ЯГЧИСЫН ОРОН ХЭМЭЭГЧ БҮХЭНД САХИХЫН БҮЛЭГ. 

ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ.


Нэн их сэтгэшгүй сүжгээр

Номын суваргад бишрээд

Ертөнцөд тэд нигүүлсэнгүй төгөлдөр

Ер амьтанд тусыг үйлдэнэ.


Гүнзгий дээд номын 

Гайхам амтат ариун рашааны чанар

Төгс чанарт оршсон хэмээвээс

Тэдгээрт машид орсон буй.


Хэн нэгэн дээд судар

Хутагт Алтангэрэлтийг сонссоны буянаар

Урьд цагийн гэгээрсэн бурхад

Улмаар олон мянган тоотыг тахисантай адил.

Сайн буяны ёзоор үүгээр

Судар үүнийг сонссон тэдгээрт

Эрхэт тэнгэрийн хаад хийгээд

Сарвасати мөн түүнчлэн

Шри хийгээд Вайшравана

Цогт дөрвөн Махаранз

Олон мянган Ягчис хийгээд

Их хүчит рид хувилгаантнууд

Суух орон газрынх нь дөрвөн зүгээс

Сахин хамгаалж аварна.


Эрхэт саран ба Эрлэг хийгээд

Хий болон усны тэнгэр

Сканда, Вишнү, Сарасвати хийгээд

Пражапати ба төрөлхтөн бүгд

Их хүчит Чанадыг дарагч

Энэ ертөнцийг тэтгэгч бүгд

Өдөр, шөнө алгасралгүйгээр

Өөрсдөө тэднийг сахин үйлдэнэ.


Их хүчит Ягчисын хоёр хаан

Их эрх баялагт ба Шуналгүйн хөвгүүн

Үнэнхүү мэдэл тэргүүтэн зэрэг

Мөн бас хорин найм хийгээд

Олон мянган Ягчисууд

Их хүч рид хувилгаантнууд

Аюул, аймшиг бүгдээс

Аварч тэднийг сахина.

Ягчисын хаан Важрапани хийгээд

Ягчисын таван зуун хөвгүүд

Аврагч Бодисадва бүгд

Аль нь ч тэднийг сахих болно.


Ягчисын хаан, Сайн эрдэнэ,

Мөн түүнчлэн Сайн дүүрэн,

Юун аюул болон Аглагт оршигч,

Улаан шар болон Шаравтар

Ягчисын хаад нэг нэгээрээ

Таван зуун Ягчис нөхдөө дагуулаад

Хэн нэгэн судар үүнийг сонссон

Тэд бүгдийг сахин үйлдэх болно.


Элдэв Үнэр идэштний аймаг

Эрхэм дээд манлай хаан

Магад хоолойт болон Эрдэнийн хүзүүт

Мөн бас Хурын эзэн, Их гүжир, Хар дүрт

Шаргал үст, Таван цэнгэлт, Ямаан чөмөгт

Түүнчлэн бас Их галав

Бөх нойрт хийгээд Номыг тэтгэгч

Бич болон Ороон үйлдэгч

Өргөст үст хийгээд Буяны садан

Өөр бас Эрдэнийн үст

Их оронт ба Гэр үгүй

Хүслийн дээд болон Зандан

Хүч ихт хийгээд Цастан

Амгалангийн уул зэрэг болно.


Их хүчээр чанадыг дарагч

Рид хувилгаант тэд бүгд

Энэхүү сударт баясан биширч

Тэдгээр бүхэн сахин тэтгэнэ.

Анаватапта нэрт лусын хаан

Мөн түүнчлэн Их далай

Өглөгийг баригч ба Элаан-навчит

Ойр баясагч болон Баясагч хоёр

Олон мянган лус нар

Их хүчит Рид хувилгаантнууд

Түгшин айх аюул бүгдээс

Тэд бүгдийг сахин үйлдэнэ.


Их хүчит Аймшгийг үл өгөгч

Зэс уул хийгээд Дээд амгалант

Машид цэнгэгч хийгээд Ширүүн атаархагч

Мөн түүнчлэн Асурын хаан

Олон зуун мянган Асур нар

Их рид хувилгаантнууд

Түгшүүрт аюул гарах аваас

Тэд бүгдийг сахин үйлдэнэ.


Булаагч эх нэрт адын шулам

Аюулт таван зуун хүүгийн хамт

Суух, хэвтэх, согтохын цагт

Сахиж тэднийг хамгаалах болно.


Зандалчин эм ба Догшин эм

Ягчис хорлогч эм

Лавайт хийгээд Давхар соёот

Амьтан бүгдийн сүрийг булаагч

Их хүчээр чанадыг дарагч

Рид хувилгаант тэд бүгд

Хамаг зүг зовхис бүгдээс

Хамгаалан тэднийг сахих болно.


Сарасвати тэргүүтэй охин тэнгэр

Эглийн санаанд багташгүй олон

Өөр бас Шри тэргүүтэй

Охин тэнгэр бүгд хийгээд

Тэрчлэн газрын охин тэнгэр

Тариа үр, ойн тэнгэр

Олон баясах мод суварга дор

Оршигчид болон салхин тэнгэр

Олон тэнгэрүүд бүгд энд

Онцгой машид баясах сэтгэлээр

Судрын аймаг үүнд биширсэн хэн байна

Тэр бүгдийг сахин үйлдэнэ.


Нас, зүс, хүч чадалд

Нигүүлсэж тэднийг учруулж үйлдэнэ

Цог буян, сүр хүч

Цогцлон чуулж, үргэлжид чимнэ

Гараг, од эрхсийн хорлол

Гай тэр бүгдийг амирлуулж үйлдэнэ.

Хамаг гутамшиг хилэнц муу зүүд

Харуусалт бүгдийг амирлуулж үйлдэнэ

Гүн хийгээд их хүч төгөлдөр

Газрын охин тэнгэр тэр өөрөө

Сүслэн биширч дээд Алтангэрэлт

Судрын хаан үүний амтаар цэнгэнэ.


Зуу зуун бээрээр тоолвоос

Жаран найман мянган бээрийн чанадаас

Очирт сууринд тулахыг хүртэл

Орны шим нь машид арвидна.


Хэдэн зуун бээрийн хэмжилтэй

Хөрснөөс доош шим нь арвидаад

Гэдрэг тэр эргэн буцаад

Газрын хөрсийг тэтгэн шимжүүлнэ.

Ховор судар үүнийг сонссоны хүчээр

Хамаг тэнгэрүүд

Сүслэн биширч дээд Алтангэрэлт

Судрын хаан үүний амтаар цэнгэнэ.