Андрей Васнецов

“Ямар ч зурагт  төгс төгөлдөр гэж байдаггүй юм.”


Нэг өдөр хичээлийн  дундуур  гуанзанд  хоол идэж суутал  манай ангийн Лена гэдэг охин амьсгаадсаар  гүйж ирлээ.

“Мунк , чамайг Андрей Владимирович  дуудаж байна”  гэлээ.Сүүлчийн  копейкоо тоолж ядан авсан пирожкийгоо  ч  идэж  завдалгүй   би дээшээ харайлгав.

Андрей Владимирович Васнецов гэдэг бол ЗХУ-ын ардын  зураач,төрийн шагналт  манай  уран зургийн салбарын эрхлэгч нэгэн билээ.Тэрээр байнга  гадаад явдаг байсан болтой сургууль  дээр  цөөхөн үзэгдэнэ.\ каталоги хийгээд  намтар сэлтээс нь харахад \

Хааяа нэг ирэхэд нь Москвагийн  хэвлэлийн  дээд сургууль  маань  тэр  чигээрээ хөл алддаг байсан юм.

Угаас зурж гүйцээж  чадахгүй зургаа  би зориуд сараачиж  хаячихаад  хичээл дундуур дутуу  хаяад  гарсан минь  тэр билээ.

Ээ, чааваас  очиж очиж  алдарт  Васнецовын   ирдэг өдөр хичээлийн  дундуур  гардаг минь  нь яалаа гэсээр анги руу гаа харайлгав. Яадаж байхад  манай факультет  8-р давхарт шүү дээ. Лифт байсан ч Ленатайгаа шатаар харайлгав.

Тэгэхэд би 2-р курсэд байсан юм.

Анги руу гүйгээд  ортол нам гүм .Тэнхимийн багш нар бүгд манай ангид цуглачихаж.


 
Андрей  Владимирович  ууртай гэмээр шинжтэй  шалны мод буруу харуулаад барьчихжээ.\мэдээж зодох гээгүй байлгүй\

Эцсийн эцэст автор нь “залран”  ирэв үү ? гэж хэлээд шалны модоо доошлуулав.\заагуур-указка   хийсэн болтой\

Гүйсэн , бантсандаа миний хамаг бие хөлөрч  чичирэн зогслоо. Ядаж байхад  баахан  сараачиж  хаячихаад  хичээл дундуур  дураараа  гараад явчихдаг...

Васнецов багш тэгтэл   өнөөх  шалны модоор занган “Бүгд сайн харцгаа” гэж баргил  дуугаар  хэлсэн юм.

“Ямар ч зурагт  төгс төгөлдөр гэж байдаггүй юм. Зураг өөрөө заримдаа ингэж сараачин дуусах ёстой.Энэ зураг дээр  нэг ч зураас нэмж болохгүй.Тэр чигээр нь дуусаг.”гэж хэллээ.

Тэгэхэд би багшдаа маш их баярлаж билээ.

 Зүгээр  л миний эзгүйд  тэрүүхэндээ сайшаагаад  өнгөрсөнийг  би мэдэхгүй өнгөрөх  байсан ч  тэрээр  зориуд хамгийн “сенсаацлаг”  охиноор  дуудуулж  надад өөрт минь  онцлон  хэлсэн нь тэр.

Намайг зургаа цааш гүйцээх аргагүй болсоныг  багш минь олж харж  илүү сайхан гарцыг нөхдүүдий минь дэргэд  хэлсэн нь энэ билээ.

Дараа нь хэзээ  ч билээ би нарийхан бийрээр   зураг зурж суутал багш  ирээд надад  багц бийр бэлэглэхдээ  бүгдэд хандан тод  дуугаар  “Нарийн  нандин  бүхнийг  том бийрээр  зурж сурвал  жинхэнэ ерөнхийлэлийг  мэдэрдэг.Харин хүчирхэг талбайг  жижигхэн  бийрээр дүүргэн  дуусгаж бай” гэж  хэлсэн юм.

Миний багш “Онц” гэдэг  дүнг бараг  мэддэггүй болов уу? гэмээр хүн байсан юм.Түүний хамгийн хайртай дүн бол “Дунд” байсан.

Нэг удаа манай ангийн Ольга гэдэг үнэнхүү авьяастай охин\ биднийхээр  \   3-р  курс хүртлээ  дандаа дунд авсандаа гомдон  “Би онц авъя гээгүй.Яагаад  дандаа надад  дунд тавьдаг юм  .Сайн гэдэг дүнгийхээ шалгуурыг  надад үзүүлчих. Би давуулан биелүүлье.Онц  дүн надад хэзээ ч хэрэггүй.Би оюутаны тэтгэмж авч үзмээр  байна шүү дээ”  гэж уйлсан юм.

Тэр үед Зөвлөлтийн оюутнууд  дунд суралцсан  тохиолдолд  оюутаны тэтгэлэг авдаггүй байсан юм.

Андрей Владимирович  тэгэхэд   “Чи наадах үгээ сургуулиа  төгсчихөөд надад  хэлээрэй “ гэснийг нь  маш тод  санаж байна.

1990 онд бид сургууль төгсөхөд  сүүлийн 2  жил уран зураг  төдийгүй  графика дизайны мэргэжилдээ онцгойрсон Ольга Савинаг  мэргэжлийн  ажил нь  хэдий нь хүлээж байсан гэдэг.

Хатуу чанга өвгөн багш минь бидний  дипломын хамгаалалт  дээр хамгийн дээд  оноог санал болгон захиж  байсан  юм билээ.

Владимир Рывчин

“Хүний цөөхөн  ховор чанар  бол хошин  шогийн мэдрэмж  юм шүү.Түүнд хил хязгаар  ,эрх ямба тогтоож  хэрхэвч болохгүй шүү"

 

Сөөнгө дуутай хирнээ  дэндүү сэтгэлд дотно, нүдний  том шилтэй энэ  үрчгэр, халзан толгойтой   эрхэмд   би  хайртай.

Энэ хүн намайг  дизайнер  болгохоос  илүү ном соёл заахаас  түрүүнд зүгээр  миний амьдралд  сайхан  сургамжит  дотно  эцэг минь  байсан юм..

Бидний  үеийн 5-р ангийн Зөвлөлтийн болон  манайхны   бахдан   судалдаг  “Дэлхийн дахины  эртний түүх” ном-ын уран сайхны редактор Владимир Иванович Рывчин багш минь байсан  гэхээр  бахархдагдаг  юм аа.

Миний багш маш даруухан хүн байсан.Түүнийг  ЗХУ-ын төрийн шагналтай гэдгийг олон жилийн дараа би мэдэж билээ.Тэгэхдээ бүр 5-р ангийн түүхийн сурах бичгээр энэ эрхэм шагналыг хүртсэн мэргэжлийн хэвлэлийн дизайнер хүн шүү дээ.

Багшийгаа олон  удаа  цээжээр зурж үзсээн..Гэхдээ шаржаар шүү дээ..Маш гоё уран хошин донжийг нь  хэзээ ч гаргаж чадаагүй яваа.

Тийм том  мастер багшаа мэдэхгүй болохоор  өөрт нь үзүүлчихэнэ.  Олон удаа зурсан зургаас минь маш ерөнхийлсөн нэгэн  зургийг  сонгон авахдаа “Хүнд хошин шогийн мэдрэмж гэж байдаг юм.Хөгжүүлж яваарай..Чамд хэзээ ч сул дүн тавихгүй гэж надад   амлачихажээ.

“Залуу хан хүү” хөөрч  будилж  хичээлээ  хэсэг умартах үед нь  багш жинхэнэ дүнг нь тавьж хашраасан байдаг\.Ганц удаа\

Багш нэгэнтээ тэсгэлгүй тэнэгхэн шавьдаа дахиад  “Хүний цөөхөн  ховор чанар  бол хошин  шогийн мэдрэмж  юм шүү.Түүнд хил хязгаар  ,эрх ямба тогтоож  хэрхэвч болохгүй шүү “ гэж билээ.

Дээр байгаа шаржийг би 2005 онд шог зургийн номоо бэлдэж байхдаа зурсан юм.Мэдээж цээжээрээ.Яагаад ч юм багштайгаа уулзсан мэт санагдаад сэтгэл хөөрч гарын шавь Ж.Жамбалсүрэнгээ дуудан оюутан цагаа дурсан суусансан.

Өнгөрсөн жил би шог зургийн үзэсгэлэндээ олон хүнийг элэглэн зурсанаа дэлгэж билээ.

Гэтэл нэг гярхай сэтгүүлч бүсгүй надаас “Та энэ олон шаржуудаас яагаад ганцхан хүний цол гуншинг нь бичсэн юм бэ? Бусдыг нь Ерөнхийлөгч ,ерөнхий  сайд   энэ тэр гэлгүй зүгээр л нэрийг нь бичсэн байх юм.” гэж асуусан юм.

Тийм ээ. Миний мэргэжил мэдлэгтээ хайртай,сонирхолтой, өдий зэрэгтэй яваа минь тэр хүний ач болохоор биширч хүндэлж явдаг  дэндүү  хайртай  ганцхан багшийнхаа алдар цолыг нь дуудан  элэглэл  хөргийг  нь  өөрөө залсан нь  үнэн билээ.

Би уг нь”Владимир Иванович  танаас яг  л одоо хэвлэлийн “юу” гээд асуух болтлоо ухаарах гэтэл  багш минь  надаас  хэдий нь алсад одсон байлаа..

Георгий Козубов


“Хүн болгон Леонардо да Винчи  шиг байх албагүй.Шрифтчин  болохгүй байж  бүр  ч болно.Харин дуртай сонирхолтой ажилдаа жинхэнэ эзэн байж  усан   бороо  ширүүн  орсон ч шантрахгүй тэвчээртэй  байх хэрэгтэй”



Георгий Иванович Козубов багш бол бидэнд шрифтийн урлагийг зааж байсан юм.Түүний хичээлд би базаахгүй амжилт үзүүлдэг хичээлд нь тааламжгүй ханддаг , даалгаврыг нь тэр бүр хийддэггүй байсан ч багш маань намайг зэмлэж загнахаас илүү жаахан бүтэлтэй зүйлийг маань  ч дэмжин урамшуулж ирсэн өгөөмөр сэтгэлтэн  нэгэн билээ.

1987 оны зун надад баяр гуниг зэрэг тохиож билээ.Хорвоод анхны үрийн дуугаа сонсоод баярлаж суухад намайг өсгөж өндийлгэн  эрх тааваар минь  хүн болгосон  хамгийн хайртай эмээ минь тэнгэрт хальсан юм.

Зунжин намаржин  би битүү гунигт автсан.

Модод навчсаа гөвөн бороо яльгүй шивэрсэн  Москвагийн нэгэн  шаргал өдөр би шрифтийн хичээлээ таслаад сургуулийн гадаа этюдникээ дэлгээд намрын гунигт сэтгэгдлээ тосон будгаар илэрхийлж зогслоо.

 

Манай сургууль ном хэлбэртэй 8 давхар цонх шил болсон байшинтай билээ.Номын чимэг ,зургийн анги  \ хэвлэлийн-  графика \ маань хамгийн дээд давхарт байдаг юм.Цонхон дээрээс Байкал кино театр, аугаа их Петр хаан Разумовский гүнд бэлэглэсэн үзэсгэлэнт хиймэл нуур хойд талын цонхоор нэрт барималч Бенуагийн барималууд бүхий Тимерязавын хөдөө аж ахуйн академийн төрөл бүрийн мод жимс бүхий үзэсгэлэнт ботаникийн цэцэрлэг алган дээр байгаа мэт тодхон харагддагсан...

Гэтэл энэ үед анги дотор нэгэн хөгжилтэй явдал болжээ.

Георгий Иванович хичэээлийн ирцээ бүртгэжээ.”Лувсанжалбуу байна уу? гэтэл хэн нэгэн “Дөнгөж сая гараад явчихсан.Одоо ороод ирнэ” гэж хаацайлчихаж.

Козубов багш ширээнээсээ өндийн босож ангийн цонхон дээр ирээд “Тэр бороонд зураг зурж байгаа цагаан хүрэмтэй хэн бэ?” гэж намайг өмгөөлөгчөөс асуухад ангийнхан бүгд инээлдэн цонхоор харцгаажээ.

Багш тэгсэнээ “Хүн болгон Леонардо да Винчи  шиг байх албагүй.Шрифтчин ч болохгүй байж  бүр болно.Харин дуртай сонирхолтой ажилдаа жинхэнэ эзэн байж энэ Монгол шиг бороо орсон ч шантрахгүй тэвчээртэй байх хэрэгтэй.Би лав түүнийг хичээл таслажээ гэж үзэхгүй байна.Бас түр гарчихаад эргээд ирнэ гэдэгт ч итгэхгүй байна.Миний бодлоор тэр дараагийн хичээлийн цагаар ч тэндээ л байх болно. Хараарай “гэж хэлсэн гэдэг. Үнэхээр  тэр өдөр би  сургуульдаа эргэн  очоогүй  билээ. Энэ түүхийг надад манай ангийн Володя Пингачёв хичээлийн дараа  ярьсан юм.

Козубов багш Монголын  төрийн шагналт зохиолч,нэрт шог зураач Цэндийн Доржготов багштай нэг ангид мөр зэрэгцэн сурч байснаа хааяа дурсан ярьдагсан.Би ч мэндийг уулзах бүртээ Готов гуайд байнга хүргэдэг байсан.

Георгий Иванович  дөнгөж цэргээс халагдаж ирсэн өтгөн хуузтай бадриун  сайхан залуу байсан гэсэн.

Нэг удаа Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр,бидний дотроос Москвагийн аварга шатарчин болон тодорч явсан С.Энхболд бид нар  шар айргийн газар тухалж суутал гаднаас Козубов багш ороод ирэх нь тэр. Айж сандарсандаа өмнөх шар айргаа юун уух манатай. Битгий  л олж харчихаасай гэж хулмалзаж суув.Тэр хоёр ч яахав өөрсдий нь багш биш болохоор тайван юм ярьж хөхрөлдсөөр.

Гэтэл хүдэр бадриун  зөөгч   залуу том царан дээр 6 аяга шар айраг барин ирж “Георгий Иванович багш чинь Монголын оюутануудыг дайлж байна “ гэж хэлээд бидний ширээн дээр тавьлаа.

Гэнэт би тайвшран багшаараа бахархан хөөрч “Манай багш нар ийм сайхан хүмүүс байдаг юм.Та нарых бол яав ч ингэхгүй дээ” гэж хэлээд цээжээ дэлдэж билээ.

Дараа нь багштайгаа таараад жаахан ичингүйртэл  юу ч болоогүй мэт гар барин мэндчилээд өнгөрч билээ.\Ер нь Оросууд багш шавь гэлтгүй  гар барин  далан дээр алгаддаг нөхөрсөг шүү дээ.\

Александр Дубасов
 
Багшийн үзүүлсэн үзмэрт  Монгол  улсын 1941 оны мөнгөн тэмдэгт байсан юм.Түүний  эцэг   Иван Дубасов  Орлов  хэвлэлийн аргаар  бүтээсэн  баримт  байлаа.


 

Хэвпэлийн  технологийн хичээлийг бидэнд Александр Иванович   Дубасов гэдэг  өвгөн багш ордог байлаа.



Хаа очиж нийслэлийн 51-р  суруульд Д.Осоов  гэж химийн  багшийн  шавь байсны ачаар   исэл, суурь ,хүчил, давстайгаа л явлаа.Уг нь манайд \графика –дизайны  ангид \  химийн  технологийн   хичээл ахлах голдуу  ангид ордог ч Монголын  боловсролоор гологдож явсангүй.

Яаж ч бодсон урлагийн ангийхан  тоо,хими,физик нэрээрээ” зурган дотор үсэг” явдаг  төрлийн хичээлийг тун бага сонирхдог нь үнэн  билээ.

Нэг удаа өвгөн буурал дайчин багш минь  хамаг одон медалиа  дайны үеийн  гурван  халз зураастай    түрүүч  мөрдэс  \өөрөө  тэгж хэлсэн юм\ агссаар орж ирсэн юм.

Одон тэмдгийн сайхнныг  яана. Тэдэн дунд  авгын минь өөрөө зүүж ирээгүй  ч манайд  нандигнан  хадгалагддаг “Бид ялав “одон хамгийн  түрүүнд  нүдэнд  туслаа.

Тэрээр  маш олон газраас цуглуулсан дайны үеийн  жирийн  захиаг цуглуулжээ.Эхлээд  зүгээр эзэнд нь хүргэх  гэсэн захидлууд ажээ.

Түүнд хаант засгийн   үеийн эрхэм баримт сэлтээс өгсүүлээд аавынх нь  тухай бодит  жишээ байсан юм.

Багшийн үзүүлсэн үзмэрт  Монгол  улсын 1941 оны Монголын  мөнгөн тэмдэгт болох нэг төгрөгийн дэвсгэрт  байсан юм. Түүний  эцэг  Иван Дубасов  Орлов  хэвлэлийн аргаар  бүтээсэн сонирхолтой  баримт  байлаа.Гэхдээ тэрээр  зураачаар  нь оролцож  эх загварыг нь бүтээсэн болтой юм билээ.

Александр Иванович  түүгээр  бахархан  явдагаа  онцолсон юм. Хожим  миний дипломын  технологийн  салбарын удирдагч  болохдоо Монгол  төгрөгийг  судлахыг дахин  дахин захин  хэлэхдээ  манай уламжлалаар духан  дээр минь  үнэрлэн үлдэж билээ.

 Александр Иванович   Дубасов эртний сайхан  ерөөлөөр  бидний диплом  гардуулах ёслолд оролцон  надад болон олон сайхан  гадаадын  нөхдөд  минь диплом  гардуулахдаа “Хичээгээрэй  хүү минь “ гэж  миний чихэнд  шивнэн хэлсэнийг нь одоо  ч  дотроо санаж явдаг аа.

Ирина Розанова

“Лениний номын санд Монголын соёлын үнэт өв болох алтан үсгээр бичигдсэн ном хадгалагдаж байдаг юм байна.Би чамд туслая.Чи энэ эрхэм үнэт зүйлийг Монгол хүний хувиар заавал олж үзэх хэрэгтэй шүү"



Номын  болон  хэвлэлийн  графикийн  түүхийг  Ирина Константивновна Розанова  багш зааж байлаа. Энэ бол   миний  мэргэжлийн  гол  хичээлийн  нэг юм шүү дээ.

Долоо хоногийн лхагва  гариг бүр бид дэлхийд  алдартай  В.И.Лениний  нэрэмжит номын санд хүрэлцэн ирж  лекц ордог байлаа.Тэгэхэд  жирийн  үед дэндүү шуугиан дуулиантай манайхныг  багш минь хуруугаа  хошуундаа чичлэн байдагсан.

Манай  ангид  Москвагийн  хүүхдүүд цөөнгүй  байсан юм.Тэд зөвхөн хоорондоо л ярина.Тарковскийн кино,Дали ,Пикассогийн үзэсгэлэн  гээд л...

Азаар хаа очиж  манайхнаас хэн ч аугаа папириусын  өмнө  пергаментын  хажууд ч  ч маргаж  мэтгэж шуугилдаж  байгаагүй юм.

Нэгэнтээ багш маань надад аминчлан хандаж “За,миний хүү би саяхан нэг сонин сайхан мэдээ олж сонслоо.

Энэ Лениний номын санд Монголын соёлын үнэт өв болох алтан үсгээр бичигдсэн ном хадгалагдаж байдаг юм байна.Би чамд туслая.Чи энэ эрхэм үнэт зүйлийг Монгол хүний хувиар заавал олж үзэх хэрэгтэй шүү” гэж захиад надад туслан судлагааны зорилгоор үзэж сонирхох хүсэлт бүхий өргөдлийг өөрөө  найруулан бичин өгч тэнхимээр дамжуулан номын сангийн захиргаанд уламжлуулан хүргэж билээ.

Хэсэг хугацааны дараа багш минь урамгүйхэн надад “Бидний хүсэлт талаар болжээ.Тэр номыг Ленинградын \Санкт-Петербург\ дорно дахины номын сан руу саяхан шилжүүлчихсэн гэсэн хариу ирж.Чи хэзээ нэгэн цагт тэр гайхамшиг номыг заавал олж үзээрэй “гэж ерөөсөн юм.

Тэгэхэд Розанова багшийн харцнаас надад зориглон хэлж зүрхлээгүй үнэнийг би   ойлгосон  юм.

Дараахан нь Ирина Розанова багш  надад” Монголын болон дорны дахины  урлаг аугаа юм шиг байна. Хамтраад нэг илтгэл бичвэл  яасан юм бэ?  гэж санал тавьсан юм.

Үнэндээ би  өөрөө огт төсөөлөлгүй байсан ч тэр үед Н,Чүлтэм  гуайн ”Исскуство Монголий” ном гарчихсан  байсан  болохоор голдуу түүнд тулгуурлан  бичээд ганц нэг  санаагаа нэмээд  дүрмийн алдааг минь Нямаажав  найз минь засаж өгч билээ.

Илтгэл  амжилттай болж  ангийхан маань ч намайг болон манай соёлыг ойлгож эхэлсэн байх.

Ирина Розанова багш   намайг “Миний  хүү” гэж дууддаг цорын ганц багш байсан юм.Алс газар багшаараа хүү нь болон дуудуулах  хичнээн  жаргалтай билээ.

Майя Митурич

"Монгол хүн  ташууранд  дургүй .Гэхдээ ташуурдсан хүндээ хайртай байдаг" гэж сонссон юм.


Миний дипломын төслийн нэгдүгээр хэсгийн удирдагчаар Майя Петрович Митурич ажиллсан юм.

Бийрэн татлагаар маш ерөнхийлөн товчхон ажилдаг ЗХУ-ын ардын зураач түүнийг би өөрөө сонгож болох боломж надад олдсон юм.



Түүний аав.ээж хоёр алдарт зураач төдийгүй нагац ах нь өнгөрсөн зууны Оросын нэрт яруу найрагч Велимир Хлебников  байсан юм.

Дипломын анхны  төслөө үзүүлэх гэтэл тэрээр намайг гэртээ урьсан юм..Киевийн вокзалийн ойролцоо  байсан санагдана.

Гэрт нь би очлоо.Гурван өрөө байсан юм болов уу..Ямар ч байсан тэднийд  элдэв ангийн  үс ,толгой соёо тэргүүтэй сонирхолтой үзмэрүүд их байсан юм.Диваан дээр гэхэд баавгайн  арьс байх жишээтэй.Доор хивсний оронд ч юу ч байв.

Тэр  сайхан үслэг орчинд час улаан утас,яг ийм өнгийн  мини\одоо бол  14 инч байх\ Япон хийцийн  зурагт,хөгжим үнэн  зохисон харагдаж билээ.\1989 онд шүү\

Өөрөөс нь арай залуу бөгөөд Ази төрхтэй гэмээр гэргий нь биднийг тахиан махаар  дайлсан юм.

“Залуу хүү тууж өгнө биз дээ”.гээд багш коньякаа Монголын ард түмэнд  зориулан задаллаа. \зөвхөн надад  биш\

Тэгээд тэр үед өрнөсөн Монголын  ардчилалын  сонинг надаас сонсож  суулаа.

Ямар ч байсан  зөв  үзэгдэл  гэж хэлж байсан юм.



Эцэст  нь багш  өөрөө намайгаа гаргаж өгөхдөө” Надад  хэзээ ч Монгол  оюутан таарч байсангүй.Та анхдагч нь  боллоо.Монгол хүн  ташууранд  дургүй .Ташуурдсан хүндээ хайр тай байдаг “ гэж сонссон гэж хэлсэн юм.

Би багшдаа  “ташуурдуулаагүй”  юм Учир нь тэр миний диломыг  удирдаж  завдаагүй билээ.

Лумо /Л.Мөнхбат/