АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСГЭЭС САЛСАН ТҮҮХ

Амьдралын, ялангуяа хүний амьдралын салшгүй хэсэг гэвэл таны санаанд хамгийн түрүүнд юу орж байна? Хүн бүрийн хариулт өөр байж мэднэ. Хобби, дурлаж эзэмшсэн ажил мэргэжил, гэр бүл гээд юу эсэхийг тоочиж барах билээ. Бас хүн хэмээх бодгальд нийтэд нь хамаатай ч хэсэг гэж бий. Орчлонгийн жам ёс тэр чигтээ үүнд багтана. Түүнчлэн ялагдах, гутрах, цөхрөхөөс гадна баярлах, жаргах, цэнгэх ч бас л амьдралын салшгүй хэсэг мөн. Хүний амьдралын бас нэг салшгүй хэсэг бол бэрхшээл билээ. Бэрхшээлд сөхрөлгүй даван туулж амжилтад хүрсэн хүний намтрыг “амьдралын салшгүй хэсгээс салсан түүх” гэж томъёолж болмоор санагдана.

Өр өвдмөөр ядуу өссөн хүү амьдралаа залгуулахаар 17 насандаа Сөүлд хөл нүцгэн шахуу очоод гуталчин хийж эхлээд БНСУ-ын хөлд хамгийн эвтэйхэн гутал гэж үнэлэгддэг Вайнер брэндийг бүтээх хүртлээ олон бэрхшээлийг даван туулсан Ким Вонгил хэмээх эрийн Бэрхшээлд бүү шантраарай намтраас сурах, суралцах зүйл байна. Гэхдээ Ким Вонгил дунд сургуулиас өөр сургууль соёл төгсөөгүй гэдгийг нь урьдчилан сануулах нь зүйтэй болов уу. Та энэ номоос хүний амьдралд тохиолдлог бэрхшээл, түүнийг давахад нөлөөлдөг гурван хүчин зүйлийг олж харна:

1.Хандлага

2.Бэрхшээлийг боломжид урвуулах

3.Сэтгэлийн хат

Хандлага

Амьдралд тохиолдож байгаа юмсыг харах өнцгийг хандлага гэнэ. Таны хандлага танд гай ч дуудаж мэднэ, гавьяа ч авчирч болно. Тэгэхээр гай, гавьяа хоёр танаас шалтгаалах нь. Номын “Сайхан ертөнц үргэлж нээлттэй байдаг” бүлгээс та хандлагын тухай уншина. Гэхдээ энэ бүлэгт онолын мэдлэг, хуурай цэцэрхэл байхгүй. Ким Вонгил найман жил ажилласан компаниасаа халагдчихаад гутарч гунин найман өдөр уйлж унжсан ч хандлага нь түүнийг аварчээ.

 

Бэрхшээлийг боломжид урвуулах

Бодлоо үйлдэл болгож, амьдралаа өөрчлөх тухай гэж товчхон тайлбарлаж болно. Хамгийн гол нь сахилга бат. Бэрхшээл тулгарахад хүн хамгийн түрүүнд зугтаах арга хайдаг бол Ким Вонгил хэн ч намайг аврахгүй учраас урдах ажлаа сахилга баттай хийх зарчим баримталжээ. Энэ тухай та номын “Цангавал худаг гарга” гарчгаас уншаарай. Бас зогслтгүй урагшлах ёстой. Хэчнээн том бэрхшээлтэй учирсан ч байнга урагшил. Бэрхшээл болгоны шийдэл өөр байдаг учир зөв ч бай, буруу ч бай байнга урагшлах ёстой.

 

Сэтгэлийн хат

Сэтгэлийн хат бол ямар ч хүнд хэцүү бэрхшээлийг даван туулах багаж зэвсэг ажээ. Гэхдээ сэтгэлийн хаттай тусгай хүн төрдөггүй. Харин зовлон бэрхшээлийн ард гарч, амжилтад хүрсэн хүн бүхэн сэтгэлдээ хат суулгасан байдаг. Энэ номын “Хориотой үг” гарчгаас та энэ тухай дэлгэрэнгүй уншина. Амьдралд бэрхшээл тохиолдоход стресстэж зоволгүйгээр яавал даван туулах вэ гэж бодох ёстой аж. Ким Вонгилын өөрт нь тулгарсан бэрхшээлийг амьдралынхаа чимэг болгон өөрчилсөн хүн.

 

Дээр номыг нэгээхэн хэсгийг товчхон өгүүллээ. Зохиогч өөрөө амжилтын нууцыг томъёолсон байгаа, тэрийг танд үлдээе. Ном “Бэрхшээл”, “Даван туулалт”, “Амжилт” хэмээх гурван бүлгээр таныг хөтөлсөөр “Хуваалцах”, “Аз жаргал” бүлэгт хүргээд ялагчийн амьдрал ямар утга учиртай байдгийг хэлж өгнө. Ким Вонгил гайхуулахаар сургууль соёл төгсөөгүй гэдгийг үгийн эхэнд хэлсэн билээ. Тэрээр “жинхэнэ боловсрол бол нийгэмд өөрийгөө хэрэгцээтэй хүн байлгахын төлөө засаж хурцлах” гэж үздэг. Ганц олдох энэ насаа сонирхолтой өнгөрөөж, хичээнгүй ажиллаж, цуглуулсан мөнгөө утга учиртай зүйлд зарцуулж амьдрах тухай энгийн сайхан хүүрнэсэн Бэрхшээлд бүү шантраарай номыг танд зориуллаа. Амьдралаас салшгүй мэт санагддаг бэрхшээлийг жаргалд урвуулсан хүний бяцхан боловч өгөөжтэй ном.