-Гялгар уутны дотоодын хэрэглээг бүрэн хангах чадалтай болсон энэ үйлдвэр цаасан уут үйлдвэрлэж эхлэх гэж байна-

Дэлгүүрт орохоор төмс, ногоо, алим жимс хийж өгдөг цэнхэр, цагаан хосолсон өнгөтэй нимгэхэн гялгар уут байдаг даа. Үнэгүй болохоор нь хэрэглэгчид ч тэр уутанд хүнсээ хийлгэж авах дуртай.  Урд хөршид үйлдвэрлэдэг энэ уутыг хэрэглэсэн бүтээгдэхүүнийг  дахин ашиглаж  хийдэг учраас хүнсний зүйл хийх хориотойг харин бидний ихэнх мэддэггүй.  Энэ уутнаас гадна монголчуудын шар тор, онгоцтой тор гэж нэрлээд заншчихсан гялгар уутнуудыг ч хүнсэнд огт хэрэглэж болохгүй гэнэ. Химийн хортой бодисын үлдэгдэлтэй эдгээр уутыг хэрэглэхгүй байх бүрэн боломж монголчуудад  бүрдсэнийг мэдэж байгаа хүн бас л цөөн байх. “Чингис” бондын мөнгөнөөс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төслийг санхүүжүүлж байгаа. Бондоос зээл авах төслүүдийг сурвалжлах явцдаа гялгар, нийлэг уут үйлдвэрлэдэг ОБ пластик үйлдвэртэй танилцсан юм. Хүнс, ахуйн зориулалттай бүх төрлийн гялгар уут үйлдвэрлэдэг “ОБ пластик”-ийнхан Хөгжлийн банкинд дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт авах төсөл бичиж өгчээ. Хоёр тэрбум 900 сая төгрөгийг бондоос зээлсэн юм байна. 1.1 тэрбум төгрөгийг нь өөрсдөө босгох үүрэг хүлээсэн гэнэ.

Тус үйлдвэрийн захиалга хариуцсан  захирал О.Амарсайхан “Бондоос авсан зээл үйлдвэрлэгчдэд маш том дэм болж байна. Арилжааны банкнаас зээл авъя гэвэл сарын хүү нь  1.6 хувь.  Хамгийн багадаа 1.3 хувь байдаг.  Жилдээ гэхээр бараг 17-20 хувь болчихож байгаа юм. Маш өндөр дарамт. Бондоос өгч байгаа жилийн найман хувийн хүүтэй зээл бол үйлдвэрлэгчдэд үнэхээр том боломж” гэж ярилаа. “Бондын зээл авсан компаниуд мөнгөө буруу зүйлд зарцуулчихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн хардлага байдаг. Тэгж хардах үндэслэл бий юу” гэж асуухад тэрээр “Бондын хөнгөлөлттэй зээл манай дансанд орохгүй. Банкиндаа л байршина.  Тухай бүрд нь авч хэрэглэж байгаа шүү дээ. Асар их мөнгө аваад ихэнхийг нь идэж уулаа гэж яриад байгаа нь өрөөсгөл ойлголт. Мэдээлэл дутуу учраас ийм яриа гараад байна л даа. Жишээ нь манай үйлдвэр тоног төхөөрөмжөө авах үедээ л банкинд байршсан мөнгөнөөсөө хяналтайгаар гаргуулж авч байгаа” гэсэн хариу өгсөн юм.

Анх “ОБ чипс”-ийг  хийж эхэлсэн энэ компани анх чипснийхээ уутыг эндээ хийх гэж гялгар уутны үйлдвэр оруулж ирж. Одоо бол “Талх чихэр”, “Жүр үр”, “Стимо”, “Хаан хүнс” гээд хүнсний урдаа барьдаг томчуудаас эхлээд жижиг дундынханы гялгар уутаа захиалж хийлгэдэг том үйлдвэр болтлоо хөгжжээ. Нарийн боов, талх, ундаа, зайрмаг гээд бүх л төрлийн хүнсний болон ахуйн зориулалтын гялгар уутыг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэж буй тус үйлдвэрийнхэн цонхтой цаасан уут, ёроолтой тугалган уут зэрэг илүү дэвшилттэй технологи шаардсан бүтээгдэхүүн хийхээр “Чингис бонд”-оос санхүүжилт хүсчээ. Цонхтой цаасан уут гэдэг нь өдгөө супермаркетаар хэрчсэн гурил хийж зараад буй уут. Ирэх оны эхнээс Монголд ийм уут  үйлдвэрлэгдэж эхлэх нь. Цаасан уутны шугам оруулж ирэхээр болжээ. Ёроолтой уут гэдэг нь кимчи хийж зараад буй уутнууд. Бондоос санхүүжилт авсан учраас тун удахгүй ийм уут хийгээд эхэлнэ гэж “ОБ пластик” компанийн захиалга хариуцсан  захирал сонирхууллаа.  Цаашлаад амсартаа эргэдэг бөглөөтэй ундаа жүүсний савнаас эхлээд одоохондоо үйлдвэрлэж амжихгүй байгаа сав, баглаа боодлыг эндээ үйлдвэрлэх зорилгоор технологио шинэчилье гэж санхүүжилт хүссэн юм байна. Таван жилийн хугацаанд хэрэгжих төслийн эхний хөрөнгө оруулалт бондоос ороод ирсэн учраас ажил нь аль хэдийнэ эхэлчихэж. Өндөр хүчин чадалтай есөн өнгөөр хэвлэх бүрэн автомат машин авахаар гэрээ хийжээ. Цагаан сарын дараахан шинэ хэвлэх машин ороод ирэх гэнэ.


Хоногт супермаркетын тор гэхэд л хагас саяыг үйлдвэрлэнэ

“ОБ пластик”  компанийн үйлдвэрийн байр “Говь” үйлдвэрийн цаахна байдаг юм байна. Замынхаа хоёр талд тусдаа байртай, нэлээд том үйлдвэр юм. Эхлээд зөвхөн нэг давхарт үйлдвэрлэл явуулж байжээ. Гурван жилийн өмнө  үйлдвэрийнхээ урд талд гурван давхар өргөтгөл барьсан аж. Энэ үйлдвэрийн эхний дамжлага нь бэлтгэх цех. Гялгар уутыг  полиэтилен хэмээн цагаан будааг гурав нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хуванцар маягийн бөөрөнхий цагаан эдээр хийдэг аж. Гялгар уутны түүхий эдийг шуудай, шуудайгаар нь өржээ. Эднийх Солонгос, Орос, Америк, Хятад, Арабын улсуудад үйлдвэрлэсэн полиэтиленээр гялгар уутаа хийдэг юм байна. Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд гэнэ. Химийн үйлдвэр сайн хөгжсөн нефтийн нөөц баялаг ихтэй орнуудад л хийдэг эд аж. Хуванцар маягийн энэ эдийг 200-гаас  хэмд хайлуулаад л та бидний мэддэг гялгар уут гарч ирдэг аж. Эндээс гарсан гялгар уутыг үйлдвэрийнхэн бэлдэц гэж нэрлэдэг юм билээ. Бэлдцээ гараад ирэнгүүт 30-40 кг-аар нь дугуйлан ороодог байна. Биднийг очиход бэлтгэх цехэд байрлуулсан 14 суурь машинаас ганцхан нь ажиллаж байлаа. Хүйтний улиралд борлуулалт мууддаг учраас ачаалал эрс багасдаг гэж О.Амарсайхан  тайлбарлав. Гэхдээ эдийн засаг хүндхэн байгаа нь ч захиалгад нөлөөлж байгаа гэсэн. Хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байгаа аж.

Ажиллаж буй ганц машин гэхэд л өдөртөө супермаркетын торны  нэг тонн бэлдцийг өлхөн гаргадаг байна. Хоногт 100-120 мянган ширхэг уут гаргачихдаг гэнэ. Бэлтгэх цехэд байгаа дөрвөн машин бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт хагас сая торны бэлдэц хийх бололтой. Хажуухан талд нь байх хоёр машин сүү, тараг, давс, ариун цэврийн цаасны уутны бэлдэц үйлдвэрлэх зориулалттай аж. “Цагаан мөрөн” гэж давсны уутны бэлдэц гарсан байлаа. “Дүүхээ”, “Миний дэлгүүр”-ийн таслаад хэрэглэдэг уутнуудын бэлдцийг ч энд өржээ. Энэ цехэд гэхэд л арваад машин эгнүүлжээ. Хамгийн өргөндөө метр тавин см , дэлгэж хэмжвэл гурван мерт хүртэл өргөнтэй  том уутны бэлдэц гаргадаг аварга машин ч байна. Гаднаас нь харахад мэдэгдэхгүй ч гурав давхарлаж хийдэг гэнэ. Ингэж хийхээр илүү бат бөх, даац сайтай болдог аж. Ундаа ус, жүүс архи дарс зэрэг олноор нь савладаг түүхий эдүүдийг ийм уутанд багцалж савладаг юм байна. Мөн барилгын дулаалгын материал ороож савлахад ч хэрэглэдэг байна. Гэрийн эсгийг бороо, цаснаас хамгаалах зориулалтаар  бүрээс маягаар ашиглахаас гадна хүлэмжийн бүрээсүүдийг ч хийдэг гэнэ. Барилгын цутгалтуудад ч өргөнөөр ашиглаж эхэлжээ.  Энэ мэт маш олон төрлийн зориулалтаар ашигладаг гялгар уутны бэлдцүүдийг энд байрлуулсан хэдхэн машин хийчихдэг юм байна.

Дараагийн орсон цех бол  бэлдцэн дээр өнгө хээ тавьдаг хэсэг. Гялгар уутан дээр зураг, бичиг хэвлэдэг хэвлэгч машинууд ажилладаг гэсэн үг.  Биднийг ороход нийслэлийн хог хаягдлын уут, “Талх чихэр” компанийн ”Мишээл” талхны уутыг хэвлэж байв. Сонирхуулж хэлэхэд нийслэлийн хогны ногоон торыг дөрвөн компани хийж байгаа аж. Орон сууцныханд тараах сэнжгүй жижиг хогны уутыг эднийх хийж эхэлжээ. Удахгүй байрны айлуудад тараах юм билээ. Хэвлэх хэсгийн хувьд үндсэн таван өнгөөр хэвлэхээс гадна дээд тал нь есөн өнгө салгах хүчин чадалтай гэнэ. Захиалагчийнхаа хүссэн өнгөөр хэвлэх боломжтой юм байна. Энэ цехийн сүүлийн үеийн хэвлэх машин цагт 45000 ширхэг талхны уут хэвлэх чадалтай аж.

Уут болгож таслах дамжлагыг нь сонирхов. Энд  55 см-ээс метр тавь хүртэл урттай уутыг тасалж нааж гаргах зориулалтын машинууд ажиллаж байна. Өмнөх дамжлагын үеэр хэвлэж байсан хогны уутны нэг хэсгийг бэлэн болгожээ. “Жүр үр” компанийн нарийн боовны жижиг торны бариулыг гэхэд зуу, зуун ширхэгээр нь багцлаад механик ажиллагаатай машинаар цоолоод гаргачихдаг юм байна. Харин супермаркетын сэнжин бариултай уутны сэнжийг автоматаар гаргадаг аж. Шинэ жил болох гэж байгаа учраас бэлгийн уут хэвлээд эхэлчихэж. Биднийг тэнд байхад лав “Наран трейд”-ийн бэлгийн уут хэвлэгдэж байв.


Хорт бодистой торонд хүнс хийхгүй байхыг зөвлөв

“ОБ пластик”  захиалгаар уут хийхээс гадна үйлдвэрийнхээ  нэрийн уутнуудыг ч мөн  үйлдвэрлэдэг юм байна. Гэр ахуйн зориулалтаар ашигладаг, 30 ширхэгтэй, тасалж хэрэглэдэг хогны уут гэхэд л эдний бүтээгдэхүүн. Бүр нийтийн хоолны газар хэрэглэдэг хог хаягдлын том уутыг хүртэл үйлдвэрлэдэг аж. Мөн жижиг дунд үйлдвэрийнхэнд зориулсан өнгө, хээгүй, амсрыг нь наадаг гялгар уутнуудыг том, бага янз бүрээр нь хэвлэж байна. Талх, нарийн боов, бууз, банш зэрэг хүнсний бүтээгдэхүүн хийх зориулалтаар худалдаж авдаг компани олон гэнэ. Хагас цагт хориод мянган ширхэг хэвлэх чадалтай машин дээр нэг, хоёрхон мянган уут захиалгаар хийх боломжгүй учраас ийм бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн аж. Гадуур дэлгүүрүүдээр байдаг улбар шар өнгийн OB гэсэн товчлол бүхий дүрстэй супермаркетын торыг эднийх үйлдвэрлэдэг юм байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан тор учраас мах, ногоо зэрэг шууд хийх зориулалттай хүнсээ ийм торонд хийж байхыг үйлдвэрийнхэн зөвлөв. “Наран туул” болон, худалдааны том төвүүдэд бөөний үнээр зардаг юм байна. Эднийх шиг цэвэр түүхий эдээр биш хэрэглээнд орсон түүхий эдээр хийдэг  торнуудад нойтон мах, хүнсний ногоо хийж болохгүй гэнэ. Үйлдвэрийн захиалга хариуцсан гүйцэтгэх захирал “Нэгэнт хэрэглээнд орсон полимер зуун хувь цэвэршдэггүй. Тиймээс нян, хүнд металл, хортой бодисын үлдэц заавал байдаг. Нийтийн хоолны газар, зах дэлгүүрүүдэд хориглосон ч хэрэглэсээр байгаа. Манай нэрийн супермаркетын торыг хүртэл Хятадад дуурайлгаж хийгээд зарж байна. Оюуны өмчийн газраас патентаа авсан бүтээгдэхүүн учраас ГЕГ-ын зөрчил хяналтын албанд хүсэлт гаргасан” гэж ярилаа.

“ОБ пластик”-ийнхан эдгээр торноос гадна гоёлын тор үйлдвэрлэж эхэлжээ. Брэндийн дэлгүүрүүдийн торноос ялгарах юм алга. Өнгө хийц, загвар сайтай нь харахад л илт. “Өүлэн менч” компанийн хүүхдийн дүрэмт хувцасны торыг гэхэд л анхаарал татахаар содон зурагтай хэвлэжээ.

Эдний үйлдвэр зайрмаг, сүүний тугалган дотортой уутнаас гадна тээвэрлэлт даах чадалтай давхар уут хүртэл үйлдвэрлэж байгаа юм билээ. Дулааны үйлчлэлээр агшаад савныхаа хэлбэрийг барьдаг ундаа, усны шошгыг ч хийж байна. Хийдэг машин нь харахад жижигхэн хэр нь хоногт зуу гаруй мянган ундааны шошго гаргачихдаг гэнэ. Цуу, кетчупны амсрыг лацаддаг тунгалаг өнгийн шошгыг мөн хийдэг аж. Биднийг очих үед “Мон энзим” компанийн гоо сайхны бүтээгдэхүүний цаасан хайрцагны гадна  талын гялгар уутыг хэвлэж байв. Үүнийг өнгөгүй тунгалаг лац гэдэг юм байна.

“ОБ пластикт”-тай Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн 1000 гаруй компани уут, сав баглаа боодол хийлгэж хамтардаг аж. Дотоодын гялгар уут, савны хэрэглээний 30-40 хувийг хангадаг гэсэн судалгаа хүртэл гаргачихаж. Урагшаа явж уут тороо хийлгэдэг компаниуд эднийд хандаад хийлгэвэл энэ хувь ихсэх боломжтой юм билээ. Дотоодынхоо гялгар уутны хэрэглээг бараг л зуун хувь хангах боломжтой санагдсан.  О.Амарсайхан  “Гялгар уут үйлдвэрлэдэг дэлхийн технологи бусдаасаа ялгарах юм огт байхгүй. Өөрөөр хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Түүхий эд, шат дамжлага нь яг адилхан” хэмээн онцолж байсан юм.