Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 21 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь Монголын иргэн бүр долоон сая төгрөгийн хөрөнгө эзэмшиж буйтай дүйцэх боловч нэг төгрөгөөс авах өгөөжийн тухай бодоогүй бас аваагүй олон жил явж ирлээ. Аа уучлаарай, энд буруу бичлээ. Өгөөжийг хангалттай авсан, гэвэл хэдхэн хүн. Дархлаагүй биеийг далимдуулан дураараа дургиж байжээ. Зүйрлэвэл тэд халдвар тараагч вирусууд юм.

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь хүний дархлал хомсдлын вирусаар (ХДХВ) хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээдгийг бид мэднэ. Дархлаагүй болсон хүний бие бүх төрлийн халдвар ба хавдрын өвчний эсрэг хамгаалах ямар ч чадваргүй болдог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй, жил бүр хэдэн арван сая хүмүүс амиа алдаж байна.

Бид амьдарч буй систем, төр маань өөрөө зогсолтгүй ажилладаг амьд организм билээ. Гэвч сүүлийн үед үүсээд буй нийгэм, улстөр, эдийн засгийн байдлыг ажвал дархлаагүй болчихож. Төрийн дархлааг үгүй хийж буй вирус нь тэгвэл юу юм бол?

Алсын “нэгдсэн” Хараа

Бизнесийн байгууллагад удирдлагын гурвалжин гэсэн ойлголт бий. Гурвалжингийн дээд үзүүр нь гүйцэтгэх захирал (CEO) буюу алсын хараа (vision), зүүн доод үзүүр нь үйл ажиллагаа эрхэлсэн захирал (COO) буюу operational excellence, баруун доод үзүүр нь санхүү эрхэлсэн захирал (CFO) буюу harmony, өөрөөр хэлбэл бүгд нийлээд компанийн засаглалын үндсэн тэнхлэгүүд гэж томъёолдог. Бүдүүлгээр зүйрлэвэл манайхаар бол Ерөнхийлөгч, УИХ, ба Засгийн газар гэсэн үг. Гэвч тулгын гурван чулуу шиг нэгэн зорилготой байх ёстой энэ институциуд үе үе гурван тийшээ харж, гурван өөр зүйл ярьдаг нь  бидний мэдэх л эгэл явдал билээ. Бүгдээрээ бид алсын хараатай гэж буй боловч бид МОНГОЛ гэдэг нэгдсэн алсын хараанд өнөөдрийг хүртэл зангидагдаж чадаагүй байна. Гүйцэтгэл нь хичнээн сайн байсан ч улсынхаа зээлжих зэрэглэлээс давсан хөрөнгө оруулалт татах боломж Монголын ямар ч компанид байхгүй. Бидний нэр хүндийн дархлаа алга болжээ.

Засаглалын Синдром

Аливаа компани ба төрийн засаглалыг тухайн институцийн менежер буюу удирдлагын “чанар, хүн чанар, мөн чанар” гэж хэлж болно. Иймээс зорилгогүй, чадваргүй институцийн нийгмийн хариуцлага гэдэг нэрийн доор хийж буй ажлуудаас мөн чанарыг олж харж, ойлгоход нэлээд хэцүү, заримдаа бараг боломжгүй. Учир нь эдгээр хийж байгаа ажлуудын зорилго нь богино хугацааны ашиг сонирхол дээр суурилсанаас гадна “Agency Problem” буюу бизнесээр бол компанийн хувь нийлүүлэгч, жинхэнэ эзэд болон шийдвэр гарган ажилладаг менежерүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчлөөс голцуу үүдэлтэй байдаг. Ялангуяа төрийн өмчит компаниудад компанийн үйл ажиллагаа, үнэ цэнэтэй ямар ч холбоогүйгээр “даргын найз” гэдэг шалтгаанаар компанийн мөнгийг ямар ч үнэ цэнэгүй зарцуулдаг. Тааруу, муу компанийн засаглалтай, дээр хэлсэн зөрчил ихтэй газруудад чадвартай боловсон хүчин, топ менежерүүд тогтдоггүй “хуультай”. Маш олон жишээгээр батална. Гэтэл зарим хүн тогтохоор барах уу бүр “амжилттай” ажиллаад байгаа жишээнүүд ч хангалттай их байдаг. Үүнийг зарим судлаачдын хэлдэг “Management Entrenchment” гэсэн томъёололтой холбож болно. Ухаан нь өөртэйгээ адилхан “чанаргүй” хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн бүх шийдвэр гаргах эрх мэдлийг өөр дээрээ авч, мэдээллийн хэт төвлөрлийг тэрхүү этгээд ганцхан өөр дээрээ үүсгэх нь байна. Ингэсний дараа хувь нийлүүлэгч, компанийн захирлуудын зөвлөл ч тухайн этгээдийг халах, солих боломжгүй болдог аймшигтай жишээнүүд байна. Рекетчин гэсэн үг. Чухам төрийн өмчит компаниуд дээр Төр өөрөө рекетчин болоод удаж байна. БИДНИЙ ЁС СУРТАХУУНЫ ДАРХЛАА АЛГА БОЛЖЭЭ.

Рекетчин “Төр”?

 Мэдээж ганц, хоёр увайгүй хүнээс болж бүхэл бүтэн компанийн үнэ цэнэ унах нь ховор. Тиймээс муу засаглалтай холбоотой асуудлын цаана бараг бүхэл бүтэн мафи байдаг гэж хэлж болно. Үүнтэй холбоотой “Tunneling” гэсэн санхүүгийн нэг хэллэг байдаг. Компанийн удирдлага, гол менежерүүд компаниасаа хулгай хийхийг хэлж байна. Магадгүй төр хамгийн муу менежер гэж ярьдаг нь үүнтэй ч холбоотой байж мэдэх юм. “Tunneling”-ийн хамгийн түгээмэл арга нь найз, эсвэл хамаатан нь шинэ компани байгуулж, давуу эрхээр анхны компанид бараа материал нийлүүлэх урт хугацааны эрхийг авдаг.

Азийн улсууд ихэвчлэн балансын дүнд анхаарлаа хандуулж нийт хөрөнгийн хэмжээгээрээ (total assets) уралддаг бол барууны фирмүүд өөрийн хөрөнгийн (owner’s equity) хэмжээгээрээ уралддаг болсон. Өөрөөр хэлбэл өр тавьж байгаад ч болохнээ тухайн компанийг их хөрөнгөтэй гэж харуулах уу, эсвэл олж буй өгөөжийн чанарт анхаарах уу гэсэн үг юм. Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй орнуудад компаниуд ихэвчлэн чанарын араас биш тооны араас хөөцөлдөх агаад тухайн компаниудын Board of Directors буюу Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь ч их сул хүмүүсээс бүрддэг нийтлэг хандлага байна. ТУЗ-д цаг сайхан байхад дарга, сайд хийж явсан голцуу тэтгэврийн хөгшид цугларах агаад компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн атганд орох магадлал их. Үүний том шалтгаан нь компанид гаднаас санхүүжилт хэрэгтэй бол банкинд л хандахаас бус хувьцаа шинээр олон нийтэд гаргах асуудал үгүй юм. Төрийн өмчит компаниудын хувьд ТУЗ-д томилогдож буй гишүүд нь цэвэр улс төрийн томилгоо болсон. БИДНИЙ ҮНЭ ЦЭНИЙН ДАРХЛАА ҮГҮЙ БОЛЖЭЭ.

Менежментийн Хомсдлын Хам Шинж

Уг нь сүүлийн үед манайхан Vision гэж их ярих болсон. Том байгууллагууд нь дээр үед томъёолсон vision-оо эргэж харах, байхгүй байгууллагууд нь алсын хараагаа тодорхойлох зэргээр ямар ч байсан бүх аж ахуйн нэгжүүд хаашаа явж буй, явахыг хүсч буй чиглэлээ тодорхойлоод буй. Гэвч зорилгоо биелүүлэх хангалттай нөөц, ур чадвар, хамгийн гол нь чин хүсэл байна уу? Үүнийг англиар бол passion гэж яриад буй. “If you have vision without passion, nobody will follow you” гэсэн хэлц байдаг. Өөрөөр хэлбэл аливаа хүн, эсвэл байгууллага, төр, улс үндэстэн өөрсдийн тодорхойлсон тэрхүү зорилго, мөрөөдөлдөө хүрэх чинхүү эрмэлзэл, сэтгэл байхгүй болбоос хичнээн сайхан зорилго цаасан дээр буулгаад үр дүн гарахгүй билээ. Ийм нөхцөлд бидний хэн нь ч, хэзээ ч лидер, удирдагч болж чадахгүй. Менежментийн хомсдол бодитоор нүүрлэснийг манай төрийн өмчит компаниудын жил бүр өсч буй алдагдлаар баталж болно. Сангийн дэд сайд Х.Булгантуяа өнгөрсөн сард өнгөрсөн ярилцладаа төрийн өмчит компаниудын 70% нь алдагдалтай ажилладаг гэжээ. Өөрөөр хэлбэл, улсаас байнга татаас авдаг, ашигтай ажиллах талаар ямар нэгэн алхам хийдэггүй, хэт улстөржсөн, шаардлагагүй орон тоог байнга нэмж, гадаад, дотоодын томилолт гэдгээр халхавчлан тансаглаж, бизнесээсээ ахадсан том оффист суудаг гэсэн шүүмжийг бид байнга сонсдог ба хэлдэг. Мөн ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг ашигтай ажиллуулах үүрэг даалгаврыг өгөх, хэрэв ашигтай ажиллаж чадахгүй бол хувьчлах, менежментийг нь солих зэрэг тодорхой арга хэмжээ авах алхмуудыг зайлшгүй хийхээ дэд сайд дурдсан байна. Хүнээр бол бид зогсолтгүй цус алдаж байна. БИДНИЙ УДИРДЛАГЫН ДАРХЛАА ҮГҮЙ БОЛЖЭЭ.
 
Дархлаагүй Биеийн Эмчилгээ

 Дархлаагүй бие халдвараас хол явах ёстой. ДОХ бэлгийн замаар, цусаар, эхээс урагт дамждаг. ХДХВ хүний биеийн гадаад орчинд тэсвэргүй. Үүний адилаар дотроо буглаж удсан дээрх асуудлуудыг ил гаргаж, нээлттэй болгож, гадаа гаргаж сэгсэрч гэмээнэ бид төрийг “ДОХ”-оос салгах боломжтой. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн сошиал медиад бичсэнээр “төрийн өмчит 89 компаниас 59 нь алдагдалтай ажиллаж байна. 2012 онд эдгээр компаниуд 3 их наяд төгрөгийн өр авлагатай байсан бол энэ тоо 2016-д 10.5 их наяд төгрөгт хүрч” 4 жилийн дотор 3 дахин өсчээ. Эдгээр компаниудын нийт хөрөнгө 21 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь Монголын иргэн бүр долоон сая төгрөгийн хөрөнгө эзэмшиж буйтай дүйцэх боловч нэг төгрөгөөс авах өгөөжийн тухай бодоогүй бас аваагүй олон жил явж ирлээ. Аа уучлаарай, энд буруу бичлээ. Өгөөжийг хангалттай авсан, гэвэл хэдхэн хүн. Дархлаагүй биеийг далимдуулан дураараа дургиж байжээ. Зүйрлэвэл тэд халдвар тараагч вирусууд юм. Монгол улсын саалийн үнээ гэж цаг үргэлж цоллогддог Эрдэнэт үйлдвэрийн гадаад хувь нийлүүлэгч нь дотоодын компаниар солигдсон үйл явдал нь ДОХ-той хүний “дайсны талын вирусуудад” дархлааны эрчимт эмчилгээ эхлүүлж буйтай адил тусах шиг болов. Төрийн мөнгө анх удаа “ёо ёо” гэж худлаагаасаа өвдөн янцаглаж эхлэв.

 Хаашаа явахыг дарга, Хаагуур явахыг жолооч нь мэдэж байна уу?!

Өдийг хүртэл төр ба хувийн хэвшлийн ажил үүргийн хуваарь манайд тодорхой бус байсаар л байна. Нэг харахад төр маань Улаанбаатар хотын нэгэн дүүргийн бүх модон жорлонг доторлоод ч явах шиг. Дахиад нэг харахад хувийн хэвшил нь төрөөсөө илүү хөрөнгө мөнгийг гадаадаас оруулж Монгол улсын Chief Marketer нь ч болоод байх шиг. Зарим нэг төрийн бус байгууллагууд төрийн ажлыг өмнөөс нь хийж ч байх шиг. Өөрөөр хэлбэл олон салаа замаар явж буй зангараггүй дарга ба замбараагүй жолооч хоёртой агаар нэгэн байна. Энэ янзаараа удвал даргатайгаа архидсан жолооч “хоюулаа нэг жолооч авах уу даа” гэдэг онигоо бодит амьдрал болох нь ээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “төр нүүрс ухсаар байгаад нүүрсний салбарыг дампууруулсан. Барилга барьсаар байгаад барилгын салбарыг дампууруулж байна. Төрийн эдийн засаг дахь оролцоог таслан зогсоох цаг болсон” гэж хүчтэй мэдэгдэж буй нь юуны дохио бол?

Төр ажлаа хий. Гэхдээ тэр ажил нь юу вэ? Хувийн хэвшлийг ажлыг нь хийлгэ. Гэхдээ хувийн хэвшлийн ажил нь бас юу вэ гэдгээ маш сайн тодорхойлж, төр ба хувийн хэвшил юун дээр хамтрах, эсрэгээрээ юун дээр хамтрахгүй дундуураа улаан шугам зурах вэ гэдгээ бид нухацтай ярилцах цаг хэдийн болжээ. Нөхөр ажлаа сайн хийвэл эхнэр ч бас ажлаа сайн хийнэ гэдэг онигоо бас байдаг.

Өнгөрсөн Түүх ба Ирээдүйн Зорилго

Ливан гаралтай боловч Бразилд төрж, Францад боловсрол эзэмшсэн Carlos Ghosn дампуурлын ирмэгт байсан Ниссан корпорацийг хэрхэн босгосон нь менежементийн гайхамшигт тооцогддог. Энэхүү түүхийг жаахан томруулаад харвал Монголын өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай тун төстэй. Улс орны хувьд асуудал үүсэх шалтгаанууд  Карлосынхаар:

  •  Улс орны хөгжил юун дээр төвлөрөх ёстой, нэмүү өртөг хаанаас гаргах вэ гэдэг төрийн бодлого нь хүчтэй биш
  • Том тоо яриад, дэлхийн эдийн засаг, өрсөлдөх чадвараа хэт хэлэлцээд ард түмнийхээ бодит хэрэгцээ, шаардлагыг бүрэн мэдрэхгүй болтлоо багагүй хөндийрсөн
  • Стратегийн шинжтэй шийдвэр гаргалт удаан, гадаад орчны мэдрэмж муутай. Мэдрэмж сайн байгаад ч нөлөөлөл нь бага
  • Төрийн түвшинд, эрх барьж буй намуудын хүрээнд зөвшилцөж баталгаажсан улс орны алсын хараа, хэтийн зорилго, дунд хугацааны төлөвлөгөө байхгүй. Бараг ихэнх шийдвэр дараагийн сонгууль хүртэлх хугацаагаа л харж гарч буй нь улс орны урт хугацааны алдагдсан боломжийн өртөг гэж хэлж болохоор
  • Баялгийн тэгш бус хуваарилалт болон нийгмийн халамжийн хавтгайруулсан бодлого, сонгуулийн популизм дээр суурилсан хоорондын харилцаа
Мань эрийн хийсэн менежмент нь ердөө компанийн засаглал, бодит гүйцэтгэл, ба мэдээллийн ил тод урсгалтай (шилэн) компанийг л бий болгосон байдаг. Бидэнд ийм Монгол кэйс байна уу? Ер нь байх боломжтой юу?

Монгол Зорилго

Хамгийн их хэл ам дагуулж буй компани бол өнөөдрийн байдлаар яах аргагүй Эрдэнэт үйлдвэр болж байна. 100 хувь Монголын болсон, залгаад дотроо булаалдаж байна. Харин хувийн хэвшлийг төлөөлж буй Монголын Зэс корпораци Эрдэнэтийн ирээдүйн 5 зорилгыг тодорхойлж цахим хуудасдаа (http://ww.mcc.mn/infograph.html) тавьжээ. Түүхэндээ анх удаа олон улсын аудитийн компаниар санхүүгийн баталгаажуулалт, хяналт хийлгэж, мэргэжлийн зөвлөгөө авч буй уг аварга үйлдвэр ийм зорилго тавихгүй бол өөр хэн тавих билээ. Зөв ажиллаж бас ажиллуулж чадвал Эрдэнэтийн кэйс PPP (Public Private Partnership) буюу төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бахархам жишээ болох боломжтой. Алсыг харсан, нөөцөө сайтар хуваарилсан, эрсдлээ тооцсон бидний нэгдмэл зорилго магадгүй Монголын хамгийн хүчирхэг дархлаа болох ёстой болов уу!

 

В.ГАНЗОРИГ