АНУ дахь монгол залууст хэлэх үг, хэрэгжүүлэх санаа байна
АНУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол оюутнуудын дунд “Надад хэлэх үг байна” нэртэй илтгэлийн тэмцээн болдог юм. Анх Лос-Анжелос хотоос гараагаа эхэлсэн уг тэмцээн хот хотыг дамжин явсаар энэ жил долоо дахь удаагаа, Дэнвэр хотноо энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдаж байна.
АНУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол оюутнуудын дунд “Надад хэлэх үг байна” нэртэй илтгэлийн тэмцээн болдог юм. Анх Лос-Анжелос хотоос гараагаа эхэлсэн уг тэмцээн хот хотыг дамжин явсаар энэ жил долоо дахь удаагаа, Дэнвэр хотноо энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд шалгарсан залуус эх Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр болохуйц шинэлэг санаа санаачилга, шийдэл зэргийг шинжлэх ухааны үүднээс судлан шинжилж, хэлэлцүүлнэ. Урьд, жил бүр өөр өөр хотын залуус зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн “MNG Summit” хэмээх ашгийн бус байгууллага байгуулснаар, тус байгууллага тухайн хотын холбоо, залуустай хамтран хийж байх тогтолцоонд шилжсэн байна. Энэ жилийн хувьд залуус 1. Уул уурхай, геологи, геофизик, нефьтийн инженер, 2. Интернет зах зээл, мэдээллийн технологи, тооцоолуурын шинжлэх ухаан, 3. Нягтлан бодох, санхүү, 3. Байгаль орчны шинжлэх ухаан, инженерчлэл гэсэн дөрвөн салбар хуралдаанаар шинэ санаа, оюун ухаанаа уралдуулах юм.
Ингээд “МНГ Саммит” ТББ-ын гишүүн, тэмцээнийг зохион байгуулж буй гурван залуутай Гүүгл хангаут хэмээх программаар зэрэг холбогдон, ярилцлага авлаа. Ярилцлагын програм, дуу хураах асуудлыг тус үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа IBM компанийн монгол ажилтнууд болох Э. Жагдагдорж, Н. Баасандорж нар хариуцан ажиллалаа.
М.Саруул-Эрдэнэ (цаашид М.С.): Та бүхэн юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?
За, сайн байцгаана уу? Амарсанаа овогтой Амарбаяр байна. Сиэттл хотод, Амазон компанид програм хангамж, софтвэйрийн инженерээр ажилласаар жил хагасын нүүр үзэж байна. Энэ 6 сард магистраа тооцоолуурын шинжлэх ухааны (computer science) чиглэлээр хамгааллаа. “Надад хэлэх үг байна” арга хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулагчаар оролцож байна.
Намайг Ганцэцэг гэдэг. Лос-Анжелос хотод ирээд арваад жил болж байна. Усны инженерийн мэргэжлээр бакалавраа төсгөөд, одоо эндхийн хүүхдийн эмнэлэгт програмын инженерээр ажиллаж байна. Манай эмнэлэг Монголын анагаахын салбар, Эх нялхсын төвтэй холбоотой ажиллаж, агаарын бохирдол нярай хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар хамтран судалгаа хийж байгаа. “МНГ Саммит” байгууллагын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулалцаж байна.
Батбаяр овогтой Хэрлэн байна. Колорадо мужийн Дэнвэр хотын Уул уурхайн сургуульд Монголын шатдаг занарын нөөцийг тодорхойлох сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар сурч байна. Хоёр мэргэжилтэй, био-анагаахын инженер, мөн петрофизикийн чиглэлээр нефтийн геологич. Өмнө нь Техас мужийн Хьюстон хотод хавдрын голомтыг устгах эм тариа болон эд эсийн нөхөн үржихүйн судалгааны багт ажиллаж байлаа. Монгол, Төв Азийн ард түмэн, хүмүүсийн генетикийн судалгааг мөн хийж байсан. “Надад хэлэх үг байна” энэ удаад Дэнвэр хотод болж байгаа учраас Дэнвэр хот дахь гол зохион байгуулагчаар нь ажиллаж байна.
М.С: Бүгдээрээ хувь хувьдаа ажил мэргэжлээрээ амжилттай яваа залуус байна. Дээр нь бас нэгдэн нийлээд ТББ бус байгууллага байгуулж, эх орныхоо төлөө ажиллана гэдэг бүр ч сайхан байна. Энэ байгууллага, төслийнхөө талаар ярина уу?
А.Амарбаяр (цаашид А.А.): “Надад хэлэх үг байна” тэмцээн долоо дахь удаагаа, “Хөдөлмөрийн яармаг” харин дараа жил 3 сард, Сиэттлд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. АНУ-д ажиллаж, сурч байгаа залуус ийм хэмжээний ажлыг огт таслалгүй хийсээр ирсэн нь том амжилт юм. Тэгээд өнгөрсөн жилээс энэ хоёр үйл ажиллагааг зохион байгуулдаг залуус уулзаад, тус тусдаа биш, хамтран ажиллах ёстой юм байна, аливаа үйл ажиллагааны удамшил, ДНХ гэж юм байх ёстой, тэрийгээ хэрхэн хадгалж, сайжруулж явах вэ гэдгээ ярилцаад өмнөх үйл ажиллагаанаасаа үргэлжид суралцан, хөгжих үүднээс бүтэц, зохион байгуулалтад орохоор шийдсэн юм. Үүний дүнд “MNG Summit” гэж байгууллагын санаа гарч, дурдсан хоёр төслөө өнгөрсөн гурван сард Сан Франсиско хотноо хамт зохион байгууллаа. Ашгийн бус байгууллага маань одоо бүртгүүлэх шатандаа яваа.
Д. Ганцэцэг (цаашид Д.Г.): “Надад хэлэх үг байна”, “Хөдөлмөрийн яармаг” гэж хоёр төсөл анхнаасаа бас хүйн холбоотой юм. Юу гэхээр Хөдөлмөрийн яармагийг хийх санаачилга анх 4 дэх удаагийн тэмцээний үеэр гарч хэрэгжсэн юм л даа. Залуус Монголд ажиллах сонирхол их байдаг, Монголын компаниудад ч гадаадад төгссөн мэргэжилтэн авах сонирхол байгаад байдаг. Энэ хоёр сонирхлыг нийлүүлэх хэрэгтэй юм байна гэж “Надад хэлэх үг байна”-аас гарсан санаачилгаар “Хөдөлмөрийн яармаг” төрсөн юм.
Одоо ингээд бидний байгуулж байгаа “МНГ Саммит” гэж байгууллага үндсэн найман гишүүнтэй боловч ерөөсөө энэ хоёр төслийг бүтээгчид бид бол маш олуулаа юм шүү. Үйл ажиллагаа бүрийг тухайн хот дахь Холбоо, залуусын байгууллагын олон хүнтэй хамтран хийдэг. Найман хүний хувьд бол нөгөө залгамж чанараа хадгалах зорилготой найм л юм. Бусдаасаа давуу эрхтэй, шийд гаргадаг улс биш. Бүх шийдвэр асуудлаа, бүгдээрээ хэлэлцээд л явдаг. Хоёр долоо хоног тутам бид нийтийн сүлжээ, бусад хэрэгслээр уулзаж ажлаа хэлэлцдэг. Миний хувьд энэ ажилд оролцож эхэлснээр элдэв байгууллагад цалингүй дадлага хийж туршлага хуримтлуулдгаас (unpaid internship) хавьгүй илүүг ойлгож, сурч авсан. Тийм ч учраас яг өөрийнхөө үндсэн ажил шиг, анхаарал хүндлэлтэй хандаж энэ ажилд оролцдог.
М. С: “Надад хэлэх үг байна” жил бүр ямар нэг тусгай сэдвийг чухалчлан хөнддөг үү?
Д. Г: Нэг сэдэв заачихвал бусад мэргэжлийнх нь залуусын оролцоо буурчих вий гэдэг үүднээс тэгдэггүй юм.
Б. Хэрлэн (цаашид Б.Х.): Зургаадугаар удаагийн тэмцээнийг хүртэл ямар нэг асуудлыг олоод, тэрийгээ шийдэх шийдлийг олж танилцуулах даалгавар өгдөг байсан юм. Одоо энэ удаад Дэнвэрт зөвхөн асуудал олох биш, харин өөрийнхөө ажил мэргэжилтэй холбоод, судалгаа хийхийг илүү дэмжиж байгаа. Ингэхээр их сонин илтгэлүүд ирж байна. Ганц жишээ дурдахад “Дуслаар усжуулалтын системээр Монголд газар тариаланг хэрхэн хөгжүүлэх вэ” гэсэн илтгэл ирсэн байгаа. Өмнө нөгөө асуудал олж шийд гэсэн чиглэл түлхүү байхад залуус маань асуудал хайгаад, мэргэжлээсээ хол хөндий сэдэв рүү орох тал байсан юм. Тэр тохиолдолд эргээд Монгол улсад хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Харин одоо залуус маань яг өөрсдийн нарийвчлан судалж байгаа мэргэжил, туршлага дээрээ үндэслэн судалгаа хийх учраас өөрөө биеэ даагаад цаашид явах, Монголдоо хэрэгжүүлэх боломжтой, үр дүн илүү гарах байх хэмээн найдаж байна.
М.С: Монгол хэлний багш миний хувьд хамгийн олзуурхууштай зүйл юу санагдав гэхээр гадаадад сурч байгаа эдгээр залуусыг монгол хэлээр нь илтгэл тавиулж буй нь юм. Энэ тэмцээнд оролцъё гээд залуус чармайж, тэр хэмжээгээрээ монгол хэлний найруулга, бичих чадвар нь ч сайжирч байгаа байх.
Б.Х: Тэгэлгүй яах вэ. Манай илтгэгчид дор хаяж 3-4 жилийн өмнө АНУ-д ирсэн залуус. Зарим нь бүр энд өссөн, дунд сургууль төгссөн ч оюутнууд бий. Тэмцээний маань нэр хүнд өсөх тусам илүү олон оюутан монгол хэлээрээ сайхан ярьж илтгэж сурах юм сан гэж хичээдэг болж байна. Ирээдүйд зөвхөн ярианы бус бичгийн хэлийг нь ч сайжруулах үүднээс илтгэл шалгаруулж авахдаа найруулга, зөв бичих дүрмийг нь харгалзан оноо өгдөг болох тухай ч бид бас бодож байгаа.
М.С: Урд нь жил бүр өөр өөр хотын залуус зохион байгуулдаг байсан, одоо та бүхэн байгууллага болоод тогтмол хийхээр болж байна. Ингэж өөрчилсний эхний үр дүн харагдаж байна уу?
Б. Х: Үр дүн нь одоо надад жишээ нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, одоо энэ Дэнвэрт болж байгаа тэмцээнийг Колорадо мужийн залуус өөрсдөө дангаараа хийсэн бол бэрхшээл маш их тохиолдох байлаа. Мөн хөрөнгө санхүүгийн тал дээр ч тэр, хоёр үйл ажиллагааг зохион байгуулж байсан залуус нэгдэж хийж эхэлснээр хавьгүй амар болж байна.
М.С: Монголд та бүхэн шиг бакалавр, магистр, докторын сургалтын оюутнууд, залуу мэргэжилтнүүд олон бий. Тэдэнд хандаж хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар, чухам үүнийг маань ойлгож мэдрээсэй хэмээн хүсэж хэлэх үг юу байна?
А.А: Миний хувьд хэлэх зүйл бол, манайхан “Надад хэлэх үг байна” тэмцээнийг хийх гэж гурваас дөрвөн сар, “Хөдөлмөрийн яармаг” зохион байгуулахад таваас зургаан сар зарцуулдаг. Өөрөөр хэлбэл жил тойрон оюутан залуус маань хоёр долоо хоног бүр уулзаж, ярилцан хүч хөдөлмөр, цаг заваа гарган ажиллаж байна. Ингэхдээ зүгээр сэтгэлийн хөдөлгөөнөөрөө, муухай харагдсан юмаа шууд шүүмжлээд ярих биш, харин судалгаа хийж, статистик тоо баримтад тулгуурлан ажиллаж, дүн шинжилгээ гаргаад, түүн дээрээ үндэслэн тухайн асуудлыг шийдэх арга замыг олоод, шалгуур өндөр шүүгчдийн өмнө илтгэж байна. Илтгэлээ төсөл болгон эх орондоо хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Тиймээс Монгол улсад буй хувь хүн, оюутан залуус, албан газар, пүүс компаниуд эхний ээлжинд эдний гаргаж байгаа санаа оноог сонирхох, бүр цаашилбал төсөл болгоод хэрэгжүүлчих ямар илтгэл байгааг олж мэдэх, хамтран хэрэгжүүлэх тал дээр илүү анхаараасай гэж хүсэж байна.
Д.Г: Бид энэ үйл ажиллагаагаа дандаа өөрсдийн сайн дураар, цаг заваараа хийдэг. Энд байгаа монголчууд, монгол компаниуд маань биднийг дэмжин ажилладаг. Уг нь Монгол улсаас ийнхүү хамтран ажиллах, санхүүгийн талаар тусалж дэмжих байгууллагууд гарч ирвэл их л сайн юм. Гэхдээ бидэнд баримтлах нэг чухал зарчим байгаа. Улс төр болон шашны байгууллагаас хандив туслалцаа авахгүй. Бусдаар бол манай үүд хаалга нээлттэй. Ер нь манай залуус урьсан шүүгч, оролцогчдоо өөрсдийн зардлаар орон сууц, хоол ундаар хангана, олон хүн оролцуулах үүднээс үйл ажиллагаа дандаа үнэ төлбөргүй болдог.
Б.Х: Тийм шүү. Манай үйл ажиллагаа ер нь нэг Олимпын наадам шиг нөхөрсөг уур амьсгалтай болдог юм. Гаднын зочдыг тухайн болж байгаа хотын залуус бүгд онгоцны буудлаас тосож авна, гэр орондоо байрлуулна, тусалж дэмжинэ, хотоо үзүүлнэ гээд л.
Э. Жагдагдорж (IBM корпорацын ажилтан): Миний зүгээс энэ залуусын үйл ажиллагааг дүгнэж хэлэхэд, юуны өмнө энэ олон залуу орон зай, цаг хугацааны ямар ч хамааралгүйгээр тал талаас хамтраад, яг цуг байгаа юм шиг ажиллаж, энэ том үр дүнд хүрсэн нь сайшаалтай юм. Олон өөр хотод ажиллаж байгаа залуус долоон удаа, нэг ч таслалгүйгээр ийм ажлыг хамтран хийж чадаж байна гэдэг том амжилт.
Хоёрт гэвэл, бидний залууд дээрээс ирсэн заавар биш доороос гарсан шүүмж чухал гэж ирээд л ярьдаг байлаа. Яг түүн шиг дээрээс хэн нэг дарга, байгууллагын заавар, санхүүжилтээр биш, зүгээр оюутан залуус өөрсдөө ингээд санаачлаад, өөрсдөө энэ ажлаа аваад яваад байгаа нь сайн юм. Тийм ч учраас бид аль болох дэмжин ажиллаж байна. Ай Би Эмийн монгол ажилтнууд хоёрдугаар байрын шагналыг, Хойд Америк дахь Цахим өртөө холбоо гуравдугаар байрын шагналыг дааж байгаа.
Б.Х: Ийм дэмжлэг яг өдийд маш чухал байгаа юм. Оюутан цаг хамгийн гал халуун атлаа хамгийн эмзэг хэцүү цаг. Яг тэр үед нь ингээд монголчууд маань туслаад өгвөл эргээд эх орондоо сурсан мэдсэнээ зориулах юм сан гэсэн сэтгэлгээ тогтдог юм билээ. Би үүнийг олон хүн дээр ажигласан. Үгүй бол, яг өөрөө, бор зүрхээрээ бүх асуудлаа шийдсээр байгаад амжилтад хүрсэн, эсвэл Америк байгууллагаас дэмжлэг аваад дээшээ гарчихсан залуус бол эргээд заавал Монголдоо юм хийе гэсэн санаа тэр бүр төрдөггүй болчихдог юм билээ. Тийм ч учраас би энэ үйл ажиллагааныхаа тухай нэг удаа зар тавихдаа “Хичээл зүтгэлийнхээ үр дүнд засаг төр, ард түмэн, ахмад үеийнхнээсээ урам зориг, сэтгэлийн дэм авч байсан залуус эргээд эх орон, ард түмэндээ сурсан мэдсэнээ зориулахад бэлэн байдаг” гэж бичиж байв.
М. С: Сайхан үг байна. Та бүгдэд баярлалаа. Өндөр амжилт хүсье.
Өдрийн сонины Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч
Мягмарын Саруул-Эрдэнэ
Мягмарын Саруул-Эрдэнэ