Л.Гансүх ба “Нүүрс”
Хорин дөрвөн жилийн өмнө монголчууд бие биедээ илүү хайртай байж. Хэтэрхий цөөхүүлээ байсан. 1987 онд Монголын хоёр сая дахь иргэн төрж, “цөөхөн монголчууд олуулаа болох нь” хэмээн бөөн баяр болж байж билээ. Харин удахгүй гурван сая дахь иргэнээ шинэ оны босгон дээр авна.
Хорин дөрвөн жилийн өмнө монголчууд бие биедээ илүү хайртай байж. Хэтэрхий цөөхүүлээ байсан. 1987 онд Монголын хоёр сая дахь иргэн төрж, “цөөхөн монголчууд олуулаа болох нь” хэмээн бөөн баяр болж байж билээ. Харин удахгүй гурван сая дахь иргэнээ шинэ оны босгон дээр авна. Аав ээж, өвөө эмээ минь шинэ хүн төрөх бүрт “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” хэмээн билэгшээдэгсэн. Гэтэл угийн цөөхөн монголчууд маань жаахан олшрох тусмаа улам л өлөн, бие биедээ халгаатай болоод байгаа юм уу даа.
Өнгөрч буй хэд хоногт хамгийн их дуулиантай хүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг байв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээний маргаан улс төрийн хүрээнээс хальж, олон нийтийн сүлжээгээр баахан амьтны хараал идэж байх зуурт түүний ахлах зөвлөх Л.Гансүхийн бие муудав. Өөрийг нь хууль зөрчин хилс хэрэгт шалгаж, хорьж цагдаж байгааг эсэргүүцэн хуурай өлсгөлөн зарласан Л.Гансүх зөвлөхийн бие найм дахь хоногоосоо муудаж, өмгөөлөгч түүнд эмнэлгийн тусламж авахыг хүсэхдээ хэвлэлийнхэнд ханджээ. Хорихын эмч нар болон түүний хоригдож байсан Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар түүний биеийн байдлыг хянаж үзээд, “Цус өтгөрсөн, цусны бүлэгнэлгүй болсон, бөөрний дутагдалд орж, зүрхний хэмнэл алдагдсан” тул эмчлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан байна. Гэвч түүнд таслан шийдвэрлэх арга хэмжээ авсан АТГ-аас зөвшөөрөл өгөөгүй тул өмгөөлөгч нь арга буюу хэвлэл мэдээллээр олон нийтэд хандсан нь тэр. Мөн Л.Гансүхийн өмнө нь эмчлүүлж байсан Бээжингийн Яамэй эмнэлгийн Хятадын анагаах ухааны 2-т тасгаас ирүүлсэн тодорхойлолтыг ч бас олон нийтэд дэлгэв. Аравдугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн уг тодорхойлолтод “Таны туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг манай эмнэлэгт 3 жил эмчилсний үр дүн гарсан. Гэвч өвчний байдал харьцангуй хүнд учраас 2-3 сар тутамд хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Өмнөх эмчилгээ зургадугаар сарын 28-нд хийгдсэн тул та ойрын өдрүүдэд ажлаа зохицуулан ирж эмчилгээгээ хийлгэнэ үү” гэсэн байна.
Харамсалтай нь энэ мэдээ Н.Алтанхуяг даргын “үнэн”, “худал” гэрээний маргаанаас давж олон нийтийн анхааралд хүрсэнгүй. Анхаарч үзсэн зарим нэг нь “Монголд хэрэггүй хүн дээ”, “Их идсэн таргаа хасах цаг чинь болсоон хө” гэх мэтчилэнгийн доромж үгээр хариу “талархал” илэрхийлсэн байна. Интернэтэд тавигдсан мэдээний араас оруулсан энэ мэт сэтгэгдлүүдийг хараад ой гутахад хүрэв. Монгол хүн ийм ажээ... Эсвэл энэ бидний үе л үү...?!
Хорин дөрвөн жилийн өмнө монголчууд ядуу байсан. Өмссөн хувцаснаасаа өөр хөрөнгөгүй, өдрийнхөө талхнаас илүү гарахгүй амьдралтай байсан хэрнээ “Ардчиллын залуучууд талбай дээр өлсгөлөн зарлалаа” гэнгүүт нийтээрээ гудамжинд гараад тэднийг бүчин хамгаалалтад авч байв. Эмнэлгүүд нь хоёрхон хоногийн эм, тарианы нөөцтэй хэрнээ “Өлсгөлөн зарласан хүний амь насыг төр хамгаалалтдаа авах ёстой” гээд 72 цагийн дотор албадан эмчилгээнд оруулж байлаа. Тэр ч байтугай энэ гурав хоногийн өлсгөлөнгийн үр дүнд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, ардчиллын залууст зайгаа тавьж өгч байсан юм. Хүний амь тэр үед ийм л үнэ цэнэтэй байж. Харин одоо...? Нөгөө хүний эрх, эрүүл мэнд, амь нас хамгаас үнэ цэнэтэй гэсэн мэргэн төрийн цэцэн ухаан хаачсан бэ?
Хоёр хоногийн өмнө Л.Гансүхийг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргажээ. Цагдан хоригдсоноос нь хойш гурван сар нэг хоног, хуурай өлсгөлөн зарласнаас хойш 16 хоног, бүр тодруулбал “Батлан даалтад гаргах нь зүйтэй” гэсэн шүүхийн тогтоол гарснаас хойш хоёр хоногийн дараа. Харамсалтай нь үүний дараа ч гэсэн байдал өөрчлөгдсөнгүй. Монголчууд /интернетэд сэтгэгдэл нэртэй хараал ширээл бичихээс өөрийг хийдэггүй хүмүүсийг ч гэсэн би монгол хүн л гэж боддог/ дахиад л “Хар авилгачны хөрөнгийг хураа” “Мөнгөтэй хүн үхдэггүй л биз дээ”, “Ардын хүүхдүүд шоронд, авлигын нөхөд наранд болж байх шив” хэмээн бичиж байна. Дахиад л харамсал...
Тэгвэл бүгдээрээ мөнгөтэй нэгнийгээ бүгдийг нь барьж дүүжилж, эсвэл шоронд хатаачихаад нийтээрээ гудамжиндаа гараад амьдрах уу? Нэгэнт л мөнгө, хөрөнгөнөөс нь болж үзэн ядсан юм чинь мөнгийг нь ч бас бүтээсэнтэй босгосонтой нь хамт шатаах хэрэгтэй. /Би бол тэгж бодож байна/
Сануулахад, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ өнгөрөгч долдугаар сарын 29-нд Төв аймгийн хорих руу ачиж, “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр шалгаж байгаа билээ. Анх л тэднийг “Л.Гансүхийг эрэн сурвалжилж байна, биеэ эмчлүүлэх нэрээр гадаадад зугтчихлаа” гэж зарлахад нь “Хэрэг хийгээгүй юм чинь шалгуулна аа” гээд суга таягтай нисээд ирсэн хүнийг барьж хорих шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. ”Хөлний ясны мэс засалд орчихсон” гээд тас хар оймсон дээр тас гэрийн шаахай углачихаад ордны коридорт таяг тулаад харайж явсныг нь олон хүн гэрчилнэ дээ.
Хачирхалтай нь АТГ түүнийг цагдан хорьсон гурван сарын хугацаандаа Л.Гансүхээс өөрөөс нь ердөө хоёрхон удаа байцаалт авсан байдаг юм. Эхлээд өмгөөлөгчгүйгээр нэг удаа, дараа нь өмгөөлөгчтэйгөөр нэг удаа байцаалт авсан. Бусад цагт нь өөрсдийнх нь ярьдгаар том “тул” барьчихсан мундаг “чекист”-үүд гараа халаасандаа хийчихээд гудамжаар нэг исгэрээд явж байсан байлгүй. Ингэхэд ер нь АТГ хэдэн мөрдөгчтэй болоод Л.Гансүхийн хэрэг дээр 12 мөрдөгч ажиллуулдаг юм бэ. Хэрвээ үнэхээр энэ хүн гэмт хэрэг хийсэн нь үнэн л юм бол АТГ-ын 12 мөрдөгч хүнийг долоон сар шалгаж, гурван сар шоронд хорьчихоод гэм буруутайг яагаад нотолж чаддаггүй юм.
Яг үнэнийг хэлэхэд АТГ-ын 12 мөрдөгчийн “толгойн эргүү” гарахгүй байгаа тэр тоог нь гудамжны буланд сүү зардаг захын чавганц ч бодчихоор л юм байна лээ шүү дээ. /Ийм зүйл ярихаар дунд сургуульд байхад математикийн багш маань “Нөхөөр, наад бодлогынхоо хариуг яаж гаргаад байна. Чи ямар сүү зарж байгаа эмгэн биш дээ, наадах чинь муу ч гэсэн арифметик шүү. Тооцоо хийсэн томъёогоо гаргаад ир” гэж ирээд загнадаг байсан нь санаанд ордог/ Гэр хорооллын иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэхээр Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг анх санаачилсан. “Багануур” хувьцаат компанитай гэрээ хийж, нийтдээ 300 мянга орчим тонн нүүрс ачуулсан. Тус компанитай анх байгуулсан “Ачуулсан бус, шуудайлсан нүүрсний хэмжээгээр тооцож төлбөрөө хийнэ” гэсэн гэрээнийхээ дагуу тонн тутамд 27500 төгрөгөөр бодож мөнгийг нь төлсөн, нүүрсийг шигшиж ялгасны дараа хог болж үлдсэн нунтаг нүүрсийг /ийм нүүрсийг зөвхөн цахилгаан станц, уурын зуухуудад л түлдэг гэдгийг гадарлах байлгүй/ гэрээний дагуу “Багануур” ХК-ийн охин компани болох “Багануур илч” компанид буцаан нийлүүлсэн. Харин Улаанбаатарт авчирч, ангилж ялгаж, шигшиж шуудайлсан нүүрсээ иргэдэд тонныг нь 80 мянган төгрөгөөр борлуулсан. /Үнэндээ бол тэр үед гэр хорооллын иргэд өвөлдөө тонн нүүрс 200 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан/. Энэ үнийн зөрүү нь уурхайгаас Улаанбаатар луу ачиж тээвэрлэх зардал, сарын 800 мянган төгрөгөөр цалинжуулан нүүрс шуудайлуулсан Улаанбаатарын ажилгүйчүүдын ар гэр, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хувийн компаниудын зардалд явсан. Ямар Л.Гансүх өөрөө бүгдийг нь үүрээд гүйгээд, хутгаад заралтай биш дээ.
Нэг зүйлийг баттай хэлэхэд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Харин хөтөлбөрийн зохицуулагчийн хувьд ахлах зөвлөх Л.Гансүх нүүрсний тээвэрлэлт, борлуулалт дээр ажилласан хувийн компаниудад үйл ажиллагааны эхний зардал болгож 800 сая төгрөгийн татаас олгоод, борлуулалтын орлогоос нь буцаан төлүүлсэн байдаг. Тийм болохоор эрүүл ухаанаар бодоод үзвэл энэ тохиолдолд ямар ч төсвийн мөнгө, эсвэл төрийн өмч идсэн уусан тухай яриа байх ёсгүй юм. Хэрвээ өөр ямар нэг асуудал байсан бол “Багануур” ХК болон тус компаниас нүүрс худалдаж авч борлуулсан хувийн компаниудын хооронд л “чи их идлээ, би бага уулаа” гэсэн хэрүүл маргаан гарч, тэр нь зохих журмаараа, хууль цагдаагаараа явах ёстой байлаа. Тэгээд хэн нь хохирогч юм бэ? Эсвэл хэн нь Л.Гансүхийн эсрэг гомдол гаргасан бэ? Яагаад энэ асуултад АТГ өнөөдрийг хүртэл хариулаагүй байгаа юм. Тэр тусмаа АТГ дангаараа төрийг төлөөлөхгүй шүү!
Гэтэл өөрт нь огт хамааралгүй /хуулиараа бол “харьяаллын бус”/ ийм хэрэг дээр АТГ-ын 12 мөрдөгч орж ажиллаад одоо болтол хэргийг нь шийдэхгүй, хорьж цагдаад, хорхойтой араандаа зуугаад яваад байгаад л хамаг гайхашрал байгаа юм даа. АТГ-ынхны гаргаж ирээд байгаа 3,6 тэрбум төгрөгийн тухайд шуудайлсан биш, уурхайгаас ачуулсан нийт 300 мянган тонн нүүрсийг тонн тутамд нь 27500 төгрөгөөр үржүүлж, тээврийн хөлс болон бусад зардлыг оролцуулан нэг тонн нүүрсийг 39000 төгрөгөөр иргэдэд борлуулах ёстой байсан гэж зүтгээд, Л.Гансүхийг тоой хэмжээ болон үнийн зөрүүгээс 3,6 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа. Энэ чинь л жинхэнэ “арифметикийн гайхамшиг” гээч нь байх даа. Түүгээр ч зогсохгүй уг хөтөлбөр дээр ажиллаж байсан дөрвөн сайхан залууг бариад хорьчихсон, “Л.Гансүхийн хэргийг нотол” гэж эрүүддэг, дарамталдаг юм гэсэн. Хэрэв үнэхээр тийм байсан бол сарын дотор тэрбумтан болгодог ийм ашигтай бизнес рүү манай хувийн хэвшлийнхэн аль хэдийн Засгийн газрын оролцоогүйгээр өөрсдөө орж бужигнуулаад, тонн нүүрс 39000 биш юм гэхэд 50000 болтлоо хямдарч, уурхайнууд нь аль хэдийн дампуурна биз дээ. Үнэхээр АТГ-ын ард хэн хэн байгаад, яагаад ийм тийм зүйл хийдгийг нь би мэдэхгүй юм. Зүгээр нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа зүйл бол энэ.
Одоо гол сэдэв рүүгээ эргэж орьё. Харамсалтай нь энэ бол Л.Гансүхийн ч, эсвэл АТГ-т л хэрэгтэй байгаа арав, таван тонн нүүрсний хогны ч асуудал биш.
Ердөө хоёр хоногийн өмнө Цэргийн госпиталь дээр хүн үзүүлэх гээд хүлээж суутал өөдөөс харсан сандал дээр эмнэлгийн бололтой хувцастай, гартай гав зүүсэн сайхан залуу хавуу хавирганыхаа хүмүүсийг ч анзаарч байгаа янзгүй хуруу гараараа тоглоод сууж байна. Хажуугийн өрөөнөөс сувилагч эмэгтэйг эмч залуу чирэх шахам гаргаж ирээд “Шүүхийн тогтоол гарчихсан хүнийг энд эмчлэхгүй ээ, тусгай эмнэлгээр үйлчлүүлэх ёстой, Хуулиараа тийм, харуул хамгаалалт ч шаардлагатай” гээд л загнаж байна. Сүүлд учрыг сонсвол “Шархадны” эмнэлгийн “Хурцын” тасгийнхан өвчтөнөө мухар олгойн хагалгаанд оруулахаар авчирсан нь тэр байж. Нэг дүүрэгт ойрхон байршдаг, дээр нь цэргийн зориулалттай тусгай эмнэлэг гэдэг утгаар нь арай тал татаж, яаралтай тусламж үзүүлчих болов уу гэж найдаж ирээ биз. Угаасаа дүүрэгтээ төдийгүй улсдаа тэргүүлэх хүчин чадалтай энэ эмнэлэг “Баянзүрхийн” гэсэн тодотголтой л бол хүн байтугай нохой ч дайрч орж мэдэхээр их хөлийн газар. Харин өвчтөн нь хүн амины ч гэл үү хүндхэн хэрэгтэй, шүүхээс “хэрэг хариуцах чадваргүй” гэж үзсэн учраас албадан эмчлүүлэх ял заагдсан нэгэн гэнэ. Хөөрхий эмч, харгалзагч хоёр нь “Хоригдол хүнийг тэгээд хаана эмчилдэг юм бэ. Хоёрдугаар эмнэлгийг торлосон нөгөө Н.Энхбаяр даргын хоёр өрөө одоо бий юу?” гэсээр гарч одсон. Сураг тавихад тэр тасаг нь нэгдүгээр эмнэлэг рүү шилжсэн бололтой. Ямар ч байсан Монголын хууль үйлчлэх газартаа, үйлчлэх хүндээ үйлчилдэг л юм байна. “Хурцын” тасагт албадан эмчлүүлж байгаа хоригдол ялтанд “хагалгаа хийгээд өгөөч” гээд явж байгаа эмч, харгалзагч хоёрыг харлаа. Энэ энэрэнгүй төр мөн үү? Мөн.
Бас өөр ч жишээ бий. Одоогоос таван сар гаруйн өмнө Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Хорих 461-р ангид хоригдож байхдаа өмгөөлөгчтэйгээ уулзаж байгаад гэнэт ухаан алдаж, газар дээрээ нас барсан. Түүнийг мөн л АТГ-аас “Петрочайна Дачин тамсаг” компанитай хуйвалдаан авилга авч, мөнгө угаасан болзошгүй хэмээн үзэж сэжигтнээр саатуулаад байсан билээ. Удаан хугацаагаар хоригдсоны улмаас бие нь муудаж, өмгөөлөгч болон ар гэрийнхэн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх хүсэлт гаргасан ч уг хэргийг шалгаж байсан АТГ-аас зөвшөөрөл олгоогүй. Харин Хорих 461-ээр ангийн эмч нар яагаад энэ хүнийг хяналтандаа байлгаж, эмнэлгийн тусламж үзүүлээгүй вэ гэдэг асуудал үүсч, шалгалт хийгдэхэд юу илэрсэн гээч? Түүнд эмчилгээ хийсэн, эмчлүүлэх шаардлагатай гэж оношилсон хоёр эмчид АТГ эргүүлээд өөрсдөд нь авлигын хэрэг үүсгэсэн. Цаадуул нь арга буюу өмнөх дүгнэлтээсээ, эмчилгээ хийхээс татгалзсан байдаг. Тийм л юм болсон. Салбар хариуцсан сайд нь аргаа барахдаа “ШШГЕГ-ийн ажилтан, албан хаагчид албан үүргээ зөвхөн хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу явуулна. Үүнд ямар ч байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох эрхгүй, тийм хууль бус зааварчилгааг хэн ч хэрэгжүүлж болохгүй” гэж тушаал шийдвэр гаргаад хашгирч байсан. Албаныхандаа ч, бас АТГ-ынханд ч хандсан үг байх л даа. Тэглээ гээд хуулийнхан ямар хариуцлага хүлээх биш. Д.Амарсайхан үхсэн, АТГ-ынхан харин ажлаа хийж л байна.
Өмгөөлөгч нар ярьдаг юм билээ. АТГ-аас шүүхэд сэжигтнийг цагдан хориулахаар 100 хүсэлт явуулахад 99-ийг нь шүүх хэрэгжүүлдэг гэж. Юун Хууль зүйн яамны нэг агентлаг байтугай шүүх тогтолцоо бүхлээрээ ганхаж эхэлсэн байна шүү дээ, АТГ-ын өмнө. Шалтгаан нь тун энгийн. Өнгөрөгч хоёрдугаар сард УИХ гэнэт Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулж, өмнө нь Прокурорын Мөрдөн байцаах албанд харьяалж шалгадаг байсан хууль, ханалтын байгууллагын ажилтан, албан тушаалтны өдүүлсэн гэмт хэргийг АТГ-т харьяаж шалгадаг болгон өөрчилсөн. Үүнд шүүхийнхэн ч гэсэн хамаарах нь зүй. Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Түвдэндорж гэж “газрын гай” хэний захиалгаар, хэзээ ийм хууль оруулж ирээд гишүүдээр өргүүлчихсэнийг одоо хэр нь хэн ч ярьдаггүй юм. Тиймээс үр дагаврыг нь өөр бусад хүмүүс үүрэх биш, удахгүй өөрсдийн биеэр үзэж туулах болтугай даа.
Л.Гансүх гэдэг хүний гэм бурууг нотлох хүртлээ АТГ дахиад хэдий хугацаагаар хорьж цагдах, үнэхээр шалгаж тогтоох эсэхийг би мэдэхгүй. Гэвч Монгол улсын Үндсэн хуульд “Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гээд заасан. Бас хүний гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй нөхцөлд хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэсэн хуулийн заалт бий. Ядахдаа АТГ-ыг ажлаа хийж дуусгах хүртэл нь жаахан тэвчих юмсан даа, монголчууд аа. Өмнө нь бид “Ноёнтой заргалдвал хонгогүй”-н тухай л гомдоллодог байсан. Харин одоо ноёныхоо ч хонгыг урчихдаг нохойтой, ноорхой нэгнийг нь бариад хийчихдэг савтай ч болсон юм байна. Үнэн хэрэгтээ АТГ гэж юу юм? Хуучин ЦЕГ-ийн харьяа ЭЦГ-ийн бүтцэд байсан Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэг л тасаг шүү дээ. Бусад оронд бол Хууль зүйн сайдынхаа харьяанд байдаг Засгийн газрын нэг агентлаг, нэг төрлийн цагдаагийн байгууллага. Манайх л мэдэхгүйдээ их том нэр өгч, том эрх мэдэл атгуулчихаад сайн дураараа шанаагаа тавьж өгөөд суугаа болохоос биш. Нөгөөдүүл нь ч бүр дүрдээ итгэчихсэн, Ерөнхий сайдынхаа төрсөн охиныг гэмт хэргийн хамсаатан гэж гүтгэнэ, хамгийн том зөвлөхийг нь зүгээр л “жертв” болгож байна шүү дээ. Л.Гансүхийн тухай, улс төрчийнх нь хувьд ярихаа больё. Н.Алтанхуягийг нь ч хаяя. Зүгээр Монголын төрийн эрх мэдлийг атгаж байгаа улс төрийн хамгийн том намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг утгаар нь, албан тушаалынх нь раангийг бодсон ч тэр, ахлах зөвлөхийг нь ганц үгийн солиогүй гурван сар түгжчихээд жишимгүй яваа нөхдөд мань шиг, тан шиг, чам шиг чөдөрнөөсөө өөр алдах юмгүй ядарсан чадарсных нь нэр төр, ар амьдрал, амь нас ер юу ч биш, ёстой “нохойн наадам” байлгүй. /Хэргийг хянаж байгаа прокурор 28-ны шүүх хуралдаанд “Цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж өгнө үү” гэдэг хүсэлт тавьсан байна. Энэ одоо хүн уу, муна уу?/
Сүүлийн хорин жил л бид хувь хүний нэр төр, алдар хүндийн тухай ярьж байна. Гэхдээ өөрсдөө бусдын нэр төр, алдар хүнд, хувийн амьдрал, гэр бүлд өчүүхэн төдий хүндэтгэлтэй хандаж сурсан гэж үү. Магадгүй Л.Гансүхийн хувьд энэ гурван сард биеэр эдэлсэн зовлонгоос илүү сэтгэлдээ авсан шарх, гэр бүлдээ үүрүүлсэн дарамт нь өөрт хүнд туссан байх. Түүний талаар сонин, сайтуудад өдөр өнжихгүй гарч байсан ижил утгатай мэдээллүүд, “авлигачин”, “луйварчин”, “хужаа” гэхээс авахуулаад сайтуудад цуглуулдаг сэтгэгдэл нэртэй хараал зүхэл, энэ бүгд эхнэр, хүүхдүүдэд нь ямраар тусч байсан бол. Тэдний оронд би, чи, та байсан бол яахсан бол. Хэрвээ түүнийг батлан даалтад гаргахгүй байсаар тэр хэвээр нь Д.Амарсайханы араас явуулчихсан бол, тэгээд тэр хүн үнэндээ гэм буруугүй байсан бол энэ бүгдийн хариуцлагыг хэн үүрч, үйлийн үр хэн дээр буух байсан юм бол. Өөрт хүсэхгүй зүйлээ бусдад бүү хүс гэдэг нь ийм учиртай. Улстөрч гэдэг нь “хүн биш” гэсэн утгатай биш шүү дээ.
Ингэхэд “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг ямар учиртайг мэдэх үү? Нохойд тэр эсгий хэрэггүй л байхгүй юу...
зочин
Зочин
zochin20141104
zochin20141104
зочин
irgen
Зочин
Ts
lolo
Больдоо
Kkkk
Зочин
zojin
зочин
Зочин
hm
Мандал
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
луу
bodon
Zochin
Ноён "тэмүүжин болио (103.229.120.143)"-д
Алт
тэмүүжин болио
Áè
Зочин
зочин
Oilgo
y
zochin
darhan
darhan
Зочин
хуягаа
Мөнх-Од сэтгүүлч
oojoo
munkhuu
munkhuu
munkhuu
Зочин
уншигч
Гана
Эх оронч
Зочин
Зочин
уншигч
Зочин
Zuraach
Зочин
Болд
Болд
Зочин
Auggdoug
munkhuu
unshigch
unsdhigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нийтлэгчид талархая!
Зочин
otgoo
төмөрчин
123456
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
бид хаана байна
Зочин
Билгээ
Bilgee
Зочин
unen
Зочин
Зочин
ГАНСҮХИЙГ ӨРӨВДӨХГҮЙ БАЙГААЧ ...
Зочин
Зочин
зочин
зочин
Идсэн ууснаа шалгуул
зочин
иргэн
naiz ni
Зочин
Иргэн
zochin
Зочин