Хаанаас төрсөн тэрбумтнууд хаан мэт аашилж байна вэ ?
Үндэсний их баяр наадам бол Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй эд. Хожим 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болон хувирч, тус наадмыг “Арван засгийн наадам” хэмээн нэрийдсэн байдаг. Тийнхүү явсаар 1912 оноос жил бүр хийх төрийн наадам болгосон. Энэ наадам нь Богд хааныг таалал төгсөх хүртэл буюу 1925 он хүртэл үргэлжилсэн юм билээ. “Арван засгийн наадам”-тай зэрэгцэн 1922 оноос эхлэн “Ардын төрийн наадам”-ыг ингэж тэмдэглэж эхэлсэн байдаг. Дараа нь, Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүрэлдэн тогтсоны дараа хоёр наадмыг хамтатгах шийдвэр гаргасан бөгөөд 1925 оны 5 сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар наадмын товыг 7 дугаар сарын 11-нд байхаар шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ.
Найр ахаасаа
Наадам дүүгээсээ... гэж өвөг дээдэс маань хэлэлцдэг байжээ. Энгийн, зөөлөн өгүүлэмжээр ёс суртахууны хил хязгаарыг сануулсан энэ үг эдүгээ нэгэнт хэрэглээнээс гарчээ. Монголын найр, наадам бүх талаар тогтсон хэм хэмжээсүүдийг хэдийнээ давсан.
Яг одоо манай монголын дэлгэр их найр цэнгэлийн үе болж байна. Хот эзгүйрч, бүгд машиндаа сууж аваад аймгуудын ойд мордсон. Тэндээс дуулдах чимээ гэж чих халиаж байна. Элдэв муу муухай багатай, энх тунх, эв эетэй наадаасай билээ. Мэдээж эхэлсэн юм дуусах л байлгүй...
Жуулчид монголчуудыг хундага тавилгүй найрлаж, хутга тавилгүй идэж, тал нутгаараа найганхан найрланхан суудаг жаргалын орон юм хэмээн гайхацгааж байгаа биз...
Харин энэ үеэр дэлхий нийтээр эдийн засгаа яах ийхээ бодоцгоож байна. Тухайлбал, АНУ-ын тарифын нэмэгдлээс болж үүссэн олон улсын худалдааны нөхцөл байдал бүгдийг хөдөлгөөнд оруулсан. Жишээ нь, зэсийн эрэлтэд худалдааны хямрал нэлээд нөлөөлнө гэж үзэж байгаа. Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) ирэх хоёр жилийн хугацаанд зэсийн эрэлт хэрэгцээг дэлхий даяар нийлүүлэлтээсээ бага байна гэж таамагласан. Саяхан Лиссабонд дэлхийн томоохон металл үйлдвэрлэгчид, салбарын гол тоглогчдын уулзалт боллоо. Америкийн тарифын нөлөөнөөс эдийн засгаа хамгаалах бодлогууд дээр дэлхийн улс гүрнүүд ажиллаж эхлээд байгаагийн илрэл. Жишээ нь, зэсийн зах зээлийн бууралт манайд ихээхэн хамаатай зүйл. Дэлхийн зэсийн ертөнцөөс тийм ч таатай биш төлөв ийнхүү илэрч байгаа учраас манай улс дотооддоо арга хэмжээ авах нь зайлшгүй.
Тийм ч учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Алт-3" аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, тогтоолын төсөл батлагдсанаар тусгай хамгаалалтад байгаа тодорхой нэр бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шуурхай УИХ-д оруулж ирэхийг Ерөнхий сайд Г.Занданшатарт даалгаад 19 хонож байна.
Манайх бол баялагтай орон. Зөвхөн алттай холбоотой статистик иш татахад улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл байна. Эдгээрийн 14 нь одоо ашиглагдаж байгаа. Харин 228.7 тонн нөөц бүхий 68 орд нь ямар нэгэн хуулийн хориглолт байхгүй ч эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа юм байна.
“Алт-3” хөтөлбөр бол алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготой хөтөлбөр.
Гэхдээ засгийн газрыг хөдөлж ч амжаагүй наадамдаж явах хойгуур нь Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавьчихлаа. Хоригийн агуулга: Нэгт, улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстойг хатуу сануулж байна. Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэйг анхаарууллаа. Ийм хоёр зүйлийг агуулсан хориг гэж харж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна шүү гэж анхааруулжээ. Энэ бол гярхай ажиглах, үг, элдэв эс үйлдлээ хянаж ажиллахыг анхааруулсан айхтар анхааруулга.
Үнэндээ Ерөнхийлөгчийн аппарат бусад институцээс илүү мэдрэг ажиллаж байгаа. Өнөөдөр бидний сэтгэл гонсгор үлдэн , өөр хоорондоо үглэлдэн байгаа өнгөрөгч улсын баяр наадмын бүхий л өө сэвийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчилсан японы эзэн хааны гэр бүлийн айлчлал дарж өгсөн шүү.
***Дараагийн зүйл :
Малгайных нь шинийн үнэр сарниагүй байгаа манай Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг хуу танахыг уриалан ажиллаж байна. Энэ бодлого нь тэр чигтээ төрийн алба руугаа чиглэж байна. Жишээлбэл, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтынхоо хүрээнд29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргаад байгаа.Энэ 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцоолсон. Харин зарим ажиглагчид энэ дайралт нь төрийн албыг хүчгүйдүүлэх, боловсон хүчний бодлогыг нь улам сулруулах магадлал буйг анхааруулж байгаа. Нөгөө талаар бол эрх баригчид өөрсдөө аварга том төсөөлөл бүхий төсөв зурж иргэдээ айлгаад, эргэж танах бодлого хийн биднээр тоглож байна. Өөрсдөө эхлээд Төрд баахан юм өмсгөж төсөв нэмдэг. Тэр нь орон тоо, ажлын байр, цалингийн өсөлт гэх мэт таатай мэдээллээр бидний амьдрал руу нэвтэрдэг. Харин дараа нь нэг мэдэхэд өнөөдрийнх шиг ийм байдал руу улсаараа гулсан орсон байдаг... 41.6 тэрбумын өсгөлт хийх анхнаасаа хэрэггүй байсан. Тэрийгээ хэсэг хугацааны дараа татан буулгаж, тэгснээ ийм хэмжээний танаас хийж байгаа юм чинь 1.1 их наядыг нь тойргийн гишүүдэд хувиарлахад яадаг юм гэх мэтээр аашилж үзэж байгааг чинь бүгд төвөггүй “уншиж” байна шүү дээ.
Миний өгүүлэх дараагийн зүйл : Ахиад л энэ хэтийдсэн их баяр цэнгэлийн тухай юм.
Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр билээ. Бас монголчууд бидний дэлхийн бусад улс үндэстнээс ялгарах түүх соёлын өвөрмөц нэгэн илэрхийлэл юм.
Үндэсний их баяр наадам бол Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй эд. Хожим 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болон хувирч, тус наадмыг “Арван засгийн наадам” хэмээн нэрийдсэн байдаг. Тийнхүү явсаар 1912 оноос жил бүр хийх төрийн наадам болгосон. Энэ наадам нь Богд хааныг таалал төгсөх хүртэл буюу 1925 он хүртэл үргэлжилсэн юм билээ. “Арван засгийн наадам”-тай зэрэгцэн 1922 оноос эхлэн “Ардын төрийн наадам”-ыг ингэж тэмдэглэж эхэлсэн байдаг. Дараа нь, Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүрэлдэн тогтсоны дараа хоёр наадмыг хамтатгах шийдвэр гаргасан бөгөөд 1925 оны 5 сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар наадмын товыг 7 дугаар сарын 11-нд байхаар шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ. Мөн хожим манай наадмыг 2010 онд ЮНЕСКО «Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт»-д бүртгэн авсан. Үүний дараа наадмын нээлтийг улсынхаа нэгэн төрлийн сурталчилгаа болгох эрмэлзэл улам түрж, хоёр гурван өдрийг хамарсан өндөр өртөг бүхий шоу цэнгээн хийдэг явдал хүчтэй дэлгэрсэн. Олон зуун сая төгрөгөөр наадам хийж, тэрийгээ үзэж хэдэн өдрөөр хараан сошиалд хэрэлддэг л улс болж хувирсан.
Энд хэлэх гэсэн гол санаа маань бидний энэ хазайлт үндэснийхээ гол цэнгэл баярыг хэт мөнгөний сүр хүчээр булж, юу ч биш болгон хувиргаж байгаа явдал юм. Хамгийн энгийн зүйлс дээр л бид эрлийзжиж байна. Түмэн жилээр наадам нээж ирсэн “Түмэн эх” дуу маань энэ жил төрийн наадмын нээлтээс арчигдав. Өвөр монгол, ар монгол нь холилдсон дуунцарууд төрийн наадмын нээлт рүү шургаад удаж байгаа. Яг монгол гэх үндэсний эх соёл нь төрийн наадам дээрээ бат нот сууж чадахгүй, эсэн бус, элий солиогоор дүүрчих юм бол бидний бахаддаг нөгөө ондоошил яах болж байна.
Энэ бол маш энгийн шүүмжлэл юм шүү. Өөр нарийн нандин юм олон бий. Хаанахын, хэний гараар ингэж халдашгүй байх ёстой юм бүхэн маань элтэрч унаад байгааг мэдэхгүй юм.
Өөр нэг зүйл:
Өнөөдөр манай орон нутгуудад хэд хэдэн том ой болж байна. Хэтийдсэн том наадмуудын цуу улс орон даяар эзэгнэнхэн аархаж байна. Үнэндээ аливаа ойн баяр наадам улсынхаа их баяр наадмаас том, улсынхаа их баяр наадмаас илүү бэл бэнчингээр зодсон байх нь зохисгүй харагдаж байна. Үүнд хэм хэмжээ байх ёстой гэж санана. Төрөөсөө томорсон юм бүхэн рүү бид анхааралтай харах ёстой юм шүү. Хаанаас төрсөн тэрбумтнууд наадмын түрүү байлан хаан мэт аашилж байна вэ.
Улсын доторх улс болчихсон юм уу ч гэмээр их аархал нүд эрээлжлүүлнэ. Хүүгийнх нь гэр аавынхаасаа том идээ таваг засдаггүй өвөрмөц нэгэн даруулга үйлчилдэг монгол соёлоос эхтэй бидний ёс зүйн хэм хэмжээс Төрийнхөө дээр сүүдрээ тусган ханхалзсан аархалд сөхрөөд удлаа.
Найр наадамд улсаараа найган назгайрч, хувь хувьсгалын бүх ажлууд бараг зогссоор намартай золголоо. Төрийнхөн нь торгон дээлтэй наадмын хоймруудаар заларсаар...