Энэ 7 хоногт
Гурвалаас гарсан урвал
Хийл, төгөлдөр хуур, морин хийлийн гурвалаас энэ дэлхий дээр хүний гараар бүтэж болох гайхамшигт нэгэн яруу хөг ундрах учиртай. Д.Галбадрах, Б.Оюу, Ц.Бэхбат гурав нэгдэж гэмээнэ Монголын сонгодог урлагийн ертөнцөд нэг содон үзэгдэл бий болох ёстой. Манайд бол аль аль нь шинэ, сонин, үзүүштэй, сонсууштай хэрэг явдал
Энэ тоглолтын оркестрыг дохихоор ирсэн АНУ-ын удирдаач Брэд Коиэр ийн ярьсан. “Гурвалд зориулж бүтээл хийнэ гэдэг маш хэцүү. Хөгжмийн зохиолчид нэг гоцлоочид зориулаад оркестртой хамтарсан зохиол бичих нь л том шалгуур болдог. Зарим нь чаддаг ч үгүй. Нэг бол гоцлооч нь тодроод, оркестр нь хаягдах ч юм уу, яг балансыг нь олох амаргүй байдаг болохоор тэр. Харин Л.Бетховен энэ хөгжмийг бичснээр маш том зүйлийн ард гарч, сонгодог урлагт нэгэн үнэ цэнэтэй бүтээл үлдээсэн” гэлээ. Гурвын гурван гоцлол хөгжимчин байхын дээр хоорондох уялдааг л нь соргог мэдэрч, найруулан бичих гэдэг амаргүй аж. Л.Бетховен “Гурвалд зориулсан концерт”-тойгоо зэргэцэн тухайн жилээ III, V симфонио бичиж дуусгасан байдаг. Тэр үед тэрбээр бид одоо мэддэг болсон шиг агуу хөгжимчинд “хувилж” байсан учраас өөрийгөө шинээр нээж, шинийг эрэлхийлж байсан юм билээ. Ингэж дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцөд Л.Бетховений нэрийг алтаар сийлэх шалтгааны нэг нь болсон “Гурвалд зориулсан концерт” нь бүтсэн юм байна. “Classical trio concert” тоглолтын төгсгөлд энэ бүтээлийг оркестртой хамтран тоглосон. Хөгжимчдийн чансааж сорьж, шалгадаг зартай бүтээл гэсэн. Гэвч манай гурвал хөгжимчин ерөөсөө шалтгалт өгч байна гэж бодсон юмгүй харагдсан. Залуу хөгжимчид хэдий ч үзүүлээд өгье гэсэн шиг эрэмгий байснаас үүдэж сонсож суугаа бидэнд хүртэл цочир сонин байсангүй, энэ эгшиг аялгуутай зугуу зугуухнаар уусан шингэж нэн таатай байлаа. Ер нь Ц.Бэхбат, Б.Оюу, Д.Галбадрах гурав энэ хөгжмийг энд, одоо тоглох л гэж бэлтгэгдсэн юм шиг санагдсан. Хөгжим нь ч гэсэн эрчимлэг, асар их чадвар шаардсан гэдэг нь илт.
Энэ тоглолтын эхлэл болсон Ф.Мендельсоны “Гурвал №1” бүхэлдээ яруу сайхны дуулал адил хөнгөн хөнгөн “товшоотой”. Төгөлдөр хуурын тоглолт үндсэн суурь болох ч хийл, морин хийлийн найрлагатай гойд уялдаатай. XIX зууны үеийн романтизмын бас нэг сонгодог, сонирхолтой илрэл гэдгийг Б.Оюу ярьж байлаа. Тэр бүр “Ф.Мендельсоны трио дөрвөн ангитай. Хоёрдугаар ангийг нь энэ хорвоогийн хамгийн сайхан үгээр магтмаар байгаа ч үг эвлэхгүй юм. Тэр хэсгийг тоглож байхдаа мэдэрч байгаа аз жаргал, таашаалыг юутай ч зүйрлэх аргагүй” гэж тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгөх үеэрээ хэлсэн нь санаанд орж байлаа. Энэ бүтээлийн дүрэлзсэн их тэмүүллийг нь тэд буй чигээр нь дэлгэн сонирхуулсанд нь талархаад баршгүй. Манай гурвал урьд нь гадаадад хамтарч, гоцлож хэд хэдэн удаа тоглолт тавьсан туршлагатай юм билээ. Сонгодог хөгжмийн хөгжил, өв уламжлалаар баян Швед, Испанийн тайзнаа гараад амжиж. Тухайлбал, Д.Галбадрах Нью-Йоркийн алдарт “Карнеги Холл”-д “World Milal choir”-той хамтран тоглолт хийсэн бол, Ц.Бэхбат Испанийн Бенаске хотод болдог “Beyond the music” олон улсын фестивальд гурван ч удаа оролцож, харин Б.Оюу Испанийн гурван хотод, дөрвөн удаа тоглолт зохион байгуулж амжсан. Бэхээ, Галаа хоёр хэсэг зуур Европод “үзэлцэж” байгаад эх орондоо эргэн ирсэн нь энэ. Харин Б.Оюу “Grand evening of Piano” нэртэй бие даасан тоглолтоо эх орондоо хэд хэдэн удаа тоглосныг бид бэлхнээ мэдэх билээ. Энэ удаа тэд нэг тайзнаа нэгдэхдээ ёстой л гурвалын хүчийг мэдрүүлье гэсэн шиг байгаа юм.
Хийл, морин хийл, төгөлдөр хуур гурав, Л.Бетховен, Ф.Мендельсон, Ж.Верди гурав, энэ нийтлэлийн гол болох манай гурвал хөгжимчний нийлэмжээс гайхалтай урвал явагдсэн учраас үзсэн бид ч хэсэгтээ хөхин баясаж явахын үүтгэл нь ийм. Энэ тоглолтод Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал хөгжмийг тоглоход оркестрийг удирдсан, Л.Бетховений “Гурвалд зориулсан концерт”-ийг тоглох үед мөн дохисон, АНУ-ын удирдаа Брэд Коиэр Санкт-Петербургт олон жил ажиллаж байгаад Монголд бол анх удаа ирж буй нь энэ. Түүний ирсэнд нэг бэлгэшээлтэй зүйл байсан нь Ж.Верди дээрх дуурийг анх Санкт-Петербургт нээсэн юм билээ. Тэр бүр олон газраар явж дууриа нээдэггүй тэр, найзуудынхаа хүсэлтээр ОХУ-д очиж, энэ бүтээлээ анхлан толилуусан юм байна. Үүний нэг адилаар Брэд Коиэр ч гэсэн гурвалын тоглолт болох гэж буйг мэдээд, найзаараа дамжуулан уран бүтээлчидтэй холбоо тогтоож, сая ирсэн юм. “Залуу удирдаачид бэлэн оркестр олдох нь ховор. Бид бэлэн оркестр хүлээхгүй өөрсдөө эрж хайгаад л явдаг. Магадгүй зарим нь ингэхийн тулд маш хол зам туулж, өөрийгөө таниулах хэрэгтэй болно” гэж тэр ярьсан. Хол замынхаа турш Монголд нэг удаа буудаллаж, “Classical trio concert”-д оролцсон нь аль аль талдаа завшаантай хэрэг болсон юм.
Ингэж цоо шинэ гурвал, хэдийгээр аль эрт зохиогдсон ч бидний хувьд мөн л шинэ болох хөгжмүүдээр үзэгчдийн сонорыг мялаасан “Classical trio concert” ямар гээч уур амьсгалтай байж, үнэ цэнэ нь чухам юундаа байсныг уншигч та бэлхнээ мэдсэн гэдэгт найдъя. Хүн угаасаа давруу хойно, сонгодог хөгжмийн шинэлэг тоглолтууд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа болохоор ч тэр үү дараачийн тоглолт хэзээ болох болоо гэсэн горь тэгээд ДБЭТ-ын хаалгыг хаасан юм.