Aливаа нийгэм гэр бүлийн харилцаан дээр тогтож байдаг. Эр эм бололцож,гал голомтоо бадраах гэдэг бол хоёр талын бүрэн итгэл үнэмшил дээр л суурилдаг зүйл. Ертөнц харилцан шүтэлцсэн эсрэг тэсрэгийн тэнцвэр дээр тогтож байдаг.  Байгалийн жам ёсны физиологийн үүднээс бол эрэгтэй нь 20 гараад,эмэгтэй нь 20 нас хүрэхээсээ өмнө гэрлэвэл тохиромжтой. Айл гэрийг авч явах ухаан сууна гэдэг гэрлэж байж л сурдаг эрдэм. Гэрлэнэ гэдэг насан туршийнхаа ханийг сонгож,ганц л удаа шийддэг эрхэм нандин зүйл.  Эл хэрэгт хөнгөн гоомой бүү ханд гэж хэлэх ч багадна.  Хамгийн хашир,хэрсүүгийн дээдээр хандах ёстой. Эр,эмийн явдлаас болж  биеийн физиологийн  тэнцвэр алдагдаж ,сэтгэлийн тэнхээ сайтай залуусыг хүртэл барьц алдуулдаг тал бий.Идэр исгэлэн залуус эсрэг хүйсийн хүнийг цаг үргэлж бодоод ирэхээр,ажил төрөл,хичээл номдоо хайш яайш хандаж ,зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэх  зэрэг сөрөг  муу нөлөө үзүүлдэг. Энэ бол залуучуудын хүмүүжлийн чухал асуудлын нэг юм. Залуу хүмүүс  цагаан цайлган, цэвэр ариун сэтгэлтэй байдаг.  Чухамхүү түүнээсээ болоод тун ялигүй юмны төлөө уурлаж уцаарлах,гомдож горойхдоо амархан байдаг. Гэтэл орчлон ертөнц тэдний боддогчлон тийм энгийн хялбар зүйл биш. Ертөнц гэдэг эцэс төгсгөлгүй нарийн төвөгтэй зүйл. Залуу хүмүүс юуны өмнө үүнийг ухаарч,хүний болоод аливаа хэрэг явдалд хязгааргүй уужим сэтгэлээр цог золбоотой хандаж сурах хэрэгтэй. Эгшин хурам бүрийд,санаж бодох тоолондоо дэгжин дээшлэж яв. Эс тэгвээс амьдралын маань үнэ цэнэ алдагдахад хүрнэ. Үй олон хэрэг явдлын дотроос  хамгийн адгийн зүйл бол  амиа хорлох явдал. Надаас хойш юу л болбол болог гэсэн хар амиа хичээсэн хүний ажил.  Аав ээж ,ахан дүүс ,анд нөхөддөө асар их харуусал,сэтгэлийн шарх  үлдээдэг  зүйл.   Зарим хүн яагаа ч үгүй эрт айл гэрийн амьдралыг авч явах үүрэг хүлээхээс цааргалж байдаг. Хал үзэж,хашир сууж амжаагүй байж гэрлэх гэдэг алдаа болно гэж үздэг олон хүн байдаг. Энэ бүхэн өрөөсгөл ойлголт юм. Ганц хоёрхон удаа уулзсан төдийгээр бие биеийнхээ ааш араншинг ч таньж мэдэж чадахгүй. Чин үнэн хайр сэтгэлээр холбогдоогүй хоёр хүнийг,гадаад нөхцөл бололцоо нь хичнээн таатай сайхан байлаа ч гэсэн ,албан хүчээр гэрлүүлж огт болохгүй. Эр,эм ямар ч хүн ,үнэхээр итгэж болох нэг хүнийг  л хайж байдаг.  Цаг зуурын сэтгэлийн хөөрөлд автан заяа нь мэдэг гээд шийдчихдэг ажил биш. Хайр сэтгэл бол жирийн нэг бодол,эрэгцүүллээс гардаг зүйл биш. Сэтгэлийн гүнээс аяндаа бий болоод ирдэг зүйл. Яагаад ямар маягаар бий болсныг нь мэдэхийн арга ч байдаггүй. Ерийн нэг бодол эрэгцүүлэл  яахав дээ,үүний дэргэд дотоод сэтгэл,мэдрэмжийг тунгаан тайлахыг оролдож буйн илэрхийлэл төдий л зүйл. Нас, үзэл бодол,зэрэг дэв  хэн ч байлаа ч гэсэн сэтгэл санаа нийлж ,жаргал зовлонгоо хуваалцдаг болбол жаргалын дээдийг эдэлж байгаа нь тэр.  Жирийн нэг сайхан эв нийц л тэднийг аз жаргал өөд хөтлөн аваачиж байдаг. Хайр гэдэг зүйл  тэднийг хооронд нь тухайн үгийн хамгийн  халуун дулаан утгаар холбож байгаа хэрэг. Хүмүүс бие биеэ хайрлаж,жаргал зовлонгоо хуваалцан ,ач  хариулалцаж байгаа цагт л жинхэнэ жаргал гэдэг юм байна.  Эхнэр нөхрүүдийн хооронд чин сэтгэлийн хайр,дүүрэн сайхан халуун сэтгэл дутагдах юм бол энэ орчлон үнэхээр утга учиргүй болно. Хүний хамгийн дээд жаргал бол халуун дотно аж төрж,бие биеэ харилцан тайтгаруулж,зоригжуулж явдагт л байдаг.  Бие биеэ хардаж сэрддэггүй,баясгалантай сайхан инээдээр хэн хэнийгээ дандаа баярлуулж,тус тусынхаа үүрэг хариуцлагыг хүндэтгэн,хичээнгүй нягт ажилладаг хүмүүстэй айл гэрээс сайхан юм  байхгүй.Айл гэр болгон л улам бүр сайхан амьдрахсан гэж боддог.  Эл хүслээ гүйцэлдүүлэх хамгийн анхны болзол нь гэр бүлийн харилцаагаа ямар ч орчин нөхцөлд хөгжил баясгалантай ,сэргэлэн цовоо байлгах явдал юм. Зовж байна уу. жаргаж байна уу гэдэг бол угтаа бодит нарийн хэмжүүргүй  хийсвэрдүү ойлголт юм.  Эр эм хоёрын олон жилийн туршид хамтдаа залхуугүй тордон тэтгэсээр ирсэн халуун хайрын цамхаг бол хэзээ ч нурахгүй.  Хоёр биедээ итгэдэг,нэг нь нөгөөгөө үнэхээр хайрладаг бол тэдний эхнэр,нөхрийн холбоо үүрд бат бэх байна. Эрэгтэй,эмэгтэй хүмүүс эрх тэгш байдаг хэдүйч айл гэрийн дотор эхнэр нь нөхрөө л түших учиртай. Яагаад гэвэл эр нөхөр нь айл гэрийн багана ноён нуруу нь байдаг. Хоёул эн чацуу бие биеэ даасан байдалтай байхыг эрмэлзэн тэмцээд эхлэх л юм бол тэр айл гэр үрэн таран болж төгсөнө. Тэрхэн зуур уулзаж учирсан төдийхнээр хүнийг сүрхий,ханилгаатай,ханилгаагүй гэж дүгнэх юм бол их алдана. Хайр дурлалд  ч өөрийн гэсэн цаг байдаг.Өөрөө аяндаа хүрээд ирдэг тэр цагий нь хүлээж сур. Тэвчээр бүү алд. Нийгмийн тогтолцооны гэм согогийн уршгаар амжиргааны өртөг улам бүр өсч,залуу хүмүүс тэр бүр гэрлээд байх боломж ч бас  мууджээ. Гэвч эдийн засгийн байдал өөдлөж ,үр хүүхдээ өсгөн бойжуулж сайн цалин хөлстэй,сэтгэл тайван ажиллаж амьдрах сайн сайхан цаг ирж байна. Бидний өдөр тутмын амьдрал ямар нэгэн албадлага шахалтгүй байгалийн жам ёсны дагуу, тасралтгүй дөлгөөн ,тэнүүн урсаж байх ёстой.  Байгалийн жамыг сөрсөнөөсөө л болж хүн өөрөө зовдог.Аливаа юманд хичнээн л анхаарал тавина вэ,төчнөөн хайртай болдог жамтай.Хүүхэд асарч тойлно гэдэг,эцэг эхээс нь асар их анхаарал халамж шаарддаг.Гэлээ ч тэд хамгийн их асарч тойлуулж,бөөцийлүүлсэн хүүхэддээ л илүү их хайртай болдог. Хайр,хичээл зүтгэл,анхаарал халамж тавиагүй зүйл сэтгэлд огт ойр дотно болж өгдөггүй. Өөд татах гэж хичээн зүтгэсэн бол  төчнөөн элэгтэй болдог.  Хар амиа хичээсэн,өнгө мөнгөн дээр тогтсон хайр үзэх өнгөндөө тун ч таатай сайхан байвч ашиг хонжоон дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болон хувирдаг жамтай. Цэвэр ариун сэтгэлийн хайр өнгөндөө амтгүй мэт үзэгдэж байвч насан үүрд үл эвдэрнэ. Бодит ертөнцийн юм бүхэн хэвтээ буюу хөндлөөшөө харилцаанд л оршдог.Төр, захиргааны хэрэг явдал арга буюу босоо чиглэлийн харилцаанд орох тогтсон хатуу ёс журмыг дагах нь зүйтэй боловч,гэр бүлийн харилцаа хэвтээ харилцааны ёс горимыг л баримтлан явах нь зүйтэй. Эмэгтэйчүүд бол улс үндэстэн оршин тогтнохын үндэс. Эмэгтэйчүүдийг нийгмийнхээ амьдралын  нүүрэн талд гаргаж идэвхийлүүлдэггүй  үндэстэн зайлшгүй бууран доройтно.

Одоо цагт бие биедээ үнэхээр итгэдэг эхнэр,нөхөр хоёр харьцангуй цөөн болж. Эхнэр ч бай нөхөр ч бай муухай аашаа хөдлөвөл түүнийг байдаг аргаараа даруй үлдэн хөөж бай. Аашны мууд хэлсэн, хийсэн юухан ч бай сайн үр дүн авчирдаггүй. Хүн өөрийнхөө муу муухай бодлын эсрэг тэмцдэг байх ёстой.Өөртөйгөө тэмцэлдэхийн олон хүчир давааг  дараа дараалан туулах явцдаа л хүн муу муухайгаа дийлэх чадварыг аажим аажмаар олж авдаг юм. Өөртөө дандаа дийлдэж явдаг хүн оюун санааны хувьд хэзээч өөдлөн дэвжихгүй. Нийгмийн тогтолцооны муугаас болж махаа идэж яваа гэр бүл ч бас бий. Дөч хүрээд дөнгөж амс,тавь хүрээд тавьж амс гэж өвөг дээдсийн сургааль  байдаг шүүдээ .Сархадтай нөхөрлөөд л эхэлвэл ямарч сайн сайхан гэр бүл сарнидаг жамтай. Хайр сэтгэлийг тэвдэж адгалгүй,тэсвэр тэвчээртэй тордон бадрааж байх учиртай.Хайрлах сэтгэл хамгийн чухал. Хайр дутсан цагт ямар ч арга,оньс ,мөнгө  тус болохгүй.  Эр эм хоёр нэгэнт л түс тас шийдээд гэрлэчихсэн хойно,бие биедээ итгэсэн шиг итгэж,нэг нь нөгөөгийнхөө төлөө амиа ч хайрлахгүй байх ёстой. Аливаа хүн өөрийнхөө сонгосон зам,өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшлэж явах ёстой.

Монголчууд бид цөм нэг элэг нэгтнүүд,нэг гэр бүлийнхэн гэдэг мэдрэмжийг бүхий л аргаар оюун санаандаа бий болгон дэлгэрүүлж өрөөл бусдад цаг ямагт арга баширгүй,алагчлал ялгаваргүй,саруул сайхан.ариун цагаан сэтгэлээр хандацгааж байя.  Хүмүүсийн хоорондын хуучин хэвшсэн харилцаа бахь байдгаараа ноёрхсон хэвээр байх юм бол амьдрал харин ч улам хүйтэн цэвдэг байх болно. Хүнийг хэмждэг хоёр хэмжүүр л байдаг. Хүнийг хайрлах нинжин сэтгэл,мэдлэг чадварын тоо хэмжээ,чанараар л хэмжиж болно.Залуу хүмүүс өөрийнхөө сонгосон замаар өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшилж яв.Ахчлах,дүүчлэхийн ёсыг үл мэдэх,хүйтэн цэвдэг сэтгэл гаргах,юм л бол гомдож горойн гуниж туниж явах,арга мухардан цөхрөх нь муу бүхний туйл гэдгийг санаж яв. Хүнд хамгийн чухал нь,өөрийгөө хаана ч,хэзээ ч даруу бариу авч явах.Бусдыг өөчилж муучилмаар бол урьдаар өөрийнхөө нүгэл хилэнцийг эрхбиш нэг санаж бай.Орчлон өөрт чинь давчуухан санагдаад байвал бодол санаа чинь л давчуухан байгаа хэрэг.Сэтгэл дотроо харилцан сайн сайхан санаа өвөрлөж явна гэдэг бол хамгийн энгийн зүйл. Тэрхэн зуур хүйтэн цэвдэг сэтгэл гарган чанга хатуу загнах яах вэ,сэтгэлийн нь мухарт сайхан санаа байгаа л бол тэр нь өөрийн эрхгүй мэдэгдэж сэтгэл бүлээцүүлнэ.Тийм хүн тэрхэн зуур дургүй хүргэлээч сүүлдээ талархал хайр булаадаг юм.  Олонхи маань  мөнгөний утга учиргүй шуналд бие сэтгэлээ дөнгөлүүлж орхиод хий л амь тэмцэн тэлчигнэж байх юм. Оюун бодол,бие сэтгэлээ өөрөө тийм хүнд хүчир дарамтанд оруулж орхиод бас халаглаж гаслаж  явахыг хь яана. Мөнгө гэдэг материаллаг зүйлийн “төлөөлөгч” болохоор оюун санааны эсрэг байдаг.  Алив хүнтэй аялаг нийцтэй харилцах уужим талбиун сэтгэлтэй байцгаая.Хэн нэгэнд дургүй хүрэх юм бол,би ч гэсэн өөрөө бас төгс төгөлдөр  сайн хүн биш шүү дээ гэж бодоцгоож байя.” Уучил хайрт минь уучил “гэдэг үг сонсголонтой сонсогдож байгаа биздээ.Уучилна гэдэг бол ёс суртахууны дээд хэлбэр гэдгийг санаж яв. Нэгэнт болоод өнгөрсөн явдлыг мартаж бай.Тохиолдсон хүлчил,ичгүүр,зовлонг үргэлж бүү бод. Гагцхүү урьд урьдынхаасаа ухаалаг бай. Үргэлж цаг тутамд ажил хийж бай. Учир нь сэтгэлд ямар нэгэн муу орон зай үүсч ж амьждаггүй.  Эцсийн эцэст харилцан хайрлалцаж,өлзий буянаа өгөлцөнө гэдэг маань хамгийн энгийн бөгөөд хамгаас үнэ цэнэтэй хамгийн үнэн ёс мөн. Би эрх мэдэлтэй, баян тансаг байж бусдыг бөхөлзүүлж байсан дор бол,эгэл жирийн гэрт намайг газар дээрх ганц хань нөхөр минь гэж чин үнэн сэтгэлээсээ хайрладаг хүнтэй  л хамт аж төрөхийг л эрхэм дээд зол гэж бодно. Хайр хайрын дотроос ,ядарсан элэг нэгтнүүдээ хайрлах нинжин сэтгэл бол хамгийн тэнгэрлэг зүйл гэдгийг алхам тутамдаа санаж яв.Хайр хүчтэй.

Хиад боржигон Б.Түмэнбаяр