтол хэрэг бишдэж эхэлжээ. Жакын амьдрал их мөнгөтэй болсноос хойш өөдлөх нь битгий хэл уруудаад ёстой замаа алдаж.

Xүмүүст баахан сул мөнгөтэй болчихлоо гэж хэлүүлэхээсээ санаа нь зовоод хожсон мөнгөнийхөө 10 орчим хувийг Жак шууд сүмд бэлэглэв. Бас 14 саяыг нь ядуу дорой амьдралтай гаруудад фонд байгуулах нэрээр хандивлав. Огт танихгүй үйлчилэгч бүсгүйд сайхан зан гаргаж машин, байшин бас дээр нь гарын мөнгө хүртэл өгч байгаа нь энэ гээд хэдэн зуун мянгаар нь цацав. Дараа нь стрип бааран дотор шалдан хүүхнүүд хараад зугаацаж байхдаа гадаа онгорхой орхисон машинаасаа бэлэн 500 мянга орчим доллар бас хулгайчуудад алдав. Ганц хайртай ач охин нь мансууруулах бодис хэрэглээд хорвоогоос халив. Гутарсан Жак архи хэтрүүлж уугаад согтуу машин барьж яваад цагдаад бас баригдаад авав. Үлдсэн хэдэн цаасаараа казинод орж тоглоод юу ч үлдээлгүй будаа болгов. Дараа нь өрөө хүртэл төлж чадахгүй онигоонд ороод баахан хүмүүс түүнийг шүүхэд өгөв. Хэдхэн жилийн өмнө төрсөн охин нь бас үл ойлгогдох шалтгаанаар цаашаа харав. Дээх нь үед хулхи нь буусан нөгөө Жак өвгөн зурагтаар ярьж байна. Би энэ гайтай сугалааг хожоогүй байсан бол миний амьдрал сайхан байх байсан юм гэж ирээд л уртаар санаа алдан нулимсаа арчиж байсан.

Сугалаа гэж нэг ийм л аз сорьсон хараал дагуулсан тоглоом байдаг. Тоглоом ч гэж дээ. Хүмүүс тоглоом гээд ярихаар миний толгойд бол юуны түрүүнд одоо энэ бацаануудын нуугдаж тоглох, залуучуудын ширээний теннис эсвэл сагс, даруухнаар нь нөгөө шатар даам мэт л эргэлдэнэ ш дээ. Харин сугалаа бол мөрийтэй тоглоом. Мөрийтэй тоглоом олон янз байдаг л даа. Хоёр найз хоорондоо бооцоо тавиад өгч авалцаад гэм хоргүй нэг өнгөрч болно. Эсвэл олуулаа нийлж даалуу тоглоод хонь малаа солилцоод болж байхад бас таван гар ширээ тойрч хөзөр тоглож байгаад нэгнийхээ сарын цалинг хуваагаад  туучиж байx жишээтэй. Баячуул нь нийлж байгаад том зочид буудалууд бариад доод лоббид нь казино байгуулж бас болно. Багш нарын цалинг тавих нэрээр төр засаг спонсорлож байгаад нийтийг хамарсан сугалаа тарааж төсвийн цоорхойгоо нөхөж байдаг нас нэг арга бий.

Сугалаа хэлбэрийн мөрийтэй тоглоомд бид хэн нэгнээ хожихоор чиний аз дайрлаа гэж хэлнэ. Аз гэдэг нь цагаа тулахаар үнэн абстракт ойлголт. Жишээ нь эрчүүдийн хүзүүг хугалмаар үнэн хөөрхөн хүүхэн гудамжаар алхаад явж байна гэж бодьё л доо. Сайн ярих юм бол тэр хүүхэн генийн сугалаа гэдэг тоглоомыг хожчихоод алхаж байгаа нь тэр байхгүй юу. Хувь заяаны эрхэнд аав ээж хоёр нь тааралдаж байж л тэдний дундаас тийм сайхан амьтан төрсөн байж таараа.Үнэн ухаантай залуучууд бас байна. Оюутан байхдаа шалгалтын урд өдөр нийлж үхтэлээ хамт архидсан мөртлөө маргааш нь чи уначихаад муухай царайлж байхад танай найз чинь яаж ийж байгаад л онц дүн зуураад байдаг. Чи биологийн номыг арав хорь уншиж байж арай чүү гэж нэг юм ойлгох гэж оролддог бол танай найз ганц уншаад л тогтоочихно. Ёстой атаархаж үхмээр.

За тэгээд дээр нь нөгөө сайхан дуулдаг бүжиглэдэг, зурдаг бичдэг, хурдан гүйдэг, өндөр харайдаг тэр нөхдүүдийг нэмэх юм бол генийн сугалааг хожсон хүмүүс цагаа тулахаар тийм ч цөөн биш юм шиг. Баян айлд төрсөн царай муутай охидууд юм уу эсвэл мангар бөгөөд сагсуу баньд нарыг хүртэл дээр нь нэмчих. Үнэн хэрэгтээ бол тэд цөмөөрөө л сугалаанд хожчихсон л гүйж яваа гарууд байхгүй юу. Сугалааг хүн бас ганцаараа хожихгүй ш дээ. Олуулаа нийлж байгаад бас хожиж болно.

Жишээ нь нөгөө Америкийн алдартай Хэлмэгдсэн Омогийнхон болоx Индианчууд байна. Бүхэл бүтэн нэг тивийг цагаан арьстангууд олж мэдэхээс өмнө хэдэн зуун жил ч юм бүү мэд хэдүүлээ булагнан эзэлж тийчлэв дээ. Тэд нэг ёсондоо аягүй гоё сугалаа хожоод жаргаж байсан чинь будаа болсон. Угаасааа хүй нэгдэлийн хэлбэрээр амьдарч байсан гарууд чинь галт буутай төмөр дуулгатай өлөн Европчуудын өөдөөс юу ч хийж чадахгүй байсаар байгаад л газар нутгаа тэдэнд алдсан. Архинд орох нь ороод, өвчин тусах нь тусаад, дөвчин нэг нь нум сум барьж гүйж байгаад л хүйс тэмтрүүлсэн. Өнөөдөр та нар Америкт очоод Индианчуудыг хайвал бараг олж харахгүй ш дээ. Гудамжаар нь баахан эрлийз цагаанууд, өмдөө унжуулсан харууд, бөөрөнхий хэлтэй Мексикүүд л холхилдоод байxаас биш Индианчууд бол ёстой сураггүй.

Зайлуул, амьд үлдсэн хэдэн Индианчууд өнөөдөр хүн бараг очдоггүй хөдөө л хэдүүлээ нийлээд вискигээ ууж мансуураад л хэвтэж байдаг. Бараг бүгдийг нь алчихсан болохоор цагаан арьстай Америкчууд бусдаас бас жоохон санаа нь хааяа зовдог юм шиг байгаа юм. Цөөхөн Индиануудадаа сар болгон зүгээр тэтгэмж нэрээр баахан мөнгө цацна. Сургуульд сурмаар байвал үнэ төлбөрийг нь цагаатгаад өгье гэсэн ч нэмэргүй. Цаадуул нь тоохгүй. Хүн зүгээр өөрсдөд нь мөнгө хаяад байхад хэн тэгж сургууль соёлд сурч лайтаж байдаг юм. Тэгснээс газраа цагаануудад лийз хийгээд л дээр нь том том казино байгуулж буцаагаад цагаануудынхаа мөнгийг шулж томроод хариугаа авна гэсэн гэнэн хүүхэд шиг юм яриад л явж байдаг.

Оросууд дээр үед жоохон мостонд орсон юм шиг байгаа юм. Аргаа барахдаа Аляскаг Америкчуудаас авах уу гээд гуйжээ. Цаадуул нь худлаа тунирхаж байгаад нэг акр газрыг дөнгөж хоёр центээр бодоод тэр том газрыг бүхэлд нь 7.2 сая долларраар Оросын цагаан хаанаас хусчихаж. Дотор нь сул холхиж байдаг баавгай, хандгай, ба хэдэн хүн төрхтэй бас болоогүй Монгол царайтай эскимо гаруудыг бол бараг тоож авч үзсэнгүй. Тэр газрыг Америкчууд яахаа мэдэхгүй лайтаж байтал харин аз болж авснаас нь хойш бараг 100 жилийн дараа хүний санаанд оромгүй их хэмжээний газрын тос байна гэдгийг тэд мэдээд авав. Нөгөө нүд үзүүрлэгдэж байсан эскимо нар чинь гэнэт пээдийгээд унадаг байна ш дээ.

Хуцаарай! Бид нар сугалаа хожчихоод байна наана чинь. Бидний амьдарч байгаа газрыг өрөмдөж тос гаргамаар байвал сар болгон төлбөр төлж байвал яасан юм гээд аваад хаясан чинь цаад зальтай цагаанууд нь болохоор шууд зөвшөөрдөг байхгүй юу! Зүгээр ороод ирсэн мөнгийг идэж ядсан хэдэн эскимочууд  маань яваандаа хүн биш болжээ. Монголд 80-аад оны үед гудамжинд архи шаглаж зардаг байсан даа. Хэрэв тийм төрхийг дахиад нэг хараад авъя гэвэл өнөөдөр та нар Аляска мужийн эскимочууд их амьдардаг тосгонуудаар яваад үзээрэй! Нөгөө сугалааныхаа шанд пологтож пээдийсэн эскимо гарууд чинь ажил хийхгүй зүгээр архидаад л, хоорондоо зодолдоод л, хүйтэнд хөлдөж үхээд л яг Монголчууд шиг. Санаа нь зовсон цагаан Америкчууд хууль гаргаад архийг эскимо их төвлөрсөн газруудад бүр мөсөн хорьж үзсэн байгаа байхгүй юу. Нэмэр байхгүй. Оросууд шиг гэртээ самагон нэрээд л эсвэл нэг нэгэндээ архи шаглаж зараад л ёстой гоё. Бодвол тэд нөгөө сугалаа хожсон хүмүүсийн хараал гэгчийг хүртэж.

Африк тив бол агуу газар л даа. Бидний мэдэхээр хүн гэдэг амьтан анx төрхөө тэнд сармагчингуудаас олсон гэж эрдэмтэд яриад байдаг. Этопиа гэгч газраас л хамгийн анхны хүн хэлбэртэй яс олдсон ш дээ. Нэрлээд байгаарай. Тэр газар доор нь Алт, Мөнгө, Бриллиант, Зэс, ба Төмөр гээд бараг байхгүй юм гэж байхгүй. Дээр нь Европ их ойрхон байна бас Дундад Ази бол бас бараг шүлсээ хаяхын хэрийн. Хэдэн төрлийн далайгаар хүрээлэгдсэн. Африкийн гарууд сугалаа гэгч юмыг яаж хожихыг бол ёстой үзүүлсэн байгаа байхгүй юу.

Тэгээд байхад л бас өөдөлдөггүй!

Бас л нөгөө хүй нэгдэлийн хэлбэрийн аж ахуй ба нийгмийн бүтэцнээсээ одоо болтол салнаа гэж нэг байхгүй. Бургас тайрч жад хийснээ дургүй хүргэсэн болгоныхоо өөдөөс чулуудаад сармагчин шиг аашлаад байна. Ёстой гажиг. Дээр нь хоорондоо омог бүлэг, нутаг ус, жалга сувгаараа бас хуваагдана. Чөрийсөн хэдэн өнөө маргаашгүй турж үхэхнүүдээ гэж харагдмаар харууд чинь л анх заазуураар нэг нэгнийхээ хөл гарыг цавчдаг байсан бол одоо жоохон боловсроод АК-47-аар бие биенээ буудаж унагаадаг болчихсон. Том сугалаа хожихоор яаж дараа нь дампуурдагыг тэр Африкийн харууд маниуст ёстой нэг яруу тодоор харуулж байгаа байхгүй юу.

За тэгээд Монгол. Сүүлийн 10-20 жил дэлхийд сонсогдож байгаагүй том хэмжээний сугалааг Монголчууд гэнэт баахан Толгой нэртэй ордууд нээснээс болоод  хождог юм байна. Яанаа?  Ёстой пакталсан юм болж байгаа байхгүй юу. Нөгөө л нэг сул орж ирж байгаа баахан хөрөнгө мөнгө. Зүгээр олоод авсан юмаа хүмүүс үрж цацахдаа бол амархан ш дээ. Яг нөгөө баян айлын бацаан аавынхаа машиныг хулгайлж унаад аваарт ордогтой адилхан. Яадаг юм! Дахиад л шинэ машин авчих юм чинь гэж ярьдаг овилгон зантай Монголчуудад зориулж бурхан нэг удаа шоо хаяж өгч зургаа буулгаснаа хоншоорыг нь шалгая гэж шийдсэн бололтой.
Яа яа... Аймаар азаартай тоглоомоор тоглосон шүү хэдүүлээ.

Сугалаа хожсон гаруудыг судалж үзсэн хэдэн нөхдүүд бичсэн байна лээ. Бараг 70 орчим хувь нь тэр дороо л нөгөө амар олсон хөрөнгөө үрж цацаад дуусдаг гээд. Аргагүй ш дээ зайлуул. Угаасаа юм үзээгүй гарууд чинь гэнэт их хөрөнгөн дээр суухаараа Гуйлгачин психилогноосоо салж чадахгүй байсаар байгаад амархан дампуурчихдаг юм шиг байгаа юм. Дуусахгүй баялаг гэж хаа ч байхгүй. Худлаа гэвэл та нар тэр Арабуудаас очоод асуугаарай за. Зуухан жилийн өмнө ганц бөxтэй тэмээн дээр донхолзон толгойгоо нүүр гарны алчуураар ороочихоод тууж явсан гарууд таварцаглаж унаад элсэн дороосоо хар алт гэгч газрын тос олжээ. Сүүлийн хэдэн жил тэд нөгөө тосоо бөөндөж олсон мөнгөөрөө баахан нүүрээ угааж даврав даа. Элсэн дээр дэлхийн хамгийн өндөр байшин гадныхнаар бариулсан мөртлөө өөрсдөө одоо болтол халбага сэрээ хэрэглэж сураагүй. Гараараа хоол цайгаа хамж иддэг хүй нэгдэлийн хоцрогдсон ёс заншилаасаа ерөөсөө салж чадахгүй. Нөгөө тосны нөөц нь өнөөдөр бол дундрах араандаа орсон. Өгсөөд л 40-50 жилийн нөөц үлдсэн байх. Тос нь дуусаа л бол тэднийг хэн ч тоож харахгүй. Бодвол тэд нөгөө өндөр байшингийхаа оройд гарч  коранаа уншаад л , Алладаа хайр зарлаад л,  Америкчуудыг хараасаар л үлдэх биз. Хувь заяа нь сугалаанаас болоод тэр чигээрээ тоглоом шоглоом болчихсон. Мөрийтэй тоглоомоор тоглосон гарууд хэзээ ч хождоггүй гэдгийг мэддэггүй л гарууд байж дээ. Харин Монголчууд маань мэдэж байгаа болов уу?

Дамбийжаа