Энэхүү Бизнесийн сонгодог 50 бүтээл нь сонирхолтой онолууд, сургамжит түүхүүд, бодит амьдралын жишээний хольц бөгөөд таныг бизнесийн талаар ул суурьтай бодуулахад зорьсон билээ. Одоо ч мөн чанараа хадгалсаар байгаа жинхэнэ түүхэн сонгодгуудаас эхлээд өнөө цагийн хамгийн сайн бүтээлүүдийг багтааж, тэднийг шүүн тунгааж, амжилтад тань хөтлөх замаа стратегижүүлэх, улмаар бизнестээ ашиглаж болохуйц амьдралд ойрхон санаануудыг олж авахад тань тус болох чухал сэтгэлгээг сорчлон цуглуулах зорилго тавьсан юм.

Ихэнх бизнесийн номууд нэг юм уу хоёр үндсэн санааг агуулдаг бөгөөд үлдсэн бусад хуудаснуудад зураг, жишээгээр тухайн гол санаагаа баяжуулсан байдаг. Таны компьютерын хаа нэгтээ хадгалагдаж байгаа элдэв концепц (ерөнхий ойлголт)-ууд, эшлэлүүдийн цуглуулгаас илүүтэйгээр ой санамжид тань гүнзгий үлдэж хоцрох нэг санаа илүү хүчирхэг гэж үзсэний үндсэн дээр миний бие ном, бичвэр бүрийг нягтлан шалгаж, охь дээжийг нь зангидан нэгтгэхийг хичээв. Маркетингийн онолч Сет Годин нэгэнтээ МВА (Бизнесийн удирдлагын мастер) гэх мэт өндөр төлбөртэй эдийн засгийн мэргэжил олгох сургалтуудын талаар гайхширан бичсэн байдаг. Тэрээр “иймэрхүү зүйлд цаг, мөнгөө үрэх нь 30 юм уу 40 сайн номыг няхуур уншаад, уншсанаа бодит туршлагатай хослуулахаас илүү дээр байж чадна гэдгийг ойлгоход хэцүү” гэжээ. Бизнесийн сонгодог 50 бүтээл мэдээж бизнес судлалын цогц сургалтыг орлуулж хараахан амжихгүй байх. Гэхдээ энэ нь таны унших учиртай гэж мэддэг хэдий ч уншиж амжаагүй олон бүтээлийг шүүн тунгаахад зарцуулах их цагийг тань хэмнэх болно. Бизнесийн ухаан нь пуужин бүтээх шинжлэх ухаан биш ч аливааг хэрхэн хийхийг тань өөрчлөх, эсвэл дараагийн том зүйлийг нээн илрүүлэхэд тань дэм болох элдэв санаагаар дүүрэн билээ. Энэ ном нь тэдгээр санаануудад хүрэх товчлол юм. 

Бизнес гэдэг нь урлаг уу, шинжлэх ухаан уу, салбар ухаан уу, эсвэл бүр практик хэрэглээ юу? XX зууны эхэн үед бизнесийн сургуулиуд борооны дараах мөөг шиг олширч, менежмент нь өөрийн гэсэн бие даасан судалгааны салбар болон үүсэж байсан цагт зарим нэг нь бизнесийг ”шинжлэх ухаанч” болгож болох юм гэж үздэг байлаа. Гэхдээ л бизнес нь шинжлэх ухаан, тэр ч бүү хэл нийгмийн шинжлэх ухаан ч болж чадсангүй. Үүний нэг шалтгаан нь судалгааны үндсэн нэгж болох компани нь хэдэн тэрбум янзын хэлбэр, хэмжээ, өнгө төрхтэй байхаас гадна өөр өөр төрлийн хүмүүс оролцдог тул нэг бизнесээс бусдад нь ч мөн адил үйлчлэх “хуулиуд”-ыг ерөнхийлөн олох нь ихэд хэцүү. Өөр нэг шалтгаан бол компаниудыг дотроо агуулж байдаг зах зээлүүд нь үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Зах зээлээ дөнгөж таньж мэдэн ерөнхий зураг, багцаа авч амжаагүй шахуу байхад л тухайн зах зээл өөрөө орвонгоороо өөрчлөгдөнө, алга болно, эсвэл илүү нарийсан хоёр хуваагдан задардаг. Эдийн засагчид эдийн засгуудыг судлах бүрд хүмүүсийн хүлээлт, мотивацаар хөтлөгддөг аливаа зүйлийг олж тогтоох, гүнзгий судлахад хэцүү гэлцдэг. Бизнес ч мөн өөрцгүй. 

Хэзээ ч бие даасан шинжлэх ухаан болж чадахгүй ч гэсэн бизнес нь нөгөө талаас урлагаас ч том зүйл билээ. Иймд “практик” буюу бодит туршлага бол хамгийн тохирох үг юм. Аливаа нэг санаа, бодит туршилт, сэтгэлгээний урсгалууд нь зарим компаниуд болон зах зээлүүдийн хувьд үнэн мэт байдаг. Тэдгээрийг бизнесийн ном бүтээлүүдээс олж харж, улмаар цааш нь түгээн дэлгэрүүлдэг. Бизнесийн сайн ном нь амжилттай хэрэгжсэн сайн жишээнүүдийг өөрийн байгууллагадаа хэрхэн нэвтрүүлэх вэ, аливааг хэрхэн хийх вэ гэх чиглэлээр шинэ санааг өгдөг. Харин бизнесийн аугаа ном нь зөвхөн дээрхээр зогсохгүй ургуулан бодох төсөөллийг тань өрдөж, урагш үсрэх, эсвэл шинэ шатанд гарахад тань түлхэц болдог. Бизнесийн номын төрөл жанр ерөнхийдөө статистик суурь муутай учир заримдаа хэтэрхий гэмээр хийсвэр сэдэл төрүүлдэг, эсвэл хоосон “урамшуулдаг” гэж шүүмжлэгддэг. Гэвч бидэнд ердөө бага зэргийн сэдэл өдөөлт хэрэгтэй байх үе бий. Зөв сэдлээ олсноор хүмүүсийн амьдралыг илүү хялбар, илүү бүтээлч, илүү сайхан болгохын тулд дэлхийг өөрчилж болохуйц шинэ бизнесээ эхлүүлж чадах болно. Ийм эрхэм зорилтууд бизнесийг мэргэжил эсвэл карьер (ажил хөдөлмөрийн замнал) болгох бөгөөд үнэ цэнтэй ямар нэг зүйл бүтээхээр чармайх явцдаа бид өөрөө өөрсдийгөө хувирган өөрчилдөг билээ.

Энэ ботид багтаасан номуудыг ерөнхийд нь гурван үндсэн бүлэгт хувааж болно.

1. Энтрепренершип ба инновац

Бизнесүүдийн “эхэн үеийн түүхүүд” буюу Virgin, Apple, Penguin, Tesla, Nike, Starbucks, Amazon, Alibaba зэрэг компаниудын анхны өдрүүдийн тухай тэмдэглэлүүд нь шинжлэх ухаанч гэхэд хэцүү ч бусдад урам зориг төрүүлэх нь гарцаагүй. Мэдээж томоохон корпорацууд, сүлжээ ресторанууд, зочид буудлууд, олонд хүрсэн онлайн захууд (платформууд)-ын хүрсэн амжилтыг харчхаад тэдний өсөн томрох нь зайлшгүй байсан гэж дүгнэх амархан. Гэтэл тэдгээр амжилтуудын цаана “шинжлэх ухаанч бус” хатуужил, эр зориг, хүсэл эрмэлзэл, аз, итгэл үнэмшил байсан бөгөөд эдгээр хүчин зүйлс нь хүмүүсийг урагшлуулж, анхны оргилуун зорилт өөд нь түлхэж, итгэсэн зүйлдээ хүрэх замд хөндөлсөх элдэв саад бэрхшээлийг даван гарах эрч хүч өгдөг байсан биз ээ. Nike-ийн Фил Найт, Alibaba-ийн Жэк Ма, Starbucks-ийн Ховард Шүлц нарын түүхийг уншихад брэнд нь олонд танигдсаны дараа ч гэсэн ер нь бизнес хийх нь паркийн “галзуу хулгана”-аар давхихтай адил болохыг олж харах болно. Эрсдэлтэй бизнесийг санхүүжүүлэгч Бэн Хоровицн Хэцүү зүйлсийн талаарх хатуу үнэн номд дэлхий бол бизнесийн сайн санаануудаар дүүрэн, гэвч хэрэгжүүлэх нь хамгийн чухал хэмээн өгүүлжээ. Хийж үзээгүй л бол компани удирдах гэж юу болохыг хэн ч ойлгохгүй. Иймээс түүний ном цөөхөн хүн л хөнддөг сэдэв болох манлайллын сэтгэл зүйн дарамт, ачааг онцлон авч үзсэн байдаг. 

2. Менежмент, манлайлал ба үр ашигтай байдал

XX зууны эхэн үеийн Францад уул уурхайн инженер Хэнри Файол номоо бичиж, Америкт Фрэдэрик Винслоу Тэйлор Шинжлэх ухаанч менежментийн зарчмууд бүтээлээ хэвлүүлж байх тэр цагт “менежмент” үүсэн бий болжээ. Тэйлор гангийн үйлдвэрт машинистаар ажилладаг байсан бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэх “дархан мужааны” арга барилын үр ашиггүй байдлыг яг дэргэдээс нь шууд хардаг байж. Тэрээр аливаа бүтээгдэхүүнийг угсран үйлдвэрлэх үе шат бүрийг стандартчилснаар илүү хурдтай, илүү чанартай болгоно гэж үзжээ. Тэйлорын боловсруулсан өндөр үр ашиг бүхий аргачлалын үр дүнд аливаа бүтээгдэхүүнийг хямд бас олноор нь үйлдвэрлэх боломжоор дүүрэн орчин үеийн дэлхий ертөнц үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нэг том жишээ бол Хэнри Фордын үйлдвэрүүд билээ. 

3. Стратеги ба маркетинг

Стратеги хэдий дайн тулаанаас үүсэлтэй боловч компаниуд томорч, цогц болох хэрээр бизнесийн ертөнцөд нөөцөө хаашаа шилжүүлэх талаар чухал шийдвэрүүдийг гаргахад ашиглах болжээ. Стратеги бол угтаа фокус буюу төвлөрөх чадвар юм. Аль зах зээл рүү, эсвэл аль зам руу орохгүй байх вэ гэдэг дээр тодорхой болсноор компанийнхаа давуу тал гэж тодорхойлогдсон хүчин зүйлүүд дээр та бүхий л оюуны хүч чадал, нөөц боломжоо хандуулахыг стратеги гэж ойлгоно. Стратеги төвлөрөл (фокус)-ийн хамгийн аугаа давуу тал бол өрсөлдөөнөөс зайлсхийхэд тань тусалдаг.