Октябрийн хувьсгалын эцэг В.И.Лениний
мэндэлсний 148 жилийн ойд зориулав

Хүн төрөлхтний түүхнээ тохиосон аугаа бөгөөд аймшигт туршилтын эцэг Владимир Ильич Ульянов (Ленин) 1870 оны дөоөвдүгээр сарын 22-ны өдөр буюу Төгсбуянтын тооллоор цагаан морин жил мэндэлжээ. “Октябрийн туяа” Монгол газар тусч, бид амь насаараа төлбөр хийн асар том дэвшилд хүрсэн. Ленин монголчуудын итгэл үнэмшил, үзэл санааны буухиаг VIII Богдоос булаан авахаар санаархсан боловч 1924 онд Монгол улсын хэмжээт эрхт хаанаас хэдэн сарын өмнө нас баржээ. Монголчууд Богд гэгээнийхээ хойд дүрийг нь тодруулж чадаагүйн учир сүжгийн тамтаггүй Ленинийг бурханчилан тахих тавилантай байжээ. Буддагийн орыг эзэлж айлын айлын хоймор заларсан Ленин багш хэмээх “амьд бүхнээс амьд” шүтээний бидэнтэй холбогдсон сэжим оршвой.

Багшаар тодорсон Ленин

Д.Ишдуламын 1924 онд зохиосон “Ленин, Сүхбаатарын хосолсон дуу” Монголын урлагт Лениний тухай өгүүлсэн бүтээлийн анхныхад тооцогдоно. Хойтон нь “Хорвоо дээр бурхан Будда, Ленин гэж хоёр суут багш заяажээ” гэдэг үгийг Монгол Улсын Бага хурлын дарга, хожмын Ерөнхий сайд П.Гэндэн албан ёсны индрээс хэлсэн юм. Ингээд талын малчид хоёр шүтээнтэй болов. Үүнийг уран зохиолоор дамжуулан ард түмний ой тойнд суулгах ажлыг МАН (МАХН)-ын зүгээс шат дараатай хийсэн нь тодорхой. Далан жилийн турш ухаан санаанд шингэж болох бүх хэлбэрт хувирсан ленинизмийг гурван үеэрээ “хөхөж” өссний учир 1991 оны нэгдүгээр сарын 21-нд болсон Ардчилсан холбооны цуглаан дээр “Ардчиллын алтан хараацай” Ц.Элбэгдорж “Хамгийн аугаа хүн Владимир Ильич Ленин багшийн гэгээн дурсгалыг хүндэтгэн малгайгаа авч эмгэнэл илэрхийлцгээх”-ийг уриалж байлаа. Тэр багш байлаа.

Ленинтэй уулзсан монгол

Сономбалжирын Буяннэмэх
(1902-1937)

Социализмын жилүүдэд Д.Сүхбаатарыг Ленинтэй уулзсан мэтээр бичиж, шүлэглэж, зурж, дүрсэлж ирсэн ч хөдөлбөргүй баримт олддоггүй. Харин С.Буяннэмэх 1922 онд болсон Алс Дорнодын ард түмнүүдийн хуралд төлөөлөгчөөр оролцохдоо Москвад В.И.Ленинтэй уулзжээ. Тэрээр В.И.Ленинтэй биеэр уулзсан зохиолч, сэтгүүлчийн хувьд манай тогтмол хэвлэлд хамгийн түрүүнд В.И.Лениний дүрийг үлдээж, “Ленин” (1927), “Биеэр Ленин багш лүгээ учирсан байдлаас” (1930), “Гайхамшигт учрал” (1935) зэрэг нийтлэл, тэмдэглэл, найруулал бичжээ. Гэвч С.Буяннэмэх 1937 онд аугаа хувьсгалынхаа мэсэнд өртөн Ленин багшийнхаа “Алтан Москва”-д хилс хэргээр цаазлуулжээ.


Түүх нь будилсан хөрөг


Б.Шарав 1923 онд Лениний хөргийг зуржээ. В.И.Лениний 100, Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан Л.Ванган, Ч.Чимид нарын зохиолоор Д.Жигжидийн бүтээсэн “Өглөө” кинонд уг хөргийг Д.Сүхбаатарын захиалгаар бүтээсэн мэтээр харуулдаг нь бодит түүхтэй нийцэхгүй. Бурхан урлаач лам Б.Шаравт тийм хэмжээний улс төрийн гүн гүнзгий мэдлэг байгаагүйг үндэслэн зарим судлаач дээрх зургийг өөр хүн зурсан гэдэг саналтай байдаг ч Ц.Дамдинсүрэн нарын олон судлаач зургийн сэдэв, санааг зохиолч С.Буяннэмэх хэлж өгсөн төдийгүй зургийн тайлбарыг шүлэглэн бичсэн гэж үздэг.

Сэдэв болсон шүтээн

“Өглөө” киноны зураач Шарав “Энэ орос бурхан уу?” гэж асуудаг нь цаад утгаараа монголчууд нэгэнт өөр “шүтээн”-тэй болсныг харуулах гэсэн зохиолч нарын далд санаа ч байж мэдэх. Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Лениний хөргийг тэнгэрийн хөх өнгөтэй дэвсгэр, бадамлянхуа цэцэг, хувьсгалт тэмцлийн Монгол-Оросын найрамдлыг бэлгэдсэн хоёр улаан тугийн хамтаар дүрсэлсэн байдаг. Энэ бүтээл өдгөө Монголын уран зургийн галлерейд дүрслэх урлагийн өв болон хадгалагдаж буй. Үүнээс хойш манай дүрслэх урлагийн ганц гол сэдэв Ленин болоод Ленинтэй уулзсан монголчууд болж хувирчээ. Тухайлбал, Д.Чойдогийн “Сүхбаатар Ленинтэй уулзсан нь”, Д.Дэлэгнямын “Түүхт уулзалт”, Н.Цүлтэмийн “Монголын төлөөлөгчид Ленинтэй уулзсан нь”, “Монгол, Зөвлөлтийн найрамдлыг үндэслэгчид”, А.Сэнгэцохиогийн “Ленинд бараалхсан нь”, “Түмний хэргийн төлөө” зэргийг дурьдаж болно.

Манай багшийн багш

Монголын гурван үеийн багачууд дуулж өссөн “Манлай Ленин багш” дууг эдүгээ санах хүн ховорджээ. Тэр дуунд: 

Манай багшийн багш аа,
Манлай Ленин багш аа
Манлай Ленин багш аа
Миний хайртай багш аа...
гэж өгүүлдэг.

Ийн дуулж өссөн хүүхдүүдийг ухаан суухаар нь үзэж харах, уншиж мэдэх, цээжилж тогтоох зүйлээр дутаагаагүй билээ. 1950-аад онд З.Поповын “Лениний гэр бүл” жүжгийг Улсын хөгжимт драмын театрт тавихад БНМАУ-ын Ардын жүжигчин Ц.Цэгмэд анх Лениний дүрийг бүтээсэн байна. 1957 онд Н.Ф.Погодины “Кремлийн цаг”, 1970 онд В.Ф.Шатровын “Хувьсгалын нэрээр” жүжигт БНМАУ-ын Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн Лениний дүрд тогложээ. Харин Октябрийн хувьсгалын 50 жилээр Драмын театрт тавьсан Н.Ф.Погодины “Буутай хүн”-ий Ленинд тоглосон Ардын жүжигчин Ц.Гантөмөр хамгийн олон энэ дүрийг бүтээсэн амжилтаараа монгол жүжигчдээс ялгардаг. “Ташкентская студия”, “Ленфильм”, “Монголкино” гурав хамтран 1942 онд толилуулсан “Сүхбаатар” киноноос Ленинийг анх “амьдаар нь харжээ”. Энэ кинонд Ленинийг ЗСБНХУ-ын Ардын жүжигчин М.М.Штраух бүтээсэн юм.



Судар болсон зохиолууд

В.И.Лениний бүтээлүүд хамгийн олон хувь буюу 15 729 удаа 605 сая хувиар 120 хэл дээр хэвлэгджээ. Зөвхөн 1918 онд Лениний зохиол 98 удаа 1.2 сая хувь хэвлэгдсэн ба 1902 онд “Юу хийх вэ?” ном нь Лондонд англи хэлээр гарсан гэдэг. Харин 1925 онд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн В.И.Лениний “Залуучуудын эвлэлийн зорилт”-ыг нь анх түрүү монгол хэлнээ буулгажээ. МАН-ын Төв хорооны ухуулан боловсруулах хэлтсийн дэргэд 1930 онд “Маркс, Лениний номлох зүйл орчуулах коллеги”, 1955 онд МАН-ын Төв хорооны дэргэд Намын түүхийн институт байгуулагдсаны бүрэлдэхүүнд дээрх үүрэгтэй орчуулгын тасаг үүсч, нийтдээ Лениний 35 боть зохиол монгол хэлээр тус бүр 20 мянган хувь, бүгд 700 мянган хувиар хэвлэгджээ. Эдгээр номыг өөрийгөө сэхээтэнд тооцдог монгол хүн бүр алба болгон авдаг ч ихэнх нь огт нээж үзэлгүй номын сандаа “чимэг” болгон тавьдаг байлаа.


Хийморь болсон Ленин

1969 онд В.И.Лениний 100 жилийн (1870-1970) ойг угтсан их ажил Монголд өрнөжээ. Энэ үеэр Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт нарын зээ гэдэг нь хэдийн ил болж 1958 оноос хойш дарагдаж явсан Жамцын Бадраа В.И.Ленинд зориулсан дуу хийхээр шийджээ. Ингэхдээ тэрбээр “Өглөө” киноны Норжмаа дуулдаг дууны аянд шүлэг хийсэн байна. Энэ тухайгаа дээрх аяыг зохиосон Д.Лувсаншаравт хэлэхдээ “Миний шүлэгт чиний ая таарна” гэж ятгаад өөрөө сонинд тайлбар бичихээр болж зөвшөөрүүлсэн гэдэг. Харин жинхэнэ дуу нь Ч.Чимидийн шүлгээр “Өглөө” кинонд дуурьсчээ.


Энэ бүтээлтэй холбоотой домог гэмээр яриа Ардчилсан хувьсгалаас хойш тарсан байдаг. Ж.Бадраа хөдөө айлд хоножээ. Авдар дээр нь В.И.Лениний жаазтай хөрөг байх юм гэнэ. Хэсэг зүйрмэглээд сэртэл гэрийн эзэн жаазнаас Ленинийг сугалж аваад цаанаас нь гарч ирсэн Буддагийн зурмал хөрөгт мөргөж байж. Ийнхүү тэрээр “Ленин багш” дууны шүлгийг бичсэн гэдэг. Та дууны үгийн “Ленин”-ийг “Бурхан”-аар орлуулаад уншиж үзээрэй.

Ленин багш 

Шүлэг: Ж.Бадраа Хөгжим: Д.Лувсаншарав Дуучин: Б.Зангад

Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг
Хотлыг гийгүүлсэн нарны ач аа хө
Хоймор залахад хийморь болж
Айл гэр тэтгэх Ленин багш минь
Хосгүй эрдэнийн суут их нар аа хө хө

Заяа тавилангийн цоож хаалганд түлхүүр хийж
Зарцын нүдийг нээсэн юм аа хө
Заасан ном нь хууль л болж
Заавал мөнхрөх Ленин багш миньЗам
буу тивийн найдвар юм аа хө хө

Даваа нугачаагийн өөд урууд саатахгүй
Давшихаар шулуудсан Монгол орноо хө
Дайчин суртал баатар суу нь
Айл гэрт хайрлан соёрхсон Ленин багш минь
Дандаа ялахын үүдэн сүлд ээ хө хө


Лениний сэрэг дүр

Бүгд Найрамдах Улс тунхагласны 30 жилийн ойгоор 1954 оны 11 дүгээр сарын 26-нд гурван метр гантиг суурьтай, дөрвөн метр өндөр хүрэл хөшөөг Улаанбаатарын төв цэцэрлэгт босгоод 58 жилийн дараа 2012 оны 10 дугаар сарын 14-нд буулгасан юм. Уг хөшөөг Зөвлөлтийн нэрт барималч С.Д.Меркуровын гаргасан загвараар бүтээжээ. Түүнийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАН-ын Төв Хорооны 1954 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан 363/38 дугаар тогтоолоор босгуулсан байдаг. Уг тогтоолоор тус хөшөөг Батлан хамгаалах яаманд хариуцуулсан юм билээ.


Музей болсон сүм

 

Монголчуудыг ленинизмээр хүмүүжүүлэх ажилд дөхөм болгох зорилгоор Улаанбаатарт В.И.Лениний музейг 1967 онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоор нээсэн байдаг. Үүнээс 13 жилийн дараа, 1980 оны 7 дугаар сарын 09-нд Төрийн шагналт, архитекторч Г.Лувсандоржийн зураг төслөөр Зөвлөлт-Монголын барилгачид барьсан шинэ байрны нээлт болжээ. Тэр жилүүдэд үндэсний хэв маяг бүхий архитектуртай байгууламж цөөнгүй баригдсаны нэг нь энэ барилга юм. Тус музейг 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар Соёлын яамны захиалгаар барьжээ. Энэ бол Улаанбаатарт музейн зориулалтаар барьсан ганц барилга бөгөөд 1998 оноос оффис, ресторан, кафе зэргээр зориулалтын бусаар ашиглагдаж нүүрэн тал, дотоод орон зайг нь өөрчилсөн байна. Харин эдүгээ тэнд Үлэг гүрвэлийн музей байрлаж буй.


Харьяалалдаа очсон Ленин

Өдгөө дэлхий дахинд Лениний 2 963 ширхэг хөшөө болоод баримал байгаа гэнэ. Украинчууд Майданаас хойш өөрийн нутагт орших 297 барималыг шат даралаана буулгасан тул тоо нь ингэж огцоим буурчээ. ОХУ-ын нутагт 2 771, Беларусьт 112, Молдавт 19 гэчилэн хуучнаар Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж асан орнуудад чулуу, шавран Ленин олноор байгаа бол Норвеги, Япон, Сирид нэгжээд бий. Харин Улаанбаатар зочид буудлын өмнө зогсож байсан Ленинийг буулгаад анхны харьяаллынх нь дагуу Батлан хамгаалах яам буюу Улаанхуйранд байрлах 089 дүгээр цэргийн ангийн хашаанд хүргэжээ.

Хүнддэх нь үгүй нэр

Социализмын жилүүдэд Ленин багшийнхаа нэрийг хүнддэнэ гэж бодолгүй юм юманд өгч нэрэмжит болгодог байлаа. Тэдгээрээс заримыг нь дурдвал Радио нэвтрүүлгийн хороо 1960, Дарханы ДЦС 1970, Монголын пионер сурагчдын төв ордон 1960 (Хүүхдийн урлан бүтээх төв)-ыг тус тус нэрэмжит болгожээ. Мөн түүнчилэн Сүхбаатарын талбайн баруун урд үзүүрээс Буянт ухаа хүрдэг змыг урьд “Лениний өргөн чөлөө” гэдэг байсныг хожим өөрчилж “Чингисийн” болгосон юм. Түүнээс гадна сангийн аж ахуй, нэгдлүүд “Ленин” гэдэг үг орсон нэртэй байх нь элбэг байлаа. Манай ахмад үеийнхэн дотор “Володя” нэртэн цөөнгүй цөөнгүй бөгөөд шууд утгаараа Владимир Лениний багын нэр юм. Харин хөгжмийн зохиолч И.Боложжийн нэр бол Володягийн сунжирсан хэлбэр билээ.


Зам заасан Ленин

Ардчиллын эхний жилүүдэд Лениний хөшөөг гутаах явдал Монголд хоёртаа давтагджээ. Бүр 1992 онд Улаанбаатар зочид буудлынг өмнөх Лениний хөшөө рүү будаг цацсан байхыг харсан залуу хэнд ч хэлэлгүй ганцаараа шөнөжин цэвэрлэсэн хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэвлэлд ярьжээ. Мөн Д.Бямбасүрэн “Хэсэг залуучууд Лениний хөшөөг буулгая гэхээр нь би хариуд нь Ленини чинь монгол хүн гэж байж буцаасан” ч гэдэг. Харин зах зээлийн эхний жилээс л Лениний хөшөөтэй цэцэрлэгт биеэ үнэлэгчид зогсдог болсон бөгөөд одоо зэрэг дэв нь буурснаас үндсэн бизнес нь өөрчлөгдөөгүй байгаа. Үүнийг зураач Б.Баярцэнгэлийн “Бусдын заасан замаар” бүтээл харуулахын ялдар “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээх”-ийн үлгэрийг ч баталжээ.