Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Брэнд хөгжүүлэлт гэдэг бол философи
Сар гаруйн өмнө Монголын Маркетингийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Smart” маркетеруудын чуулган Нийслэл хотноо болж өнгөрсөн. Энэ форумд маркетинг, олон нийтийн харилцааны дотоодын мэргэжилтэн, шилдэг менежерүүдээс гадна олон улсын нэр хүнд бүхий компани, мэргэжлийн агентлагуудын төлөөлөл оролцсон юм.
Сар гаруйн өмнө Монголын Маркетингийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Smart” маркетеруудын чуулган Нийслэл хотноо болж өнгөрсөн. Энэ форумд маркетинг, олон нийтийн харилцааны дотоодын мэргэжилтэн, шилдэг менежерүүдээс гадна олон улсын нэр хүнд бүхий компани, мэргэжлийн агентлагуудын төлөөлөл оролцсон юм. Эдгээр гадны зочдыг төлөөлүүлэн ОХУ-ын KIAN GROUP-ийн мэргэжилтэн, KIAN GROUP EUROPE-ийн Гүйцэтгэх захирал Анна Литвинцеватай ярилцлаа.
В.ГАНЗОРИГ: Та компаниа танилцуулна уу. Хэзээнээс Монголтой холбогдон бизнес хийж эхэлсэн бэ?
Л.АННА: Бид анх брэнд хөгжүүлэлтийн салбарт реформ хийж дараагийн шатанд нь гаргах, салбарынхаа өөрчлөлтийн түүчээ байх том зорилгын дор нэгдсэн. Хамгийн чадвартай, сэтгэлтэй, бүтээлч авьяастнуудыг эрж цуглуулан багаа босгож байлаа.
Өнөөдөр КИАН компани брэнд хөгжүүлэлтээс гадна архитектур, зураг зүйн мэргэжлийн товчоо, цахим маркетингийн агентлаг, фото зураг болон график, мэргэжлийн видео зураг авалтаар мэргэшсэн студитэй групп компани болон өргөжөөд байна. Манай энэ бүх нөөц захиалагчийн өгсөн ямар ч даалгавар, төслийг концепцийн дараагийн шат, чанарын өндөр түвшинд гаргаж ирэх үндсэн суурь болж өгдөг.
Монголын зах зээлд бид нилээд хэдэн жилийн өмнөөс орж ирсэн. Хэд хэдэн арилжааны төсөл амжилттай хэрэгжүүлсний дараа өөрийн салбарыг байгуулах ёстой гэдгээ олж харсан. Ингээд Монголын БАТСОЛЮШН ПАРТНЭРС компанитай хамтран KIAN GROUP ASIA-г Улаанбаатар хотод үүсгэн байгуулж харилцагч, захиалагч нартаа улам ойртон ажиллаж эхэлсэн.
В.ГАНЗОРИГ: Та өнгөрсөн сард Smart-2016 маркетеруудын форумд ирж оролцсон. Брэнд, айдентити, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зах зээл Монголд хир төлөвшиж байна?
Л.АННА: Юуны өмнө биднийг энэхүү форумд үндсэн илтгэгчээр урьсанд баяртай байна. KIAN GROUP-ийн үүсгэн байгуулагч Антон Рябцев болон KIAN GROUP ASIA-ийн захирал Ганжавын Баярхүү бид хамтраад “Интенсив брэнд хөгжүүлэлт” сэдвээр Монголын маркетеруудтай мэдлэг, мэдээлэл, бодит кэйсүүдээ хуваалцлаа. Арга хэмжээг маш өндөр түвшинд зохион байгуулсан, мөн бидний илтгэл, сэдвийг үнэхээр анхааран сонссон мэргэжилтнүүдийг хараад бахархсан. Үндсэн илтгэлээс гадна сонирхолтой асуултад бид өөрсдийн туршлага дээрээ үндэслэн хариулж байлаа. Үүнээс гадна хурлын бус цагаар хэд хэдэн чухал уулзалт хийгээд амжсан.
Монгол Улс өөрийн соёл, уламжлал, заншил гээд бусдаас ялгарах өөрийн өвөрмөц онцлогтой улс мөн үү гэвэл яах аргагүй мөн. Гэхдээ орчин үеийн маркетинг, олон нийтийн харилцааны технологи, арга хэрэгслүүд дэлхийн ямар ч оронд ажиллах боломжтой болоод удаж байгаа. Бид өвөрмөц онцлогтой олон компани, улс орнуудаас төвөгтэй, сорилттой даалгаварууд авдаг л даа. Бүгдийг нь л орчин үеийн маркетингийн технологийг ашиглан гүйцэтгэж, захиалагчид маань ч бидэнд өндөр үнэлгээ өгдөг.
Брэнд хөгжүүлэлтийн зах зээлийн хувьд Монгол Улс шинэ орон зай, залуу бас хөндөгдөөгүй зах зээл гэж бид харж байгаа. Тийм ч учраас өдөр ирэх тусам Монгол компаниуд олон нийттэй харилцах, бизнес хөгжил, брэнд хөгжүүлэлт, харилцагчдынхаа ач холбогдлыг улам гүнзгий ойлгон мэдэрч байгааг бид харж байгаа. Тэр хирээр бидний ажил ч бас нэмэгддэг. Харилцагч нараа хөгжүүлэх, сургах тал дээр бид багагүй ажлыг хийдэг. Манай Монгол түнш энэ ажлыг гардан хариуцдаг.
В.ГАНЗОРИГ: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж бид ярих болсон. Мэргэжлийн хүнтэй уулзаж байгаагийнх үндсэн шат дамжлага нь ямар байдаг вэ?
Л.АННА: Энэ сэдвээр маш дэлгэрэнгүй илтгэл Smart Marketing чуулганд тавьсан. Товчхондоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг нь үйлдвэрийн аль нэг шат дамжлагаас эхэлдэг, эсвэл үйлдвэрлэлийн хүчин чадлаас шалтгаалан өөрчлөгддөг зүйл огт биш юм шүү гэдгийг л ойлгуулахыг зорьсон. Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэнд, ямар зах зээлд зориулж гаргахаас гадна яах гэж энэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байгаа юм, энэ бүтээгдхүүн өөрөө яг ямар үнэ цэнэ, нэмүү өртгийг бий болгох ёстой юм гэдэг асуулт нь бүтээгдэхүүн хөгжлийн амин сүнс болдог. Үндсэндээ дараах гурван шат бий:
1. Зах зээлийн судалгаа, салбарын иж бүрэн аудит
2. Маркетингийн стратеги боловсруулах, бүтээгдэхүүний концепц гаргах
3. Визуаль буюу харагдах эстетик, гоозүйн харилцааны дэд бүтцийг бий болгох
В.ГАНЗОРИГ: Та бүхний Монголд амжилттай хэрэгжүүлсэн ямар төсөл байна, амжилтын нууц нь юунд байсан бол?
Л.АННА: Бид салбартаа 14 жил ажиллаж байгаа. Жилд олон арван амжилттай шинэ бүтээгдэхүүн, брэндийг зах зээлд гаргадаг. Монголд Маамуу брэнд, Дээж сүү, Bliss шар айраг гэх мэт АПУ компанийн брэндүүдийг онцолж хэлмээр байна. Мөн хамгийн сүүлд Витафит үйлдвэрийн Өлзий сүү, сүүн бүтээгдэхүүний брэндийг бүтээж зах зээлд танилцуулахад бэлэн болоод байна (Өлзий брэнд өдгөө хэрэглэгчдэд хэдийнэ хүрсэн бөгөөд ярилцлага цаг хугацааны хувьд ялимгүй өмнө хийгдсэн билээ).
Манай багийн онцлог бол харилцагчтайгаа зөвхөн төслийн хугацаанд холбоотой яваад дуусахаар нь орхидоггүй. Бид төсөл дууссан ч гэсэн харилцагчтайгаа, бүтээгдэхүүнийг нь худалдан авагчидтай өдөр тутам харилцаатай байж, тухайн зах зээлээ газар дээр нь мэдрэн уян хатан ажилладаг байгууллагын соёлтой.
В.ГАНЗОРИГ: Дэлхийн том групп компани ба аль нэг улсын жижиг орон нутгийн компанитай ажиллахад ямар ялгаа мэдрэгддэг вэ?
Л.АННА: Дэлхийд нэр хүндтэй компанитай ажиллах нь ялгаатай л даа. Тэдний брэнд нь аль хэдийн танил болчихсон байдгаас гадна компанийн айдентити нь маркетингийн хүчирхэг зэвсэг нь болчихдог. Түүнээс гадна том компаниудын маркетингийн стратеги нь тодорхой болчихсон байдаг нь том давуу тал. Иймээс бид глобал маркетингийн стратегийн хүрээнд ажиллах ёстой болдог. Харин олон улсын биш орон нутгийн компанийн хувьд бүх ажлыг эхнээс нь эхлэх хэрэгтэй. Заримдаа бидний шийдэл, зөвлөмж тухайн компанийн үндсэн стратеги, бодлогын баримт бичиг ч болох тохиолдол бий.
В.ГАНЗОРИГ: Identity (Айдентити) гэх энэ зүйлийг та яаж томъёолох вэ? Энэ яагаад компани төдийгүй улс орны хувьд чухалд тооцогддог юм бол?
Л.АННА: Ихэнх хүмүүс айдентити гэхээр зөвхөн уриа үг, эсвэл лого гэж ойлгодог. Үнэндээ айдентити нь олон нийтийн харилцааны бүх төрлийн дэд бүтцийн нэгдэл бүхий концепц юм. Өөрөөр хэлбэл брэндийн харагдах байдал, бэлгэ тэмдгээс эхлэн хүний мэдрэхүйн бүхий л түвшинд хүргэх шинжлэх ухаан ба урлагийн нэгдэл гэж хэлж болно. Жишээ нь, бид Кока Кола гэдэг нэрийг сонсонгуутаа энэ ундааны улаан, цагаан логог төсөөлж гадна амтыг нь мэдэрч, лонхны хэлбэрийг нь харж, хонхны дууг нь сонсож, Зул сарын баярыг шууд төсөөлдөг. Ийм учраас брэнд хөгжүүлэлт гэдэг бол зарим хүмүүсийн боддог шиг тийм амархан ажил биш. Зураг зурах бол нэг ажил. Гэхдээ тэр зургийг нийгэмд, зорилтот зах зээлд хүргэх, хоногшуулна гэдэг тусдаа том ажилд тооцогддог. Харамсалтай нь ихэнх хүн улс үндэстний ижилслийн концепцийг лого, сурталчилгааны видео материалын хэмжээнд ойлгоод байдаг. Бүхэл бүхэн улсын, нэг том үндэстний ижилсэл болсон айдентитийг бүтээнэ гэдэг амар ажил биш. Энэ бол хэлбэр гэхээсээ илүү агуулга, философийн том даалгавар болж тухайн улсын соёл, урлаг, нийгэм, зан заншил, эдийн засаг, улстөр гээд бүх салбарыг хамрах учиртай. Хүчтэй олон брэндтэй улс орнуудын заримд нь улсынх нь хувьд тухайлсан лого огт байдаггүй. Та бүхэн сайн анзаараад үзээрэй. Франц, Япон, АНУ-ын лого гэж юм байна уу? Тэд лого биш концепц, агуулга гэдгээр нь анхаарч, тэр нь эргээд автоматаар айдентити нь болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аугаа соёл, өвөрмөц түүх, үндэстний өөрийнх нь онцлог шинжүүд нь тухайн улсын ижилсэл болж, бусдын анхаарлын татаж буй хэрэг.
В.ГАНЗОРИГ: Монгол улсын Identity (Айдентити)-ийг та юу гэж харж байна вэ? Монголын ижилслийг тодорхойлох ажил өгвөл та ямар шийдэл, концепц гаргах бол?
Л.АННА: Монгол Улс яах аргагүй дэлхийн хамгийн өвөрмөц орны нэг мөн. Миний дээр дурдсан дэлхийн их гүрнүүдийн ижилсэлд буй бүх өгөгдөл Монгол Улсад бий. Гэвч гадаадын олон хүний хувьд Монголын ялгарал, онцлогийг дүгнэж хэлэхэд тийм ч найрсаг бус, яах гээд байгаа нь мэдэгддэггүй гэсэн ойлголт, төсөөлөл буудаг нь харамсалтай. Хэрэв бидэнд энэ төсөл дээр ажиллах боломж олдвол Монгол Улсыг найрсаг, аюулгүй, зочломтгой гэдгээс гадна аугаа түүхтэй, энэ түүхээсээ ч илүү аугаа ирээдүйтэй улс гэж томъёолон ажиллана.
В.ГАНЗОРИГ: Тун сонирхолтой байна. Манай орны хувьд та бүхэн ирээдүйгээ яаж харж байгаа вэ?
Л.АННА: Дэлхийд алдартай монголын брэндүүдийг бүтээх. Энэ бол KIAN GROUP ASIA, бидний түнш БАТСОЛЮШН ПАРТНЭРС-ийн амбиц. Мөн бүх монголчуудын ч хүсэл зорилго гэдэгт итгэлтэй байна.
В.ГАНЗОРИГ: Танд их баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье!
Л.АННА: Монголын маркетеруудад хэвлэлээр дамжуулан санал бодлоо илэрхийлэх боломж олгосон танд ч бас баярлалаа. Энэ сайхан оронд ирэхдээ би үргэлж баяртай байдаг. Ирэх болгондоо би монголчуудаас тэмүүлэл, эрч хүчийг мэдэрдэг шүү.