Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКиргиз улс болон Тажикстан улсад хийсэн төрийн айлчлалаа амжилттай өндөрлөж байна. Монгол төрийн гадаад бодлого Төв Азийн орнууд руу чиглэн идэвхжих болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зураглал улам сонирхолтой бөгөөд ирээдүйгээ харсан нарийн стратеги тактикаар баяжиж буйг харуулж эхэлсэн. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод анхны айлчлалаа “дэлхийн дээвэр” НҮБ-аас эхлээд улмаар “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д заасны дагуу хоёр хөршдөө айлчилж, тэгснээ барууны маш сонирхолтой зочдыг урьж гадны ажиглагчдын анхаарлыг татаж байсан. Улмаар уламжлалт харилцаатай Зүүн Өмнөд Азид, тэгснээ Турк, Азарбайджан гэхчлэн бүс нутагтаа маш идэвхтэй байх, тэр тусмаа далайд гарцгүй, хөгжлийн түвшнээрээ төстэй улс орнууд дундаа “том байх” нүүдлүүдийг хийсээр байна. Ингэхдээ “бие даасан”,“олон тулгуурт”, “энхийг эрхэмлэгч” гэдэг байр сууриа байнга тодотгож,  Монгол Улс Оросыг дагалдаж дайн дэмжээгүй, Америкийг дэмжиж хэт баруунжаагүй, өөрсдийнхөө л эрх ашгийн төлөө бусадтай харилцах бөгөөд хэлэлцэж тохирсон зүйлсээсээ огт ухрахгүйгээр аль алинтай нь хамтарч чадаад байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татах болсон.

Төрийн гадаад бодлого гэдэг ард иргэд тэр бүр ухаж ойлгож өөр өөрийн хувийн бодлоор тайлбарлаж үл болох зүйл байдгийг бид бодитойгоор мэдэрсээр байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд чөлөөт ургальч үзэл бодлоор асуудалд хэрхэн хандаж буйгаас үл хамааран яг маргааш эрчим хүчний асуудлаа дотооддоо бүрэн шийдэх, эсвэл нөгөөдрөөс эхлэн газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй учраас “түр хэлэлцээр” гэдэгт багтсан юм болов уу. Магадгүй тэр нь Евроазийн хувьд халуун дулаан, өөриймсөг уур амьсгалыг бүрдүүлж, эдийн засагт үр өгөөжөө өгч эхлэх нь үү гэсэн сонирхолтой өнцгийг харуулж байна.

Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийсэн Монголыг яаж угтав

Евроазийн эдийн засгийн холбооны бүрэн эрхт гишүүн Киргиз улстай харилцааны түвшнээ ахиулж Иж бүрэн түншлэлээ зарлаж, Ази, Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа, үзэсгэлэнт Тажикстан улсад Энэхүү айлчлалын үеэр анх удаа хоёр улсын бизнес форумыг зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Тажикстан улсын Тэргүүн шадар сайд Хоким Холикзода нар форумыг хамтран нээж  худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, авто болон агаарын тээврийн чиглэл бий болгох зэрэг асуудлыг хөндсөн бизнес форум үр өгөөжөө өгнө гэдэгт хоёр орны бизнесмэнүүд итгэж буйгаа илэрхийлж байв. Одоогоос хоёр жилийн өмнө, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын ээлжит хурлыг сурвалжлахаар Бишкект очиж байлаа. Улс төрийн хувьд Монгол Улс ШХАБ-ын цорын ганц ажиглагч хэвээрээ үлдсэнийг тухайн үед онцлон бичиж байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр орны харилцаа ч өөрчлөгдөж, манай улс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг улс төрийн хүрээнд дуулиантайхан байгуулчихаад Төв Азийн хоёр улс оронд ямар дүр төрхтэй зочилсон нь анхаарал татсан. Харилцааны уур амьсгалын хувьд илүү дотночилсон, эдийн засгийн хувьд харьцангуй ашигтай боломж, гарцуудыг нээж өгч байна гэж ажиглагдлаа.

Иж бүрэн түншлэлээ тунхаглав


Хоёр жилийн өмнө Киргиз улсын Ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнд хэрэгжсэн ажлуудыг дүгнэхэд 90 орчим хувийн биелэлттэй гарсан байдаг. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг шинээр байгуулж буй харилцан ашигтай байх зарчимд суурилсан баримт бичгүүдээр дүгнэдэг. Одоогоос хоёр жилийн өмнөх айлчлалаар байгуулсан гол суурь болох долоон баримт бичиг байгуулж байсан бол энэ удаад хамтран ажиллах хүрээгээ тэлж хамтын ажиллагааны салбар, үйл ажиллагааны чиглэлүүдээ идэвхжүүлж эрх зүйн 14 баримт бичиг байгууллаа. Айлчлалын өмнөхөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссийг Шадар сайд С.Амарсайхан даргалан хуралдуулж, дээрх баримт бичгүүдийг үзэглэхэд бэлэн болгож хоёр улс олон салбарт идэвхтэй хамтран ажиллах суурийг тавилцсаныг онцолъё.


Дээрх 14 баримт бичгийн хамгийн чухал нь хоёр улсын Ерөнхийлөгчийн хамтарсан тунхаглал юм. Энэ бол хоёр улс хамтран ажиллахдаа хэн нь аль салбарт, ямар чиглэлээр хамтрах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн баримт бичиг. Үүний улс төрийн ач холбогдол нь хоёр орны харилцааг шат ахиулж “Иж бүрэн түншлэлийн” харилцаагаа тунхаглалаа. Иж бүрэн түншлэл бол маш олон салбарын хамтын ажиллагааг тодорхойлдог, идэвхтэй, улс оронд ашигтай, ард иргэддээ үр өгөөжтэй ажлуудыг хамтран ажиллах болсноо олон улсын хэмжээнд зарлан тунхаглаж буйгаараа чухал ач холбогдолтой. БНКиргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров иж бүрэн тунхаглалаа зарласны дараа хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг “миний дотны найз” хэмээн элгэмсээд, улс төрийн талаас уг айлчлалыг дүгнэхдээ “Киргиз улс Евроазийн бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн интеграци болон хамтын ажиллагааг дэмжинэ” гэсэн юм. Тэрбээр энэ оны зургаадугаар сард байгуулсан Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг “Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал үйл явдал” хэмээн дүгнэсэн нь анхаарал татлаа. Мөн хоёр орны эрх ашигт нийцсэн олон бүтээн байгуулалтын төлөвлөгөө бидэнд байна гэв. Үүнд тээврийн харилцаа, шинээр коридор нээх, ложистикийн салбарын хэтийн төлөв, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхол илэрхийлж байв.
Монгол, Киргизийн хамтарсан брэндийг олон улсын зах зээлд гаргахаар тохирлоо.



Хоёр улс олон салбарт хамтран ажиллах болсны зонхилох чиглэл нь хүнс, хөдөө аж ахуйн салбар байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд, манай улсад үнэгүйдээд байгаа монгол хонины ноосыг ашиглан Киргизийн оёмол, нэхмэл бүтээгдэхүүнүүд болон ээрмэл утасны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай уялдуулан хамтарсан үйлдвэр байгуулах буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Киргиз улс болон Төв Азийн бүс нутаг, олон улсын зах зээлд брэнд гаргахаар тохиролцсон. Бизнес форумын үеэр хувийн хэвшлийн төлөөллүүд нарийвчлан яриа хэлэлцээ хийж чадлаа. Мөн мал үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, Киргиз улсад монгол сарлаг, ямаа нийлүүлэх ажлыг эхлэхээр болжээ.  Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тохирсны дагуу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүнийг Киргизид экспортлох, загас, загасан бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлэхээр болж мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажуулжээ.  

Соёлын салбарын тухайд хоёр улсын ард иргэдийн гүүр байсаар ирсэн. Бүс нутагтаа төдийгүй дэлхий дахины түүхэнд Монгол, Киргиз улс түүх соёл, өв уламжлалын арвин баялаг түүхтэй. Тиймээс хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэхээр хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулж, анх удаа Киргиз улсад Монголын үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид ирж, Азийн хэмжээний томоохон фестивальд оролцож шилдэг бүтээлүүдээрээ гайхашруулж чадлаа.

Мөн шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээр хийлээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд болон археологийн салбар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, түүх судлалын хүрээлэн хооронд хамтран ажилласнаар хоёр орны өв соёл, түүхийн эх сурвалжууд, ховор нандин бүтээлүүдээ дэлхийд сонордуулах ажлыг идэвхжүүлэх юм. Айлчлалын үеэр Чингис хааны музей болон Киргизийн үндэсний музей хамтарч нүүдэлчин өв соёлын тухай хэлэлцүүлэг хийв. Худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа өргөжихийн хэрээр хүн хоорондын харилцаа идэвхжиж, аялал жуулчлал хөгжиж, хоёр орны иргэдийн харилцаа ойртон дотносож, халуун дулаан уур амьсгалтай болох юм. Наад зах нь хоёр улсын жолооны үнэмлэхийг харилцан бие биедээ зөвшөөрч, иргэд, аж ахуйн нэгжүүд тухайн улс оронд ажиллаж амьдрах, үйл ажиллагаа явуулахдаа өөрийн орны  үнэмлэхээ тус улсын жолооны үнэмлэхээр шууд сольж, замын хөдөлгөөнд оролцох боломжтой боллоо.

Төв Азийн хамгийн том усан цахилгаан станц нэгийг бодогдуулсан байх

Тажикстан улс нийслэл Душанбе хотынхоо зүүн урдхан талд дэлхийн хамгийн өндөр буюу 335 метр далан барьж байгаа нь жилд 17 тэрбум кВтв/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил гэнэ. Бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах онцгой ач холбогдолтой энэ станц ёстой л өнөөх “Стратегийн мега төсөл” гэгч нь аж. Уг станцын анхны турбин одоогоос долоон жилийн өмнө, хоёр дахь нь дөрвөн жилийн өмнө ашиглалтад оржээ. 

Нийт зургаан турбин ажиллаж эхэлснээр 2029 он гэхэд нийт 3600 МВт-ын хүчин чадалтай Төв Азийн хамгийн том усан цахилгаан станцтай болох гэнэ. Хэдийгээр байгаль, цаг уур, өгөгдлийн хувьд өөр боловч усан цахилгаан станцуудаа барьж эхлээд байгаа, ижил төстэй орны хувьд Ерөнхийлөгч эх орондоо ирээд нэгийг хэлж, хоёрыг хийх байх.

Түүнчлэн Тажикстан улстай хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж харилцаагаа хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээний үеэрээ бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар үр өгөөжтэй, сонирхолтой яриа өрнүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийд Монгол тодрох өдрүүд үргэлжилж, Делид У.Хүрэлсүх айлчлах товтой байна

Товчхон дүгнэхэд, Монгол Улсын гадаад бодлогын хувьд дэлхий дахинд өндөр нэр хүндтэй байна. Тун удахгүй Улаанбаатарт Дэлхийн тэргүүлэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй CEO нарын чуулга уулзалт болно. Мөн л анх удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна. Үүний өмнө Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, уржнан гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт, мөн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар хотноо Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байсан. Үүгээрээ ч Ухнаагийн Хүрэлсүхийг “Феминст Ерөнхийлөгч” хэмээн тодорхойлж, дэлхийн эмэгтэйчүүд Монгол орныг эмэгтэйчүүдээ ихэд хүндлэн дээдэлдэх өвөрмөц онцлогтой гэлцэх болсон байх. Үүний дараа “Дэлхийн дээвэр” гэгддэг НҮБ-ын 80 жилийн ойн томоохон арга хэмжээг гишүүн орон бүр тэмдэглэнэ. Мөн ирэх аравдугаар сард Энэтхэг улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай Ерөнхийлөгч тус улсад айлчлах урилгатай юм билээ.
Ийнхүү гадаад бодлогын гайхамшигт тоглолтуудаараа олон улсын анхаарлыг татаж яваа, хоёр том гүрний дунд оршдог хүчирхэг Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийд таниулж явна.


                                                                                                                                                                /2025.02.29/