Декарт худалч
Өө би чинь үхчихсэн шүү дээ. Өөрийгөө үхчихснийг таг мартчиж. Энэ хорвоод би байхгүй. Би эхнэрээ хөөж явуулсан, харин энэ хорвоо намайг хөөгөөд явуулсан. Би гэж хүн байхгүй… Декарт худалч!
Надад нэг гайхалтай санаа орж ирлээ. Үүнээ мартчихгүйн тулд бушуухан компютэр дээрээ шивж буулгасан юм. Оронд орсон хойно нойр хүрдэггүй ээ. Өнөө сайхан санаа маань улам цэцэглэн хөгжих тул босоод компютэрээ асаалаа. Файлаа эрээд олдоггүй. Залхтлаа хайгаад эцэст нь сэйвлээгүй юм байлгүй гэж бодоод мөнөөх бишрэм санаагаа дахин бичихдээ сая орон дотор санаанд орсон шинэ санаагаа нэмж буулгав. Сэйвлэхээ мартсангүй.
Шөнө зүүдэнд санаа маань асар их баяжлаа. Сэрэнгүүтээ компютэрээ асаав. Файл байдаггүй ээ! Компютэр минь вирустсанаас зайлбаргүй. Бузгай санаагаа шөний зүүдээр баяжуулж байгаад цаасан дээр гараараа бичин буулгав. Одоо айлтгүй. Сэтгэл тэнийж хамаг бие амрах шиг болж, салхинд гарч цэвэр агаар амьсгалахаар гарлаа. Гайхамшигт санаа минь улам баяжсаар. Тэнд өгүүлбэр нэмнэ, энд үсгийн алдааг засна, бас тэр хэсгийг тодотгох хэрэгтэй. Гэртээ яаран эргэж орж ирээд бичсэн цаасаа шүүрэн автал хов хоосон? Хоёр хуудас хоосон цаас! Санаагаа тэрэлсэн цаасаа гээчихсэн юм болов уу? Хармайлаад аваад гарсан юм болов уу? Аль нэг газар хямгадчихав уу? Энэ юун хоёр хуудас хоосон цаас вэ?
Мөнөөх хоёр хуудас цаасан дээр гайхалтай санаагаа дахин бичээд дөрөв нугалан энгэрийнхээ хармайнд нямбайлан далд хийв. Хармайгаа товчиллоо. Гаднаас нь тэмтэрч үзлээ. Одоо баттай болсон.
Гээд тун удалгүй эргэж үзмээр санагдаад болдоггүй. Хармайны товчоо тайллаа. Цаасаа хуруугаараа ирмэж үзлээ. Аажуухан сугаллаа. Нугалаасыг нь тэнийлгэх гэснээ зориг хүрдэггүй. Дотор бачимдан амьсгал давхацна. Тэнийлгэлээ. Байдагүй ээ, хоосон цаас!
Учрыг нь олчих шиг болов! Эврика! Бичсэний дараа арилчихдаг, сүүлд нь галд халаахаар үсэг нь эргээд тодордог бэх байдаг гэсэн. Би энэ тухай хаана ч билээ нэг номноос уншиж байсан нь санаанд оров. Гайхамшигт санаагаа тэрэлсэн цаасаа лааны дөлөнд болгоомжтой ойртууллаа. Цаас дэрхийн шатсан боловч ямар ч үсэг тодорсонгүй.
Би бичгийн дэлгүүр рүү хар хурдаараа гарч гүйв. Нэг мөсөн хоёр боодол бичгийн цаас худалдан авлаа. Бас бал, үзэг, харандаа, шохой, бийр бөөнөөр нь авав. Мөнөөх санаагаа зуун удаа хуулан бичлээ. Үзгээр, балаар, бийрээр. Муу санаа гарган заримд нь албаар үсгийн алдаа гаргаж, заримыг нь дарамлаар, нөгөөг нь галиг үсгээр бичив. Мэддэг гадаад хэлээрээ буулгасан нь ч бий. Энэ бол бүтэн өдөр авсан нүсэр хөдөлмөр аж. Ядарчээ. Нэг мэдсэн суугаагаараа таг унтчихсан байна. Гэнэт сэрээд хартал өрөөгөөр нэг хөглөрсөн цаас. Аль ч цаасан дээр ширхэг ч үсэг алга. Бүгд хоосон.
Эрхгүй уур минь шатаж эхлэх нь тэр. Шохой аваад тааралдасан газраа санаагаа бичиж гарлаа. Ханан дээр, тагтан дээр, шалан дээр, шүүгээн дээр… Гарч гүйгээд цардмал зам дээр, байшингийн ханан дээр, шороон дээр… Эргээд гэртээ орж иртэл бичсэн болгон минь ор мөргүй.
Ядарсандаа буйдан дээр сунайн хэвтлээ. Бодлоо… Уул нь санаанд гэнэт орж ирсэн “гайхамшигт санаа” гээд байгаа маань хөөгөөд явуулсан салсан эхнэртээ бичсэн захидал юм л даа. Эргээд сууя, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрөөе гэсэн буруугаа хүлээсэн захидал. Дахиж түүнийгээ орхих ч үгүй хөөх ч үгүй, бүх юм надаас болсон гэсэн уучлал хүссэн өргөдөл. Өөрийгөө зэмэлсэн ухаарлын үг.
Гэнэт… юу билээ…? Өө би чинь үхчихсэн шүү дээ. Өөрийгөө үхчихснийг таг мартчиж. Энэ хорвоод би байхгүй. Би эхнэрээ хөөж явуулсан, харин энэ хорвоо намайг хөөгөөд явуулсан. Би гэж хүн байхгүй… Декарт худалч!