Энэ 7 хоногт
Гурамсан аргамж
Хорьдугаар зууны ерөөд оны ардчиллын буянаар Монгол Улс туурга тусаарын эрхээ бүтэн олж авч,,иргэд нь эх орондоо бүрэн эрхтэй эзэн суусан нь яахын ч аргагүй үнэн бөлгөө. Үүнийг үгүй гэвэл ёстой алтан нарыг алгаар хаах гэж оролдсон лугаа адил бүтэшгүй явдал болохсон буюу. Монгол Улсын энэхүү өөрийн толгой мэдэл эрх төрийн нь гадаад бодлогод юу юунаас илүү тод илэрч байна.
Хорьдугаар зууны ерөөд оны ардчиллын буянаар Монгол Улс туурга тусаарын эрхээ бүтэн олж авч,,иргэд нь эх орондоо бүрэн эрхтэй эзэн суусан нь яахын ч аргагүй үнэн бөлгөө. Үүнийг үгүй гэвэл ёстой алтан нарыг алгаар хаах гэж оролдсон лугаа адил бүтэшгүй явдал болохсон буюу. Монгол Улсын энэхүү өөрийн толгой мэдэл эрх төрийн нь гадаад бодлогод юу юунаас илүү тод илэрч байна. Тэгэхдээ, даян дэлхийн эдийн засаг,мэдээлэл,улс төрийн олон талт харилцаа эрчимтэй даяаршиж байгаа орчин цагт аль ч улсын гадаад бодлого нь харилцаатай бүх улс орныхоо ашиг сонирхол,байр суурьтай эерэн зохирч баймааж нь сая бүтэмжтэй,өгөөжтөй болдог байна. Даяршилын нөхцөлд муйхар санаа өвөрлөн мугуйдлан зүтгэвэл өөртөө л гай тарихаас өөрцгүйг эрүүл ухаантай хүн болгон өдгөө нэгэнт мэдэх болжээ. Тэр тусмаа,оршилхуйн газар зүй,хүрээлсэн нийгэм улс төрийн шинж,түүхэн нөхцөл, өөрийн чинээ чадамж сэлтээрээ нэн онцлог Монгол шиг улсад бол энэхүү санаа бүр ч чухаг буй заа.
Дэлхийн зах зээлийн өрсөлдөөн бол хайр найргүй хатуу чанга гайхал. Энд ах дүү,найз нөхөр гэж үнэндээ байдаггүй. Ашиг сонирхолын зөрөө,тохиролцоо л байдаг. Манай ойрын түүхээс ч жишээ татаж болно. Эрдэнэтийн үйлдвэрийг алдагдалтай байна гээд 1990 он хүртэл Монгол Улсын төсвөөс жил бүр 400 гаруй сая төгрөгийн татаас төлүүлж байсныг жирийн хүмүүсээс нуусаар иржээ. Тэр үеийн 400 сая төргөг асар их мөнгө.1990 онд Монгол Зөвлөлтийн гэрээг шинэчлэн хийж, зэсийн хүдэр дотор тооцохгүй гаргадаг асан алт ,мөнгө тэргүүтэн үнэт эрдэсийн үнийг оруулмагц тус үйлдвэр ашигтай болж,манай улсын төсвийн 40 шахам хувийг ганцаараа өгч эхэлсэн. Ах дүүгийн найрамдал гээч нь арилжаа наймаанд байдаггүй,зүгээр л мунхруулга мөний баримт энэ юм.Манай уран,занар,кокосждог нүүрс,бас бус асар их баялгийг тойрсон хэрэг явдал,хэрүүл цуугиан ч арилжааны өрсөлдөөнөөс өөр юу ч биш. Ер нь ч тийм л байдаг. Үүнд муу муухай юм байхгүй.Гагцхүү бид нар хоёр мөрнийхөө хооронд өөрийн гэсэн бөндгөртөй байж,өрөөлтөй зохицон эрх ашгаа хамгаалж чаддаг л байвал болж одох нь тэр.
Улс төр бол...урлаг юм гэж нэгэн зүтгэлтэн хэлсэн нь бий. Тэр үнэн бол,улс төрийн бодлого гарган хэрэгжүүлэхэд зохиол бичих,зураг зурах,хөгжим зохиох,кино бүтээх сэлтээс дутахааргүй уран нарийн сэтгэмж,уян хатан арга хэрэгтэй болдог байж магадгүй.Өдгөө цагийн монгол төрийн гадаад бодлого чухам л ийм санаа бодлыг барьж байгаа нь зөв байх аа. Монгол Улс хоёр том хөрштөй. Энэ хоёртойгоо харилцахдаа жин бан тааруулахгүй,нэгэнтэй нь эрээ цээргүй саамаганаж,нөгөөхтөй нь хэрээ мэдэхгүй хэрэлдвэл юунд хүргэдгийг бид түүхийнхээ хол ойрын сургамжаас мэддэг билээ л.
Чухам энэхүү алдаа эндээнээсээ Монголын төр сургамж аваад өдгөө хоёр хөрштөйгөө харилцаж,хамтран ажиллахдаа гурамсан бодлгого барьж,гурвалсан яриа хэлэлцээ хийж эхлэж байгаа бололтой., Хоёр аврага хөршийн хооронд болдог яриа хөөрөөнд Монгол Улс ямагт байж л байдаг. Энэ бол “Гэм биш зан.Гэнэт биш хэзээнийх”. Тэг дунд нь оршдог,тэгээд бас баян орон юм чинь арга ч үгүй юм даа.. Өдгөөгийн монгол төрийн гурамсан бодлогын халуун цөм нь Монгол,Орос,Хятадын төрийн тэргүүн нарын шууд уулзалт,хэлэлцээ мөн. Аль нэгнийхээ ар худрагаар бус нүүр тулан уулзаж,илэн далангүй ярилцах нь дээр байлгүй яах вэ. Сэтгэлд сэвгүй шүү дээ.Уг уулзалтыг чухам Монгол Улсын ерөнхийлөгч анх санаачилсан нь ч чинад цаанаа бас их учир начиртай биз ээ.
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү санаачлагаа гаргаж,саналаа тавихдаа уулзалтын зорилго,зарчмын талаар саналаа тодорхойлж хүргүүлсэн аж. Орос Хятадын ерөнхийлөгч нар уг саналыг нааштай хүлээн авч, саяхь уулзалт хоёр удаа бузгай үр дүнтэй болоод байна. Хэзээ л Монголын төрийн тэргүүн Орос Хятад хоёрын тэргүүнийг уриад нэгэн ширээний ард эн зэрэгцээд суучихаж чаддаг байлаа даа? Монголын төр эдгээр уулзалтаар ярьж хэлэлцсэн бүх асуудал,үр дүнг ард түмэндээ ил тод мэдээлж байгаа нь ч тун сайн хэрэг. Энэ бол ардчиллын давуу тал юм.
Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путин:”...Бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж,Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ,Монгол Улс,БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм. Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” гэдэгчилэн тэр уулзалт зөв чиглэлд хийгдсэн” гэсэн ахул, Хятад Улсын дарга Си Зиньпин энэ уулзалтыг “...Гурван улсын хамтын хөгжлийг бэхжүүлэх,бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр мөн” гэж үнэлсэн байдаг. Оролцогч улс болгон өөр өөрийн ашиг сонирхол,санаа зорилгоо гарган тавьж,ярьж хэлцэж,өрөөл бусдынхтайгаа зохироож шийдвэрлэхийг эрмэлзэх нь мэдээж хэрэг.
Тэнцвэр үүсгэдэг алтан дундаж гэгч нэгэн гайхамшиг энэ орчлонгийн юм болгонд заавал байдаг. Оросоор “Золотое сечение” гэдэг. Олон улсын харилцаа,гадаад бодлогод ч тэр алтан дундаж байж л таарна.Харин түүнийг олох л хэрэгтэй. Гурван улсын төрийн тэргүүн нарын тогтмол уулзалт чухам л энэхүү алтан дундаж (“Золотое сечение”)-ийг олохыг хичээж буй зөв санаа зориг юм аа..
Агуу Их Чингис хааны үеэс Монголын төр гадаад бодлогоо ”Алтан аргамж” хэмээн эрхэмлэн нэрлэж ирсэн анам. Тийн ахул гурамсан аргамж хоймсон аргамжаас хавьгүй бөх байдгийг малчин гарвальт монгол хүн болгон мэдэх аюу. Үнэн ийн атал гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг мушгин гуйвуулж,муулан гутаах үг хэвлэл мэдээллийн зарим амнаас гарч байгаа нь Монголдоо баахан элэг буруу санааны хаялга гэвэлтэй. Уулзалтынхаа үеэр хоёр том хөршийн төрийн тэргүүн нарын нэг нь гоморхон хуйсганасан мэт,нөгөө нь овилогогүй аягласан гэх шиг улайм цайм гөрдөж,яс хаях нь хэнд хэрэгтэй байж таарах вэ? Лав л Монголд хортой. Улс гүрнүүдийн төрийн тэргүүн нарын албаны уулзалт дээр ийм жигтэй хачин явдал болсон мэт юм хэлэх нь хүн үнэмших аргагүй,хөх инээд хүргэм,даанч өчүүхэн дорд биш үү? Ёстой л мөнөөх “Далайн уснаас хүн шанаганыхаа хэрээр л хутгадаг” гэгч энэ юмсануу.
Ардчиллын буянд бид нар бичих нийтлэх,хэлэх ярих эрх чөлөөтөй болсон минь юутай аз завшаан билээ.Үнэн үг хэлснийхээ төлөө Монгол улсад хэн ч яллуулах баалуулах ёсон үгүй. Зохиолч,сэтгүүлч бидэн аваас үнэн зангийн улаач билээ л. Тийн учир бид нар өөдгүй атгаг санаа,өчүүхэн атаа чөтөөний өгөр гинжинд хүзүү холгуулж,үнэний өөдөөс борговоос мөнөөх эрхэм үйлсээ хөсөр алдаж, ичгүүртэй болох бус уу?. Учир юун хэмээвээс хэн боловч хэзээ нэгэн цагт үнэнд заавал гүйцэгддэг.”Үнэний мөрөөр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэх,гүн ухааны монгол мэргэн үг бий шүү дээ.
Зохиолч Л.Пүрэвдоржид талархъя
Зочин
Зочин
Зочин