Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Театрын Ертөнцийг тольдохуйд...
Нийслэл хотын баруун хойно,тодруулвал, МҮОНРТ-ийн зүүн бөөрөнд тас хар өнгөтэй яг л дөрвөлжин хайрцаг мэт содон барлига бий.Чухам юу юм бол гэдгийг нийслэлчүүд тэр бүр анзаардгүй ч байж мэднэ.Энд тайзны урлагийн өвөрмөц нэгэн “Блэк Бокс”/”Black Box”/ театр үүдээ нээгээд удаагүй байна.
МЗЭ-ийн шагналт судлаач, профессор Дэмчигдоржийн Мягмарсүрэн
“Black Box” Theater буюу “Хар Хайрцаг”
“Black Box” Theater буюу “Хар Хайрцаг”
Нийслэл хотын баруун хойно,тодруулвал, МҮОНРТ-ийн зүүн бөөрөнд тас хар өнгөтэй яг л дөрвөлжин хайрцаг мэт содон барлига бий.Чухам юу юм бол гэдгийг нийслэлчүүд тэр бүр анзаардгүй ч байж мэднэ.Энд тайзны урлагийн өвөрмөц нэгэн “Блэк Бокс”/”Black Box”/ театр үүдээ нээгээд удаагүй байна. Тэнд хүн бүрийн мэдэх уламжлалт театраас тэс өөр.Тайз байхгүй....бас нээгдэж хаагддаг хөшиг ч харагдахгүй...Ийм театрыг европынхон 20-р зууны эхэн үеээс төсөөлөн бодож,эрэл хайгуул хийж эхэлсэн юм.Түүний нэг нь германы нэрд гарсан жүжгийн зохиолч,найруулагч Бертольд Брехт байлаа.Тэрбээр жүжгийн үйл явдал тайзан дээр бус үзэгчдийн дэргэд өрнөж, үзэгчид уг үйл явдалд шууд татагдан идэвхтэй оролцож байх тухай санаа бодлоо туульсийн театрын онол/Theory of epic theatre/-доо анх дэвшүүлсэн юм.Үүнээс хойш,1950 оны сүүлч 1960 оноос өрнөдийн орнуудад үйл явдлын театр /Happening theatre/гээд л гудамжинд олны дунд бодит байдлыг байгаагаар нь үзүүлэх гэсэн оролдлого хийж байлаа.Энэ нь төдийлэн амжилтанд хүрээгүй юм.Харин 2О-р зууны сүүлчээр Англид “In-yer-face-theater” буюу “нүүр нүүрээ” харалцах театр бий болсон нь эдүгээ орчин цагийн постмодерн урлагийн шинэ хандлага болж байна.Энэ театр Б.Брехтийн төсөөлж байсан ахуй орчинд тун дөхөж очих юм.Үзэгч,жүжигчид бие бие харалцан,тэдний хооронд тайз хөшиг гэхчилэн ямар нэгэн зааг байхгүйгээр яг улаан нүүрний өмнө үйл явдал өрнөх нь үзэгч,уран бүтээлчид хоорондоо оюун санаагаараа шууд холбогдож,ялангуяа баатруудын сэтгэлийн шаналал,зовлон жаргалыг хамт биеэрээ амсах,хуваалцах ер бусын орчин үүсч буйгаараа онцлог юм.Ийм өвөрмөц нөхцөл ахуйг монголдоо ганц “Black Box” “Блек Бокс” театр бий болгожээ.Манайхан “Хар хайрцаг театр” бас С.Мягмарын театр ч гэх болжээ.Олон жилийн турш монголын телевиз,театрын урлагт зүрх сэтгэлээ зориулж яваа түүний хичээл зүтгэлийн үр дүнд ийм нэгэн шинэ үеийн театр мэндэлсэн нь үнэхээр талархууштай.Тэнд орчин цагийн театрын урлагийн шинэ эрэл хайгуул хийх өргөн бололцоог нээжээ.Тэгээд ч дэлхийн театрын урлагийн модерн,авангард,сюрреализм,экзистенциализм,экспрессионизм гэх олон янзын урсгалын жүжгүүдийг монголын үзэгчдийн хүртээл болгож ,улмаар тэдний оюуны ертөнцийг баяжуулахад энэ театр чухал үүрэгтэй байгааг тэмдэглэхэд таатай.Энэ театрт саяхан дэлхийн тайзны урлагийн ертөнцид шуугиан тарьсан английн зохиолч эмэгтэй Сара Кейны бүтээл“Солирол 4.48 буюу Psychosis.4.48” жүжгийг сонирхолтой тавьжээ.Сара Кейн өөртөө тохиолдсон зовлон,эдгэшгүй өвчинд нэрвэгдээд,чухамдаа солиорол өвчнийхөө ид хурц үед сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байхдаа энэ зохиолоо туурвиж дуусгаад яг өглөөний 4 цаг 48 минутад эмнэлэгийн угаалгын өрөөнд өөрийгөө боомилж,амиа хорлосон юм. Сара Кейн/1971-1999/ цэл залуугаараа,ердөө 28 хан настайдаа ийнхүү хамгийн сүүлчийн зохиолоо бичэж дуусгаад хорвоогоос хальжээ.Энэ бүсгүй английн сэхээтэн гэр бүлд мэндэлсэн,аав ээж хоёр нь хоюулаа сэтгүүлчид,сүсэг бишрэлтэй хүмүүс байлаа.Сара Английн Бристоль хотын Их Сургуулийн драмын жүжгийн зохиолын ангийг төгсгөжээ.Богинохон наслахдаа 5 хан жүжиг бичснээс хамгийн сүүлчийн бүтээл нь “Солирол.4.48” жүжиг болсон юм.Түүний бүх жүжгүүд хайр сэтгэл,секс,хүчирхийлэл,үхэл хагацалын тухай сэдэв зонхилж байдаг.Энэ нь ч аргагүй юм.Учир нь хүний оюун санаа хоосрохын хамт зөвхөн эд баялагийг шүтэх болж хүмүүний мөс жудаг ховордож,эрх мэдэл,хүчирхийлэл давамгайлах болсон ийм нийгэмд Сара Кейн бухимдаж явсан юм.Тиймээс ч ахуй гэгч хүнийг ганцаардуулж дарамталдаг тухай экзистенцаль/ахуйн/ гүн ухаан,бодит амьдралыг бүхэлд нь үгүйсгэж,хүний сэтгэцийн өвөрмөц ертөнц,зүүд нойр,хүний зөн совин,мансуурал солиорлын үеийг эрхэмлэдэг сюрреализм,амьдрал ямар ч утга учиргүйн тухай абсурд театрын үзэл санаанууд түүний уран бүтээлд нэвт шингэсэн байдаг.Оюутан байхаасаа л тэрбээр Бурхныг үгүйсгэх Ницше, мөн далд ухамсарын тухай Фрейдын онолыг сонирхож,,сюрреализмын Б.Бретон, абсурд театрын Ионеско,Беккет нарыг зохиолыг амтархан уншдаг байсан нь ертөнцийг үзэх түүний үзэл санаанд хүчтэй нөлөөлжээ.Энэ бүхэн нь ялангуяа,амиа хорлох мөч хүртлэх хугцаандаа бичэж үлдээсэн Сара-гийн тэмдэглэл хэлбрээр бичигдсэн “Солирол.4.48” жүжигт нь тодорхой тусгалаа олсон байдаг.Түүний тэмдэглэл нь сэтгэлийн өчиг буюу монодрамын өнгө аястай юм.Энэ нь өөрийнхөө сэтгэлийн гүн хямрал,шаналал зовлонгоо үзэгчидтэй хувааалцахад тун оножээ.Солиорлын байдалд хүн хамгийн үнэн үгүүдийг хэлдэг хэмээн сюрреалистууд үздэг.Ийм хүмүүсийн дотоод ертөнцид үнэнийг эрж хайсан баялаг зүйл байдаг юм хэмээн сюрреализмын онолыг үндэслэгч Андре Бретон онцлон тэмдэглэсэн нь учиртай. Гол баатрын үйлдэл заримдаа үл ойлгогдох,ярьж буй зүйл нь хоорондоо,утга уялдаагүй мэт санагдавч амьдралын тухай эрэгцүүлж бодмоор,ертөнцийг өөр өнцгөөс ухаарч мэдрэхүйц гүн гүнзгий санаа бүхий асуудлуудыг хөндөж дэвшүүлдэг.Өөрөөр хэлвэл,Нийгмийн шудрага бус байдал,өнөөгийн соёл иргэншлийн хуурмаг ёс суртахуунтай энэ бүсгүй эвлэрч чадаагүй байна. Яланугяа нийгмийн бусармаг явдлуудыг шашин зохицуулж чадахгүйд урам нь хугарчээ.Тэгээд ч “Бурхан байхгүй”,”Бурхан аль хэдүйнээ үхсэн” гэх Ницшегийн гүн ухаан гол баатрын оюун санаанд хүчтэй илэрч байна..Иймээс ч “Исүс үхсэн” байхад, лам нар хөөр хөгжөөнтэй” байдагт Сара хамгийн ихээр бухимдаж “бүхнээс илүүтэйгээр Бурхныг үзэн ядаж байна” гэж тэрбээр зоригтой дуугарч байна.Энэ жүжигт экзистенциализмын үзэл санаа нэвт шингэжээ.Ахуй хүнийг ганцаардуулж,өөрийн эрхгүй ямар нэгэн сонголтыг түүнд тулгадаг.Энэ сонголт нь хүчирхийлэл аль эсвэл үхэл хоёр л байдаг –гэх ахуйн/экзистенциаль/ гүний ухааны тулгуур үзэл уг жүжгийн гол баатрын оюун санаанд хүчтэй нөлөөлсөн байна.Энэ хүчирхийлэл нь хоёр өөр соёл иргэншил,тэр дундаа,үндэстэн,шашин хоорондын мөргөлдөөнөөр илэрч ,бусдыг үзэн ядах үзэл хүнийг хүн биш болгож буйг жүжгийн гол баатрын сэтгэлийн өчигт хурц тусгалаа олжээ.“Би еврейчүүийг хордуулж, курдуудыг алж, арабуудыг дэлбэлсэн. Аврал эрэн өмнө минь сөхөрсөн жаахан хүүхдүүдийг доромжилсон. Аллагын талбар бол минийх.. Би чиний нүдийг чинь ховх сороод хайрцаганд хийн шуудангаар ээжид чинь явуулна. Үхсэнийхээ дараа би чиний хүүхэд болж, одоогийнхоосоо 50 дахин илүү солиотой хүн болж төрнө. Тэгээд чиний амьдралыг амьдын там болгож хувиргана”-гэх энэ үг угтаа өнөөгийн эрин үеэ хурцаар шүүмжилсэн түүний сэтгэлийн хашгираан гэлтэй.Хэдүйгээр одоо цагт соёл иргэншил шинжлэх ухаан технологийн өндөр хөгжлийнхөө түвшинд хүрсэн ч хүн төрлөхтний хамгийн нандин үнэт зүйлс-хүний мөс чанар үгүй болж, ,ёс суртахуун доройтсон нь жүжгийн баатрыг солиоролд хүргэх нэгэн хүчин зүйл болсон байнэ.Нөгөө талаас бүтэлгүй хайр сэтгэл,нийгмийн дарамт,ганцаардлын зовлон бүсгүйг бүхнийг үгүйсгэх үзэлд хүргэжээ.Тэгээд ч Сара:Би юутай адилхан бэ? гэж өөрөөсөө асуухдаа:”Үгүйсгэлийн хүүхэд” гэж хариулж байна.Тэрбээр:“Надад юм бүхэн уйтгартай байна.Ирээдүй ямар ч найдваргүй, эргэн тойронд юмс сайжирч, дээшлэх арга огт байхгүй юм шиг санагдаж байна.Уйтгартай байна, таалагдах зүйл нэг ч алга байна.Амьдралын өмнө цөхөрлөө, сөгдлөө...надад амьд явах хүсэл алга”-гэх нь түүний сэтгэлийн хямралын гол шалтгаан юм.Жүжигчин Л.Эрдэнэ-Очир солиорлын үед ээ байгаа хүний төрх байдлыг сэтгэл шимшэрмээр бодиттой үзүүллээ.Хамгийн гол нь солиорсон ч гэлээ Сара-гийн ухаалаг,оюунлаг чанар,дотоод сэтгэлийн их хүчийг чадварлаг нээв.Амьдралаас залхаж цөхөрсөн ,түүний сэтгэцийн гүн хямралыг сэтгэлийн олон янзын хувирал,өнгө аясаар илэрхийлж,өөрийн эрхгүй хүндэтгэж,хайрламаар,өрөвдөж ,харамсахуйц бүсгүйн дүрийг бүтээжээ.Л.Эрдэнэ-Очирын Сара ухаан нь орж гарч,зарим үед балайрч,зарим үед эрүүл саруул болж,зарим үед яав даа гэхээр бухимдана. Гэхдээ л энэ бүсгүй дэндүү ухаантай хүн болохыг Л.Эрдэнэ-Очир нээж чадлаа.Тэрбээр дүрийнхээ нэвтрэн гарах санаа ганцаардал,үхлийн өмнөх айдасыг бүсгүйн олон ааш авираар чадварлаг илэрхийлж чадсан нь дотоод сэтгэлийн их хүчтэй жүжигчин болохоо харууллаа.”Солиорол.4.48” жүжиг нь экспрессионист урсгал чиглэлийн жүжиг юм.Тодруулвал,экспрессионизм нь хэтэрхий сэтгэлийн хөөрөлттэй,түргэн огцом гэсэн утгыг агуулж байдаг. Үүнийг Эрдэнэ-Очирын бүтээсэн дүрээс мэдэрч болно.Гутрал,цөхрөл,хөөрөл,солирол зэрэгцсэн сэтгэлийн олон өнгөөр тэрбээр зөвхөн Сара-г төдийгүй хэд хэдэн хүний дүрийг энэ жүжигт ганцаараа чадварлаг бүтээжээ.Эрдэнэ-Очирын Сара аймшиг,айдас шүгэлсэн ертөнцид амьдарч,сэтгэл нь шархлан солиорч, эцсийн эцэст амиа егүүтгэх,үхлийн замыг сонгож байна.Үүгээр нүгэлт ертөнц бүхэлдээ бие хүнийг дарамталж дайсагнадаг тухай экспрессионист үзэл санааг Л.Эрдэнэ-Очир өөрийн дүрдээ нэвт шингээжээ. Энэ жүжгийн найруулагч Мягмарын Боролдой жүжгийн экспрессионист өнгө аясыг гярхай мэдэрч,гол нь жүжгийн баатрынхаа сэтгэлийн дотоод ертөнцийг нээхэд онцгой анхаарчээ. Иймээс тайзны заслыг аль болох цомхон,илүү дутуу эд зүйлсгүйгээр шийдсэн нь оносон байна.Ганц төгөлдөр хуураас өөр нүдэнд өртөх юу ч байхгүй.Төгөлдөр хуур Сара бүсгүйн оюуны соёлыг илтгэх билигдэл мэт.Нөгөө талаас сэтгэлийнхээ хөөрөл,гутрал,цөхрөл ,бүхнээ хуваалцах түүний ганц хань нь төгөлдөр хуур юм.Заримдаа төгөлдөр хуураа эвлэгхэн хөгжимдөх нь бүсгүйн оюунлаг чанрыг тод томруун гаргахад ончтой шийдэл болжээ.”Black Box” бол Пост-модерн театр.Өөрөөр хэлвэл модернизмын дараахь үеийн театр гэсэн үг.ХХ зууны 70 аад оноос Пост-модерн урсгалын эрин үе эхэлсэн.Энэ театрын доторхи ахуй нөхцөл уламжлалт театрынхаас эрс тэс өөр.Жүжгийн үйл явдал,баатруудыг бодит ахуйд улам ойртуулах нөхцлөөр бүрэн хангасан.Нэгд, үзэгч,жүжгийн баатруудын хоорондохь ямар нэгэн заагийг бүрэн арилгаж байгаа.Энэ нь тэдний хооронд оюун санааны амьд холбоо шууд үүснэ гэсэн үг.Хоёрт,Үзэгчид нь жүжгийн баатруудын сэтгэхүй,сэтгэлийн дотоод ертөнц руу ойроос өнгийж харах бүрэн болоцоотой. Ийм нөхцөлд үзэгчдийн яг нүүрний өмнө, жүжигчин хүн тоглох биш дүрдээ бодиттой хувилж амьдрах дээд зэргийн уран чадварыг түүнээс шаардана. Ингэж бодит үнэнээр дүрдээ хувилахуйн гайхамшгийг жүжигчин Г.Мөнхжаргал, абсурд театрыг үндэслэгчийн нэг, Нобелийн шагналт,ирландын алдарт зохиолч Сэмуэл Беккетын туурвил “Краппын сүүлчийн бичлэг” монодрамын жүжигт харууллаа. Харанхауйн дунд чанга дээрээс тусгасан хурц гэрлийн дор ширээний ард нилээд ядрангуй царайтай,уйтгар гунигт дарагдсан ,үс нь цайж бууралтсан өвгөн үзэгчдийн чанга өөдөөс хараад суух бөгөөд энэ нь Г.Мөнхжаргалын бүтээсэн 69 настай Крапп өвгөн.Түүний эргэн түүний тойронд гадаа бороо орох чимээ анираас өөр дуу авиагүй ...жүжигчин огтхон ч үг дуугарахгүй атлаа гаднахь төрх байдал нь хорвоогийн амьдралаас уйдаж залхсан,ганцаардаж орхигдсон хөөрхийлэлтэй өвгөний дотоод сэтгэлийг өөрийн харц,яламгүй хөдлөх хөдөлгөөн бүрээрээ илэрхийлж,өөрийн эрхгүй үзэгчдийн анхаарлыг татна.Цонхигор царай,сэгсийсэн буурал үс,сахлаа хусаагүй харагдана.Дүрийг яаж шаглаж урлахын уран чадварыг Л.Мөнхжаргал энд л үзүүлэв. Хараа нь их муу бололтой ширээн дээр байгаа зүйлийг нүдэндээ ойртуулан байж харна.Угаасаа нүдний шилгүй аж.Түүний ялимгүй хөдөлгөөн бүр нэгийг бодогдуулна. Нэг ч үг дуугарахгүй атлаа түүний дотоод сэтгэлийн илрэл үйл хөдлөлөөр нь дамжин үзэгчдэд хүрэх нь гайхалтай.Бие нь сульдаа,арайхийж,хөлөө чирэн ядан явна.Үе үе хахаж цацаж ханиалгана.Юу гээд байгаа нь үл ойлгогдох үгийг аман дотроо бувтнан хариугүй дуугаар ярина.Тэгснээ харанхуй гүн рүү удтал гөлрөн зогсож бодолхийлнэ..Түүнд харанхуйгаас өөр түших тулах хань үгүй аж.Энд абсурд театрын гол үзэл санааг жүжигчин өгүүлнө.”Хорвоод төрөх,үхэх хоёр л үнэн.Бусад нь бүгд хуурамч.Насны эцэст хүн та ганцаараа л үлдэнэ.Өтлөх цаг ирэхэд танд хэн ч туслахгүй ээ.Хорвоод та хаягдсан хүн л болдог.Иймд амьдрал утга учиргүй” гэх үзэл абсурд жүжгийн нэвтрэн гарах санаа болдог.Сэмуэл Беккетын энэ жүжиг абсурд театрын мөн чанрыг тодорхой харуулсан бүтээл юм.Абсурд гэдэг утга учиргүй гэх агуулгатай.Утга учиргүйн театрын жүжгүүд зохиомж,үйл явдал байхгүй,баатрууд нь идэвхгүй нэг байрандаа сууж,унтаж цагийг нөхцөөхийн зэрэгцээ,голдуу бодолд унасан юм уу,эцсийн эцэст амиа хорлож буйгаар төгсөх нь бий.Хэдүйгээр ийм гутрангуй авч,абсурд жүжгүүд бол нийгэмд шоовдорлогдож хаягдсан,ганцаардмал хүмүүсийн хувь заяанд нийтийн анхаарлыг хандуулж буйгаараа энэрэхүй,хүмүүнлэг үзлийг тунхаглаж байдаг юм.Абсурд театрын онолын үндэс нь экзистенциализмын буюу ахуйн философын нэрт гарсан төлөөлөгч А.Камю,Ж.П.Сартр нарын сургаалд тулгуурласан байдаг.”Хүн хорвоод ганцаардсан амьтан.Нэн ялангуяа нийгмийн хувьд үнэ цэнэгүй болоод ирэх тэр цагт,түүнд ямар нэгэн ирээдүй үгүй болж,үхэл гарцаагүй ирнэ .Энэ нь хүнийг хүнийх нь хувьд устгадаг бөгөөд амьдрал ямар ч утгагүй зүйл болно” хэмээн ахуйн филосфичид үздэг.Энэ өнцгөөс харахад жүжигчин Г.Мөнхжаргал насны эцэст нийгмийн үнэ цэнэгүй болж,асарч тойлох хүнгүй ганцаардсан өвгөний дүр төрхийг чадварлаг бүтээв.Биеэ дааж ядан явах ,эсвэл шинээрийхээ цаана арай ядан түүний суух нь өрөвдөлтэй бөгөөд яахын аргагүй ганцаардмал хүний эмэгнэлт амьдралыг харуулав.Жүжигчин гарын хөдөлгөөн бүрээрээ тодорхой санааг өгүүлнө.Г.Мөнхжаргал-Крапп өвгөн гараа салгануулан байж хармаагаа ухан гадил гаргаж иднэ.Тэгснээ хоёр дахь гадилаа идэхгүй амандаа хэсэг зуур үмхээд зогсчихно.Үүгээр юмны амтыг мэдрэхээ больсон бас тэгээд залгихаа ч мартчих хэмжээнд уймраа болсныг жижиг зүйлс/ деталь/-ээр дүрээ шаглан урлав.Экзистенциалистууд “хүн нийгмийн харилцаан дунд орж,хөдөлмөрлөж өөрийгөө үргэлжлүүлж байхдаа утга учиртай байдаг”-хэмээн үздэг.Өөрөөр хэлвэл,Рене Декартын хэлснээр “Сэтгэж байгаа болохлоор би оршиж байна/”I think,therefore I am” Rene Descartes/ хэмээх гүн гүнзгий санааг ахуйн философичид чухалчидаг.Сэмуэл Беккетын энэ жүжигт Краппын хоёр өөр цаг үеийн амьдрал зэрэгцэн оршиж буйг харуулсан нь нэрт зохиолчийн уран сайхны өвөрмөц шинэ эрэл хайгуул байлаа.Нэг нь одоо цаг буюу өтөл насны үнэ цэнэгүй үе ,нөгөө нь өнгөрсөн үе,тодруулвал,сэтгэн оршиж утга учиртай амьдарч явсан хүүхэд ахуй,залуу насны амьдрал юм. Өнгөрсөн үе нь ажлын өрөөний ширээн дээрх дуу хураагуур/магнитофон/шалан дээрх соронзон бичлэгийн хуурцагтай хайрцагууд ,тэмдэглэлийн дэвтэр юм. Эдгээр нь цаг хугацаа орон зайг билигдсэн өвөрмөц уран зүйрлэл/metaphor/болжээ.Дуу хураагуур,соронзон бичлэгийн хуурцаг тэмдэглэлийн дэвтэрт түүний туулж өнгөруулсан сайхан үе,амьдралын өнгөрсөн цаг бий.Харин түүнд ирээдүй алга....Энд зөвхөн нам гүм орчин, харанхуйгаас өөр хань алга.Хурц гэрэлд сүүдэртэн нь харагдах эртний хуучирсан эд хогшил,тоос шороонд дарагдсан номууд,хананд өлгөөстэй байгаа нарны халхавч энэ бүгд одоо цаг.Сандал дээрээ очих гэж арай ядан хөлөө чирэн явж,ширээний цаана лаглайн суугаад ,хүндээр санаа алдан цагаа харах,тэгснээ хармаагаа уудлан халааснаасаа хэлхээ түлхүүр гарган нүдэндээ ойртуулж хараад нэгийг нь сонгоод босож урд байгаа шургуулга руугаа бөгшүүлэн ханиагаад аахилан яваа өвгөн Крапп яг одоо цагийн билигдэл юм.Уймраа,тэгээд хэнд ч хэрэггүй болоод ганцаарахнаа энэ хорвоод орхигдсон хүнийг Г.Мөнхжаргал нэг ч үг дуугархгүй атлаа хөдлөл үйл бүрээрээ үзэгчдийн анхаарлыг огтхон ч сарниулж,уйдаахгүйгээр түүний дотоод ертөнцийг нээсэн юм. Бараг 40 гаруй минутын турш Г.Мөнхжаргал ган хийх үг дугараагүй ч үйл хөдөлгөөн,зарим үед гөлрөн бодолхийлэх түүний дуугүй байдал,пауз,зогсоц хүртэл гүнзгий утга агуулгатай болдгийг Л.Мөнхжаргал гаднах төрх,биеийн үйлдэл/пантомима/-ээрээ урлан жүжигчний хувилахуйн ховор уран чадварыг гайхалтай харуулав.Нүд хүний сэтгэлийн толь гэдэг. Ялангуяа ирээдүйдээ ямар ч итгэлгүй, гал цог нь буурсан хүний харцаараа түүний.сэтгэлийн гүн дэхь ганцаардлыг Л.Мөнхжаргал утга төгс илэрхийллээ.Энд гэрлийн шийдвэрлэл жүжгийн агуулга санаа,баатрын дотоод сэтгэлийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурьдууштай.Орон зай,хугацааны хувьд гэрэл нь амиа тээн яваа өвгөний оршин буй одоо цагийг өгүүлж байна.Гэрэл унтрахад мэдээж өвгөний амьдрал төгсч,нөгөө ертөнцид очих учиртай.Иймд ганц хурц гэрэл жүжгийн турш түүний хөдлөл бүрийг даган тусч нь баатрын амьдралаас залхаж ядарсан зан төрхийг товойлогон харуулж байна.Энэ гэрэлд харагдах өвгөн,түүний ажлын өрөөний эргэн тойронд гагцхүү хав харанхуй дүнсийж нөмөрнө.Энэ харанхуй ахуй бол Краппын ганцаардлын билигдэл юм.Түүнд ирээдүй байхгүй бөгөөд харанхуйн цаана өвгөнийг үхэл л хүлээж байгаа... Гэрлээс гадна дуу авиа хүртэл энд уран шигтгээ/деталь/ болж баатрын дотоод ертөнцийг нээх чухал эх сурвалж болжээ.Гадаа бороо шиврэн орж буй чимээ нь Крапп өвгөний сэтгэлийн ганцаардал,уйтгар гунигтай амьдралын өнгийг улам тодосгож байна.С.Беккетын жүжгийн нэвтрэн гарах гол санаа нь ганцаардлын эмгэнэл юм.Үүнийг тод томруун гаргахад найруулагч Мягмарын Боролдой туйлын мэдрэмжтэй ажиллажээ. Ийм авъяаслаг найруулагч шинээр гарч ирсэнд талархууштай.Энд тэрбээр,зураачийн хамт эд хогшил,эд хэрэгсэл бүгдийг жүжгийн агуулга санаатай цаад утгаараа шууд холбогдох тайз заслыг бодож,ончтой шийдэл олжээ. ..Өвгөн Краппын ажлын өрөөний новширсон эмх цэгцгүй байдал,,хайш яйш өрөөстэй,тоосонд дарагдсан ном,соронзон бичлэгийн хайрцагууд зэрэг нь ганцаардмал хүний амьдралын хэв маягийг тодосгож чаджээ.. Ялангуяа жүжигчин Г.Мөнхжаргал дүрээ бүтээхийн тулд үнэхээр их эрэл хайгуул хийсэн байна.Өнгөрсөн сайхан цаг үеийнхээ дурсамжаа хадгалсан хуурцаг бүхий хайрцгууд түүний хувьд хамгийн нандин зүйл гэдгийг сонирхолтой харуулав.Өтөл насандаа дарагдсан өвгөн эрхэм үнэт энэ зүйлсээ унагчихгүйг хичээн дааж ядан явах нь өрөвдмөөр.Уулыг цас,хүнийг нас дарах гэдгийг гүнзгий утгаар харуулах аж..Энэ эрхэм зүйлээ олох гэж хичнээн ч удаа шургуулгаа онгичов доо....Хайрцаг 3...4...2...9...Бурхан минь 7...гэснээ буцааж тавиад тэмдэглэлийн дэвтрээ руугаа ахин нягталж харснаа аан 5...Бяцхан муу чөтгөр...гээд будилж будилж арайхийж хайсан соронзон бичлэгийн хуурцагтай хайрцгаа олж байна.Энд хоёр өөр Краппын,хоёр өөр амьдрал нэгэн агшинд зэрэгцэн үзэгчийн нүдний өмнө өрнөнө....дуу хураагуураа залгахад хүүхэд ахуйн хамгийн гэгээлэг үе,тэх тусмаа,залуу насны анхны хайр сэтгэлийн оргилуун сайхан мөч, гал цогтой явсан үеийг илтгэх сэргэлэн дуу хоолой соронзон бичлэгээс сонсдоно.Түүний амьдралын хамгийн мартагдашгүй зүйл нь хайртай бүсгүйтэйгээ нуурны усан дээр завьтай хөвж,загас наадуулан өнгөрүүлсэн жаргалтай мөч байлаа. Чухам энэхэн үеээ дурсах бичлэгээ .дуу хураагуурынхаа дэргэд суугаа бөвийсөн өвгөн гараа чихнийхээ ард барин хичээн сонсох нь нэн өрөвдөлтэй.Энэ сайхан цаг үеээ дурсан баярлах авч түүнд тэнхээ алга. Хүч муутайхан, хоолойгоор цахиртуулан байж бөг бөг инээх нь харанхуйн дунд дуулдана.Соронзон бичлэгийн энэ хэсгээ өвгөн дахин дахин сонсоно.Энд хоёр цаг үе, зэрэгцэн оршином: улиран өнгөрсөн эрч хүчтэй явах залуу насандаа амталсан тэрхүү мартагдашгүй сексийн амьдрал ,нөгөө нь цайж бууралтсан үстэй,сахлаа ч хусаж ч чадахгүй,арчаагүй яваа,бас хүч тамир нь сул,үе үе бөгшүүлэн ханиасан өтөл наснандаа дарагдсан ганц бие өвгөн Крапп...Энэ хоёр өөр цаг үеийг харьцуулснаар Сэмуэл Беккет амьдрал гэж юу вэ? Амьд явахын утга учир юунд оршино вэ? гэх асуудлыг өөрийн эрхгүй дэвшүүлэх мэт....Жүжгийг “Краппын сүүлчийн бичлэг” гэж нэрлэсэн нь учиртай... өвгөн хамгийн сүүлчийн бичлэгээ соронзон хальсанд буулгахдаа өөрийн болчимгүйгээсээ болж хэзээд ч олдошгүй нандин хайр сэтгэлээ тухайн үед ухаараагүйдээ харамсаж байна....Тэгээд ч тэрбээр өөрийгөө “тэнэг новш”,”өөдгүй новш” гэж зүхээд... Би ер нь түүнтэй хамт аз жаргалтай байж болох байсан уу? |Пауз| Чадах байсан уу? |Пауз| Миний амьдралын хамгийн сайхан он жилүүд хэдийнэ өнгөрсөн бололтой. Аз жаргалтай байх боломж байсан. ...” гэх нь түүний амьдралдаа харамсах хамгийн нандин зүйл аж...Одоо тэрбээр хорвоод хаягдсан ганцаардмал хүн болжээ.Эцсийн эцэст хүн өөрийнхөө үнэ цэнээ алдсан нөхцөлд амьдрал нь ч утга учиргүйг уг жүжиг өгүүлж байна.Ганцаардмал хүний тухай энэ сэдвийг улс төр нийгмийн өргөн хүрээнд гүнзгий утга санаагаар баяжуулсан жүжиг бол абсурд театрыг үндэслэгчийн нэг,ХХ зууны авангард урсгалын томоохон төлөөлөгч Эжэн Ионеско-гийн зохиол “Хирсүүд”/”Rhinoceros”/ хэмээх алдартай бүтээл билээ.1909 онд мэндэлсэн францын румын гаралтай азай буурал энэ зохиолч 85 насыг зооглож,1995 онд Парис хотноо тэнгэрт халихдаа дэлхийн театрын урлагийг И.Беккетын хамт орвонгоор нь өөрчилж,шинэчлэл хийсэн хүн юм.Тэрбээр зохиолын уламжлалт бүтэц,зохиомжоос татгалзаж,жүжгийн үйл явдлын цаг хугацаа,хэзээ хэдийд хаана болж буй нь тодорхойгүй,үйл явдлын дараалал, бие биеэсээ хамаарах холбоог эвдэж,зорилгогүй дэмий яриагаар цаг нөхцөөсөн дүрүүдийг бий болгосон.Энэ бүгд нь гагцхүү үлгэрийн гэмээр хачирхалтай үйл явдал, айдас,хүйдэс төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсэхэд чиглэж байлаа.Үүний тодорхой жишээ 1960 онд туурвисан түүний “Хирсүүд” жүжигт тод томруун илрэлээ олсон байдаг.Жүжгийн үйл явдал францын хаа нэгтээ,жижигхэн сууринд өрнөдөг.Хот даяар нэгэн хачирхалтай яриа дэгдэж,гудамжинд хамар дээрээ эвэртэй Хирс гэдэг сүүн тэжээлтэн амьтан үзэгдэх болсон тухай сонин хэвлэлүүд шуугисан төдийгүй хотын зарим хүний дух нь товойж,улмаар эвэр ургачихсан явааг харсан тухай яриа амаас ам дамжин бүх иргэд айдаст автсан байна.Хууль зүйн конторын ажилтнууд хирс гэх ганц сэдвээр маргалдан хамаг цагаа барж гагцхүү энэ амьтны тухай яриа л жүжгийн турш үргэлжилнэ.Зарим нэгэн огт итгэхгүй үгүйсгэнэ,зарим нэгэн хоёр нүдээрээ харснаа барин тавин нотлоно.Гэтэл энэ нь цуу яриа биш болж таарав.Хүн яахаараа хирс болж хувирдаг юм ,ийм зүйл байх ёсгүй гээд үгүйсгэж байсан хүмүүс,ялангуяа хууль зүйн конторын хамгийн шудрага ажилтан: ”Би сэтгүүлчдэд хэзээ ч итгэдэггүй. Бүгдээрээ худалч! Тэднээр юу бодож сэтгэхээ огт заалгахгүй. Ер нь бол би өөрийн нүдээр харсан зүйлдээ л итгэдэг. Багш байсан хүний хувьд шинжлэх ухааны үндэстэй, тодорхой зүйлд дуртай. Би шинжлэх ухаанч хүн,- гээд л ам бардам тууштай зогсож байсан Ботард/Г.Мөнхжаргал/,энэ конторынхны хүндэлж хамгийн ухаантайд тооцогддог филосифич хүртэл Хирс болоод хувирчихдаг.Өдрөөс өдөр өнгөрөх тутам энэ хотынхны хирсжих хүний тоо эрс нэмэгдэж,одоо газар сайгүй харагдах төдийгүй гудамжаар сүргээрээ айдас төрүүлэм дуу гарган явах болжээ..Ийнхүү энэ үйл явдал амьдралаас тасархай жинхэнэ абсурд утга учиргүй мэт авч угтаа,алдарт зохиолч Эжин Ионеско,уран ёгтлол/allegoric/ хэлбрээр,тоталитаризм/totalitarianism/,тодруулвал, бүх нийтийг нэлэнхүйд нь хамарсан сэтгэхүйн хийрхэл хүнд хэрхэн нөлөөлж, тоталитар систем буюу олон түмнийг дарангуйлах тогтолцоо хэрхэн буй болдгийг өгүүлсэн юм.Өргөн утгаараа,фашизм,коммунизм,бас сүүлийн үед израилийн нэрт түүхч Ж.Л.Тэлмоны тэмдэглэснээр өнөөгийн цөөнгүй оронд тогтсон тоталитар ардчилал/ Totalitarian democracy /-ыг шогчлон үзүүлсэн хэрэг.Улс төрийн эрх цөөнхийн мэдэлд орсон цагт олонхи өөрийн эрхгүй тухайн үзэл суртлын хийрхэлд автан хэсэг бүлгээрээ дагадаг оюун сэтгэхүйн гаж үзэгдлийг энд шүүмжилсэн. Үүний зэрэгцээ том тушаалтан,дарга нарыг далдагнаж гүйдэг,амнаас нь гарсан үг бүрийг нь ёсчлон гүйцэтгэж өөрийн гэсэн байр суурь бодолгүй ,гагцхүү амин хувийн эрх ашгаа эрхэмлэн амиа бөөцийлдэг хүмүүсийн тухай жүжиг юм.Манай монголчууд эвэртэн туурайтангууд гэж хэлдэг нь оргүй зүйл биш. Уг жүжгийн гол баатар Беранже л ганцаараа хэн нэгэн эвэртэн туурайтанг дагаж салбаганасангүй,хүн төрхөө хадгалан “Хирсүүдтэй”-тэй хүч тэнцвэргүй тулаанд орохоор эрс шийдвэрлэж байна.Жүжигчин Идэрболд өөрийн бүтээсэн дүрээрээ, Беранже хэдүйгээр сархад ууж,согтуугаараа бусдад ад үзэгддэг ч гэлээ хүний мөс жудгаа алдалгүй үлдэж байгаа ганцаардмал хүн гэдгийг харуулав. Хамгийн гол нь хүн үзэл бодлоосоо урвах,өөрийнхөө дахин давтагдашгүй зан,хүний мөс,жудагаа алдвал,адгуус мэт болж хувирдгийг Эжен Ионеско далд утгаар ёгтлон ямар ч цаг үед мөхөшгүй гүнзгий санааг “Хирсүүд” жүжгээрээ өгүүлсөн юм.Нөгөө талаас ,улс төр,үзэл суртал,нийгмийн дарамт нь бие хүний мөн чанрыг алдагдуулж,нэг талаас эрх мэдэл,өндөр тушаал горилогч эвэртэн туурайтнуудыг төрүүлж,нөгөө талаас тэднийг аялдан дагагчдын сүргийг бий болгодог гэх санаа уг жүжгийн нэвтрэн гарах гол шугам болжээ. .Хүний уг чанарт хүчээр түрэмгийлэх зан,эсвэл айдас хоёр зэрэгцэн байдаг тухай Зигмунд.Фройд тэмдэглэсэн байдаг.Жүжгийн гол баатрын нэг Жанг жүжигчин Л.Эрдэнэ-Очир сонирхолтой бүтээлээ.Тэрбээр Жангийн оюун сэтгэхүйд өөрчлөлт гарч буйг дуу хоолойнхоо өнгө аясын хувирлаар чадварлаг илэрхийлэв.Бардам дээрэнгүй,харгис шинж чанар аажим аажимдаа өндөрсөх түүний эрс шийдэмгий хоолойн өнгөнөөс улам тодроно. Жаны дуу улам аймшигтай болж байна.Миний эсрэг хүмүүсийг замаасаа зайлуулахыг хүсдэг. Тэгэхгүй бол би тэднийг няц гишгэчих гээд байдаг юм ...ер нь нийгмийн ёс суртахуун гэж юу юм.Тийм зүйл байхгүйЁс суртахуун бол бол байгалийн эсрэг зүйл.Харин би юу хүссэнээ хийх эрх надад бий. Ёс суртахууны хэм хэмжээ? Тэр хэм хэмжээг чинь бодохоор бөөлжис цутгаж байна. Тэр ёс суртахууны чинь хил хязгаарыг бид давж алхах хэрэгтэй... Тэр соёл иргэншил гэдгийг чинь ор мөргүй авч хаявал бид одоогийнхоосоо хамаагүй дээр болцгооно. Тэр хүмүүнлэг нийгэм чинь далд ороосой! –хэмээн хэлэхэд түүний духны булдруу томорсоор эвэр ургаж арьс нь ногоороод Хирс болж хувирч буй хэсгийг Л.Эрдэнэ-Очир чадварлаг харуулав.Эжен Ионеско хүн адгуус болж хувирах/mutation/ үзэгдлээр хүмүүн төрлөхтэн хүн төрхөө гээж буйд харамсах,эмзэглэх сэтгэлээ илэрхийсэн болов уу. Гол баатар Беранже-гийн хувьд хамгийн хэцүү нь түүний хайртай бүсгүй Дэси/Д.Оюунзул/ аажимдаа хирс болон хувираад түүнийг орхиод явж буй хэсэг юм.Д.Оюунзул Дэси—г их ухаалаг,оюунлаг,соёлтой бүсгүй талаас нь харууллаа.Гэлээ ч Д.Оюунзулын Дэси сэтгэлийн хувьд хатамжгүй,бас нийтийг дууриах сониуч зангаасаа болж Хирсийн сүрэгтэй нийлж байгааг харуулав.Эжен Ионеско уг жүжигтээ конформизм/conformism/ аялдан дагах үзэл санааг хурц шүүмжилсэн юм.Эвсэгч аялдан дагагчдаас болж,шудрага ёс,нийгмийн үнэт зүйлс үгүй болж,гадны ямар ч аюул бий болох тааламжит нөхцөл бүрэлдэж болохыг “Хирсүүд” жүжиг бас өгүүлсэн юм.Жүжгийн баатруудын нэг хоосон цэцэрхэж явдаг философич,шудрага дүр исгэсэн Папион гээд олон хүмүүс нийтийн хийрхэлд өөрийн эрхгүй автан цөмөөрөө хирс болон хувирдаг.Ялангуяа жүжигчин С.Баасанжаргалын бүтээсэн Дудард мэдлэг боловсрол сайтай,юмны гол учрыг олохыг чармайдаг боловч үзэл бодлоо тууштай хамгаалж чаддагүй,олны амыг харсан байр суурь нь түүнийг хирс болгоход хүргэж байна.Ер нь хүн өөрийнхөө бүтээлч хандлага,хүмүүний жудаг,мөс чанраа гээвэл хүмүүн төрлөхтөнд ямар гай учирч болзшгүйн тухай л Эжен Ионеско энэ жүжигтээ өгүүлсэн.Ялангуяа нийгэм ахуйн дарамт хүмүүсийг нэг ижил хэв загварт оруулж,адилхан сэтгэх,бодох зуршилд автахыг хараад зохиолч ихээр эмзэглэж “Хирсүүд” жүжгээ туурвисан хэрэг.Энэ санааг найруулагч Ж.Амарзаяа,ерөнхий найруулагч,зураач С.Мягмар нар бас кино дүрслэлээр шигтгээ хийн баяжуулж гаргасан нь ончтой шийдвэрлэл болсон байлаа. Өнөөгийн монголд байгаа олон намууд,бас багаараа ажиллана гэх нэгэн мод болсон зарчим хичнээн олон хирсүүдийг төрүүлж байгаа бол.....? Ямартай ч “Black Box” постмодерн театр нийгмээ,амьдралаа,хүмүүс бид өөрсдийгөө өөр өнцгөөс, шинээр харах өргөн боломжийг нээлээ.
Sry
Гэрэл
Зочин
Зочин