Таслан сэргийлэх нь тарчлаахын нэр үү?
Улсын хэмжээнд жилд дунджаар 4500 орчим хүнд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авдаг байна. Жилийн 365 хоногт хуваагаад үзвэл өдөрт 12 хүн, үүнээс амралтын хоёр өдрийг хасч тооцвол өдөр бүр 16 хүнийг барьж хорьдог гэсэн үг.
Одоо “Боловрол суваг” телевизээр “Мөрдөгч” гэж олон ангит кино орой бүр гарч байна. Их гоё цагдаа нар /мөрдөгчид/
гарна. Юм л бол “Наад хүн чинь буруутай гэх хангалттай нотлох баримт
танд байна уу, хэрвээ биш байвал яах юм? Зөвхөн таны сэжиг таамгаар
баривчлах зөвшөөрөл олгож болохгүй” гэж бие биенээ шахаж шаардаж
ажилладаг. Харамсалтай нь яг амьдрал дээр тийм биш. Кино бол зүгээр л
“Хуулийн байгууллага ингэж ажиллах ёстой. Ирээдүйд ийм болох юм шүү”
гэдэг мэдлэг мэдээлэл, иргэний боловсролыг хуулийнханд ч, иргэдэд ч өгч
байгаа сурталчилгааны нэг хэлбэр юм. Харин амьдрал хуучнаараа, бахь
байдгаараа.
Шүүхээс авдаг таслан сэргийлэх буюу цагдан хорих арга хэмжээ гэдэг нь хуулийн байгууллага хэн нэг иргэнийг гэмт хэрэгт холбоотой эсэхийг шалгах зуурт тухайн хүнийг оргон зугтахаас сэргийлж, зорчих эрхийг хязгаарлаж байгаа л нэг хэлбэр. Цагдан хорих байр бол тэр хүмүүсийг хадгалдаг, бас хамгаалдаг газар. Түүнээс биш цагдан хорино, таслан сэргийлнэ гэдэг нь уг хүнийг яллаж, шийтгэж байгаа хэрэг биш. Хэрэг илрүүлдэг, мөрдлөг явуулдаг ч газар биш. Хуулиараа бол.
Гэтэл харамсалтай нь сүүлийн үеийн тоо баримт, мэдээ сэлтийг хараад байхад манай хуулийнхан өөрсдөө цагдан хорих, таслан шийтгэх арга хэмжээг ялын тогтоол гэж андуурч, цагдан хоригдож байгаа этгээдийг ялтантай адил үздэг болсон байна. Бүр ялтнаас дор ч юм уу. Хэргээ хүлээгээд ялаа авчихсан хүнээс нэмж нэхэх зүйл тэдэнд байхгүй шүү дээ. Оролдоод байх шаардлагагүй гэсэн үг. Багахан шиг идээсэй гэж залбираад л, болохгүй бол хоолных нь орц нормыг хасаад өгдөг нь юу юм гэхээс биш. Харин хэрэг нь шалгагдаж дуусаагүй, бүрэн нотлогдоогүй нөхдүүдийг бол зүйл бүрээр үйлийг нь үздэг бололтой юм. Энэ талаар манайд ирж ажиглалт, судалгаа хийсэн олон улсын шинжээч “Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил нэрээр хүний бие, эрх чөлөөнд халдан дарамталж, “хэрэг хүлээлгэх”, “эрүү шүүлт хэрэглэх”, “хорих байр, камер дамжуулах”, “хэрэг солилцох” зэрэг урьд байсан сөрөг үзэгдлүүд улам нэмэгдсэн байна” гэж дүгнэжээ. Нөхцөл байдал дээрдэх нь байтугай өмнөхөөсөө ч дордсон гэсэн үг.
Үүнд итгэж үнэмшихийн тулд шүүхийн архив энэ тэр ухаж төнхөөд, их холоос баримт нотолгоо хайгаад байх ч шаардлагагүй. Ердөө өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас харж болно. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэрэгт хамт шалгагдаж байсан М.Тулга гэж залууг эмнэлгээс шорон луу ачиж байгаа дүр зургийг “Өдрийн сонин” баасан гаригийн дугаартаа үзүүлэв. Гурван сар хоригдохдоо хоёр хөл нь мэдээгүй болсон түүнийг аав нь үүрээд хорихын машинд ачуулж байна. Ээжийнх нь ярьснаар угаасаа сагс тоглож байгаад унаж бэртэл аваад эмчлүүлж байсан нуруу луу нь хорихын ажилтан “Яасан муухай хардаг новш вэ” гээд өшиглөчихсөнөөс болж өвчин нь хүндэрсэн. Хөл нь мэдээгүй болоод явж чадахгүй байхад хорихын эмч “битгий баашлаад бай” гэж загнаад эмчилгээ хийгээгүй. Эцэст нь залуу огт хэвтэрт орж орондоо бие засахдаа хүрснийх нь дараа сая нэг эмнэлэгт шилжүүлсэн ч хэргийг нь шалгаж байсан АТГ-ын ажилтны зааж өгч явуулсан эмч таван сая төгрөг нэхэж авч эмчилгээ хийчихээд “Битгий эмнэлгийн нэр баастаад бай, баашилж байна” гээд хөл нь мэдээгүй хүнийг аавд нь үүрүүлээд хорих руу ачуулахыг харлаа.
Үүнээс гурван сарын өмнө бас л авлига авсан, мөнгө угаасан хэргээр шалгагдаж байсан Газрын тосны газрын захирал асан Д.Амарсайхан хорих 461-р ангид саатуулагдаж байхдаа уулзалтын өрөөнд өмгөөлөгчийнхөө нүдэн дээр амьсгал хураасан. Удаан хугацаагаар хоригдсоноос болж зүрхний өвчин нь хүндэрч, ар гэрийнхэн, өмгөөлөгч нь эмнэлгийн тусламж хүсэхэд хэргийг шалгаж байсан АТГ-ын ажилтан түүнийг эмчилсэн хорихын эмч нарт авлигын хэрэг үүсгэж дарамтлан эмчилгээг зогсоосон, сүүлийн мөчид ч эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан. Нүдэн дээр ил цагаан болж байгаа нь энэ. Нүднээс далд дахиад 4448 хүнд ийм эрсдэл байна аа л гэсэн үг. Нарийн яривал Улаанбаатарын хүнийг Төв аймагт аваачиж хорино гэдэг ч бас л эрүү шүүлтийн нэг хэлбэр. Тэнд хүний эрхийг яаж л бол яаж зөрчиж болж байна. Л.Гансүх хоригдож байх хугацаандаа өөрийнх нь хэрэгт хамт шалгагдаж буй залуусыг “Л.Гансүхийн хэргийг нотол” гэж эрүүдэж, дарамталж, хууль бусаар гүйцэтгэх ажил явуулж, хэрэг хүлээлгэх гэж оролдож байгаа тухай шүүх, прокурорт нэг бус удаа гомдол гаргасан тухай өмгөөлөгч нь мэдэгдэл хийсэн. Харин үр дүн нь бахь байдгаараа. Ингэхээр хуулийнхан бүгдээрээ нийлж аваад нэг дүрмээр тоглоод байна уу гэсэн хардлага ч төрөхөөр. Уг нь хуулийн ерөнхий зарчим бол төрд /ялангуяа хуулийн байгууллагад/ хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд болохоор хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрдөг. Харамсалтай нь амьдрал дээр эсрэгээрээ яваад байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ онд “Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр бас нэгэн судалгаа явуулснаа өөрийн вэб хуудсанд танилцуулжээ. Энд дурьдсанаар шүүхээс таслан сэргийлэх буюу цагдан хорих арга хэмжээ авагдсан хүмүүсийн дийлэнх нь хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байна. Хүн болон онц ноцтой гэмт хэрэг биш гэсэн үг. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлүүдийн дотор “Оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэл мөн л дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Гэтэл үнэндээ “оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэлийг нь хуулиар огт тодорхойлоогүй. Нэг ёсондоо хуулинд байхгүй үндэслэлээр, зүгээр мөрдөн байцаагчийн үзэмжээр буюу субектив дүгнэлтээр шүүх шийдвэр гаргадаг гэсэн үг. Хэрвээ болзошгүй гэж үзвэл юм бүхэн болзошгүй шүү дээ. Маргааш бидний хэн нэгэн машинд мөргүүлж болзошгүй, бас үгүй ч байж болзошгүй. Тэглээ гээд бүгдээрээ ажилдаа явахаас татгалзаж, эсвэл гудамжаар нэг ч машин явахыг хориглож чадахгүй биз дээ. Үүнтэй л адил юм.
Энэ мэт нөхцөл байдлаас үүдэн Хууль зүй яамнаас нэгэн шинэ хуулийн төслийг Засгийн газарт танилцуулсан байна. Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай уг хуулийн төсөл 1999 онд УИХ-аар баталсан Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг хэрэгжүүлэх тухай хуулиас хойш 15 жилийн дараа анх удаа боловсруулагдаж байгаа юм. Өмнөх хуулиас ялгаатай нь уг хуулийн төсөлд таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн баривчлах, цагдан хорихоор хязгаарлахгүйгээр, гэрийн хорио, хувийн баталгаа, барьцаа гэх мэт таслан сэргийлэх арга хэмжээний шинэ төрлүүдийг бий болгожээ.
Гэрийн хорио гэдэг нь бусад улсуудад түгээмэл хэрэглэгддэг электрон гавны тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлах, оргон зайлахаас сэргийлэх нэг төрийн таслан сэргийлэх арга хэмжээ юм. Хувийн баталгаа гэдэг нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээний нэрийг өөрчилсөн хэлбэр. Харин барьцаа таслан сэргийлэх арга хэмжээний хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг агуулгын хувьд өөрчлөхгүйгээр яллагдагч өөрөө болон түүний нэрийн өмнөөс бусад хүн, хуулийн этгээдийн гаргаж өгч буй мөнгөн хөрөнгийг данс, цахим карт ашиглан шүүхийн нэр дээр нээсэн тусгай дансанд байршуулах юм байна. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн эцсийн мөчид буюу дээр хэлсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй болсон буюу зөрчсөн тохиолдолд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Ингэхдээ хуулиар хязгаарлагдаагүйгээс бусад иргэний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах, мөрдөн шалгах нууц ажиллагаагаар /яг одоо бол “гүйцэтгэх ажил” гэж нэрлээд л дуртайгаа хийж байгаа шүү дээ/ хувь хүний нууцад халдахыг хориглосон.
Мөн цагдан хорих зохион байгуулалт, аюулгүй байдал, техник хяналтын арга хэмжээний нөхцлийг тодорхой болгож, хоригдож байгаа яллагдагчийн өргөдөл, гомдол, хүсэлт гаргах, шашны зан үйл үйлдэх, эд зүйл ашиглах, бусадтай харилцах, иллгээмж авах, уулзалт хийх эрхийн талаар тусгайлсан бүлгээр зохицуулжээ.
Хамгийн гол нь сэжигтэн, яллагдагчид ямар тохиолдолд, ямар үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ, ямар хэлбэрээр таслан сэргийлэх вэ гэдэг хуулийн үндэслэлийг нарийвчилж /ядахдаа л оргон зайлж болзошгүй биш, оргон зайлахыг завдсан нь тодорхой байж байж цагдан хорих үндэслэл болно биз дээ/, хоригдсон этгээдийг суллах үндэслэл, нөхцлийг тодорхой зааж өгөх юм байна. Сүүлийн жишээ байна шүү дээ. Л.Гансүхийг эрүүл мэндийншалтгаанаар батлан даалтад гаргах шүүхийн шийдвэр гарчихаад байхад ШШГЕГ “шүүхээс тогтоосон 30 хоногийн хугацаа дуусаагүй байна” гэдэг шалтгаанаар дахиад хоёр өдөр саатуулсан байдаг. Уг нь шүүхийн эцсийн шийдвэр өмнөхөө залруулах ёстой гэдгийг тэнэг хүн ч ойлгомоор. Хэрвээ энэ хугацаанд тухайн хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдах нөхцөл байдал үүссэн бол хэн яах байсан юм бол?
Бас нэг чухал зүйл бол цагдан хорих хугацааны асуудал. Таслан сэргийлэх арга хэмжээг бусад улс орнуудад хэрэглэж буй үндэслэл шаардлага нь сэжигтэнг шаардлагатай үед хууль, шүүхийн байгууллагын өмнө цаг алдалгүй авчрах л явдал. Тиймээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа ч богино байдаг. Харин манайд одоо үйлчилж байгаа хуулиар гэмт хэргийн сэжигтэнг хөнгөвтөр хэрэгт хоёр сар хүртэл, хүнд болон онц хүнд гэмт хэрэгт хоёр жил, түүнээс дээш хугацаагаар цагдан хорих боломжтой байгаа. “Нотлох баримт хангалтгүй, хэргийн шалгалт дуусаагүй” гээд л дахин дахин сунгаад, нөгөө “муурыг бариад бар гэдгээ хүлээтэл нь зод” гэдэг шиг хуучин арга барилаараа “нүдээд” байдаг. Тиймээс шинээр боловсруулагдаж буй Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд цагдан хорих хугацааг аль болох багасгах асуудал бас нэг сэдэв байх болов уу. Таслан сэргийлнэ гэдэг тарчлаахын нэр биш шүү дээ.
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mulan
Сүлд
Зочин
Зочин
danzan
danzan
догсом
13 NTERBUMIIN XEREG
ENE LALAR CHAVGANTS UO VE
П.Улаанхүү
zochin
хуягаа
Алиа салбадайд
Хотын залуу