СУУГЧ
Оросын утга зохиолоос бүх дэлхий даяараа мэддэг, уншдаг, сургуульд заадаг, сэхээтнүүд байнга эшилдэг гурван аугаа зохиолч бий нь Лев Толстой, Феодор Достоевский... тэгээд богино өгүүллэг ба жүжгийн зохиолын суут Антон ЧЕХОВ. "Краткость сестра таланта" гэсэн алдартай мэргэн үгийнхээ эзэн болсон түүний "Жилец" богино өгүүллэгийг орчуулснаа сонирхуулж байна.
Антон ЧЕХОВ
СУУГЧ
Урьд нь хэсэгтээ өмгөөлөгч хийж байснаа одоо баян эхнэртэй сууж ажил төрөлгүй зүгээр суух болсон Брыкович гэх эр байх. Авгай нь “Тунис” гэх нэртэй байшинтай, тэндээ тавилгажуулсан олон өрөөгөө түрээсэлдэг. Нас залуу ч хэдийнээ халзраад эхэлсэн Брыкович шөнө дунд гэрээсээ коридор руу ухасхийн гарч хар тэнхээгээрээ хаалгаа хүчтэй савж хаав.
-Ямар муухай хорон санаатай, тэнэг, мулгуу авгай вэ! – хэмээн нударга зангидан амандаа бувтнав: - Ямар гайгаар би энэ өлөгчинтэй учирав аа! Түй, энэ шуламын чарлааныг давж хашгирахын тулд их буу шиг байх ёстой дог!
Зэвүү нь хүрч уурандаа шатсан Брыкович замд нь хогийн сав, нойрмог жижүүр… ер нь юу таарсанаа нам цохиж унаган сая санаа нь амрахаар болжээ. Хараал урсгамаар, орилж хашгирмаар, шал дэвшилмээр санагдана… Хувь төөрөг сэтгэл санаа нь ямар байгааг ойлгож, тал засч байна гэлтэй 37-р өрөөний бүтэлгүй түрээслэгч, хөгжимчин Халявкиныг түүнтэй учрууллаа. Халявкин ийш тийш найган хаалганыхаа цоожны нүх рүү түлхүүр чихэх гэж оролдоно. Тэрээр аахичин хэнийг ч юм харааж зүхэх хэдий ч түлхүүр нь санаан зоргоор нүх онож өгөхгүй зовооно. Чичирсэн гартаа барьсан түлхүүр дэмий л хаалга хатгана, мань хүн нөгөө гартаа хийлийнхээ гэрийг барьжээ.
Брыкович түүн рүү яг л улай үзсэн харцага шиг чарлан дайрав.
-Аан-хаан, та энд байж байна уу? Эрхэм дээд ноёнтон гуай, та соёрхон болгооно уу! Байрныхаа мөнгийг хэзээ төлөх гэж байна даа? Хугацаа нь болоод арав гаруй хоночихоод байгааг эрхэм дээдэс та мэдэж байгаа биз дээ. Өрөөг чинь галлахаа зогсооно шүү. Үхээр болсон эрхэмсэг ноёнтон таныг бүр мөсөн хөөж гаргана даа!
-Та надад … юу… саад болжийноо… хэмээн хөгжимчин тайван дуугаар хэлээд: - Арэ… рэвуар![1]
- Ичихэд яадаг юм, Халявкин гуай! Та зуун хорин рублийн цалинтай хүн, хэл амгүй төлчиж болно шүү дээ. Дэндүү хүний мөсгүй хүн юмаа, та! Ёстой жигшүүртэй амьтан!
Түлхүүр арай гэж нүхээ олж, хаалга онгойлоо.
-Дэндүү шударга биш байна – хэмээн Брыкович хөгжимчний араас өрөө рүү оронгоо үргэлжлүүлсээр: - Маргааш гэхэд мөнгөө төлөхгүй бол би эвлэрлийн шүүхэд хандах болно шүү. Харж л байгаарай! Наад чүдэнзний модоо яагаад асаатай нь шалан дээр хаяад байгаам, түймэр тавих нь уу! Ийм эрүүл биш авиртай хүмүүс манай байранд хоног төөрүүлэхийг тэвчихгүй шүү.
Халявкин согтуу хүний хөгжилтэй нүдээр Брыковичийг харж жуумалзан:
-Та яагаад уурлаж буцлаад байгааг би огт ойлгохгүй байна – гээд тамхиа асаах гэж хуруугаа түлэх зуураа:- Ойлгохгүй байнаа! За яахав би байрныхаа мөнгийг төлөөгүй байж л дээ. Төлөөгүй нь үнэн, үнэн. Гэхдээ тэр нь танд ингэхэд ямар хамаатай гэж? Та ч гэсэн байрныхаа мөнгийг төлдөггүй, тэглээ гээд би танд агсам тавиа юу? Төлөхгүй л байна биз, төлөөд ч яахын, тэр нь надад падлийгүй.
-Наадах чинь юу гэсэн үг юм?
-Ийм байнаа… Бай… байрны эзэн нь та биш, таны эрхэмсэг дээд гэргий… Та… та бол бусдын адил байдаг л нэг суугч… Өөрийн чинь байр биш атал юундаа ингэж сандчаад байгаан? Надад бол санаа зовоод байх юм алга, та ч гэсэн тэг л дээ. Та байрандаа сохор зоос ч төлдөггүй, тэгээд юу гэж? Төлдөггүй л биз, надад огт падлий байхгүй.
-Эрхэм ээ, таны юу яриад байгааг би ойлгохгүй байна шүү – хэмээн Брыкович бувтнаад,доромжлогдсон нэр төрөө хамгаалахад хэзээ л бол хэзээ бэлэн байгаа хүний төрхөнд орлоо.
-За уучлаарай даа! Байрыг та инжинд авсныг мартчихаж…Миний буруу! Гэхдээ ёс суртахууны талаас нь авч үзэх юм бол – гэж Халявкин найган хэлээд: -та юутай ч гэсэн дүрэлзэх хэрэггүй… Зүгээр сууж байхад чинь сууц… тэнгэрээс бэлгэнд буугаад ирсэн л дээ. Өргөн утгаар нь харах юм бол та бид хоёр яг адилхан… Байр яаж… таных болсон юм бэ? Хүүхний нөхөр болохоор? За тэр ч яахав! Хүүхний хар хүн болох ч ядах юмгүйдээ. Арван хоёр эхнэр энд дагуулаад ир л дээ, еэ тэнгэр минь, би бүгдийнх нь нөхөр болчихъё л доо, бүр үнэгүй шүү! Та тэг л дээ!
Согтуу хөгжимчний чалчаан Брыковичийн хамгийн хөндүүр газрыг онов бололтой. Мань хүний царай улайн, удтал юу хэлэхээ мэдэхгүй байснаа гэнэт Халявкин тийш үсрэн хүрч хорсолтойгоор харангаа нударга зангидан хамаг тэнхээгээрээ ширээ шааж авав.
-Та яаж ингэж хэлж чадаж байна аа? Яагаад, айн, яагаад? хэмээн хоолой нь хяхнан шивнэв.
-Өршөөгөөрэй… гээд Халявкин арагш ухарч: - Энэ ч бүр фортиссимо[2] боллоо. Юунд нь гомдоод байгаа юм? Би… би гомдооё гээгүй, харин ч… магтаж байхад. Надад ч гэсэн байр түрээсэлдэг эхнэр олдсон бол тэнгэрийн умдаг атгах байлаа!
- Та яагаад … яагаад намайг доромжилж байгаа юм бэ? – гээд Брыкович дахин нударгаараа ширээ шааж авав.
- Ойлгосонгүй! – хэмээн Халявкины түрүүний инээмсгэлэл нүүрнээс нь арилан, мөрөө хавчаад: - Би согтуу байна л даа… тэгээд л доромжилсон байж магадгүй… Тийм бол өршөөгөөрэй, миний буруу! Еэ тэнгэр минь, эрхэм хүнээс уучлал хүсье! Би ерөөсөө өөрийг чинь гомдоох гээгүй.
- Энэ бол бүр хэтэрсэн доромж… - хэмээн Халявкины найрсаг өнгөнд арай зөөлөрсөн Брыкович: - Иймэрхүү юмыг нүүрэн дээр шууд пял хийтэл хэлдэггүй шүү дээ…
- Ахиж тэгэхгүй! Тэнгэр минь, дахиад тэгэхгүй! Гар барих уу!
- Тэгээд ч би таныг яагаачгүй шүү дээ – хэмээн Брыкович гомдонгуй өгүүлээд нэлээд зөөлөрсөн боловч эвлэрэлийн гар сунгасангүй. – Тэгэж ярьвал би танд муу юм огт хийгээгүй.
-Чухам аа чухам… Ийм эмзэг асуудлыг хөнд… хөндөх хэрэггүй байсан юмаа. Согтуудаа л тэнэгтэж байхгүй юу… Еэ тэнгэр минь! Естой мал л гэсэн үг! Одоохон би толгойгоо хүйтэн усаар норгоодохъё, тэгэхээр архи гарчих байх.
-Үүнтэй үүнгүй амьдрал жигшүүртэй, зэвүүн байхад та бас дээрээс нь доромжилж л байдаг! – гэж Брыкович гоморхон өрөөн дундуур холхингоо: -Цаад үнэнийг мэдэхгүй хэвтэж хэн дуртай нь амны зоргоороо чалчиж л байдаг. Энэ өрөөнүүдэд ар хударгаар юу юу ярьцгаадгийг гадарлаж байна аа! Гадарлаж байна! Ингэхэд хар шөнөөр мөнгөнөөс болж тань руу ноцдог нь миний буруу. Би буруутай, гэхдээ та ч гэсэн хүний байдлыг ойлгож уучлахын оронд улаан нүүр рүү далд утгатай заваан үгс шүршиж л байдаг нь!
- Хонгорхон минь, согтуугийн харгай байхгүй юу даа! Гэмшиж байна аа, таныг ч ойлгож байна. Нээрээ шүү, ойлгож байна! Тэнгэр минь, би мөнгийг чинь өгнөө. Нэгэнд цалин буунгуут л шууд өгнө. Ингээд эвлэрээд найрамдая!... Браво! Би боловсролтой хүмүүст дуртай шүү! Би ч өөрөө хөгжмийн дээд мээд… цус гэж хэлж чадахгүй байх чинь … төгссөн хүн шүү
Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн Халявкин өрөөн дундуур холхисоор байгаа Брыковичийн гарыг атган авч хацар дээр нь үнслээ.
-Ээ дээ, Хонгор найз минь, би адгийн амьтан шиг л согтуу байна даа, гэхдээ бүгдийг нь барагцаалж байнаа. Тэнгэр минь, гоцлол хийлчинд халуун савтай цай авчирч өг гээд жижүүрт хэлээдхээч дээ. Орой арваннэгээс хойш коридорт шуугиж болохгүй, цай захиж авчруулахыг зөвшөөрөхгүй гэсэн хуультайг чинь мэднээ, гэхдээ театраас оройтож ирсэн болохоор халуун цай оочмоор байна.
Брыкович хонхны товч дарлаа.
-Тимофей, чи Халявкин гуайд халуун савтай цай аваад ирээч! - гэж тэрээр жижүүрийг ирэхэд нь хэлэв.
-Яаж болдог юм! – гэж Тимофей хүнгэнэсэн дуугаар эсэргүүцээд - Арваннэгээс хойш өрөөнд цай зөөхийг хатагтай хориглосон.
-Чамд би тушааж байна! – хэмээн Брыкович царай нь барайн хашгирав.
-Болохгүй гэж байхад тушаагаад байх даа яахав дээ… гэж жижүүр өрөөнөөс гарахдаа бувтнав.: - Болохгүй л гэсэн бол болохгүй. Яачихаад байгаан!
Брыкович хөмхийгөө зуугаад цонх тийш зүглэв.
- За яахав, байдал иймээс хойш! – гэж Халявкин санаа алдаад: - Хнн, юу ч хэлэлтэй нь билээ… юунд ч мэгдэх билээ. Бусдын араншинг нэвт … мэдэж байхад… Нэгэнт цай өгөхгүйгээс хойш, архи уух уу даа? Хундага юм балгах уу?
Халявкин цонхны тэрүүхнээс шил архи, хиам аваад ууж идэхээр буйдан дээр тухлав. Брыкович хөөрхий согтуу эрийг гунигтай харж, эцэс тоймгүй чалчааг нь сонсоно. Хөгжимчний сэгсийсэн толгой, шилтэй архи, хямдхан хиамийг хараад ядуу ч гэсэн эрх чөлөөтэй байсан саяханы үе нь санаанд орсоноос ч байж магадгүй, царай нь бүр ч барайж, уумаар санагдав. Тэрээр ширээ рүү ойртон хундагатай архийг хөнтөрч орхиод “пүү” гэж хүчтэй үлээв.
-Амьдрал гэж там байна даа! – гэж хэлээд толгой сэгсрэн: - Хэрэг алга! Та сая намайг зөндөө доромжиллоо, жижүүр ч бас гутаалаа… эцэс төгсгөл гэж байхгүй!! Яасан гэж тэр вэ! Яагаа ч үгүй байхад шүү…
Гурав дахиа хөнтөрсний дараа буйдан дээр суугаад толгойгоо тэврэн хөөрхийлөлтэйгээр санаа алдан:
-Алдсан юмаа! Яаж алдсан гээч, би! Залуу насаа, ажил төрлөө, зарчмаа бүгдийг нь зарчихсан. Одоо амьдрал надаас хариугаа авч байна. Хорлонтойгоор өшөө авч байна!
Архины халуун, бас гунигтай бодлоосоо болж царай нь туйлын зэвхийрч, бүр турчихсан ч юм шиг харагдана. Тэрээр цөхөрсөндөө байн байн толгойгоо тэврэн “Ийм амьдрал гэж байхуу даа, чи мэддэг ч болоосой!”.
Халявкины нүүр руу эгц тулгаж хараад:
-За чи яг үнэнийг хэл дээ. Яг үнэнээр нь хэлээрэй, энэ өрөөнүүдэд байгаа оюутнууд надад яаж ханддаг вэ? Тэд юу гэж ярьцгаадаг вэ? Чи сонсоо л байлгүй.
-Сонссоон…
-Тэгээд?
-Юм ярьдаггүй ээ, зүгээр л… чамайг жигшицгээдэг. Шинээр ирж байрласнууд нь бүр ч юм хэлдэггүй, дөнгөж байшинг дулаалаад эхлэнгүүт хар өглөөгүүр ийш тийшээ гараад явчихдаг.
-Чи ерөөсөө... битгий төл, тэрэнд! – гэж Брыкович гарахдаа бувтнаад: -Авгайд сохор зоос ч өгсөний хэрэггүй! Яадгийн!
Халявкин хийлийнхээ гэрийг дэрлээд буйдан дээрээ гулдайн хүнгэнүүлэн хурхирч гарлаа.
Дараагийн шөнө нь тэр хоёр дахин уулзалдсан…
Брыкович найрсаг ундааны амтыг амсахгүйгээр нэг ч шөнийг өнгөрөөхөө больсон, хэрэв Халявкинтай тааралдахгүй бол өөр нэг өрөөнд орж, хувь заяандаа гомдоллож ууна, дахиад л ууна, дахиад л гомдоллоно. Бүр шөнө болгон шүү.
1887
[1] Au revoir (франц) - Баяртай
[2] Fortissimo (итали) – Гэнэт хүчирхэг болох гэсэн хөгжмийн хэллэг