Машид сүр жавхлан төгөлдөр болно

Магад амгалантайгаар цэнгэх болно

Энэ Замбуу тивд байгаа

Үр тариа, ойн тэнгэрүүд

Элдэв амтаар цэнгэх болно

Энгүй ихээр баясах болно.


Энэ судрын амтаар цэнгээд

Үр тариа, жимснүүд

Элдэв зүйлсийн цэцэгс хийгээд

Элдэв үрт модод

Ихэд сайн төлжин ургана.


Хамаг үрийг гаргагч Галбирвасан модод

Баясгалант бүрд болон ой цэцэрлэгт

Алаглан дүүрч ургаад

Анхилуун үнэрийг машид түгээнэ.


Элдэв зүйлийн цэцэгс дэлгэрч

Элдэв олон үр боловсорсон

Өвс ургамал ой цэцэрлэгүүд

Өвч газрыг бүрхэх болно.

Энэ Замбуу тивд

Санаанд багташгүй лусын охид

Нэн баясгалантайгаар сэтгэл нь урваад

Нуур цөөрмийн дэргэд очихуйд

Үтэр цөөрөм бүгдэд

Үзэсгэлэнт лянхуа хийгээд Гүмүда

Удвал түүнчлэн

Элдэв цагаан лянхуа дэлгэрнэ.


Харин огторгуйд утаа хийгээд

Халхлах үүлгүй нэн цэлмэж

Харанхуй болон тоос үгүй болж

Хамаг зүгт гэрэл машид цацарна.


Түмэн гэрэл төгөлдрүүд

Торгон гэрлээр илчээ түгээнэ

Гүнзгий арилсан элдэв үзэгдлүүдээр

Гайхамшигт баясал ургах болно.

Эрхэт наран нэрт тэнгэрийн хөвгүүн

Энэ Замбуу тивийн алт мэт

Эрдэнийн харшид суугаа тэр

Энэхүү судраар нэн цэнгэнэ.


Эрхэт наран машид баясаад

Энэ Замбуу тивд урган мандана.

Хязгааргүй гэрлийн олон цацрагаар

Хамаг бүгдийг гийгүүлж үйлдэнэ. 


Алин тэр ургасан төдийгөөр

Алтан цацрагаа харамгүй өгнө.

Нуур цөөрөм элдвийг бүчсэн

Лянхуа цэцгүүд ч дэлбээгээ нээнэ.


Энэ Замбуу тивд

Элдэв эм, үр цэцэг

Үнэнхүү боловсрон гүйцээд

Газар бүгдийг баясгах болно.


Орчлонгийн нар, саран хоёр

Онцгой үлэмж гэрэлтэх болно

Од гараг ёсоороо гарах хийгээд

Салхи ёсоороо босох болно.


Замбуу тивийн газар бүхэнд

Жил, улирал сайн болно. 

Хаана энэхүү судар залагдсан байна

Тэр орон үлэмж их ялгамжит хүчирхэг болно.



Жич: Энэ бүлэгт "Судрын аймгийг сонсож чадах тэр сүм хийд оронд. Сүшиглэн орсон тэр даруйд хилэнц түйтгэр үгүй болно. Хилэнцэт муу зүүд хийгээд. Огторгуй гараг одны хорлол, шившлэг, хараал, адын хорлол. Тэр мэт. Бүгд алга болно. Шүшиглэн залбирсан тэр даруйд. Хорлол бүгд хоосонд зүглэх болно хэмээн номлодог. Энэ бүлэгт. Энэ мэт. Сүм хийд, аливаа ариун газарт. Судрын аймгийн эрхэт хаан хэмээх Алтангэрэлт эл судрыг сонсож үйлдсэний, уншиж судалж үйлдсэний ач үрийн тухай номлосон байдаг.


ТЭНГЭРИЙН ХӨВГҮҮНД ЭШ БОШГЫГ ҮЗҮҮЛСЭН НЬ ХЭМЭЭХ БҮЛЭГ. 

ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Бодьсадва Самукчаяа /Бодь-ийг үнэнхүү хураагч/ Ялж төгс нөгчсөн Бурхан багшид айлтгалаа.

Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Жваланан-тра-терожора 

/Ялгамжит сүр жавхланг бадруулагч хаан/ тэргүүтэй нэг түмэн тэнгэрийн хөвгүүд гучин гурван тэнгэрийн орноос энд иржээ. Бурхан багш таны зарлиг номыг сонсох ямар утга учраар тэд энд ирсэн болохыг болгоон соёрхоно уу? хэмээн айлтгав.

Бурхан багшаа. Гэтэл бодьсадва Ручера-кету аваас. Тэрбээр олон галавын тэртээгээс эхлэн Суварна-прабасита 

/Алтан үзэгдэл/ хэмээх ертөнцөд, түүнээс дээр үгүй бодь-д илтэд гэгээрсэн. Тэгж тэр бурханы хутгийг олсон билээ. Тэрбээр түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэнхүү төгссөн ухаан мэлмий төгөлдөр.Суварна-ратна-каракча-тракута 

/Алт эрдэнэс гарахын орон Давхар шүхэр/ хэмээгч бурхан болоод ертөнцөд амгалан залрах билээ. 

Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Төрөлхтөнийг номхотгон жолоодогч, дээр үгүй, тэнгэр болоод хүмүүний багш бурхан Суварна-ратна-каракча-тракута. Тэрбээр гаслангаас салж төгс нөгчсөн тэр цаг доор дээдийн ном доройтох билээ. Шашин ном доройтох тэр цагт Рупяа-кету /Мөнгөн охь/ хэмээх хөвүүн түүнийг залгамжлах болно. 

Тэр хөвүүн Виражадважа /Тоос үгүй дауз/ гэдэг ертөнцийн оронд Суварна-жамбудва-жакан-чанаба 

/Алтан замбуу алтан даузын гэрэл/ хэмээх нэр хүртэн ертөнцөд залрах билээ. Түүнчлэн заларсан бурхан Суварна-жамбудва-жакан-чанаба бурхан гаслангаас ангижирсан. Бүгд доройтох тэр цагт Рупяа-праба /Мөнгө гэрэл/ бурхан ирж түүнийг залгамжлах билээ. Тэрбээр Виражадважа ертөнцийн оронд илтэд гэгээрч бурханы хутгыг олно. Тэгээд тэрбээр түүнчлэн заларсан, дайснаа дарсан, дээр үгүй, тэнгэр болон хүмүүний багш Ялж төгс нөгчсөн Суварна-шата-рашни-прабаса-кету /Зуун Алтангэрэлтэд гэрэлтсэн зүрх/ хэмээх бурхан болно. Тэр бас мөн энэ ертөнцөд залрах билээ. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Та ийнхүү дээр үгүй үнэнхүү төгссөн бодь-д эш бошиг үзүүлсэн билээ хэмээн бодьсадва Самукчаяа Бурхан багшид айлтгалаа.