Аав нь одоо Солонгост Чэжү-д байна. Энэтхэгт очоод өчигдөр энд ирсэн. Тэнд би Далай ламтай уулзсан юм. Урьд нь би Далай ламтай уулзаж, мөргөж байсан. Гэхдээ энэ удаа урьд урьдынхаас илүү сайхан байлаа. Аав нь ганцаараа уулзсан. Далай ламтай тухтай сайхан ярилцсан. Далай лам бидэнд алтадсан цутгамал бурхан хайрласан. Үе удам дамжаад шүтэж явах ёстой гэсэн. Бурханы сүнсэглээд ном уншиж хайрласан Бурхан багш. Хайрлаж мөргөж хадгалж явах ёстой.

Хясаа өөрийн шарх, бэртлээрээ гялтганасан гоё сувдыг төрүүлдэг.
Тэрээр өөрөө олгойдон байж сувдыг бий болгодог.
Түүнтэй адилхан.
Чиний ээжийн бие болоод сэтгэл, оюуны шарх чамайг бүтээдэг.
Шарх сорви үгүй хясаанаас сайн сувд гэж төрдөггүй юм.
Нэгэнтээ хятадын гүн ухаантан Күнз
“Шарх үгүй  оюун ухаан, сайн сүнс гэж хаана байна” гэж  хэлсэн гэдэг.


НЭГ:


ЭЭЖИЙН ИНЭЭД АУГАА. ЭЭЖИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ ҮНЭН.
ХҮН ТЭГЖ ЭЭЖ ШИГ ҮНЭН ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ.

Аав нь та нарт нэг түүх яръя. Ээжийн тухай түүх.

Та нарын эмэг ээж, аавынх нь ээж Равдангийн Хорлоо гэдэг хүн байсан юм. Олон хүүхэдтэй амьдрал ядуу байсан. Гэхдээ сайхан сэтгэлтэй царайлаг сайхан эмэгтэй байсан. Аль дээр 1970 онд өвчнөөр өөд болсон юм.

Тэгэхэд би 16 настай байсан. Хаанаас ч билээ дээ аав нь 2 төгрөг олсон. Түүгээрээ 2 ширхэг гөөхий, 1 шил ундаа ус авсан. Тэгээд эмнэлэгт ээжийгээ эргэж очсон юм. Ээж бид 2 эмнэлгийн хашаанд, модны сүүдэрт, урт модон сандал дээр суусан. Ээж намайг үнсээд үнэрлээд сууж байсан. Дараа нь ээж бид 2 гөөхийгөө хуваагаад идсэн. Бас ундаагаа хуваагаад уусан. Тэгээд ээж инээсэн. “Миний хүүд ийм их мөнгө хэн өгөөв?” гээд инээсэн. Ээж зөндөө инээсэн. Ээжийгээ дагаад би бас инээсэн. Хоёулаа нийлээд инээсэн. Аж жаргалтай сайхан байсаан.
Ээжийгээ инээлгээд, Ээжтэйгээ гөөхийгөө хувааж идээд. Бас ундаагаа хоёулаа хувааж уугаад л....

Ээжийн минь инээд.
Чин сэтгэлийн нүгэлгүй сайхан инээд байсан.  

Үрээ харсан ээж. Сэтгэл оюуны асар их тэсвэр, тэнхээг өөртөө бий болгож чаддаг. Тийм болохоор ээж юуг ч даван туулж чадна. Өвдсөн ч зовсон ч тэсэж чаддаг нь. Тэгээд үрээ хараад  инээж чаддаг хүн орчлонд ганц ээж юм даа.

Тэгэхээр ээжийн инээд аугаа. Ээжийн инээмсэглэл бас үнэн. Хүсэл тэмүүлэл хайр энэрэлээрээ хүн тэгж ээж шиг үнэн инээж чадахгүй.

Идэр залуудаа насан өөд болсон ээж минь. Миний шүтээн.

Цаг хугацаа юуг ч хүлээхгүй. Бас хэнийг ч хүлээддэггүй. Орчлонгийн жам. Олон
жил өнгөрчээ.

ХОЁР:

ХҮН ХОРВООД ХИР УДААН АМЬДРАХ БИШ.
ХҮН ХОРВООД ЯАЖ АМЬДАРСАН НЬ ИЛҮҮ ЧУХАЛ.

Миний хүүгийн ээж нь бас инээсэн. Орчлонгоос явахдаа инээмсэглэсэн юм. Тэрээр “Би өвдөөгүй, зовоогүй” гээд энхрий ялдам сайхан инээмсэглэсэн. Тэгээд үүрд одсоон. Ээжийнх нь эцсийн үг инээмсэглэл байсан.  Энхрий зөөлөн. Бурханы инээмсэглэл байсаан. Өвдөж шаналах. Үгээр хэлэшгүй зовлон. Өвдсөн ч, зовсон ч ээж нь тэсч чадсаан. Тэгээд инээмсэглэсэн. Аугаа их зориг зүрх. Тэр бүгдийг тэсээд, тэгээд инээмсэглэж чаддаг хүн орчлонд хэд бол? Ээж нь тэгж чадсан. Тэссэн.  Тэгээд инээмсэглэсэн юм.

Хүн хорвоод хир удаан амьдрах бишээ.
Хүн хорвоод яаж амьдарсан нь чухал.
Ээж нь орчлонд утга учиртай амьдарсан.
Ээж нь хүссэнээрээ сайхан амьдарсан юм.


Тийм учраас ээж нь өнө мөнхийн гэгээрэл рүү явсаан. Тэгээд ээж нь инээмсэглэсэн юм. Тэрээр инээмсэглэл гэдэг шидэт дэнлүүгээр ертөнцийг гэрэлтүүлсэн. Харанхуй хоосоныг ялан дийлээд одсон юм. Тийм хүн өөр юуг ч даван туулаж чаддаг юм.

Тийм учраас инээмсэглэж яв.
Баргар байвал инээ.
Багтарч бачимдсан ч инээ.
Өвдөж зовсон ч инээ.     
Өнгөрснийг бодож бүү гутар инээ.
Чадаагүй л биз инээ. Дараа чи чадна.
Болоогүй л биз инээ. Дараа болноо.
Ээж шигээ инээ. Аав шигээ онгир. Яадгийн!
Цаг хугацаа хэнийг ч юуг ч хүлээхгүй шүү!  Амжиж чи инээ.
Миний хүү, миний охин, инээмсэглэ инээ.
Үл ялиг ялдам сайхан инээ.
Омог бардам энхрий сайхан инээ.
Инээ инээмсэглэж яв!


ГУРАВ:



ИНЭЭД БОЛ БУРХАНЫ ТӨРХ.
БАС ЭЭЖИЙН ТӨРХ.

Бурхан хаана амьдардаг. Бурхан хаана инээдэгийг аав нь чамд  хэлэх үү?

Бурхан тэнгэрт биш. Бурхан гадаад их далайд биш. Өндөр ууланд ч биш. Бурхан эгэл боргил айлд. Хичээнгүй шударга, хөдөлмөрч хүмүүстэй хамт амьдардаг.

Бурхан тансаг сайханд инээдэггүй юм.
Бурхан эгэл даруухан тэгээд хичээнгүй хөдөлмөрч, тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд инээдэг юм.

Тэгэхээр

Инээмсэглэл бол ид шид. Инээд бол бурханы төрх. Бас ээжийн төрх.

Бурхан багш, Далай лам, Ажаа багшийгаа чи хар! Сайн хар!

Үл ялиг, ялдам сайхан инээмсэглэл тэдэнд бий. Энэрэнгүй сайхан, нүгэлгүй ариун инээмсэглэл тэнд байдаг юм. Аврал, гэгээрэл, итгэл бишрэлийн туйлийг чи тэндээс олж харна.

Тэгээд бас ээжийгээ чи хар! Сайн хар!

Орчлонгийн гэрэлт сайхан хайрын инээмсэглэлийг чи түүнээс олж харна. Ертөнцийн маргашгүй үнэн, гоо сайхны хил хязгаарыг ээжээсээ чи олж мэдэрнээ.

Бас бурханаас, Багшаасаа, Ээжээсээ чи энэрэл хайрын сүлд дууллыг сонсоно. Аз жаргалын мөнх цаст оргилын оройг чи олж харж чадна.

Айдас, хүйдэс, уур хилэнгээр бүү амьдар. Гутрал, гунихрал, зовлон зүдгүүрт бүү сөгд!

Инээж яв.
Инээмсэглэж яв.

Миний сайхан хүү. Миний хөөрхөн охин. Инээ. Инээмсэглэ.


ДӨРӨВ:

ИНЭЭМСЭГЛЭЛ ХҮЧТЭЙ.
ИНЭЭМСЭГЛЭЛ ИД ШИД.
ТҮҮНГҮЙ БОЛ АМЬДРАЛ ХООСОН.

Санта Рафеэлийн “Мадонна”-г чи харсан байх.
Тэр зураг яагаад хүн, оюуны шүтээн болж чадсаныг чи мэдэх үү?

Түүний нуугдмал их хүч чадал. Үнэ цэнэ нь. Үрээ тэвэрсэн ээжийн инээмсэглэл.

Тэр зураг энгийн. Гэхдээ энгийн сайхны туйл гэх ээжийн инээмсэглэл тэнд байдаг юм. Тийм учраас ээжийн инээмсэглэл аугаа. Ээжийн инээд бас үнэн. Хүсэл тэмүүлэл хайр энэрэлээр. Хүн тэгж ээж шиг үнэн инээж чадахгүй. Инээмсэглэл хүчтэй. Инээмсэглэл ид шид. Түүнгүй бол амьдрал хоосон. Тэгэхдээ чи инээмсэглэлийг хайгаад хэрэггүй. Хэн нэгэн чамд өгөхгүй. Тэр чиний төрөлх чадвар. Чамд бий. Харин тэр чадвараа чи нээ. Аль болохоор их инээ. Тэгвэл чи өөрөө өөрийнхөө эзэн байж чадна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хувь тавиланг өөрөө чи зурж чадна.

Инээ. Одооноос эхлээд инээмсэглэ. Хувь тавилангаа өөрөө чи бүтээн босго.

Инээ. Хорвоогоос явах сүүлийн мөчдөө ч чи инээмсэглэ. Тэгээд омог бардам яв. Өөр юу ч чамд хэрэггүй. Хүндлэл, бишрэл, баян тансаг юу ч хэрэггүй. Юу ч авч явж хорвоогоос чи чадахгүй. Харин бурхан чамд үүрд өгсөн, төрөлх чадвар инээмсэглэлээ чи аваад явнаа. Тэр энд үлдэхгүй. Чамтай хамт явна. Тэр бол чиний инээмсэглэл.

Тийм учраас чи инээмсэглэ.

Хэрвээ чи инээхгүй бол ад чөтгөр, айдас хүйдэс өндийн босч ирдэг.
Хэрвээ чи инээхгүй бол аз жаргал, хайр халамж үргээд, холдож зайлдаг юм.

Тийм учраас инээ инээмсэглэж яв.
Инээ. Цастайд ч нартайд ч чин сэтгэлээсээ инээ.
Миний хүүхдүүд. Миний хүү. Миний охин.

Инээ.

Бие биенээ хараад инээ.
Бусдыг харж инээмсэглэ
Инээ. Инээ бас дахин инээ.


БАТЖАРГАЛЫН БАТБАЯР